Европ дахь монголчуудын соёлын наадам боллоо
Бүгд Найрамдах Чех Улсын Мост хотод аж төрж буй Монгол Улсын иргэд Европ дахь монголчуудын соёлын нээлттэй наадмыг энэ сарын 1-нд Мост хотод зохион байгуулав.
Наадмыг нээж, Элчин сайд Б.Болормаа хэлэхдээ, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Үндэсний их баяр наадам нь хилийн чанадад аж төрж буй эх орон, элгэн саднаа санасан монголчуудыг нэгтгэх, хүүхэд, залуу үедээ монгол хэл, түүх, соёл, зан заншлаа таниулах, монголын өв соёлыг Чех Улсад сурталчлах ач холбогдолтойг онцолсныг Бүгд Найрамдах Чех Улс дахь Монголын ЭСЯ мэдээллээ.
Наадмаар уламжлалт тоглоом, наадгай, хүүхэд, залуусын дунд уралдаан, сагс, гар бөмбөгийн тэмцээн зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа өрнүүлэв. Хүчит бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, сумын заан М.Эрдэнэбаяр түрүүлж, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн начин С.Энх-Амгалан үзүүрлэжээ. Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат, сумын заан Б.Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, залуу бөх Э.Хосбаяр үлдлээ. Хүүхдийн бөхийн барилдааны 13-15 насны ангилалд М.Билгүүдэй түрүүлж, Ц.Өлзий үзүүрлэсэн бол 16-18 насны ангилалд М.Билгүүдэй түрүүлж, Р.Тэнүүн үзүүрлэв.

Сур харвааны эрчүүдийн төрөлд Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, харваач Г.Оргилон тэргүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, харваач Г.Алтангэрэл дэд байр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, харваач Э.Оргилболд удаалав. Эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Багануур дүүргийн харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Б.Хэрлэн тэргүүн байр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, сумын мэргэн Ц.Жавхланбаяр дэд байр, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, сумын мэргэн М.Долгормаа гуравдугаар байрт шалгарлаа.

Шагайн харваанд “ММТранс” клубын “Андгай” баг тэргүүн байр, “Аравт” баг дэд байр, “Уухай” клубын “Арга билэг” баг гуравдугаар байр эзэлсэн байна.
Сагсан бөмбөгийн тэмцээний эрчүүдийн 12 хүртэлх насны ангилалд “Нөхөрлөл”, “Цогт”, “Цогт-Ивээл” баг, 13-15 насны ангилалд “UB”, “Номадс”, “Цогт” баг, 16-18 насны ангилалд “Блакс”, “МБ Болжморууд”, “Цогт” баг, насанд хүрэгчдийн ангилалд “Emust”, “МБ Болжморууд”, “Цогт” баг, эмэгтэйчүүдийн ангилалд “Цогт”, “Млада Болеслав”, “Мост” баг эхний байруудад шалгарлаа. Гар бөмбөгийн тэмцээнд “WarriorZ Emust”, “МБ Болжморууд”, “Apex 2” баг эхний байруудад шалгарлаа. Соёлын наадамд хоёр мянга орчим иргэн хүрэлцэн ирж, оролцжээ.


































































Сэтгэгдэл