Британийн Парламент дахь Бүх намын Монголын бүлэг шинээр байгуулагдлаа
Британийн Парламентад Бүх намын Монголын бүлэг шинээр байгуулагдаж, хоёрдугаар сарын 2-нд нээлтийн хуралдаанаа хийжээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх оролцсон байна.
Шинээр байгуулагдсан бүлгийг парламентын гишүүн Жэймс Вайлд санаачлан байгуулж даргалж буй бол дэд даргаар парламентын гишүүн Кэтрин Уэст, албан тушаалтнаар парламентын гишүүн Дэйв Дуган, Баронесс Нортховер нар томилогдсон байна.
Бүлэгт нийт 20 гаруй парламентын гишүүн нэгдэн орж, нээлтийн хуралдаанд парламентын гишүүн Жэймс Вайлд, Кэтрин Уэст, Дэйв Дуган, Фабиан Хамилтон, Баронесс Нортховер, Баронесс Эванс, Лорд Кромвелл, Баронесс Уддин, Баронесс Хүүпер, Лорд Кортаун нарын төлөөлөл оролцжээ.
Мөн Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Зүүн хойд Азийн газрын дэд захирал Карен Маддокс, Улаанбаатар дахь Британийн Элчин сайдын яамны Элчин зөвлөх Софи Уоррел зэрэг албаны хүмүүс ч оролцсон байна.
Бүх намын Монголын бүлэг анх 1995 онд байгуулагдаж байжээ. Монгол-Британийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх, Британийн Засгийн газарт асуулга тавих, мэдээлэл авах, улмаар парламентын хүрээнд шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн түүхтэй аж.
Тухайн үеийн гишүүд Монгол Улсын шилжилтийн үеийн хүнд цагийг даван туулахад чухал дэмжлэг үзүүлж байсан билээ.

Дахин байгуулагдсан Бүх намын Монголын бүлгийн гишүүд Монгол Улсын Засгийн газрын чухал бодлого, үйл ажиллагаатай танилцаж, түүхий эд, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, аюулгүй байдал зэрэг чиглэлд Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд парламент дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны мэдээлснээр, Бүх намын бүлгийг парламентын гишүүд сонирхсон улс, асуудлын хүрээнд сайн дурын үндсэн дээр байгуулдаг байна.
Парламентад суудалтай гол улс төрийн намуудын 20-оос доошгүй төлөөлөл багтсан байх ёстой. Мөн бүлэг байгуулах журам шинэчлэгдэж, нэг гишүүн албан ёсоор 6 хүртэлх бүлэгт нэгдэх боломжтой болсон нь шинэ бүлэг байгуулахад тодорхой хязгаарлалт үүсгэжээ.
Тиймээс 2024 онд шинээр байгуулагдсан Бүх намын Монголын бүлэг нь Британийн Парламентын зүгээс Монгол Улсад онцгой ач холбогдол өгч буйг илтгэхүйц үйл явдал болж байна.
































































Сэтгэгдэл
Британчууд Монголын талаар нэг л ашиг сонирхолтой. [202.126.90.144] 2026-02-04 10:03:33
Монгол гэхлээр Британы парламентын консерватив, либерал, хэт баруун, хэт зүүний намуудын төлөөлөгчид бүгд нэгдээд нэг бүлгэм болчих юмаа. Монголыг бүгдээрээ л НЭГ эрх ашгийн үүднээс л харж байдаг бололтой. Гол нь Орос, Хятадын ЭСРЭГ яаж байлгах уу гэдэг нь л ЧУХАЛ. Ер нь Улаанбаатарт Британы Элчин сайдын яам ХААНА байнаа? Микрийн дэнжээс алга болчихсон байх шиг байсан.
Зочин [59.153.113.229] 2026-02-04 09:07:08
Монголын баялагийг яаж хуурч идэх вэ ? Гэдэг бүлэглэл