Х.Даваажав: “Аварга Хадбаатар сан”-гаас зохион байгуулдаг хүүхдийн барилдаан долдугаар сарын 4-нд болно

Aдмин / Спорт

Наадам хаяанд ирлээ. Энэ өдрүүдэд халхын хүчит аварга Д.Хадбаатарын хүү Х.Даваажавтай “Аварга Хадбаатар сан” болоод аавынх нь талаар хөөрөлдлөө.

-Д.Хадбаатар аварга маань бидний дунд үгүй ч домог болон яригдсаар байдаг. Тэр домог түүхийн үргэлжлэлд таны үүрэг оролцоо ч их. “Хадбаатар сан”-ийн тухай яриагаа эхэлье.

-Би заримдаа өөртөө бахархмаар ч юм шиг, гунигламаар ч юм шиг болдог. Яагаад гэхээр Монгол орны хаана ч очиж, хэнтэй ч уулзаж таарсан Хадаа аврагыг танихгүй хүн байхгүй. Тэр хандлагуудаас төрөх мэдрэмжийг үгээр өгүүлэшгүй. Бүр автобусанд ч хүмүүс танина. Бахархах үе байхын хэрээр гундуу үедээ аавынхаа нэрийг даахгүй явна уу даа гэж бодогдоод үнэхээр хүнд санагдах үе ч байдаг.

Миний өсгөсөн аав Пүрэвдорж гэж хүн бий. Анх 2008 онд Пүрэвдорж аав намайг “Чи ер нь ингэж явах хүн биш” гээд, оффис бэлдэж өгснөөр “Аварга Хадбаатар сан”-гаа эхлүүлж байлаа. Тус сан хүүхдийн баяраар “Монголын хүүхдийн ордон”-той хамтран хүүхдийн барилдаан зохион байгуулж уран барилдааны шагналыг өгдөг. Энэ жил уран барилдааны шагналд цахилгаан дугуй өгсөн байна. “Аврага Хадбаатар сан” хүүхдийн баяраар “Монголын хүүхдийн ордон”-той хамтран хүүхдийн барилдаан зохион байгуулж уран барилдааны шагналыг өгдөг. Энэ жил уран барилдааны шагналд цахилгаан дугуй өгсөн байна. Мөн сангаас зохиодог гол ажил бол наадмын өмнө аваргын төрсөн өдрөөр “Хүүхдийн барилдаан”-ыг зохион байгуулсаар 18 дахь жилдээ болж байна. “Аваргын гараа” хүүхдийн барилдаан жил бүрийн долдугаар сарын 4-нд “Хүй долоон худаг”-т, 4-17 насныхан дунд болдог. Түрүүлж байгаа хүүхдүүддээ цахилгаан дугуйгаар мялааж байна. Барилдааны үеэр сурын харваа, шагайн харваа, дааган насны уралдаан бас зохиогддог. Энэ барилдаан, тэмцээнүүдийнхээ санхүүг өөрсдөө босгож шийддэг болохоор хааяа ч бас шантрах үе гарна. Гэхдээ бөх сонирхдог, энэ тэмцээнийг хүсэн хүлээдэг хүүхэд багачууд, тэдний ар гэрийнхэн, бөхөд хайртай олон түмэн байдаг болохоор тасралтгүйгээр зохиосоор байгаа. Нэгэнт Д.Хадбаатар гэдэг хүний нэр төр, алдар гавьяа, түүх дурсамж бүхэн нь надтай надгүй ард түмний өмч шахуу болчихсон юм билээ. Би хадгалаад байхаас илүү олон түмэндээ хэрэгтэй зүйл хийж нэрийг нь дуурсгаж явахыг хүсдэг.

-Та Хадаа аавтайгаа уулзаж байсан дурсамжаас хуваалцаач?

-1986 оны үед намайг найм, есөн настайд, манай гэр “Хүүхдийн 100”-гийн наймдугаар байранд байсан. Нэг өдөр гэрээс гараад сургууль руугаа явж байтал “Хүнсний 20”-ийн ард гурван том биетэй ах сууж байснаа нэг нь над руу их сайхан инээмсэглэснийг би ерөөсөө мартдаггүй. Тэгснээ дуудаад, миний толгой дээр их том гараа тавьснаа “Миний хүү шүү дээ” гэж нөгөө хоёртоо хэлэхэд их гайхаж байлаа. Тухайн үед “Хүнсний 20”-д их сайхан хуушуур зардаг байсан, надад бор цаасан ууттай 30 хуушуур цүнхэнд хийж өгөөд, 100 төгрөг гарт минь атгуулсан. Жаахан хүүхэд байсан би бөөн баяр.

Ангийхандаа хуушуураа тараагаад, мөнгөтэй маадгар хүн ороод очихоор багш гайхаж ээжид хэлчихэж. Ээжийн чихэдсэн байцаалтад орсон би “Нэг том биетэй ах дуудаад... ” гээд үнэнээ л хэлсэн. Ээж ч хар цагаан дуугүй хэсэг болсноо “Дахин битгий очоорой” гээд л өөр юм хэлсэнгүй. Би тухайн үед их гайхаад өнгөрсөн ч, яагаад ч юм тэр ахтай дахин таарах сан гэдэг зөн совинтой үлдсэн байдаг, аав гэж мэдээгүй.

Тэр л миний аавтайгаа уулзсан анхны уулзалт байсан юм билээ. Хамт явж байсан хүмүүс нь Дүвчин заан, Ганбаатар арслан хоёр байсан шиг байгаа юм. Түүнээс хойш тэр ахтай таараагүй, нэлээд олон жил өнгөрсний дараа зах зээл гараад жаахан хэцүү цаг үе байлаа. Би есдүгээр ангид байхдаа найзуудтайгаа нийлж өвгөнт, рояал спирт шаглаж зардаг байв. Нэг удаа “Хүнсний 20”-ийн ард нэг ах цүнхийг маань хураагаад авчихлаа. Бид ч юмаа авчих гээд л, хэрэндээ зориглоод очтол цаанаас нь их том биетэй ах гарч ирснээ “Даваажав аа сайн уу, ээж нь сайн уу” гээд нэг үнэрлээд “Май цүнхээ ав, аав нь мөнгийг нь хийсэн байгаа” гэдэг юм. Би бүр одоогийн хэлээр “шок”. Тэр хүртэл би өөр аавтай гэдгээ мэдээгүй, өсгөсөн аавынхаа халамжид хүмүүжсэн байсан юм. Түүнээс хойш нэг их удалгүй эмээгээс хамаг учрыг олж мэдсэн дээ. Хоёр сайхан аавтай хүн дээ. Одоо хааяа боддог юм, аав ээж болсон ч хүмүүс салж нийлж, амьдралд юу ч тохиож болно, хүүхдээ “бүтэн” өсгөнө гэдэг бас ухаан юм даа.Сүүлд сураглаж байгаад, Хадаа аавын ээж Бужгар эмээ дээр очиж золгохдоо, цэнхэр дээлтэй яваад орсон чинь “Миний хүү ороод ирлээ” гээд андуураад бөөн юм болж байлаа.

-Таныг Мөөеө аваргатай их ойрхон байсан гэдэг. 2008 оны наадмаар Н.Гантулга найрагч “Мөөеө аваргын нулимстай тэр жилийн наадам” гэж бичиж байсан юм билээ. Тэр нулимсны учир зангилаа таныг байсан гэдэг. Та Мөөеө аваргын тухай ярьж өгөөч?

-Мөөеө аварга бид хоёрын дурсамж их ээ. Багшийн минь хал нь гаднаа,хайр нь дотроо хүн байсан даа. Хөгтэй дурсамжууд зөндөө, зөндөө. Нэг удаа ажил хийлгэх гээд дуудахаар нь зугтаад цагдаад баригдаад, Мөөеө ахыг дуудлаа. Хүрч ирснээ “Наад бүдүүний буруу, наадахаа авч яваад хорь” гэдэг юм. Мөн Мөөеө аваргын жолоо барьж өгдөг байлаа. Нэг удаа айлд ороод айраг аягалахаар нь би жолоо барьж яваагаа хэлтэл Мөөеө ах “Айраг юу гэж үнэртдэг юм, аав чинь арван хул уугаад яадаг ч үгүй байсан юм” гэхээр нь ууж орхилоо. Тэгсэн Зайсангийн гүүр даваад л цагдаа зогсоосон чинь “Би чамд хэлээ биз дээ, айраг битгий уугаарай” гэж хэлдэг хүн дээ.

Тэгээд жолооны эрхээ зургаан сараар нам хасуулж байгаа юм. Бас нэг удаа яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайтай гурвуулаа Ордон орохоор болоод, би гадаа үлдье гэсэн чинь хамт оръё гээд оров оо. Өнөө хоёр маань тамхиа баагиулаастай. Б.Лхагвасүрэн гуай, Мөөеө аварга хоёрыг ордон руу тамхитай оруулахгүй ээ гэсээр байтал тэр чигээрээ яваад орж байгаа юм. Тэндээс ордны цагдаа дөхөөд ирлээ. Тэгсэн Мөөеө тамхиа надруу шууд өгснөө “Чамайг битгий тамхи тат гэж хэлээ биз дээ” гэчихээд яваад өгсөн. Би сандраад л хоцорч байгаа юм. Гарч ирснээ “Ордонд тамхи татах ямар байна” гэж надаар даажигнаж байх жишээтэй /инээв/. Их хатуу тоглоомтой ч байнга дэргэдээ ойрхон байлгасан даа, багш минь. Гэртээ дуудаж бууз жигнэж, хоол хийж өгнө. Намайг наадамд барилдаад өвдөг шороодох үед, нулимс дуслуулж суух хүн Мөөеө аваргаас өөр байхгүй дээ. Энэ дурсамж үнэхээр сайхан байна.

-Д.Хадбаатар аваргын амьд сэрүүндээ барьж байсан хөөрөгний талаар ам дамжсан яриа байдаг. Та тэр хөөргийг нь олсон тухай ярилаа. Хаанаас яаж олов, яаж танив?

-Эд гэдэг юм эзнээ өөрөө олоод ирдэг юм байна гэдэгт итгээд л сууж байна. Ёстой санаандгүй юм болсон юм. Нэг өдөр манай найз “Энэ жилийн тавдугаар сарын “Улаанбаатар марафон”-д хамт гүйнэ шүү, бүртгүүлчихлээ” гээд ярьж байна. “Би яаж гүйдэг юм, багтарч үхнэ биз дээ” гэсэн ч “За яахав, гүйж чадахгүй ч алхаад орж ирье дээ” гээд оролцлоо. Тэгсэн чинь маргааш нь утас дуугараад л “Та ирж хөөрөгөө аваарай” гээд л залгасан. Марафоны үеэр би ярилцлага өгч тэр нь сошиалд их явж. Тэгээд намайг таньж олсон юм болов уу даа. Аавынхаа хөөргийг гартаа атгаад л, энэ хүртэл надад хадгалж байсан хүнд маш их баярлаж нулимс цаанаас мэлмэрээд ирсэн. Аав минь ч үнэртээд байх шиг.

Ашиг харсан хүн байсан бол аль хэдийнэ зарчихсан байх биз. Аавын хөөрөг танихад амархан, “Улаанбаатар” зочид буудлын тагтнаас унагаад ам нь цуурсныг нь тухайн үед тийм том хөөрөг байхгүйн улмаас мөнгөөр бүрүүлсэн нь хэсэг газраа чих хэлбэртэй баалаад тогтсон гэдэг юм. Тийм содон болохоор найз нөхөд нь Хадаа аврагын “чих”-тэй хөөрөг гээд анддаггүй байж л дээ.Тэгээд л таниад авсан даа.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Б.ДАРИЙМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.