Ц.Лут-Очир: Худал дүр эсгэсэн, аргацаасан, шившиг болж дуусдаг тэнэг шийдвэрүүдээс чинь үнэндээ залхаж байна шүү

Aдмин / Эдийн засаг

Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярыг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн аман шийдвэр гаргаад, тэр даруйдаа цуцалсан билээ. Тэгвэл энэ хооронд нийгэмд бухимдал, зөрчилдөөн үүссэн талаар эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.

-Өмнөх долоо хоногт ЕБС-ийн дунд ангийн сурагчдын хичээл цахим хэлбэрт шилжсэн хэрнээ гэнэт түгжрэл үүссэн. Мөн уржигдар орой ямар ч урьдчилсан мэдээлэлгүйгээр автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргаад, цуцаллаа. Энэхүү шийдвэр болон шийдвэр цуцлалтад ямар, ямар алдаа дутагдал байна вэ?

-Манай эрх бүхий албан тушаалтнууд “Маргаашаас тэгш, сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцоно шүү” гэж зарлан бужигнуулдаг тосгоны зангаа болимоор байна. Хийх ажилгүй хүмүүст маргааш архины дэлгүүр онгойх, үгүйг зарлаж байгаа юм шиг дэндүү тэнэг шийдвэр гаргаад, цуцаллаа.

Бүгд л ажил, сургууль руугаа явах унаагаа аль хэдийнэ төлөвлөчихсөн байхад үүнийг дур мэдэж өөрчилнө гэдэг бол дарга нар өөрсдөө ямар ч мэдлэг боловсролгүй гэдгээ харуулсан үйлдэл мөн. Ийм шийдвэр гаргасан тэнэг ч гэмээр хүмүүсийг шууд ажлаас нь чөлөөлж байх хэрэгтэй. Угаасаа хүний зорчих эрх, өмчөө ашиглах эрхийг хязгаарлаж болохгүй.

Энэ бол бидэнд Үндсэн хуулиар олгогдсон, хамгаалагдсан эрх. Энэхүү эрх рүү халдсан, зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тэр тусмаа урьд орой нь мэдэгдэнэ гэдэг бол хүмүүсийг тамлаж, таашаал авдаг гаж донтнуудын хийдэг үйлдэл шүү. Ард түмнээс сонгогдсон төр засаг дандаа ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргадаг хэмээн иргэд шүүмжилж байна. Энэ бол үнэн.

-Иргэдийн хувьд өмнөх долоо хоногт зохиомол түгжрэл үүсгэсэн гэж шүүмжилж байна. Энэ үнэн үү. Хэрхэн, яаж зохиомол түгжрэл үүсгэв?

-Замын хөдөлгөөнийг зохицуулах төв өөрсдөө зохиомол түгжрэл үүсгэдэг нь маргашгүй үнэн. Хэн нэгэн даргыг нэг газраас нөгөө рүү арай хурдан хүргэхийн тулд бусдын хөдөлгөөнийг 20- 30 минут саатуулах, зөвхөн нэг урсгалыг татах ажлыг тогтмол хийдэг.

Улаанбаатар хотын иргэдэд биш, дарга нарт үйлчилдэг энэ газрын удирдлагыг өөрчлөх хэрэгтэй. Замын хөдөлгөөний урсгал болон урт хугацааны зөв шийдэл, гарц гаргалгаа хайж олох чадваргүй, даргын аман үүргийг мэдлээ, гүйцэтгэе гэдэг хүмүүсийг заавал солих ёстой.

-Ямар ч албан ёсны хэлэлцээр, хууль, дүрэм журамгүйгээр хэдхэн хүн хуралдаад ийм шийдвэр гаргаж болохуу. Ийм харгис, хүний эрхийн мэдрэмжгүй байж болох уу?

-Иргэдээс санал авсан гэх боловч ердөө 3000 хүний зөвшөөрөлтэй гэж байгаа юм. Гэтэл нийслэл хот чинь 1.7 сая хүнтэй шүү дээ. Тиймээс 1.7 сая хүнтэй хотын асуудлыг яаж 3000 хүн төлөөлөх вэ. Угаасаа төлөөлөх ч эрхгүй.

Түүнчлэн санал асуулгын дүнг хулгайгаар засаж, зөвхөн өөрсдийн шийдвэрт нийцүүлсэн үйлдэл хийсэн гэдэг нь ч тодорхой харагдаж байна. Үүнд хуулийн хариуцлага биш юм аа гэхэд ёс зүйн хариуцлага яригдах учиртай.

Иргэдийн амьдралд нөлөөлөх, эрх хэмжээг тогтоох, эрх хязгаарлах шийдвэрүүд дор хаяж 14 хоногийн өмнө хүмүүст танилцуулагдаж, зөвшөөрөгдсөн байх ёстой байдаг. Учир нь энэ хугацаанд хүмүүс ажил, амьдралаа зохицуулах хэрэгтэй.

Цаашдаа эрх бүхий хүмүүс иргэдээс санал асуусан нэртэй 3000 хүний онлайн хандалтаараа өөрсдөдөө хэрэгтэй шийдвэрийг хүчиндэж явуулмааргүй байна аа. Худал дүр эсгэсэн, аргацаасан, шившиг болж дуусдаг тэнэг шийдвэрүүдээс чинь үнэндээ залхаж байна шүү.

Албаны машинтай том дарга нарт ч хязгаарлалт хамаагүй байх л даа. Ёолкондоо хоцролгүй очмоор байгаа биз.

-Гэтэл удалгүй шийдвэрээ цуцаллаа гэсэн. Энэ нь нийгмийн сэтгэл зүйгээр тоглосон асуудал мөн үү?

-Мөн. Энэ асуудлыг зүгээр өнгөрүүлж огт болохгүй. Улаанбаатар хотын 1.7 сая иргэн энэ хүмүүсийн тоглоом биш шүү дээ. Хариуцлага ярихгүй бол арга хэмжээ авах ёстой дээд удирдлагатай нь иргэд өөрсдөө хариуцлага тооцох ёстой.

Дугаарын хязгаарлалт бол амины ганцхан машинтай хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, харгис шийдвэр юм. Цаашдаа олон хүн хоёр дахь машинаа авч, эдийн засгаараа хохирох, урт хугацаандаа арилгаж болшгүй маш сөрөг үр дагавартай. Үүнийг Мехико хотын туршлагаас харж болно.

Дугаарын хязгаарлалт удаан үргэлжилжснээр хүн бүр хоёр машинтай болж, утаа түгжрэлийн асуудал шийдэгдээгүй хэрнээ нэмээд авто зогсоолын асуудалтай болчихсон байгаа юм. Манайд ч ялгаагүй 2013 онд анх дугаарын хязгаарлалт хийгдсэн ч одоо автомашины тоо тухайн үеэсээ хоёр дахин өсөж, түгжрэл буурсангүй шүү дээ. Ийм бодит жишээ бидэнд байна.

-Түүнчлэн иргэд “Яагаад замын цагдаа иргэдийнхээ эсрэг ажиллаж байна вэ” гэсэн асуудлыг хөндөж байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Замын цагдаа иргэдэд биш, автомашинд үйлчилдэг болоод удлаа. Нийслэлээс баталсан торгуулийн төлөвлөгөөг биелүүлэх гэж цагдаа, удирдлагын төв нь зогсолтгүй ажиллаж, иргэдийн бухимдлыг төрүүлж байна шүү дээ. Удирдлагын алдаатай бодлогын үр дүн ингэж илэрч байна.

Дүрмээ сахиулах ажлаа хийхийн оронд толгойгоо дүүртэл шүгэл үлээж машинаа саадгүй явуулах гэж зогсдог болсон. Давхар эргэх, улаан гэрлээр орохыг тоохгүй. Түүнчлэн гэрлэн дохио болон цагдаагийн дохио зөрчилдөх явдал байнга гардаг болсон.

Хэрэв ингэж байгаад хүний амь эрсэдвэл хэний буруу болохыг таашгүй юм. Зам дээр зогсож буй, дээрээс өгсөн аман үүргийг гүйцэтгэсэн жирийн цагдаа буруутай болох эрсдэл бий.

Ер нь цагдаагийн удирдлага өөрсдөө хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэгтэй, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч ажилладаг болохоос нааш эерэг өөрчлөлт гарахгүй байх. Социализмын үеийн арга барил орчин үетэйгээ огт нийцэхгүй. Иргэдийнхээ мэдлэг, боловсролоос хоцрогдож байгаагаа ойлгож, дотроосоо өөрчлөгдөх хэрэгтэй.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
А.ДАВААДУЛАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.