Б.Баярбаатар: Төсвийн шинэчлэл хийхгүй, урсгал зардлаа үргэлжлүүлэн тэлээд байвал ойрын жилүүдэд улсын төсөв энэ ачааллаа даахгүй болно
-ХАР ТАМХИ ЗААВАЛ НУНТАГ ЭСВЭЛ УРГАМАЛ ХЭЛБЭРТЭЙ БАЙДАГГҮЙ,
ЭНГИЙН БИЧГИЙН ЦААС ШИГ ХАРАГДАХ ХЭЛБЭРЭЭР Ч ТЭЭВЭРЛЭГДЭЖ БАЙНА-
УИХ-ын гишүүн Б.Баярбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн хаврын чуулганы үйл ажиллагааг та гишүүнийхээ хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Миний хувьд 2026 оны хаврын чуулганыг үр бүтээлтэй болсон гэж дүгнэж байгаа. Учир нь энэ удаагийн чуулганаар иргэн, өрх гэр, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжсэн олон салбарын бодлого, шийдвэрүүдийг өргөн хүрээнд хэлэлцэж, баталсан. Миний хувьд энэ хаврын чуулганы хамгийн чухал ажлын нэг нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг батлуулсан явдал байлаа. Монгол Улсад өмнө нь энэ чиглэлийн бие даасан хууль байгаагүй. Гэтэл дэлхий дахинд эрхтэн шилжүүлэн суулгах анагаахын шинжлэх ухаан 30 гаруй жилийн өмнөөс эрчимтэй хөгжиж, манай улс ч 1996 оноос эхлэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн байдаг. Харин 2026 онд л энэ салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадлаа.
-Энэ салбарын анхдагч хуулийг баталснаар ямар боломж, өөрчлөлтүүд бий болох вэ?
-Энэ бол зөвхөн хууль баталсан асуудал биш. Монгол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой, дэлхийн анагаахын шинжлэх ухааны хөгжлөөс Монгол Улс хоцрох ёсгүй гэсэн зарчмын чухал шийдвэр болсон. Манай эмч, эмнэлгийн байгууллагууд шинжлэх ухааны ололтыг нутагшуулан ажиллаж ирсэн ч хууль эрх зүйн орчин нь хоцрогдсон учраас цаашид хөгжих боломж нь хязгаарлагдсан байсан. Энэ саадыг 2026 оны хаврын чуулган арилгаж чадлаа. Хуулийн төслийг хэлэлцэх хугацаанд би амьд донор, тархины үхэлтэй донор, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн, хүний амь насны үнэ цэн зэрэг асуудлаар олон нийтэд тогтмол мэдээлэл өгч ажилласан. Өнөөдөр Монгол Улсад жил бүр тархины цус харвалтын улмаас 2,500 гаруй хүн нас барж байна. Мөн осол, золгүй явдлын улмаас олон хүн амь насаа алддаг. Үүнээс гадна жил бүр 8,200 гаруй хүн шинээр хорт хавдраар оношлогдож, өвчний янз бүрийн шатанд эмчилгээ шаардлагатай болдог. Манай улс жил бүр ойролцоогоор 400 тэрбум төгрөгийг иргэдийн гадаадад эмчлүүлэх зардалд зарцуулж байна. Гэтэл Монголын анагаах ухааны салбарын чадавх сул байгаадаа биш, харин хууль эрх зүйн орчин нь бүрдээгүйгээс болж өөрсдийн хөгжлийг өөрсдөө хязгаарласан нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр монголчууд БНСУ, Герман, АНУ, Япон, Турк, Энэтхэг, БНХАУ зэрэг улс руу олноороо эмчилгээ хийлгэхээр явж байна. Эдгээр эмчилгээний тодорхой хэсгийг эх орондоо хийх бүрэн боломжтой учраас тэр боломжийг бүрдүүлэх нь энэ хуулийн гол зорилгын нэг юм. Мөн энэ хуулийн миний баримталсан гол үзэл баримтлалын нэг нь био банк буюу биологийн нөөцийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх асуудал байсан. Энэ хууль зөвхөн эрхтэн шилжүүлэн суулгах тухай биш, эрхтэн, эд, эс гэсэн гурван чиглэлийг бүхэлд нь зохицуулж байгаа. Эсийн эмчилгээ, үүдэл эсийн хэрэглээ зэрэг олон шинэ зохицуулалт тусгагдсан. Үр шилжүүлэн суулгах асуудал ч мөн энэ хуулийн хүрээнд зохицуулагдах боломжтой болсон.
-Хаврын чуулганы төгсгөлд нэлээд маргаан дагуулсан асуудлын нэг нь Тамхины тухай хуулийн шинэчилсэн найруулга байлаа. Намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх байх. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Би Тамхины тухай хуулийн төслийн ажлын хэсгийн дэд ахлагчаар ажиллаж байгаа. Миний хувьд энэ хуулийн төслийг дэмждэг. Батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Яагаад гэвэл өнөөдөр энэ асуудал бол хүн бүрийн нүдэн дээр ил харагдаж байгаа, нийгмийн бодит асуудал болсон. Өнөөдөр манай улсын Тамхины тухай хууль үндсэндээ зөвхөн уламжлалт янжуур тамхийг л зохицуулж байна. Харин халаадаг тамхи, IQOS төрлийн төхөөрөмж, вейп буюу электрон тамхи зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд ямар ч эрх зүйн зохицуулалтгүй явж байгаа. Эдгээрийг хууль, эрх зүйн орчинд оруулж зохицуулах асуудал яригдахаар тамхи импортлогч компаниудын лобби маш хүчтэй орж ирдэг. Учир нь энэ зах зээл жилдээ 800 тэрбум төгрөгөөс нэг их наяд төгрөгийн эргэлттэй болсон. Судлаад үзэхээр цөөн хэдэн том компани энэ асуудал дээр идэвхтэй лобби хийдэг нь харагддаг. Гэтэл бодит нөхцөл байдал ямар байна вэ гэвэл өнөөдөр ахлах ангийн сурагчид төдийгүй дунд ангийн хүүхдүүд хүртэл вейп хэрэглэж байна. Энэ бол олон нийтэд ил болсон асуудал. Бид багш нартай олон удаа уулзсан. Тэд бүгд “Тамхины тухай хуулийг яаралтай батлахгүй бол сургуулиуд электрон тамхины хэрэглээг хянах боломжгүй боллоо” гэдгийг хэлж байна. Бид мөн тамхи хэрэглэдэг хүмүүст судалгаа хийхэд бараг бүгд өсвөр насандаа тамхинд орсон байдаг. Хэзээ, ямар нөхцөлд тамхи татаж эхэлсэн талаар асуухад ихэнх нь сургуулийн насандаа, найз нөхдийн нөлөөгөөр хэрэглэж эхэлсэн гэж хариулдаг. Тиймээс энэ хууль өнөөдөр тамхи татаж байгаа хүмүүсийг шийтгэх тухай асуудал биш. Харин дараагийн үеийг тамхинд донтохоос хэрхэн хамгаалах вэ гэдэгт чиглэж байгаа. Харамсалтай нь энэ асуудал дээр цөөн хэдэн бизнес эрхлэгчийн ашиг сонирхлын төлөө хүчтэй лобби явагдаж байна. Парламентын баталж буй хууль Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний ашиг сонирхолд нийцсэн байх ёстой. Бид Үндсэн хуульдаа тангараг өргөсөн УИХ-ын гишүүд. Хойч үеийнхээ эрүүл мэндийн эсрэг хууль батлах эрх бидэнд байхгүй.
-Намрын чуулганаар энэ хууль батлагдах боломжтой гэж харж байна уу?
-Одоо үндсэндээ зөвхөн эцсийн шат үлдсэн. Анхны хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй бүх саналуудыг хэлэлцэж, санал хураасан. Одоо зөвхөн хуулийг эцэслэн батлах санал хураалт үлдсэн гэсэн үг. Хэрэв УИХ-ын нийт гишүүдийн олонхын буюу 64-өөс дээш санал авбал хууль эцэслэн батлагдана. Үүний дараа Ерөнхийлөгч хуульд тавих хугацааныхаа хүрээнд шийдвэрээ гаргана. Дараа нь "Төрийн мэдээлэл" сэтгүүлд нийтлэгдэж, хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа эхэлнэ.
-Чуулганы завсарлагааны хугацаанд та ямар асуудалд голлон анхаарч ажиллаж байна вэ?
-Наадмын өдрүүдээр бага зэрэг амарлаа. Мөн орон нутагт ажиллаж, хэд хэдэн аймгаар явсан. Энэ жилийн хувьд зуншлага нийт нутгаар харьцангуй сайн байна гэж харж байгаа. Гэхдээ монголчуудын хувьд наадмын маргааш намар гэдэг. Тиймээс одооноос өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарах шаардлагатай. Мөн малчдын амьжиргаа, малын зах зээлийн үнэ ханш, мал аж ахуйн салбарын нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэгт анхаарч, орон нутагт ажиллаж байна. Ер нь завсарлагааны хугацаанд үндсэндээ гурваас дөрвөн том асуудал дээр төвлөрөн ажиллаж байна. Нэгдүгээрт, аравдугаар сарын 7-нд товлогдсон Эпштейнтэй холбоотой сонсголын бэлтгэл ажилд анхаарч байна. Энэ асуудлаар маш олон эх сурвалж, баримт материалыг гадаадаас татан авч судалж байгаа. Хууль, хяналтын байгууллагууд болон шинжээчдийн багууд ч ажиллаж эхэлсэн. Миний хувьд энэ сонсголыг хийх болсон гол шалтгаан нь иргэдийн мэдэх эрхийг хангах явдал. Учир нь энэ асуудалд Монгол Улсын эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдсөн юм биш биз гэсэн эргэлзээ надад төрсөн. Зарим хүмүүс “нас барсан хүний асуудлыг дахин сөхөх хэрэг байна уу” гэж шүүмжилдэг. Гэхдээ түүхэн үйл явдлыг тухайн хүн амьд эсэхээр нь хэмждэггүй. Өнөөдөр ч дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлыг судалж, зөв бурууг нь ярьсаар байдаг. Энэ асуудал ч мөн адил, бодит үнэнийг тогтоох шаардлагатай. Намайг хамгийн их эргэлзүүлэх болсон зүйл нь Оюутолгойн асуудалтай холбоотой. Анхнаасаа Оюутолгойн гэрээ лобби, ашиг сонирхлын нөлөөгөөр байгуулагдсан юм биш биз, тухайн үеийн төрийн өндөр албан тушаалтнууд ямар нэгэн байдлаар холбогдсон юм биш биз гэсэн асуултууд гарч ирсэн. Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой захидал, харилцааны асуудлууд ч сөхөгдөж байгаа. Энэ бүхэн Монголын төрийн сонгуульд гаднын нөлөө орж байсан эсэх тухай эргэлзээг бий болгож байна. Үүнээс гадна олон нийтийн сүлжээнд яригдаж байгаа “Монгол охин”-той холбоотой мэдээллүүд ч бий. Эдгээр асуудал дээр иргэд үнэн бодит мэдээлэл авах эрхтэй. Монгол Улсын эрх ашиг яг хаана, ямар байдлаар хөндөгдсөн байж болох вэ гэдгийг нээлттэй хэлэлцэж, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзэж байна.
-Хар тамхины тухай хуулийн ажлын хэсгийг та мөн ахалж байгаа. Энэ хуулийн төсөл ямар шатандаа явна. Ер нь манай улсад хар тамхи гамшгийн хэмжээнд байна уу?
-Хар тамхины тухай хууль буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Хуулийн төсөл хэлэлцэх эсэх шатандаа орсон. Бид салбар бүрийн төлөөлөл оролцсон дэд ажлын хэсэг байгуулсан. Амралтын хугацаа дууссан учраас одоо судалгааны ажлаа эрчимжүүлээд явж байна. Өнөөдөр Монгол Улсад мансууруулах бодисын асуудал бодит эрсдэл болоод байна. Гэхдээ зөвхөн хариуцлагыг чангатгах нь хангалтгүй. Урьдчилан сэргийлэх бодлогоо ч мөн адил сайжруулах шаардлагатай. Үүнд иргэдийг соён гэгээрүүлэх, хүүхэд, залуучуудыг урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах, нэгэнт донтсон хүмүүсийг эмчилгээ, сэргээн засах тогтолцоонд хэрхэн хамруулах зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Тамхины тухай хуультай холбоотой нэг чухал асуудлыг мөн онцолмоор байна.
-Ямар асуудал вэ?
-Би Гаалийн төв лабораторид ажиллах үеэрээ электрон тамхины шингэнүүдэд шинжилгээ хийлгэж үзэхэд зарим бүтээгдэхүүнээс мансууруулах бодисын төрлийн найрлага илэрч байсан. Мөн фитнесийн зориулалттай уураг, кофе зэрэг бүтээгдэхүүнд хүртэл мансууруулах үйлчилгээтэй бодис хууль бусаар агуулагдсан тохиолдол бий. Тэр байтугай А4 хэмжээний бичгийн цаасанд шингээсэн хэлбэрээр хүртэл хилээр нэвтрүүлэх оролдлого гардаг. Тиймээс иргэдэд нэг зүйлийг анхааруулмаар байна. Хил, гаалиар дамжуулан танихгүй хүнээс дугтуйтай бичиг, цаас зэрэг зүйл авч явахгүй байх хэрэгтэй. Өнөөдөр мансууруулах бодис заавал нунтаг эсвэл ургамал хэлбэртэй байдаггүй, энгийн бичгийн цаас мэт харагдах хэлбэрээр ч тээвэрлэгдэж байна. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг ургамлуудын мансууруулах үйлчилгээтэй холбоотой асуудал, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бэлдмэлийн эргэлт, тухайлбал морфин зэрэг зөвхөн жороор олгодог эмүүдийн хэрэглээ, хяналтын тогтолцоог ч энэ хуульд нарийвчлан тусгаж байгаа.Өөрөөр хэлбэл, энэ бол зөвхөн эрүүгийн хариуцлагын тухай хууль биш. Урьдчилан сэргийлэх, эмчилгээ, хяналт, боловсрол, эмийн зохицуулалт зэрэг олон чиглэлийг хамарсан өргөн хүрээний шинэчлэл юм. Одоогоор судалгааны шатандаа явж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард энэ хуулийг УИХ-аар батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Намрын чуулганаар ирэх оны улсын төсөв хэлэлцэнэ. Та орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзаж байна. Ирэх оны төсөвт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Миний бодлоор ирэх оны төсөв бүтээн байгуулалтын хувьд нэлээд хүнд байх болов уу. Өнөөдөр улсын төсвийн бүтэц өөрөө асуудалтай болсон. Нийт төсвийнхөө 80 орчим хувийг урсгал зардал эзэлж, үлдсэн 20 орчим хувь нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулагдаж байна. Ийм бүтэцтэйгээр цааш явахад хүндрэлтэй болсон учраас төсвийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаар төсвийн хөрөнгө оруулалт үнэхээр хэрэгцээтэй газартаа хүрч чадахгүй байгаа нь бодит асуудал. Сонгуулийн тойргоос сонгогдсон гишүүд өөрийн тойрогт ямар нэгэн бүтээн байгуулалт хийлгэх зорилгоор төсөв татах сонирхолтой байдаг. Ингэснээр улс орны бодит хэрэгцээнээс илүү улс төрийн ашиг сонирхол давамгайлах эрсдэл үүсдэг. Мөн сүүлийн жилүүдэд төсөв нэмэгдэхийн хэрээр урсгал зардлаа хэт тэлсэн нь буруу бодлого байсан гэж үзэж байна. Хэрэв бид төсвийн шинэчлэл хийхгүй, урсгал зардлаа үргэлжлүүлэн ингэж тэлээд байвал ойрын жилүүдэд улсын төсөв энэ ачааллаа даахгүй болох эрсдэл бий.
-Намрын ажил эхэлж байхад шатахууны хомсдол үүсэж, ургац хураалт, уул уурхайн салбарт хүндрэл учрах эрсдэл яригдаж байна. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
–Шатахууны асуудлыг хоёр талаас нь харах ёстой. Нэгдүгээрт, өнөөдрийн нөхцөл байдлыг зөвхөн энэ Засгийн газар, эсвэл салбарын сайдад бүхэлд нь тохох нь зөв биш. Харин Монгол Улс олон жилийн турш шатахууны стратегийн нөөцөө хэрхэн бүрдүүлж ирсэн, ямар бодлого барьсан бэ гэдгийг харах шаардлагатай. Миний мэдэхээр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед шатахууны хадгалах сав, агуулахын хүчин чадлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг. Харин түүнээс хойш энэ чиглэлд дорвитой шинэчлэл хийгдээгүй. Энэ хугацаанд стратегийн нөөцөө нэмэгдүүлэх бүрэн боломж байсан. Гэтэл өнөөдөр автомашины тоо жилээс жилд эрчимтэй өсөж байна. 2020 оны шатахууны хэрэглээ, 2026 оны хэрэглээ хоёр асар их ялгаатай. Өнөөдөр зарим айл өрх хоёр, гурван автомашинтай болсон. Гэр бүлийн гишүүн бүр машин унаж байна. Энэ нь хэрэглээ өсөх нь зүй ёсны үзэгдэл. Тиймээс хэрэглээ өсөхийн хэрээр шатахууны агуулах, нөөцийн сав, хадгалалтын хүчин чадлаа мөн нэмэгдүүлж байх бодлогыг төр тухай бүр хэрэгжүүлэх ёстой байсан.
-Өнөөдөр бид шатахууныг 100 хувь импортоор авч байна. Тэгэхээр дотооддоо үйлдвэрлэх, хэрэгцээгээ тодорхой хэмжээнд хангах асуудал чухал байна шүү дээ... ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлыг бид олон жил ярьсан. Ковид зэрэг олон хүндрэл байсан ч энэ хаврын чуулганаар үйлдвэрийн санхүүжилттэй холбоотой шийдвэрүүдийг парламент гаргасан. Одоо хамгийн чухал нь үйлдвэрээ аль болох хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй. Монгол Улс өөрийн гэсэн шатахуун боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Дэлхийн олон улс газрын тосгүй байсан ч түүхий нефть импортлон дотооддоо боловсруулдаг. Монгол Улс өөрөө ч газрын тосны нөөцтэй. Мөн шаардлагатай хэмжээгээр түүхий нефть импортолж боловсруулдаг тогтолцоонд шилжиж чадвал энэ нь урт хугацаандаа зөв бодлого болно. Мэдээж төр, Засгийн газрын бодлогын алдаа байсан уу гэвэл байсан. Гэхдээ өнөөдрийн шатахууны хомсдолыг зөвхөн дотоод асуудал гэж ойлгож болохгүй. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ч мөн нөлөөлж байна. Дайн, мөргөлдөөний үед хамгийн түрүүнд эрчим хүч, шатахуун, тээвэр ложистикийн асуудал хүндэрдэг. Монгол Улс шатахууныхаа 80-90 хувийг ОХУ-аас авдаг. Харин ОХУ өөрийн дотооддоо ч нийлүүлэлтийн хүндрэлтэй байгаа үед манай улсад тодорхой хэмжээгээр нийлүүлэлтээ үргэлжлүүлж байгаа нь бас нэг бодит нөхцөл. Гэхдээ энэ алдааг яаралтай засахгүй бол намрын ургац хураалт, уул уурхайн салбарт хүндрэл үүсэх эрсдэл бий. Одоогоор дизель түлшний нийлүүлэлт харьцангуй хэвийн байгаа мэт боловч ургац хураалтын оргил үед дизель тасалдвал бид ургацаа алдах эрсдэлтэй.
-Зарим хүмүүс шатахуунаа зөвхөн ОХУ-аас бус, өөр улсуудаас авах хэрэгтэй гэж ярьдаг. Энэ боломжтой юу?
-Нийлүүлэлтээ төрөлжүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэг. Гэхдээ энэ асуудлыг бодит нөхцөлтэй нь авч үзэх хэрэгтэй. Жишээлбэл, Казахстанаас авах боломж бий. Гэхдээ Казахстанаас шатахуун авахын тулд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх учраас Оростой зайлшгүй тохиролцох шаардлага гарна. Харин БНХАУ-ын хувьд нөхцөл байдал өөр. Шатахуун бол аюултай, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй ачаа учраас зөвхөн Монгол руу зориулж өөрийн нутаг дэвсгэрээр их хэмжээний шатахуун дамжуулах асуудал амар биш. Ложистикийн хувьд ч хүндрэлтэй. Эсрэгээрээ бодоход, хэрэв Хятад улс ОХУ-аас шатахуун авах шаардлагатай бол Монголын нутгаар дамжуулах асуудал мөн адил төвөгтэй байх байсан. Тиймээс нийлүүлэлтээ төрөлжүүлэх бодлого хэрэгтэй ч бодит газарзүйн байршил, тээврийн нөхцөл, хөрш орнуудтай хийх хэлэлцээр зэрэг олон хүчин зүйлийг зэрэг тооцох шаардлагатай.
-Сөрөг хүчний хувьд шатахууны хомсдолтой холбогдуулан Засгийн газар, салбарын сайдад хариуцлага тооцож, огцруулах асуудлыг хүртэл хөндөж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Юуны өмнө бид бүгд энэ дайн, геополитикийн хурцадмал нөхцөл байдал аль болох хурдан намжаасай гэж хүсэж байна. Монгол Улс бол хүн ам, эдийн засгийн хувьд жижиг, хоёр том гүрний дунд оршдог, парламентын ардчилсан тогтолцоотой улс. Өнөөдөр Монгол Улсыг тогтвортой авч явж байгаа хамгийн чухал тулгуурын нэг нь парламентын засаглал гэж би үздэг. Тиймээс бид дотооддоо эв нэгдлээ хадгалж, бүлэглэл, явцуу ашиг сонирхолд авталгүй, зөв бодлогоор явах нь хамгийн чухал. Шатахууны асуудлаар салбарын сайдыг огцруулъя гэж ярьж байгаа нь миний хувьд улс төрийн шийдэл биш. Огцрууллаа гэхэд дараагийн хүн нь шууд шатахуун оруулаад ирэх үү. Хэрэв тийм боломжтой бол огцруулж болно. Гэхдээ бодит байдал дээр асуудал тийм энгийн биш. Сөрөг хүчин асуудал дэвшүүлж, Засгийн газрыг шүүмжлэх эрхтэй. Харин бид бодлогын алдаагаа хэрхэн засах вэ гэдэг дээр хамтдаа шийдэл хайх ёстой. Өнгөрсөн хугацаанд бид юун дээр алдсан бэ. Стратегийн нөөцөө яагаад нэмэгдүүлээгүй юм бэ. Шатахууны хэрэглээ жилээс жилд өсөх нь тодорхой байхад яагаад агуулах, хадгалалтын хүчин чадлаа урьдчилан нэмэгдүүлээгүй вэ. Энэ бол бодлогын түвшинд ярилцах ёстой асуудал.
-Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үздэг үү?
-Төрийн хэмнэлтийн тухай хууль ковидын үед төсвийн сахилга батыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ өнөөдөр эргэн харах шаардлага бий. Төр мэдээж хэмнэлттэй байх ёстой. Захиргааны болон үр ашиггүй зардлаа танах нь зөв. Харин бүх салбарт нэг ижил хязгаарлалт тавьсан нь зарим талаар сөрөг үр дагавар авчирсан. Жишээлбэл, төрийн байгууллагууд тогтмол хэвлэл захиалахыг хориглосон заалт нь өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүндрэл учруулсан. Миний хувьд телевиз, сонин бол хамгийн найдвартай мэдээллийн эх сурвалж гэж үздэг. Харин цахим орчинд баталгаагүй мэдээлэл маш их байдаг. Өнөөдөр хүмүүсийн мэдээлэл боловсруулах чадвар, урт хугацааны ой санамж хүртэл цахим мэдээллийн хэт урсгалаас болж суларч байна. Тиймээс мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд зайлшгүй байх ёстой. Хэрэв интернэт тасарвал бид баталгаатай мэдээллийг хаанаас авах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мөн орон нутагт ажиллахад төрийн хэмнэлтийн зарим зохицуулалт бодит амьдралтайгаа нийцэхгүй байгаа нь харагддаг. Зарим сумдын удирдлагууд шатахууны зардалгүйгээс болж алслагдсан малчдад хүрч ажиллахад хүндрэлтэй болсон. Монгол шиг өргөн уудам нутагтай улсын хувьд ийм асуудлыг бодит нөхцөлд нь үнэлэх хэрэгтэй. Тиймээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүхэлд нь үгүйсгэх биш, цаг үеийн нөхцөлтэй нь уялдуулан бодит хэрэгцээнд нийцүүлж шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Э.МӨНХТҮВШИН


































































Сэтгэгдэл
Баярбаатар [202.126.88.82] 2026-08-06 14:09:10
Бурханы хүү Баярбаатар үнэн ярьж байгаач хийдэг дээрээ эсрэгээрээ хийнээ
Аль 1980-90 онд анх олдсон тос биздээ? [202.126.90.235] 2026-08-06 11:16:53
Монголын нефть нь шатахуун үйлдвэрлэхэд тийм их тохиромжтой юм уу? Тэр нь ХҮНД маркийн тос юм биш үү? Манайд олдсон газрын тосоор химийн өөр бүтээгдэхүүн, ж-нь пластмасс, резин, моторын тос, замын хар хийхэд тохирдог, харин түүгээр түлш шатахуун үйлдвэрлэхэд өгөөж БАГАТАЙ гэж сонссон. Энэ ҮНЭН ҮҮ???