Мексикийн хамгийн зартай хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг устгажээ
Мексикийн хамгийн зартай хар тамхины бүлэглэлийн толгойлогчдын нэг болох Немесио Осегера буюу "Эл Менчо"-г цэргийн тусгай ажиллагааны явцад устгажээ. Үүний улмаас өшөө авах шинжтэй халдлагууд орон даяар дэгдээд байна. Хар тамхины картелуудтай, тэр дундаа нийлэг опиоид болох фентанилыг үйлдвэрлэж АНУ-ын хилээр хууль бусаар давуулж буй бүлэглэлүүдтэй хийж буй тэмцлээ эрчимжүүлэхийг Вашингтоны зүгээс Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумаас шаардсаар байгаа юм. Мексикийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, "Халискогийн шинэ үе” картелийн толгойлогч, 60 настай Осегера тусгай ажиллагааны үеэр шархдаж, баривчлагдсан байхдаа нас баржээ. Уг ажиллагааг Номхон далайн эрэг дэх Халиско мужийн Тапальпа хотод Мексикийн тусгай хүчнийхэн явуулсан байна. Түүний цогцсыг өчигдөр үдээс хойш Үндэсний гвардийн цэргүүдийн өндөр хамгаалалт дор Мехико хотод авчирчээ.
Энэхүү ажиллагааг Мексикийн хүчнийхэн АНУ-аас тагнуулынхны дэмжлэгтэйгээр явуулсан байна. Мөн АНУ-ын цэргийнхнээр ахлуулсан шинэ тусгай анги чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ту улсын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч ярьжээ. Харин Мексикийн Батлан хамгаалах яам АНУ-аас зөвхөн "нэмэлт мэдээлэл" авсан гэж мэдэгдсэн байна.
"Эл Менчо"-г амь үрэгдсэн тухай мэдээлэл гарсны дараа картелийн гишүүд хэд хэдэн мужид автомашин шатааж, хурдны замыг хаажээ. Түүнчлэн худалдаа үйлчилгээний газруудыг галдан шатаасан байна. Одоогоор энгийн иргэд амь үрэгдсэн тухай мэдээлэл гараагүй байна.
Халиско мужийн далайн эргийн алдартай амралтын газар болох Пуэрто Вальяртагийн орчмоос өтгөн хар утаа суунаглажээ. Айж сандарсан жуулчид нөхцөл байдлыг "дайны бүс" мэт байсан талаар цахим сүлжээнд бичсэн байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан агаарын тээврийн "Air Canada", "United Airlines", "Aeromexico", "American Airlines" компаниуд тус бүс рүү үйлдэх нислэгээ түр зогсоожээ.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
































































Сэтгэгдэл