Бэлтгэл хурандаа А.Эрдэнэбат: Бие бялдрын үзүүлэлтдээ хүрэхгүй хүүхдүүдэд сэтгэл зүйн асуудал үүсдэг

Aдмин / Хууль

Өнгөрөгч долоо хоногт хугацаат цэргийн алба хаагч мөр зэрэгцэн алба хааж байсан онжавдаа зодуулж харамсалтайгаар нас барсан нь нийгмийн сэтгэл зүйг цочроосон. Энэ талаар бэлтгэл хурандаа А.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Та армийн хуучин цагийн офицеруудын нэг. Тэр дундаа цэргийн биеийн тамираар мэргэшсэн офицер. Та хэдэн оны цэрэг вэ?

-Би спортоор хичээллэдэг, спорт сонирхдог хүүхэд байсан.Тийм учраас 10 жилийн сургуулиа төгсөөд нэг жилийн цэргийн курст бие бялдраараа тэнцээд суралцсан. Тэндээсээ амжилттай суралцсан гээд улсаас бодлогоор цэргийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үед конкурс өгч тэнцээд, хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн биеийн тамирын дээд сургуульд суралцаж төгссөн. 1984-1989 оны хооронд суралцаж төгсөөд АА-ийн 167 дугаар ангид Биеийн тамир спортын даргаар, 1990 онд ЦНДС-ийн Биеийн тамирын багшаар долоон жил ажилласан. Улмаар ЗХЖШ-т Цэргийн сургалт бэлтгэлийн чиглэлээр удирдах албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэр он жилүүдэд суралцаж байсан бүхий л залуус өнөөдөр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд удирдах алба хашиж, ихэнх нь энэ салбарын шинэчлэл өөрчлөлтийг удирдаад, зохион байгуулаад явж байгаа.

-Тантай ярилцаж байгаа маань өнөөдөр бидний халаглаж буй харамсалтай хэрэг гарсантай холбоотой?

-Би цэргийн биеийн тамирын мэргэжил талаасаа тайлбарлавал, Монголын ирээдүй болсон хүүхдүүд багадаа, бүр эхийн хэвлийд байхаасаа дасгал хөдөлгөөнтэй ойр байх, эрүүл хоол хүнс хэрэглэх, баталгаатай нөхцөлд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, нэг ёсондоо чанартай амьдралд хүүхдүүд төрж, өсөж хүмүүжиж, төлөвших учиртай. Түүний дараа цэцэрлэг, сургуульд өөрийнхөө насанд тохирсон бие бялдартаа зохицсон дасгал хөдөлгөөнийг ямагт хийх ёстой. Энэ нь эрүүл мэндийн хувьд эрүүл суурь тавигдлаа гэсэн үг. Үүний дараа ЕБС-д биеийн тамирын хичээл долоо хоногт гурван удаа ороход түвшиндээ байх, гурван удаа орвол хүүхдийн бие бялдар өсч хөгжөөд ирдэг. Гэтэл энэ нөхцөл байдал дээр бэлтгэгдсэн боловсон хүчин болох багш нар хүүхдүүдтэй ажиллах хандлага нь эерэг, эрч хүчтэй байх зайлшгүй шаардлагатай. Мөн сургууль, цэцэрлэгт материаллаг орчин сайн байх ёстой. Томчууд хүүхдүүдэд зөвхөн спортын заал л хэрэгтэй гэж ойлгоод байдаг. Гэтэл хуучин ямар байсан гэхээр биеийн тамирын талбай, стадион гэж хаа сайгүй байсан

Тэр юмнууд өнөөдөр хаачсан бэ. Бүгд барилга болчихсон. Хүүхдүүдийн бие бялдраа хөгжүүлэх орчин нь алга болчихсон байна. Тэднийг нь авлига хээл хахуулиар газрыг нь аваад цемент болгочихсон. Хүүхдүүд чинь агаарт гүйж харайж, тэсвэр хатуужилд суралцаж, хат сууж, дархлаа тогтож байх ёстой. Тэсвэр хатуужилд суусан хүүхэд хурд хүч, авхаалж самбаа, уян хатан чанаруудтай байдаг. Хүний биед байх эдгээр чанарууд тэсвэр хатуужлыг бий болгодог. Багаас нь хүүхдүүдийг 500 м, 800 м, 2 км, 5 км, биеийн тамирын талбай дээр гүйлгэх хэрэгтэй. Гэтэл тэр талбай манай хотуудад элбэг байна уу. Зааланд хэчнээн тойруулаад байгальд гүйхээс тэс өөр. Агаарын дутагдалтай, гүйх хязгаар хязгаарлагдсан, Зааланд гүйсэн болгоод орхичихоор хүүхдүүд яаж тэсвэр хатуужилд суралцах вэ. Агаарт хэдэн км гүйгээд ирсэн хүүхэд уушги нь сайхан ажиллаад, цусанд нь хүчилтөрөгч тодорхой хэмжээгээр нөхөгдөж, тэсвэр хат суугаад ирдэг. Ерөнхий тэсвэрт алхалт, гүйлт нөлөөтэй.

Ингээд ирэхээр бие бялдар, сэтгэл зүйн тэсвэрт суралцсаны дараагаар тэр хүүхэд 18 нас хүрнэ. Цэргийн албанд явах нас нь ирнэ. Цэрэгт ирэхээсээ өмнө ЕБС-д энэ түвшинд суусан байх учиртай байдаг, уг нь. Тэгээд армид бэлтгэгдээд бүр сайхан бие бялдар, сэтгэл зүйтэй болоод халагддаг. Гэтэл өнөөдөр тийм юм байна уу. ЕБС-ийн багш нар амьхандаа хичээдэг л байх.

Гэвч сургалтын нөхцөл, орчин чухал. Тэр нь манай улсад орхигдсон байна. Уртын харайлт, өндрийн харайлт, бөөрөнцөг, зээрэнцэг шидэх, хөлбөмбөг тоглуулдаг байх хэрэгтэй. Хөлбөмбөг маш их тэсвэр тэвчээрийг олгодог. Ийм чадваруудыг суулгаж байж армид ирэх ёстой.

Харьцангуй хөдөө орон нутгийн хүүхдүүд тэсвэр хатуужилтай байдаг. Амьдрах орчноосоо шалтгаалаад мал аж ахуйгаа эрхлэх, түлээ модоо хагалах, усаа авдаг учраас бие бялдрын хөгжил арай гайгүй байдаг. Ахуй нөхцөлөөсөө шалтгаалаад тэд бие бялдрын дэмжлэг авчихаж байгаа юм л даа. Хотын хүүхдүүд яаж байна гэхээр утас үзээд л, энд тэнд тоглоомын газар л сууж байна. Биеийн тамирын хичээлд дуртай, дургүй байх хүүхдүүд одоо их болсон.

Цэргийн алба чинь тодорхой бие бялдрын үзүүлэлттэй байх ёстой. Гэтэл тэрэндээ хүүхдүүд хүрэхгүй болоод ирэхээр хүүхдүүдэд сэтгэл зүйн асуудал гараад ирж байгаа юм. Бие бялдар хүчтэй хөгжсөн хүүхдүүд сэтгэл зүйн хувьд хүчтэй, хүчирхэг байдаг. Өөртөө итгэлтэй байдаг. Цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Олон аавын хүүхдүүдтэй учраа олоод найзалж нөхөрлөөд, өөрийн хэмжээгээ мэдээд, мэдрээд явчихдаг. Эр цэргийн алба гэдэг чинь эх орноо батлан хамгаалах зорилготой алба шүү дээ. Хүүхэд гэдэг чинь шилжилтийн насан дээрээ төлөвшөөгүй цагаан цаас эсэн үг. Буруу зөрүүгээ ялгахгүй явж байгаа үе байхгүй юу. Хүүхдүүдийн буруу гэж байдаггүй. Тэр хүүхдүүдэд бодлогоор анхаарал тавих төр, хариуцаж өсгөж хүмүүжүүлэх эцэг эх гэж байна уу. Төр засаг нь уялдаатай бодлоготой, хүүхэд рүүгээ чиглэсэн ажлууд их хийдэг байх ёстой. Энэ бол шүүмжлэх гээд байгаа зүйл биш, бодит байдал ийм байна. Төр засагт байгаа хүмүүс нам, бүлэглэл гэж яваа болохоос улс орныхоо төлөө, ирээдүй хойч хүүхдүүдийнхээ талаар юу хийж байна вэ. Боловсролын талаар, хүүхдүүдийн хөгжлийн талаар юу хийж байна вэ. Хоорондоо үүний төлөө мэтгэлцээд, маргалдаад ажил хийж байна уу. Яагаад энэ чиглэлийн ажил төрд явахгүй байна вэ.

-Тэгэхээр та хүүхдийн хөгжил төлөвшил, хүмүүжлийн талаар эхлээд ярих хэрэгтэй гэж байгаа юм уу?

- Тийм ээ. Бид хүүхдийн хөгжил төлөвшил, хүмүүжлийн талаар эхлээд ярих хэрэгтэй байна. Хүүхдүүдийн хүмүүжлийн асуудлыг ярихгүй зөвхөн бие бялдрын асуудал яригдаад байна шүү дээ. Бие бялдрын суурин дээр нь хүүхдүүдийн чинь сэтгэл зүй, оюун ухаан хөгжиж байдаг юм. Эрүүл хүүхэд эрүүл сэтгэл зүйтэй байдаг. Хэрвээ өвчин зовлонтой, эсвэл өвдөж ядарсан, хоол унд муутай, анхаарал халамж дутагдаад өссөн хүүхэд бол дутуу өснө, дутуу хүмүүжинэ, дутуу бие бялдартай болно. Тэр хүүхдүүдийн буруу гэж шууд тохож болохгүй. Хоёр байлдагчийн асуудал гэж байна.

Ер нь бол хоёр хүүхэд л дээ. Хоорондоо харилцааны хэм хэмжээгээ мэдэхгүй, цэргийн алба, дүрэм гэхээр баримжаагүй ойлголтгүй явж ирсэн. Яагаад тэр хүүхэд тэр харгис юм руу орчихов. Төрийн бодлого дутагдаж байна. Дээр нь төрийн бодлого дээрээсээ зөв байгаад, эцэг эхчүүд ажилтай, орлоготой, хүүхдэдээ анхаарал тавих боломж өндөр байвал өөр шүү дээ. Төрөөс нь бодлогоор хүн ардаа дэмжихгүй байна.Энэ асуудлууд чинь углуургаараа явах ёстой юм.

-Нөгөө томчууд бид хүүхдүүдийн тусгал гэдэг үг орж ирж байх юм?

-Яагаад армид төрийн генералаасаа эхлээд хугацаат цэрэг хүртлээ биеийн тамирын бэлтгэлжилтийг олгоод байдаг юм бэ. Тэднийг яагаад бэлтгээд байдаг юм бэ. Энэ хүмүүс бүгд эх орноо батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалж байгаа хүмүүс юм шүү дээ. Суурь тэсвэр тэвчээрийг бий болгосны дараагаар гардан тулаан, саадын зурвас, марш үйлдэх, усанд сэлэх, цанаар хөдөлгөөн үйлдэх, цастай газар цанаар үүрэг гүйцэтгэх гээд үүрэг гүйцэтгэхэд ямар нөхцөл байна, тэрийг цэргийн алба хаагч бүгдийг нь даван туулах ёстой байдаг. Далай тэнгистэй газар ч юм уу, Сэлэнгэ мөрөн дээр ч юм уу ер нь бүхий л ажиллагаанууд болж дайчлагдах үед янз бүрийн байгалийн, гэнэтийн юмыг батальоноороо, ротоороо даваад, туулаад гарах үе тохионо. Түүнийг даван гараад аранзандаа хувцас хийж, норолгүйгээр, гарч чаддаг байх. Мөн саадын зурвасыг хурдан туулж гарч чаддаг байх, гардан тулаан зэвсэгтэй, зэвсэггүй ажиллагаануудад оролцож чаддаг байх, зэвсэгтэй гэхээр буу, жад, зэвсэгтэй ажилладаг байх хэрэгтэй юм. Өөрийгөө бусдаас хамгаалж чаддаг байх. Саадын зурвасыг хурдан туулдаг байх нь эсрэг талдаа буудуулахгүй байх учраас энэ бүхнийг чинь цэрэгт л сурсан байх. Зэвсэггүй байх үед биеэ хамгаалах, дайснаас өөрийгөө хамгаалах ёстой шүү дээ. Иймэрхүү деталчласан сургалтууд байх ёстой. Энэ бүхнийг сурахынхаа хажуугаар сэтгэл зүйн бэлтгэлийг авах ёстой. Гэтэл өнөөдөр цэрэгт ирж байгаа хүүхдүүд юун гардан тулаан хийх вэ, юун саадын зурвасыг гатлах вэ. Нэг шанаа авахад Хүний эрхийн комисст хандах нь холгүй болж байна. Аав ээж нь сошиалаар дүүрэн буруу зөрүү мэдээлэлтэй байна. Гэхдээ үүнийг би хүлээн зөвшөөрч байгаа юм биш. Иймэрхүү үе тохионо. Сургалтын арга барил ч гэх юм уу. Цэргийн сургалт бол дектатурын аргаар сургах ёстой байдаг. Тэр олон хүнийг тэгж захиргаадаж л удирдана. Түүнээс цэцэрлэгийн хүүхдүүд шиг байж болохгүй шүү дээ.

-Таны үед дэглэлт байсан уу?

-Нийгэмд буруу ойлголт маш их байна. Дээр үед гэж ярихад “Огт байгаагүй” гэж би үгүйсгэхгүй. Гэхдээ тэр үед бие бялдрын хөгжил өнөө үетэй харьцуулахад маш өөр байсан.Цэрэг армид залуус ид хаваа гайхуулж, илүүрхэж, бахархаж явдаг байсан. Магадгүй энэ давуу байдлаа буруу байдлаар, бас өөрсдийгөө дөвийлгөсөн тохиолдлуудаар дэглэлтийг бий болгож байсан байх. Өнөө цагт бол тэр үетэй харьцуулахад орчин нөхцөл, хүмүүсийн харилцаа, хандлага огт өөр түвшинд ирсэн. Бид дээр дооргүй эмх замбараагүй байна. Хараа хяналтгүй явсан хүүхдүүд чинь яг ийм цэргийн орчинд ирэхээрээ нэгнээ алж хядаад байх юм уу. Энэ чинь байж болохгүй биз дээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шүү дээ.Сууриасаа бид эхлэх хэрэгтэй. Нөгөө талаар дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг болоод байна гэж би хардаг. Ямар нэг гардан тулааны аргаар сэтгэл зүйн бэлтгэлийг хийж байх ёстой гэж үздэг. Нэг нэгийгээ зод гэж хэлж байгаа юм биш, тэгж байж тэр хүмүүсийн сэтгэл зүй чангарч байж эх орноо хамгаална. Бид чинь бөөцийлөөд цэцэрлэгийн хүүхдүүд болгочихлоо. Одоо бүр яслийн хүүхэд болгох гээд байгаа юм уу. Дарга нар нь нэг нэгээр нь тэвэрч явах юм уу. Эрчүүд бид чинь улс орноо батлан хамгаалах үүрэгтэй. Зэвсэгт хүчин, хил, дотоодын цэрэг бүгд л эх орноо батлан хамгаалж байгаа хүмүүс. Тэд бүгд л хичээж байгаа. Гэтэл бүгдийг нь харлуулж болохгүй. Алсуураа Монгол Улсын Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа хүмүүсийн албандаа тууштай ажиллах хүсэл эрмэлзлийг мохоож, итгэл үнэмшилгүй болгож байна. Ямар мундаг залуус алба хааж байгаа билээ дээ, уг нь. Цэрэг арми руу улс төр ормооргүй байгаа юм. Энэ их хор уршигтай. Цэрэг армийнхаа хувцсыг өмсөөд улс орноо батлан хамгаална гэж явахад ард иргэд муухайгаар хандвал тэдгээр хүмүүс яах вэ.

-Энэ нөхцөл байдлаас шалтгаалж Батлан хамгаалахын сайд хурдтайгаар реформ эхлүүлж байгаа гэлээ. Тухайлбал, Цэргийн ангийг 100 хувь камержуулна гэсэн байна лээ. Уг нь энэ чинь цэрэг армийн газар байтал хорих газар шиг бүрэн камержуулахаар болж байна. Энэ тал дээр таны байр суурь?

-Энэ бол зөв. Улс орны Батлан хамгаалах салбарыг удирдаж яваа хүн тийм шийдвэр гаргана шүү дээ. Гадаад улс оронд цэргийн анги салбар нь бүрэн камержсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тэтгэвэртээ гараад есөн жил болсон байна. Энэ бол арга барагдсан асуудал руу явж байна гэсэн үг л дээ. Ийм байх зайлшгүй шаардлага байна уу, эсвэл өөр арга байна уу гэж бас бодмоор. Төсөв мөнгөнөөс эхлээд. Батлан хамгаалах салбар дээр төсөв ямар юм өгдөг билээ дээ. Тэгэхэд бусад улс орон Батлан хамгаалах салбараа яаж өөд татаж, юу өгч байгаа билээ. Бодох асуудал. Ийм байж камержуулах асуудал яриад байгааг би ойлгохгүй байгаа. Камержуулах асуудлыг хийх юм бол болохгүй юм байхгүй байх. Камержуулалтыг нийгмийн, хүмүүсийн хүссэнээр хийх гэж байна гэж харж байгаа. Бас л төсөв мөнгө яригдана. Тэр нь хэр удаан тогтвортой явах вэ гэдэг бас нэг асуудал бий. Ер нь Зэвсэгт хүчинд ямарваа нэг эрсдэл гардаг. Хуучин цаг яах вэ. Мэдээлэл нээлттэй байгаагүй үе юм. Төрийн бодлогын хэмжээнд явж ирсэн. Одоо хүний эрх нэрийдлээр бүх зүйлс хэт задгайрч, дээр нь бохир улс төр орж ирж бүр самраад байна гэж хувьдаа ойлгоод байна. Ард түмэн мэдээлэл муутай байгаа. Түүн дээр буруу ташаа ойлголт өгөөд байхаар энэ улс орны Үндэсний аюулгүй байдлын асуудал хүнд байдалд орж байгаа юм лдаа.

-Нас барсан хүү өөрийн хүсэл сонирхлоор цэргийн албанд татагдаж ирсэн гэж ар гэрийнхэн нь ярьж байсан. Нийгмийн идэвхтэй, цаашдаа бүр цэргийн албанд улирч ажиллах хүсэлтэй байсан гэж бичсэнийг уншсан?

-Тийм байна лээ. Энэ бол маш харамсалтай. Санаатай, зохион байгуулалттай үйлдсэн асуудал биш байна лээ. Ажлын цаг дуусч алба хаагчид гэртээ харьцгаасан юм билээ. Нөгөө хүү магадгүй дарга нартаа сайшаагдаж, үлгэр дуурайлтай байсан байх магадлалтай. Нөгөөх нь өширхөөд атаархсан юм болов уу гэж таамаглаж байгаа. Харьцаа хандлага, сэтгэл зүйн байдал зэргийг нарийн тодорхойлох ёстой. Эсвэл тохиолдлын байж таарсан. Өссөн орчин нь ямар байсныг бид мэдэхгүй. Бас эрчүүд зодолдоод ирэхээрээ хяналтаа алдах, биеэ барих чадваргүй хүн гэж байдаг. Тэгэхгүйгээр больё гээд больчихдог зөөлөн сэтгэлтэй хүмүүс ч байдаг. Бид бүгд хараагүй болохоор нарийн учрыг нь мэдэхгүй. Энэ бол маш харамсалтай үйл явдал.

-Өнөөдөр нийгмийн сэтгэл зүй энэ сэдвээр “айдастай” байна. Үр хүүхдээ албаа сайн хааж байгааг яаж мэдэх вэ гэх зэргээр бичиж, ярьж байна?

-Нэгэнт камер хийнэ гэж байгаа юм чинь хийх л хэрэгтэй. Одоо бол хүмүүсийн төсөөлсөн шиг тийм хүнд байдалд алба огт хаалгадаггүй л дээ. Эцэг эхтэй нь утсаар яриулна. Хуучин хэзээ бидэнтэй яриулж байсан юм бэ. Уулзалт чөлөөтэй нэвтрүүлдэг болсон. Өнөөдөр үндсэн үүргээ хугацаат цэргүүд өдөр тутамдаа биелүүлчихээд оройд гарыг нь хүртэл зүсэгдэж үү, шалбарч уу гэдгийг шалгадаг болсон шүү дээ. Ингээд л офицер ахлагч нар бүх зүйлд нь анхаарч ажилладаг. Өөрийн ар гэрийн амьдралыг орхин цэргүүдийнхээ төлөө ажилладаг онцлогтой алба.

Цэргийн амьдрал цагийн хуваарийн дагуу дүрэм журмаараа өдөр тутам үйл ажиллагаа явагддаг. Энэ реформын дунд удирдах бүрэлдэхүүн болон цэргийн алба хаагчдыг зөвхөн мэдлэг, ур чадвараар бус сэтгэл хөдлөлөө удирдах чадвараар үнэлдэг систем рүү шилжинэ гэсэн нь их зөв.

Салаа, суман, ангийн даргаар томилогдох офицер, ахлагч нар болон хугацаат цэргийн албанд татагдаж буй залуучуудын дунд "Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар" болон "Түрэмгий зан үйлийг тодорхойлох" нарийн тестийг заавал авдаг тогтолцоог бүрдүүлэх нь маш зөв болж байна гэж харж байгаа. Би өмнө нь цэргийн сургуульд багшилж байхдаа энэ талаар боддог байсан. Энэ мэт нухацтай зүйл рүү орж байгаа нь сайн хэрэг.

Төрийн бодлого маш зөв баймаар байна. Хүүхдүүд Монголын хамгийн гол цөм юм. Хүүхдүүдийн хүмүүжил, боловсрол, соёлыг нэгдүгээрт тавих ёстой. Хүүхдүүд нийгэмд бодитоор төлөвших хэрэгтэй. Төрийн бодлого өрөөсгөл байна. Нийгэм бол зөв замаараа явах учиртай. Төр засаг хүүхэд залуус руу чиглэсэн бодлого боловсруулж цэцэрлэг, сургуулиуд руу анхаарах шаардлагатай байна.

Б.НАНДИНЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.