Ж.Гүррагчаа: Монголын хоёр дахь сансрын нисэгч үндэснийхээ хиймэл дагуулыг сансрын бүхээгээс тойрог замд оруулна хэмээн найддаг

Aдмин / Технологи

Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 45 жилийн ой энэ жил тохиож байна. Эл тэмдэглэлт ойн баярыг тохиолдуулан БНМАУ, ЗХУ-ын баатар, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, сансрын нисэгч, хошууч генерл Ж.Гүррагчаатай ярилцлаа.

-Та 45 жилийн өмнө сансарт нисэж байжээ. Сансарт нисэх эцсийн шийд гарахад хамгийн түрүүнд танд юу бодогдож байсан бэ. Магадгүй та энэ тухай өмнө нь ярьж байсан байх. Гэхдээ өнөөгийн залууст ихээхэн сонин шүү дээ?

-Бид сансрын хамтарсан нислэгийн бэлтгэлийг гурван жилийн хугацаанд хийсэн. Энэ хугацаанд “Оддын хотхон”-д Зөвлөлтийн сансрын нисгэгчидтэй хамтран, “Интеркосмос” хөтөлбөрийн дагуу сансарт нисэх олон хүний хамт бэлтгэл сургуульд оролцож байлаа. Гурван жилийн турш үндсэндээ нэг л ажлыг дагнаж хийдэг байв. Бид сансарт найм хоногийн хугацаанд байсан.

Найм хоногийн ажлыг гурван жилийн турш бэлтгэнэ гэдэг сансрын нислэг энгийн ажил биш гэдгийг харуулж байгаа байх.

Гурван жилийн бэлтгэлийн дараа хуваарийн дагуу сансрын гараанд гарах, тэр орон зай, тодорхой цаг хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл, сансрын станцтай залгалт хийхийн тулд станц Байконурын дээгүүр нисэн өнгөрөх тэр агшинд доороос нь гараанд гарах учиртай. Тэр цагаас хоцорч, эсвэл түрүүлж болохгүй, секундээр хэмжигддэг хугацаа. Сансрын хөлөг их хурдан, нэг секундийн алдаа гарвал найман километр зам алдах жишээтэй. Түүнчлэн сансрын хөлгийн хөдөлгүүр, түлш нь хэмжээтэй. Тиймээс товлосон цагт сансрын хөлөг гараанд гарах ёстой.

Бид 3 дугаар сарын 22-ны, Москвагийн цагаар 17 цаг 58 минут 59 секундэд хөөрөхөөр товлосон. Сансрын хөлөг хөөрөхөөс хоёр хоногийн өмнө улсын комисс хуралддаг. Тэр хурлаар эцсийн шийдвэрийг гаргаж, ямар баг нь сансарт нисэх, хэн нь орлон нисгэгчийн үйл ажиллагааг гүйцэтгэхийг шийддэг. Энэ бол хамгийн их хүлээсэн, сэтгэл догдлуулсан цаг мөч. Нэгдүгээр багийн бүрэлдэхүүнд багтсан гэдгээ сонсоход мэдээж маш их баяртай байсан. Энэ шийдвэрийг олон хүний өмнө зарладаг. Олон улс, орны сэтгүүлчид, сурвалжлагчид, мөн Монголын радио, телевизийнхэн байсан. Түүнээс гадна тухайн үеийн хэлж дадсанаар нам, төрийг төлөөлсөн том төлөөлөгчид Байконурт ирж энэ хуралд оролцдог.

Тэр үед Монгол Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга байсан Ж.Батмөнх гуай тэргүүлсэн, Шинжлэх Ухааны Академи, Батлан Хамгаалах Яам, Монгол хүн сансарт нисгэх бэлтгэл ажлыг зохион байгуулах комиссын дарга гээд том бүрэлдэхүүний өмнө сансарт нисэх эгзэгтэй болоод эцсийн шийдвэрийг гаргаж байгаа юм аа.

Ийм олон хүний өмнө сансарт нисэх эцсийн шийдвэр гарч байсан учраас сэтгэл догдлохгүй байхын ч аргагүй. Нэг талаар баяр баясгалан, нөгөө талаар бид хоёр экипаж, дөрвүүлээ сансарт нисэхэд бэлэн болсон хүмүүс байсан учраас үлдэж буй нөхдөдөө сэтгэл дундуур байх нь ойлгомжтойг та бүхэн мэдэж байгаа байх.


Ийм л богинохон бөгөөд давтагдашгүй үйл явдал болоод сансрын нислэгийн баг, экипаж томилогдож байсан.

-Сансарт 8 хоноход хамгийн сайхан нь, бас хамгийн хэцүү нь юу байсан бэ?

-Сансрын нислэгийн найман хоногийн хугацаа минут, секундээр төлөвлөсөн нарийн хөтөлбөр байдаг. Хэзээ нь ямар ажил хийх, радио, телевизийн сэтгүүлчдэд хэзээ ярилцлага өгөх зэрэг бүх зүйл урьдчилан боловсруулсан хөтөлбөрийн дагуу явдаг. Сансрын нисэгчид сансарт очсоны дараах эхний хоёр, гурван хоног бие махбодын хувьд хүнд байх ёстой. Жингүй орчинд хүний бие организм дасан зохицох хүртэл тодорхой хугацаа шаарддаг. Энэ үйл явцыг хүн бүр янз бүрээр хүлээж авдаг. Мөн үндэстэн бүрийн онцлогоос шалтгаалан ялгаатай байж болох юм.

Монгол хүний хувьд тэнд сандрах, тэвдэх зэрэг зүйл гараагүй. Жингүйдлийн эхний нэг, хоёр хоногт хүний тэнцвэрийн аппаратад өөрчлөлт орж, түүнээс шалтгаалан нэлээд хүндрэл мэдрэгддэг гэж бидэнд сургалт, бэлтгэлийн үеэр тайлбарлаж, дадлагажуулж байсан. Харин монгол хүнд тийм онцгой хүнд нөлөө үзүүлээгүй. Үүнд ахуй амьдрал, тэр тусмаа хөдөө өссөн хүүхэд бидний хувьд өдөр тутмын үйл ажиллагаа сансрын нислэгийн бараг дасгал сургууль байж дээ. Өдөр болгон морьтой давхиж, эрүүл хүнс, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байсан нь монгол хүнийг эрүүл чийрэг өсгөх, аливаа ачааллыг даах чадвартай байхад нь тус болдог юм болов уу гэж бодсон шүү.

-Сансрын нисэгчид ямар ямар шалгуур хангасан байх ёстой байдаг вэ?

-Мэдээж олон төрлийн шалгуур байдаг. Түүний дотор эрүүл мэндийн шалгуур хамгийн чухалд тооцогдоно. Түүнээс гадна эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил зэрэг нь мөн онцгой үүрэг байр суурьтай байх нь ойлгомжтой. Би цэрэг армийн хүн байсан. Миний эзэмшсэн мэргэжил нисэх хүчин, агаарын салбартай холбоотой. Сансарт ниссэн анхны хүн Юрий Гагарин болон түүнтэй хамт бэлтгэж байсан 20 хүн бүгд миний төгссөн Агаарын цэргийн инженерийн академи, профессор Жуковскийн нэрэмжит академийг төгссөн хүмүүс байсан. Тиймээс төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил маань сансрын нислэгийн бэлтгэлд сонгоход тодорхой хэмжээгээр түлхэц болсон гэж боддог. Бид тухайн үед залуу, эрүүл чийрэг байсан. Энэ бүх хүчин зүйл нийлж сансрын нислэгийн бэлтгэлд хамрагдах боломжийг олгосон болов уу гэж боддог.

МОНГОЛ ОРНЫХОО НУТАГ ДЭВСГЭР ДЭЭГҮҮР ӨНГӨРӨХ ҮЕ ХАМГИЙН ЗАВГҮЙ МӨЧ БАЙСАН

-Монгол орныхоо дээгүүр өнгөрч байхдаа таны сэтгэл ихэд хөдөлж байсныг В.А.Жанибеков гуай дурсан ярьсан байдаг. Тэр үеийн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монгол орны дээгүүр нисэж өнгөрөх хугацаа их богинохон, ердөө хоёр минут. Хамгийн хариуцлагатай, их ажилтай үе байдаг. Өдийд хавар цаг байсан. Тийм учраас монгол орон цасан бүрхүүлээ тайлж, газар дэлхий алаг цоохор болж байв. Гэхдээ өндөр уулс, нуур тойрмууд, Алтай, Хангай, Хэнтийн нуруу цасан бүрхүүлтэй хэвээр байсан. Харин тал хээрийн нутгаар газар алаг цоог болж, томоохон нуурууд мөсөн бүрхүүлтэй байсан цаг. Сансраас газар дэлхийг харахад бидний нүдэнд тусдаг Монгол Улсын газрын зургийн хэлбэр харагдахгүй. Хил хязгаар гэж байхгүй. Тиймээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр явж байгаагаа байгалийн томоохон тогтоц, өөрөөр хэлбэл Байгаль нуур, баруун талдаа их нууруудын хотгор, Увс, Хяргас нуур, зүүн талаараа Буйр нуур зэрэг ерөнхий байдлаар баримжаалдаг. Хоёр минут тийм ч урт хугацаа биш. Зураг хөрөг авахаас эхлээд энэ богино хугацаанд амжуулах ёстой ажил маш олон байдаг. Тиймээс энэ үеийг хамгийн завгүй мөч гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, сансраас байгаль орчноо ажиглаж харах бололцоо тэр болгон байдаггүй. Гэхдээ нэгэнт эх орныхоо дээгүүр нисэж өнгөрч байгаа юм чинь завчилж самбаачилж харалгүй л яах вэ. Сансрын хөлөг нэгэнт өнгөрсөн замаараа дараагийн тойрог замдаа ороод явдаг. Дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээ тойроод эргэж байдаг учир өнгөрсөн газраас 22 градусын баруун талаар дахиад монгол дээгүүр өнгөрөх жишээтэй. Гурав, дөрвөн тойрог замд монгол орныг харах боломжтой. Харин бусад тойрог замд монголын нутаг дэвсгэр харагдахгүй өнгөрөх нь сансрын хөлгийн нислэгийн тойрог зам, дэлхийн бөмбөрцгийн эргэлт зэргээс шалтгаална.

-Монгол хүн сансарт нисэхэд монгол хүн бүр баярласан, өдгөө ч энэ өдрийг бахархан тэмдэглэсэн хэвээр байгаа. Монгол Улс хоёр дахь нисэгчээ хэзээ сансарт илгээх бол, бүр эмэгтэй сансрын нисэгчтэй болох тухай асуудал ч хөндөгддөг шүү дээ. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Дараагийн монгол хүн сансарт нисэх нь монголчуудын хүлээж буй чухал үйл явдлын нэг юм. Манай улсын төрийн тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ энэ талаар мөн ярилцсан байдаг. Үүний үндсэн дээр тодорхой хэмжээнд яриа хэлэлцээ эхэлсэн гэж ойлгож болно. Гэхдээ сансарт хүн нисгэнэ гэдэг цаг хугацаа шаардах, олон зүйлээс шалтгаалах ажил юм билээ. Сансарт хүн нислээ гэхэд станц, лаборатори дээр очиж, төлөвлөсөн хөтөлбөрөө хэрэгжүүлэх учиртай.

Сансарт нисэхийн учир шалтгаан нь төлөвлөсөн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд л байгаа юм. Манай нислэгийн үед сансрын “Салют-6” станц дээр очиж ажилласан. Энэ станц олон улсын хамтын өмч юм. Үүнийг АНУ, Европын холбоо, Япон, ОХУ зэрэг орнууд хамтран ашигладаг. Тиймээс ямар нэгэн шинжлэх ухааны хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд эдгээр оронтой харилцан ярилцаж, тохиролцох шаардлагатай байдаг.

Энэ утгаараа ОХУ түр харзная гэсэн санал тавьж байсан. Учир нь ОХУ бие даасан сансрын станцыг хөөргөхөөр төлөвлөж байгаа. Тэр станц ашиглалтад орсны дараа Монгол, Орос улс ярилцаж, тохиролцох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Одоогоор тэр станц хараахан сансрын тойрог замд гарч амжаагүй байна. Яг ойрын хугацаанд хөөрөх эсэх нь ч тодорхой биш байгаа. Ийм шалтгаануудын улмаас тодорхой хугацаагаар хойшлоод байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт дахин монгол хүн сансарт ниссэн тухай сайхан мэдээг монголчуудынхаа сонорт дуулгах өдөр ирнэ гэдэгт би итгэж, найдаж явдаг.

-Одоогоор, Монголын сансар судлалд хоёр дахь хүнээ сансарт илгээх болон сансрын технологийг хөгжүүлэх хоёрын аль нь илүү чухал гэж та үзэж байна вэ?

-Сансрын судалгааны төвийг 2021 онд байгуулах шийдвэр гарсан. Үүний дагуу Шинжлэх Ухааны Академийн харьяанд томоохон цогцолбор барилга байгууламж барьж, дуусах шатандаа орж байна. Бидний зорилго уг төвийн лабораторийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, сансрын судалгаа, туршилтын ажлыг явуулж эхлэх юм. Энэ чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй, чадварлаг залуус манайд олон бий.

Бид 2017 онд анхныхаа “Мазаалай” хиймэл дагуулыг сансрын тойрог замд нисгэсэн. Энэхүү хиймэл дагуулыг өөрсдийн гараар бүтээсэн залуучууд Сансрын судалгааны төвд ажиллаж байна. Тэдний дунд Японд суралцаж төгссөн, эрдмийн зэрэг хамгаалсан их сургуулийн багш нар ч бий. Мөн сансрын судалгааны төвийн үндсэн ажилтан болж, судалгаа, дадлага хийсэн залуус ч хамтран ажиллаж байна. Ийм мэдлэг боловсрол эзэмшсэн залуучуудын тоо жилээс жилд өсөж байна. Тиймээс бидэнд сансар судлалын ирээдүй гэрэлтэй харагдаж байна.

Нэг хиймэл дагуул бүтээж, тойрог замд гаргасан. Одоо хоёр дахь хиймэл дагуулаа угсарч, туршилтыг нь хийж, бэлэн болгох шатандаа явж байна. Мөн бидний дотроо бодож, найдаж явдаг нэг зүйл бий. Хэрэв дахин монгол хүн сансарт нисэх боломж бүрдвэл тэр хүн өөрийн гараар Монголын хиймэл дагуулыг сансрын станцын бүхээгээс гаргаж, тойрог замд оруулж чадвал энэ нь тухайн нислэгийн нэр хүндэд төдийгүй бидний шинжлэх ухаан, судалгааны ажилд чухал хувь нэмэр болох болов уу гэж боддог. Ийм боломжийг ч бас хүлээж байсан тал бий. Гэхдээ манай залуус пуужин, дроны төслүүд дээр ажиллаж байна. Эдгээр ажлын хүрээнд жил бүр “Кансат” тэмцээнийг зохион байгуулж, үр дүнг нь дүгнэдэг. Мөн манай залуучууд сансрын хөлгийн хөдөлгүүрийн туршилтууд хийж байна.

“МАРС” РУУ НИСЭХ ХҮМҮҮСИЙН СУРГУУЛИЛТЫН ТӨВИЙГ МОНГОЛД БАЙГУУЛАХ БОЛОМЖ БИЙ

-Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн үеэр 30 орчим туршилт хийсэн байдаг. Монголчууд өөрсдөө зохион бүтээсэн төхөөрөмжөө сансарт туршсан 10 дахь орон болсон. Сансарт хүний биед гарах сөрөг өөрчлөлтүүдээс Монголд ургуулсан чацаргана жимс хэрхэн хамгаалах зэрэг олон сонирхолтой туршилт хийсэн байдаг. Монголын шинжлэх ухаанд аль нь хамгийн их ач холбогдолтой гэж та онцлох вэ, яагаад?

-Эдгээр туршилт бүгд өөр өөрийн гэсэн ач холбогдолтой. Аль нь илүү, аль нь дутуу гэж ялгаж хэлэх зүйл байхгүй. Бид нийт гурван үндсэн чиглэлд хамаарах 30 гаруй туршилт хийсэн. Нэгдүгээрт, техник технологийн туршилтууд. Хоёрдугаарт, эмнэлэг, биологийн туршилтууд. Гуравдугаарт, дэлхийг тандан судлах туршилтуудыг хийсэн. Техник технологийн туршилтуудад “Алтай-1”, “Алтай-2”, “Эрдэнэт” зэрэг туршилт багтсан. Эдгээр нь жингүйдлийн орчинд бодисын масс хэрхэн шилжих, мөн шинэ төрлийн кристалл хэрхэн үүсэж, хэлбэржихийг туршсан. Мөн эмнэлэг, биологийн чиглэлийн олон туршилт бий. Үүнд сансрын нисэгчдийн хүнсний хэрэглээ, хоол хүнсний төрөл, тоог нэмэгдүүлэх туршилтууд байсан.

Жишээлбэл, “Борцны шөл” нэртэй туршилт хийсэн. Монголчууд эрт дээр үеэс махыг сублимац /усгүйжүүлэх/-ын аргаар хатааж борц болгон, холын аян замд хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай. Энэ туршлагад үндэслэн борцны шөлийг сансрын нөхцөлд туршиж үзсэн. Мөн “Чацарганатай сүү” нэртэй сонирхолтой туршилт хийсэн.

Монгол оронд ургадаг чацарганыг сүүтэй хольж хэрэглэвэл амт сайтайгаас гадна жингүйдлийн орчинд хүний бие организмыг дасгахад нөлөө үзүүлэх туршилт байсан гэж мэргэжилтнүүд үнэлсэн байдаг.

-Манай улсын эрдэмтэн мэргэжилтнүүд “Мазаалай” хиймэл дагуулаас эхлээд хувийн компаниуд ч хиймэл дагуул хөөргөж байна. Тэгвэл дараагийн зорилт юу байх нь чухал гэж та үзэж байна вэ?

-Манай залуус заавал төрийн байгууллага, эсвэл их, дээд сургуулийн дэргэд төвлөрсөн бүтэцтэй байгууллагад ажиллаж байж энэ салбарт хөгжинө гэж өөрсдийгөө хязгаарлах шаардлагагүй юм. Манай залуучууд, сонирхогчид, хувийн компаниуд ч гэсэн маш их идэвх зүтгэл гарган ажиллаж байна. Жишээлбэл, сансрын салбарт хувийн хэвшлийн “Ondo Space” зэрэг компани бий. Тэд сансрын тойрог замд хэд хэдэн хиймэл дагуул хөөргөж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Мөн дроны салбарын хувьд бараг бүх их, дээд сургуулиудад ийм чиглэлийн үйл ажиллагаа явж байна. Зарим тохиолдолд ерөнхий боловсролын сургуулиуд хүртэл энэ чиглэлийг сонирхон ажиллаж эхэлсэн байна. Түүнчлэн жижиг оврын хиймэл дагуул буюу “CubeSat” бүтээх оролдлого олон газар хийж байгаа. Янз бүрийн төрлийн сансрын хөлгийн хөдөлгүүрийн туршилтыг ч манай залуус өргөн хүрээнд хийж байна. Хамгийн гол нь залуус өөрсдөө сонирхож, идэвхтэй оролцож байгаа нь чухал юм. Залуучуудын сонирхол, идэвх нэмэгдэнэ гэдэг аливаа салбар урагш хөгжихийн хамгийн тод шинж тэмдэг байдаг. Тиймээс шинэлэг санаа гаргаж, түүнийг амьдралд хурдан хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, сансар судлалын шинжлэх ухааныг сонирхож байгаа залуус, хувь хүмүүс, компаниудын тоо өсөж байгаа нь бидний сэтгэлийг сэргээж, бахархал төрүүлж байна.

-Түүнчлэн Монгол Улс дэлхийн сансар судлалд хойшид ямар ямар чиглэлээр хамтран ажиллах нь хамгийн их ач холбогдолтой гэж та үздэг вэ?

-Бүх салбарт хамтран ажиллах шаардлагатай гэж боддог. Монгол Улс өнөөдөр сансрын хоёр том гүрний дунд оршиж байна. Нэг талаас БНХАУ сансрын салбарт хүчтэй хөгжиж буй том гүрэн. Нөгөө талаас ОХУ олон жилийн арвин туршлагатай, сансрын судлалын үндсийг тавьсан “пионер” гэж хэлж болох улс орон. Ийм хоёр улсын дунд оршиж байгаа Монгол Улс ч сансар судлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн хувь нэмрийг оруулах ёстой. Манай залуус ч янз бүрийн салбарт өөрсдийн санал санаачилгаар олон сонирхолтой ажил хийж байна. Өдгөө дэлхийн шинжлэх ухаан “Марс” гараг руу илүү их анхаарал хандуулж эхэлсэн. Манай залуус ч “Марс” чиглэлийн судалгааны ажлуудыг эхлүүлээд нэлээд хугацаа өнгөрч байна. Бид энэ чиглэлийн олон салбарт оролцох боломжтой. “Марс” руу нисэх хүмүүсийн бэлтгэл сургуулилтыг хийх туршилтын төвийг Монголд байгуулах боломж ч байж болох юм. Учир нь монгол орны байгаль, цаг уурын нөхцөл байдал зарим талаар Марсын орчинтой төстэй. Салхи шуурга ихтэй, ургамалжилт харьцангуй багатай зэрэг нь туршилт, дадлага хийхэд тодорхой хэмжээгээр тохиромжтой байж болох юм гэж манай залуус үзэж байгаа. Ийм төрлийн судалгаа, туршилтын ажлууд тодорхой хэмжээнд хийж байна. Нөгөө талаас БНХАУ сар руу чиглэсэн судалгаанд ихээхэн анхаарал хандуулж байгаа бол дэлхий нийтээрээ “Марс” гараг руу илүү их анхаарч байна. АНУ ч “Artemis” нэртэй томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, сар руу дахин хүн илгээх амбицтай зорилт тавин ажиллаж байна. Ийм олон чиглэлээр өрнөж байгаа сансар судлалын үйл ажиллагаанд монголын залуус идэвхтэй оролцох ёстой. Ямар нэгэн хэмжээгээр хувь нэмрээ оруулах шаардлагатай. Аз болоход манай залуус үүнийг ухамсарлаж, өөр өөрийн боломж бололцоогоор судалгаа, туршилт хийж, идэвхтэй ажиллаж эхэлж байна.

Г.Цогзалмаа

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.