Ерөнхий сайд Г.Занданшатарын шууд ярилцлагын онцлох ишлэлүүд

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮОНРТ-ээр олон нийттэй өчигдөр шууд ярилцаж, иргэдийн сонирхсон асуултад хариулсан.

Өнгөрсөн мягмар гаргаас эхлэн И-Монголиа систем, 11-11 төв, МҮОНРТ-ийн цахим хуудас болон утсаар иргэд олон нийтээс санал авахад 9000 гаруй асуулт ирүүлжээ.

-Боловсролын салбарт 2026 онд хоёр том реформ хийхээр эхлүүлсэн. Нэгдүгээрт, төсвийг нь хоёр дахин нэмсэн. Үүнийг дагаад багшийн цалинг 30-79 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр бага ангийн багш 1.480.000 төгрөгийн цалин авдаг байсан бол 2.284.000 болж нэмэгдсэн. Хоёрдугаарт, “Суралцахуйн хувьсгал” хийнэ. Заахуйгаас суралцахуй руу боловсролын систем шилжинэ.

Хиймэл оюунаар багшид туслах, технологийн дэвшлийг ашиглаж цахим танхимуудыг байгуулна. 2030 он хүртэл боловсролын ачааллыг бууруулахад анхаарна. Монгол Улс 1.351.000 хүүхэдтэй болсон. Хүүхдийн өсөлтөөс шалтгаалж 2030 он хүртэл 108 сургууль, 95 цэцэрлэг байгуулах шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Үүнээс 2026 онд 23 сургууль, 9 цэцэрлэг барих санхүүжилтийг шийдлээ.

-Тэтгэврийг 50 хувиар нэмэхэд 2 их наяд төгрөг шаардлагатай. Бид 2.2 их наядаар зардлаа танасан. Цалин хөлс, төрийн албан хаагчдын давхардлыг арилгаж, орон тоог бууруулсан. Энэ бол инфляц, иргэдийнхээ орлогыг хамгаалсан алхам юм. Макро эдийн засагтаа тулгуурлаж л тэтгэврийг нэмж байна. Улсын хэмжээнд 259 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байна. Цаашид хүүг бууруулна.

Ирэх 5 жилийн хугацаанд тэтгэврийг 70 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан.

-Төрийн албан хаагчдыг одоогоор 9 хувиар цомхотгосон. Төрийн бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгаж, цомхотгох бодлогоо тууштай баримтална. Давхардлыг дахин инженерчлэх ажлыг хиймэл оюун ухаан ашиглан хийж байна. Ганцхан яам дээр л гэхэд 114 чиг үүрэг давхардаж байгаа. Цаашид дарга нар, менежерүүдийг тууштай цомхотгох бодлого баримтална.

-300 гаруй холбогдогчтой 58 авлига, албан тушаалын хэргийг шалгаж байна. Нийт 98 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгө хурааж, 580 тэрбумын хөрөнгийг битүүмжилсэн.

-Хоосон мөнгө хэвлээд тарааж болно. Эцэст нь инфляцад гүйцэгдэхээр орлого нэмэгдсэний ямар ч үр дүнгүй, үнийн өсөлтөөр нийт иргэдээрээ хохирдог.

-Улаанбаатар хотод зорилтот бүлгийнхэнд зориулсан 31-70 м.кв талбайтай 12 мянга гаруй орон сууцыг гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байна.

-Орлогчгүй албан тушаал гэж дэлхийд байхгүй ээ. Аль ч оронд орлогчтой байдаг. Улс төржөөд л байдаг болохоос биш 16 хүний төсвийн зардал маш бага, 9.1 тэрбум төгрөг л байгаа юм. Дэд сайдууд машин унаанаас эхлээд илүү, дутуу зардалгүй. Ажил хийх л үүрэгтэй, бид дэд сайд нарыг томилсноор бүтээмжийг нэхэж байна. 16 дэд сайд нэмлээ гэхийн оронд 16 мянган хүн цомхотгосныг харах хэрэгтэй.

228 газар, хэлтсийн дарга, 200 гаруй менежер, 100 орчим улс төрийн томилгоотой албан тушаалтныг чөлөөлсөн. Салбар бүрд ажлын бүтээмж сайжруулах, хяналтын менежер хэрэгтэй. Үүнийг дэд сайдууд хийнэ.

-Төрийн өмчит компаниудад хулгай нүүрлэсэн байна. Тиймээс Олон нийтийн хяналтын зөвлөлийн тухай хуулийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ.

Төрийн өмчит компаниудад олон нийт, ард түмний хяналт бий болгоно.

Тухайн төрийн өмчит зарим компанийн 10, 34 хувийг IPO хэлбэрээр өгч, ажилтан, албан хаагчдад хяналт тавих боломжийг олгох юм. Ингэснээр үр ашиг 1.6 дахин сайжрах юм. Үр ашиггүй худалдан авалт, хулгайг таслан зогсоож чадна.

-Авлига, баялгийн хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байна. Нүүрсний 581 нууцалсан гэрээг ил болгож, ард түмний хяналтад оруулсан. Ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй маш олон гэрээг ил тод болгосон. Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулах чиглэл өгч байна. Авлигатай тэмцэх гомдол мэдээллийг хүлээн авч, шалгах ажиллагааг илүү тод, нээлттэй болгох суваг ажиллуулж байна. Энэ хүрээнд гааль дээр байгаа авлигын цогц сүлжээ илэрлээ. Мөн татвар, эрчим хүчний салбарын өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийг шалгаж эхэлсэн.

-Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлнэ. Манай тамирчид дэлхийн том гүрнүүдтэй өрсөлдөн амжилт гаргаж байгаа нь Монголын хүчирхэг оюун санаа сэргэж буйн нэг илрэл юм. Тиймээс соёл, спорт, залуучуудыг нэгтгэсэн юм билээ.

Тиймээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд Засгийн газар ажиллана. Зөвхөн аваргууд төрүүлэх биш эрүүл иргэнийг бий болгоход анхаарна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.