“Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд монголын баг тамирчид түүхэн амжилт үзүүлж, 14 дүгээр байрт шалгарчээ
Япон Улсад зохион байгуулагдсан “Айчи–Нагоя 2026” Азийн V пара наадамд Монгол Улсын баг тамирчид 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 10 медаль хүртэж, медалийн нэгдсэн дүнгээр 14 дүгээр байрт шалгарлаа.
Тус наадамд Монгол Улсаас 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг спортын 10 төрөлд оролцож, 5 төрлөөс медаль хүртэн, нэг наадмаас авсан алтан медалийн тоогоороо түүхэн дээд амжилт тогтоолоо.
Алтан медалийг пара таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, жүдо бөхийн төрөлд Олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ нар хүртэж, Азийн пара наадмын аваргаар тодорлоо.
Мөнгөн медалийг жүдо бөхийн тамирчин Т.Сувд-Эрдэнэ, хөнгөн атлетикийн тамирчид Г.Ган-Эрдэнэ, Ц.Доржзодов, байт харвааны ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ нар хүртэв.
Хүрэл медалийг пара таеквондогийн тамирчин Х.Темирбек, байт харвааны эмэгтэйчүүдийн хосын төрөлд Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нарын баг хүртлээ.
Монгол Улсын баг тамирчид өмнөх Азийн пара наадмуудад дараах амжилтыг үзүүлж байв. Үүнд:
-
Гуанжоу–2010 (БНХАУ): 2 мөнгө, 3 хүрэл;
-
Инчён–2014 (БНСУ): 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл;
-
Жакарта–2018 (Индонез): 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл;
-
Ханжоу–2022 (БНХАУ): 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль.
Ийнхүү Монгол Улсын баг тамирчид өмнөх дөрвөн наадмаас нийт 5 алтан медаль хүртэж байсан бол энэ удаагийн наадмаас 4 алтан медаль хүртэж, нэг наадамд үзүүлсэн амжилтаа шинэчлэн тогтоолоо.


.jpg)





































































Сэтгэгдэл