Нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалин 3-3.5 сая төгрөгт хүрчээ

Нийслэлээс 2025 онд ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөг болгож нэмэгдүүлжээ.
Нийслэлийн есөн дүүрэгт нийт 157 га талбайд ногоон байгууламжийн арчилгааны 27 байгууллага 320 ажилтантай ажилладаг.
Ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан ажилчид сард 1.7-1.9 сая төгрөгийн цалин авдаг байсныг нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэсэн аж. Мөн ногоон байгууламжийн 1 га талбайн арчилгааны үнэлгээ 100 орчим сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ буюу орон сууцанд амьдардаг айл өрх, ААНБ-ыг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлдэг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 1935 инженер, техникийн ажилчдын цалинг дунджаар 3.3 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлжээ.
2024 оны байдлаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженер, техникийн ажилчид сард 2.3 сая төгрөгийн цалинтай, харин ээлжийн ажилчдын цалин нь сард ердөө 930 мянган төгрөг байсан аж.
Нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэснээр ажилчдын нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажлын байр бий болж, ажлын бүтээмж нэмэгдэх гээд олон давуу тал бий болжээ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл