Татварын багц хуулийн төслийг эцэслэн баталлаа
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас тавдугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг эцэслэн батлалаа.
Тухайлбал Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.1 хувийн саналаар эцэслэн батлав.
Уг хуулийн төсөл эцэслэн батлагдсаны дараа ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Татварын багц хуулийн онцлох заалтын талаар мэдээлэл өглөө. Татварын багц хууль батлагдсанаар эдийн засаг 0.7 хувийн функцээр өсөх магадлалтай гэж тооцож байгаа юм.
1. ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ:
Татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 30 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээг тогтоож, татварын шалгалтын хугацаанд алданги бодохгүй байх аж. Татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгон нэмэгдүүлэв. Маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл алданги, торгуулийг нэхэмжлэхгүй байх зохицуулалттай болжээ. Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин гэх ойлголтыг оруулж иржээ. Компаниуд дээр сайн, дунд, муу гэсэн үнэлгээ хийж эхэлнэ. Гааль дээр бараа бүтээгдэхүүн орж ирэхэд шууд гаалийн албан татвар, НӨАТ төлдөг байсан бол гаалиа төлөөд, НӨАТ-аа бараагаа зарсны дараа төлөх боломжтой болж байна.
2. ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ:
Бага болон дунд орлоготой иргэдээ дэмжих зорилгоор 792 мянган төгрөг хүртэлх орлого дээр татвар авахгүй байхаар зохицуулсан. 792 мянган төгрөгөөс хоёр сая төгрөг хүртэлх орлого дээр нэг хувийн шатлал орж ирж байна. Хоёр сая төгрөгийн цалинтай хүн өнөөдөр ХХАОТ дээр 200 мянган төгрөг төлөх байсан бол шинэ шатлалаар 12 мянган төгрөг төлдөг болно. Жилийн 1.0 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1.0 хувиар татвар төлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100 хувь хөнгөлж байна. Мөн иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх юм байна.
3. АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ОРУУЛСАН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ:
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар 0-6 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувийн татвар төлж буй бол дундын шатлалыг нэмснээр 6-10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувиар татвар төлнө. Мөн жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1.0 хувийн татвар төлдөг байсан босгыг 2.5 тэрбум төгрөг болгож байна.
4. НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ:
НӨАТ суутган төлөгчийн 50 сая төгрөг байсан босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг харгалзан дотоодын болон импортын нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийг хоёр хүртэлх сарын хугацаагаар хойшлуулахаар болж байна. Тансаг хэрэглээний автомашины татвар нэмэгдэж байгаа.
















.jpg)




















.jpg)




























Сэтгэгдэл