Т.Санаэ, Д.Трамп нар уулзжээ

Aдмин / Гадаад мэдээ

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ "дэлхий даяар энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлооход чиглэсэн таны хүчин чармайлтад Япон улс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" хэмээн мэдэгджээ.

Хоёр удирдагч мөн Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа эрчимжиж буй энэ үед Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангахын тулд нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Вашингтонд болсон уулзалтын дараа хоёр улсын засгийн газар АНУ-ын тарифын хөнгөлөлтийн хариуд 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах Японы талын амлалтын хүрээнд нийт 73 тэрбум ам.долларын өртөг бүхий гурван шинэ бизнес төслийг танилцууллаа. Мөн эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор чухал ашигт малтмалтай холбоотой өөр гурван хэлэлцээрийг байгуулсан байна. Т.Санаэ Цагаан ордонд Д.Трамптай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Япон, АНУ хоёр улс АНУ-д эрчим хүчний эх үүсвэрүүдийн олборлолтыг өргөжүүлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцсон гэдгийг дурдаад, мөргөлдөөний улмаас үүссэн нийлүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор газрын тосны ордуудыг хамтран ашиглах төслийг Д.Трампт санал болгожээ.

Ираны талаас хаагаад байгаа Ормузын хоолой руу Япон болон бусад улс байлдааны хөлөг онгоц илгээх асуудлаарх Д.Трампын байр суурийн тухайд Т.Санаэ хэлэхдээ, дайн хийхийг хориглосон Үндсэн хуулийнхаа хүрээнд "Япон улс юу хийж чадах, юу хийж чадахгүй" талаар хуулийн үүднээс АНУ-ын талд дэлгэрэнгүй тайлбарласан гэжээ.

“Манай хоёр улсын холбоотны харилцааг олон салбарт улам өргөжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны олон тодорхой хэлбэрийг бид баталгаажуулж чадлаа” гэж Т.Санаэ мэдэгдээд, хоёр удирдагч хоёр талын харилцааг хамтдаа “илүү өндөр түвшинд” гаргахыг зорьж байгааг дурджээ. Саяхан зарласан Япон-Америкийн бизнес төслүүдийн дотор Теннесси, Алабама муж улсуудад 40 тэрбум ам.долларын өртгөөр жижиг модуль цөмийн реакторууд барих төсөл багтаж байна. Хэвлэлийнхнийг оролцуулан хийсэн хэлэлцээний хэсэгт Т.Санаэ “энх тайван тогтоохын тулд” гаргаж буй Д.Трампын хүчин чармайлтыг сайшаагаад бусад улс орныг татан оролцуулж түүнийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. “Дональд бол дэлхий даяар энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчирч чадах цорын ганц хүн” гэж тэрбээр хэлсэн байна.

Японы Ерөнхий сайд мөн цөмийн зэвсэг бүтээх Ираны төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч болохгүй гэж мэдэгджээ. Үүнээс өмнө Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлэх шийдвэрээ тайлбарлахдаа, тус улсын цөмийн хөтөлбөрийг дурдсан юм.

Хятадын нөлөө өсөн нэмэгдэж буй энэ үед Т.Санаэ АНУ-ын зарим цэргийн баазыг Энэтхэг-Номхон далайн бүс нутгаас Ойрх Дорнод руу шилжүүлэн байрлуулж байгаатай холбогдуулан тус бүс нутгийн аюулгүй байдал төвөгтэй хэвээр байгааг Д.Трампт сануулжээ. Трамп хариуд нь мэдэгдэхдээ, Япон улс “НАТО-гоос ялгаатай нь” сүүлийн өдрүүдэд Ирантай хийж буй дайнтай холбоотой асуудалд “илүү идэвхтэй оролцож эхэлж байна” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр Япон зэрэг АНУ-ын холбоотон орнууд дэлхийн нефтийн худалдааны чухал зам болох Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ тэрбээр Япон улс Америкийн цэргийн техник хэрэгслийг “их хэмжээгээр” худалдан авч байгааг сайшаасан байна. Т.Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсныхоо дараахан буюу өнгөрсөн оны 10 дугаар сард анх Д.Трамптай Токио хотод биечлэн уулзсанаар хувийн харилцаагаа амжилттай эхлүүлсэн юм. Ойрх Дорнодод мөргөлдөөн эхэлснээс хойш Японы тал Вашингтонтой бат бөх холбоогоо хадгалах, мөн Техрантай найрсаг харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд тэнцвэрийг хадгалах шаардлагатай болжээ.

Такаичигийн засгийн газар Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа нь хууль ёсны эсэх талаар тайлбар хийхээс зайлсхийж байгаа бөгөөд зарим улс, байгууллагууд уг ажиллагааг олон улсын эрх зүйг зөрчсөн гэж шүүмжилж байгаа юм.

Үүний зэрэгцээ Японын засгийн газар Америк-Израилын цохилтын хариуд Иранаас Ойрх Дорнодын орнууд руу хийсэн довтолгоог буруушаасан юм. Баасан гарагт буюу өнөөдөр Т.Санаэ Арлингтоны үндэсний оршуулгын газарт очиж, дайнд амь үрэгдсэн нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн дурсгалыг хүндэтгэнэ. Тэрбээр Вашингтонд гурван өдрийн айлчлалаа дуусгаад бямба гарагт нутаг буцна.

Д.Жаргал


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.