Европ Оросын ирээдүйд бэлтгэж байна

Aдмин / Гадаад мэдээ

Оросын төрийн суртал ухуулга Европыг “Оросыг устгахыг хүсдэг дайсан” хэмээн дүрсэлдэг. Гэвч бодит байдал дээр Европын холбоо Оросын ирээдүйн талаар огт өөр тооцоололтой байна. Үүнийг энэ сарын 23-нд болсон “Брюсселийн яриа хэлэлцээ” нэртэй хаалттай бага хурал тод харуулав.

Энэхүү уулзалтад гадаадад байгаа Оросын дайны эсрэг улстөрчид, хүний эрхийн хамгаалагчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцсон бөгөөд аюулгүй байдлын урьд өмнө байгаагүй хатуу дэглэм дор зохион байгуулагдсан нь онцгой анхаарал татлаа. Оролцогчид зөвхөн тусгай бүсэд зорчих эрхтэй, ихэнх хэлэлцүүлэг хаалттай явагдсан бөгөөд Европарламентын ердийн нэвтрэх үнэмлэх хүртэл олдохгүй байжээ. Ийм өндөр хамгаалалттай арга хэмжээ зохион байгуулсан нь санамсаргүй хэрэг биш юм. Энэ нь өнөөдрийн Оросын дэглэмийн эсрэг байр суурьтай хүмүүс зөвхөн эх орондоо төдийгүй Европт хүртэл аюулгүй байдлын эрсдэлтэй нүүр тулгарч байгааг харуулж байна. Нөгөө талаас Европын Холбоо Кремлийн өнөөгийн дэглэмийн дараах Орос ямар байх талаар бодитой хэлэлцэж эхэлсний илрэл байв.

Уг уулзалтад хүний эрхийн нэрт зүтгэлтэн Светлана Ганнушкина, талийгаач Алексей Навальныйгийн эхнэр бөгөөд Авлигатай тэмцэх сангийн зөвлөлийн тэргүүн Юлия Навальная, сөрөг хүчний улстөрч Илья Яшин нар оролцож, харин Михаил Ходорковский, Владимир Кара-Мурза нар цахимаар холбогдсон байна. Мөн Нобелийн энх тайвны шагналт Дмитрий Муратов хаалттай хэсэгт видео мэндчилгээ дэвшүүлжээ. Ганнушкина үг хэлэхдээ өнөөгийн Оросын бүх үйл явдал Украины дайны сүүдэр дор өрнөж байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр “Энэ дайн аугаа эх орны дайнаас ч урт үргэлжилж байна. Энэ бол зөвхөн манай ард түмний төдийгүй хүн төрөлхтний эмгэнэл юм” гэж мэдэгдсэн нь олон хүний анхаарлыг татжээ.

Европын Холбооны удирдлагууд ч энэ арга хэмжээг бэлгэдлийн шинжтэй зүйл гэж үзээгүй байна. Финландын европарламентын гишүүн Вилле Ниинистё “Орос дотор болон гадаадад ардчилал, хүний эрх, энх тайвны төлөө дуугарч буй хүмүүсийн дуу хоолой Европын Оросын талаар явуулах бодлогыг тодорхойлоход туслах ёстой” гэж мэдэгдэв. Энэ нь Европын Холбоо өнөөдрийн Кремльтэй харилцах бодлогоос гадна ирээдүйн Оростой хэрхэн харилцах талаар төлөвлөж эхэлснийг илтгэж байна. Өөрөөр хэлбэл Брюссель зөвхөн Украины дайнд хариу арга хэмжээ авч байгаа бус, дайны дараах геополитикийн дүр зургийг ч аль хэдийнэ тооцоолж эхэлсэн байна.

Европын Комиссын гишүүн Марта Кос 2021 оноос хойш Оросын иргэний нийгэм, хараат бус хэвлэл мэдээллийг дэмжихэд 70 сая евро зарцуулсныг дурдав. Энэ нь Европын холбоо Кремлийг Оростой адилтган үзэхгүй, харин ирээдүйд өөрчлөгдөх боломжтой нийгэм гэж харж байгааг харуулж буй хэрэг юм. Харин Батлан хамгаалахын асуудал хариуцсан комиссар Андрюс Кубилюс хамгийн тодорхой байр суурийг илэрхийлжээ. Тэрээр орос хэлээр үг хэлэхдээ Украины эсрэг дайн нь зөвхөн Украины төдийгүй Оросын өөрийнх нь хувьд асар том эмгэнэл болсон гэж мэдэгдсэн байна. Түүний үзэж буйгаар дайны үргэлжлэл нь Оросыг доройтол, тусгаарлал руу улам түлхэж байгаа бөгөөд Украинд үзүүлэх Европын Холбооны дэмжлэг нь Оросын ирээдүйн өөрчлөлтийн гол хөшүүрэг болно гэжээ. Кубилюсын хэлсэн хамгийн чухал санаа нь “Путины замаас өөр сонголт бий” гэсэн дохиог Оросын нийгэм, элитүүдэд хүргэсэн явдал байлаа. Өөрөөр хэлбэл, Европ өнөөдөр Кремлийг шахахын зэрэгцээ маргаашийн Орост зориулсан улс төрийн хувилбар бэлдэж байгааг харуулав. Сонирхолтой нь тэрээр илтгэлийнхээ төгсгөлд Польшийн эрх чөлөөний хөдөлгөөний алдарт уриаг санагдуулам “Таны болон бидний эрх чөлөөний төлөө!” хэмээгээд “Украины алдар суу бадраг!” гэж хэлснээр хурлыг өндөрлүүлжээ. Энэ нь зүгээр нэг сэтгэл хөдлөлийн уриа байсангүй. Харин өнөөдрийн Европын стратегийн байр суурийг товчхон илэрхийлсэн өгүүлбэр байв.

Брюсселийн энэ уулзалт Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний тухай биш, харин Оросын дараах ирээдүйн тухай байлаа. Европын холбоо Кремлийн өнөөгийн дэглэм мөнх биш гэж үзэж байгаа бөгөөд тэр өдрийн дараах Оростой хэрхэн ажиллахаа аль хэдийн төлөвлөж эхэлжээ. Иймээс Брюсселийн хаалттай уулзалтын хамгийн чухал мессеж нь Украины дайны тухай биш, харин “Путины дараах Орос” гэх ойлголт Европын стратегийн бодит төлөвлөлт болсон явдал байлаа. Энэхүү хаалттай уулзалт Европ Оросын ирээдүйг зураглаж, Путины дэглэм удахгүй болж буйн бас нэгэн нотолгоо болов

Г.АМАРСАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.