Монголын зургаан жүдоч өнөөдөр дэвжээнд гарна
Гүржийн Тбилиси хотод Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын цуврал тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Тус тэмцээнд 51 орны 380 гаруй жүдоч зодоглох бөгөөд өчигдөр сугалааны үйл ажиллагаа болов. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 13:45 цагт эхлэх бөгөөд эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно.
Өнөөдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-д К.Ёолк, Ө.Жанцандорж, эмэгтэйчүүдийн 48 кг-д А.Мишээл, 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар нар зодоглоно. Н.Мэндсайхан эхний тойрогт Францын Вергнес Ричардтай, Б.Сүхбат Польшийн Игнасиак Ксаверитай, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт К.Ёолк эзэн орны бөх Торник Мазиашвилитай, Ө.Жанцандорж Тажикстаны Искандар Махмадхожазодатай, А.Мишээл Азербайжаны Конул Алиеватай, М.Цэндбазар Узбекистаны Рэйхона Маматоватай тус тус барилдахаар оноолт таарчээ.
Тэгвэл маргааш 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Грекийн Николаос Гкинистэй, 63 кг-д Л.Энхрийлэн гоц мөргөсөн бол тэмцээний сүүлийн өдөр -78 кг-д шинэхэн улсын аварга Ж.Урангоо Ливаны Акюлина Чайевтай сугалаагаар таарлаа. Медалийн төлөөх барилдааныг 21:00 цагаас С1 телевизээр шууд дамжуулна.



































































Сэтгэгдэл