Дараа жилийн наадмыг хэн нээх вэ...
Уул нь миний бие мухар сүсгээс төсөө үеийнх. Тиймийн учраас төөрөгдлөөс сүрхий цэрвэж явдаг. Шинжлэх ухаанд итгэдэг. Гэх нь ээ: Наадам болохтой зэрэг бөх, төр хоёрын холбоо хамаарлын тухай яриа сэдрээд ирдэг. Үйл баримтууд нь их сонин. Бөх нь төрөө юм уу, төр нь бөхөө дагаж түрүүлж үзүүрлээд байдаг. Энэнээс: Мухар сүсэг бус, гайхамшигт учрал тохиол ч бус гэж үзэхэд хүргэдэг.
Түүхийг сөхсөн ч тийм. Түүхч судлаач Г.Эрдэнэ 92 онд бичсэн номдоо: Хүннү аймгийнхан шинэ оны тэргүүн, зуны эхэн сард Шаньюйн ордонд өвгөдийн шарил, тэнгэр газрын тахилга, тайлга хийж бөх барилдуулдаг байсан. Сяньби аймгийн дараа Монгол нутагт оршин амьдарч байсан IV зууны Табовэй улсын Табогуй, 395 онд Хуанди хаанд, ҮI зууны Тюргийн хаант улсын Түмэн, 745- 840 оны Уйгарын хаант улсын Моюнчур, XII зууны Киданы тэргүүлэгчид хаанд өргөмжлөгдөх хийгээд Табо Вэй Пинчен, Уйгар улс Хар балгас хотыг улсын нийслэл болгохдоо том баяр хийж бөх барилдуулж, түрүүлсэн бөхөд Хаан цол олгож байсан тухай Тан улсын тэмдэглэл, Киданы шаштирт тэмдэглэсэн баримтыг сөхөн бичиж. Чингис хааны үед: Сартуулыг байлдан дагуулаад Эргүнэ мөрний хөндийд Буга Сочигайд хийсэн наадам, Жамухын талд байсан олон омог, аймаг Жамухаас ирсэн явдалд Чингис хаан нэн баярлаж Ононы шугуйд хийсэн наадам, 1222 онд дэлгэр дүүрэн гурван зүйлийн наадам гэж улсын чанартай их наадам хийж байсныг түүхийн бичгүүдэд үлдээж. Басхүү Чингис хааныг насан эцэс болсны дараа 1228 онд Өгөдэйг Монголын хаанд, хожим Монголын их гүрнийг сэргээн босгохыг чармайсан Батмөнх хааныг улсын хаанд өргөмжлөхөд зориулж эрийн гурван наадам үйлдэж байж. Персийн түүхч Рашид-Ад-Дин: Өгөөдэй хаан бөх үзэх тун дуртай байсан ба эхэндээ монгол бөхтэй Кипчак, Хятадын бөх барилддаг байснаа хожим Персийн бөхчүүдийн тухай мэддэг болж хааны зарлигаар Ираны Хамадан Мужаас 32 хүчит бөх өртөөгөөр Хархорум хотод ирүүлэн Жалайр омгийн бөхчүүдтэй хүч сориулсан тухай “Сударын чуулган”-даа өгүүлж. Түүхч Д.Баяр: Монголын эзэнт гүрний үед нэгэн дүрэм журмаар нийлж нааддаг байсан эрийн гурван наадам нь Монгол орон ар, өвөр, баруун гурван хэсэг болсноор нэгдмэл байдлаа алдаж өөр дүрэм журам, өмсгөл хувцас бүхий гурван төрлийн барилдаан болсон гэж тэмдэглэж. ХҮII зууны дунд үе, 1640 онд Занабазарыг Халх Монголын шарын шашны толгойлогч анхдугаар богдод өргөмжилсөн үйл явдлыг тохиолдуулан хийсэн Даншиг өргөх наадмыг түүхчид: Халх Ойрадын ноёдын чуулганы үзэл санааны дор хийсэн уг эрийн гурван наадам нь Монгол угсаатныг үзэл санааны хувьд нэгтгэх хүчин зүйл болж өгсөн хэмээж. Богд гэгээнийг хэмжээт эрхэт болгосон боловч хүн ам гүнзгий сүсэг бишрэлтэйг харгалзан 1921 онд түүнд зориулсан 10 засгийн наадмыг хийж хэмээн Л.Ням-Осор, Б.Батсүх нар өгүүлж. Тэрнээс хойшхыг эдүгээгийн хүмүүс гадарлаж мэднэ. Энүүгээр: Төр бөх 2 ийнхүү салшгүй нь харагдана. Мөнхүү төрийг бөх, эсхүл бөхийг дагадаг гэж социалист нийгмийн үед ч үзэж байж. Улс, төрийн жолоог Увсын Ю.Цэдэнбал, Төв аймгийн Ж.Самбуу дарга нар атгаж ахуйд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргууд бөхийн дэвжээг эзэгнэж байв.
Сүүл үест: Аварга хүртээд Арслан дээр буусан Э.Оюунболдыг ид ахуйд Хэнтийнхэн төрд дээшилж Ерөнхийлөгч хүртэл явсан. Басхүү: Г.Занданшатарыг Ерөнхий сайд болсон зуны наадмаар Баянхонгороос нь Э.Батмагнай түрүүлж Арслан болсон. Эдгээрт дөрөөлөн өнөө жилийн наадмын бөхийн барилдааныг ирэх жилийн сонгуультай дүйлгэн шинжсэн хэдэн хүний хуучлан хэлснийг дор базан буулгалаа.
Шулуухандаа: Өнөө жилийн наадам тэр чигтээ МАН-аас 27 онд Ерөнхийлөгчид дэвшиж болзошгүй Г.Занданшатарт зориулагдаж. Тэрээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг сүүдэр мэт дагаж наадлаа. Гэх нь ээ: Ерөнхий сайд биш, УИХ-ын гишүүн биш хүн протоколоор уул тахиад, наадмын нээлт мэтийн төрийн арга хэмжээнд оролцоод яваа нь хаана ч байхгүй төр ёс гэнэм. Уул нь: Г.Занданшатарын өнгөтэй наадам өнгөрөгч 25 оных байж. Өнгөрсөн наадмаар Ерөнхий сайд байсан ч өнөө жилийнх дээр тэр хэвээрээ байж чадаагүй. Ерөнхий сайдаас унасан. Г.Занданшатар унаснаар Э.Батмагнай ч дээшээ сайтар үзсэнгүй, унав.
Харин Сэлэнгийн Б.Орхонбаяр түрүүлж Даян аварга боллоо. Чухамхүү энэ дээр гол тодруулга гарч ирнэ. Юу гэх нь ээ: Өнөө жилийн наадмын түрүүний үр шим улс төрд хөрвөхөөрөө 27 оны Ерөнхийлөгчийн сонгуультай наалдана. Өөрөөр: Сэлэнгээс Ерөнхийлөгч төрнө гэж үзэж болох. Сэлэнгэд МАН-аас Ж.Эрдэнэбат, АН-аас С.Баярцогт гэх хоёр боломж байгаа. Ж.Эрдэнэбатыг МАН үгүй гэх байх. МАН бол Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж давхиад байгаа Г.Занданшатар, нэмээд С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Б.Жавхлан зэргийн олон хувилбартай. Тиймийн учраас: Эдүгээ АН-ын генсекийн албан тушаалтай С.Баярцогт боломжит ганц хувилбар. Тэрээр нэр дэвшвэл Ерөнхийлөгч болохгүй гэх газаргүй. Яс юман дээр С.Баярцогт бол аль хэдүйнийн 92 оноос хойш л Монголын улс төрд өнгөлсөн. Эдүгээгийн толгой улстөрчдийн бараг бүгдийнх нь багш. Н.Багабандиас авахуулаад Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд, У.Хүрэлсүх бүгдээрээ түүний дүү нар. Х.Баттулга ч түүний шавь байсан гэдэг. Ийм атлаа улс төрд энгүүн даруу явж ирсэн улстөрч. С.Баярцогт Ерөнхий сайдын тааварт байнга байдаг байсан. 14 онд түүнд Ерөнхий сайд болох бүрэн боломж байсан ч Ч.Сайханбилэг болсон. Энүүгээр нь дүйлгэвэл удаан хугацаанд хойшоо суусан С.Баярцогт сүүл үест сүрхий хөдөлж байгаа. АН-ын генсек гэх Арслан цолд хүрээд байна. Одоо Ерөнхийлөгч болж Аварга цол хүртэж магад, саяны наалмаар дүйлгэвэл. Сэлэнгийнхэн наадам дууссан шөнө: Бөх дагаж төр гэдэг Сэлэнгэ нутгаас дараагийн Ерөнхийлөгч төрөх болтугай гэлцэв. Хэрэвзээ С.Баярцогт АН-аас нэр дэвшиж чадвал МАН-аас дэвших Г.Занданшатарыг баттай давна. Энэхүү тохиолдолд МАН өөр хувилбар хайна. С.Бямбацогт байж болох. Гэвчиг: Ховдын баавгай заан Б.Бат-Өлзий үзүүрлэж Арслан болсон шиг С.Бямбацогт АН-ын С.Баярцогтод өвдөг шороодох магадлал илүү. Ховдоос АН-ын Б.Пүрэвдорж дэвшсэн ч С.Бямбацогт шиг үзүүрлэхээс түрүүлэх шанс бага. Энэнээс гадна: АН-аас Н.Алтанхуяг нэр дэвшвэл батны ялна гээд эртнээс хэлэлцээд байгаа. Гэвчиг: Н.Алтанхуяг өөрөө садаа тээг ихтэй л байх шиг. Тиймийн учраас Н.Батсуурь аварга ухаан гаргаж элэг бүс тайлсан шиг С.Баярцогт юм уу, залуус дүү нартаа зам гаргаж, боломж олгож тахимаа өгөх болов уу. Н.Алтанхуяг ясны улстөрч учир өөрт нь боломж хумигдмал байгааг анзаарвал намаа ялуулахыг бодох байх.
Нэмээд: Наадам дөхөхөөр том том аваргууд ирж бэлтгэл юм хангуулдаг шиг АН-ын Ц.Элбэгдорж эх орондоо ирж. МАН-ын С.Баяр ч уламж ёсоор Улаанбаатар буудалд оффисолж засуулаа хийгээд эхэлж. Тэрний сацуу: Эдүгээгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1024 бөх барилдуулж, 10 мянган морьтон жагсааж үдэлтийн наадмаа хийх шиг боллоо. Базах нь ээ: Ирэх жилийн наадмыг хэн гэдэг Ерөнхийлөгч нээх бол? Өнөө жилийн наадамтай хэр холбоотой бол? Далийрах нь ээ: Бөх нь төрөө дагадаг уу, эсхүл төр нь бөхөө дагадаг уу. Яадаг юм бол?
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Ө.БАТБИЛЭГ





.jpg)







































.jpg)



















Сэтгэгдэл