СУРВАЛЖЛАГА: Ханиад, томуунд нэрвэгдсэн хүүхдүүдээр дүүргүүдийн эмнэлэг дүүрсэн байна

Д.Тулга / Эрүүл мэнд

b.bolormaa

-ОЛОН ЭМНЭЛГЭЭР ҮЗҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЭД Ч ЭДГЭХГҮЙ БАЙНА ГЭВ-

Хүйтний улирал эхэлж, Улаанбаатар утаа, тортогт дарагддагаараа дарагдлаа. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе эхлээгүй ч эмнэлгүүд хэдийнэ ачааллаа дийлэхээ больсон байна. Энэ үед, томуу, томуу төст ханиад, агаар дуслын өвчлөлд хүүхдүүд хамгийн ихээр нэрвэгдэж, шаналдаг. Өвөл эхлэхээр эмнэлгүүдийн хүлээн авах танхим өвчиндөө шаналсан хүүхдүүдээр дүүрч, оочер дараалал дийлдэхээ больж, ор, тасгийн хүрэлцээгүйн улмаас эмнэлгийн хонгилд, хүйтэн шалан дээр хүүхдээ тэвэрсэн эх эмчлүүлсэн болоод гардаг дүр зураг өнөө жил ч яг хэвээрээ. Энд эдгэнэ, эмчлэгдэнэ гэдэг найдвар тун бага ч эцэг эхчүүдэд өөр хандах газар гэж үгүй. Эмчлэгдэлгүй илүү их нян, бактери тээгээд харих тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг гэвэл хэт давсалсан хэрэг болохгүйн зэрэгцээ хэдийнэ ил дол болсон асуудал.

b.bolormaa

Гэвч нөхцөл байдал бахь байдгаараа. Ханиад томууны дэгдэлт их, балчир хүүхдийн орилоон, эх, эцгийн тарчлаан, эмч сувилагчийн сандраантай өдрүүд эхэлж байна.

Эмнэлгийн үүдээр ормогц эцэг эхчүүдийн дарааллаа хүлээж үл тэсэх, яарч тэвдсэн царай халуурч бүлээрсэн хүүхдийн уйлагнах дуу тэр гэхийн тэмдэггүй эхүүн үнэр тосно. Ерөөсөө Монголын бүх бактери тээгсдийг нэг дор цуглуулж нянгийн үржүүлэг хийж байна уу гэлтэй. Энд хорвоогийн хамаг бактери, холилдож, сүлэлдэж байдаг нь хэнд ч ойлгомжтой. Сүүлийн сар хэт их хүйтэрч, бага насны хүүхдүүд олноороо ханиад хүрч, их удаан эмчлүүлсэн ч эмчилгээ авахгүй, олон газар дамжин яваагаа эмнэлэгт цугларсан хүн бүхэн хэлэх.

Ер нь “Өрхийн эмнэлэгт үзүүлэхээр баахан үнэтэй эм бичиж өгөөд гаргадаг. Түүнийг нь уулгаад ч тусыг эс олдог байна. Дүүргийн эмнэлэгт ирэхээр нөхцөл байдал ийм, оочер дараалал хэт их. Мөн “Дүүргийн эмнэлэгт хэвтээд гарсан ч удалгүй ханиад томуу нь бүр ч хүчтэй сэдэрдэгийг хүн бүр өгүүлцгээж байна. Харин хувийн эмнэлэгт хандахад хордлогын шинжтэй гээд баахан эмчилгээ хийж мөн хэмжээний мөнгө зарцуулах шаардлага гардаг байна. Зарим эмнэлэг авахгүй, өөр нэгд нь очихоор ор байхгүй гэх мэтээр эцэг, эхчүүд Улаанбаатар хотын эмнэлэг, эмийн сан бүрийн хаалгыг татаж хэрэн хэсдэгээ учирлацгаах.

Яг өнөөдрийн байдлаар ихэвчлэн 38-аас дээш халуурсан, гүйлгэсэн, бөөлжсөн, ханиалга ихтэй, унтаж чадахгүй, хоол идэхгүй, таталт өгсөн шинж тэмдэгтэй ханиад, томуу тусч эмнэлэг бараадацгаажээ. Мөн эдгэлт маш удаан байгааг эцэг эхчүүд сануулж, энэ бүхнээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг дуулгаж сэрэмжлүүлж байна.

b.bolormaa

Одоогоор нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байгааг албаныхан хэллээ. НЭМГ-ын албаны дарга Б.Баатарсүх хэлэхдээ “Одоогоор ханиад томууны дэгдэлтийн үе эхлээгүй байна. Эмнэлгийн амбулаториор ирж үзүүлсэн хүүхдүүд аденовирусын халдвар, РС вирусын халдвар, энтеровирусын халдвар, коронавирусын халдвар, риновирусын халдвартай байна. Тухайн өвчлөл үүсгээд буй вирусыг яг ямар төрлийнх болохыг ХӨСҮТ-ийн лабораториор шинжлэн тогтоодог. Мөн энэ сард эмнэлэгт үзүүлсэн хүмүүсийн дунд томуугийн тархалт 4,4 хувьтай байна. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал бага үзүүлэлт юм. Энэ долоо хоногийн хувьд өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад өсөөгүй байна. Томуугийн дэгдэлт арванхоёр, нэг, хоёрдугаар саруудад эрчимтэй байдаг” гэв.

b.bolormaa

-ХАНИАД ТОМУУНЫ ДЭГДЭЛТИЙН ҮЕ ЭХЛЭЭГҮЙ Ч АЧААЛАЛ ИХ БАЙНА-

Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Болормаатай ярилцлаа.

-Танай эмнэлэг ачаалал ихтэй байна уу?

-Манай эмнэлэг уг нь 140 ортой, 0-16 насны хүүхэд хүлээн авч, хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг. Арван сарын эхээс одоогийн байдлаар 200 ортой үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор нийтдээ 60 орны нэмэгдэлтэй байна. Учир нь томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үе эхлэх гэж буйтай холбоотой ачаалал их байна. Ялангуяа 0-5 насны хүүхэд, тэр дундаа бараг 80 хувь нь 0-3 насны хүүхэд байна. Энэ жилийн хувьд бага насны хүүхэд хатгалгаа өвчин нь хүндэрч ирж байна. Мөн хавсарсан шинж тэмдгүүд их илэрч байна. Олон хоног хэвтэн эмчлүүлэх, эмчилгээний үр дүн муутай зэрэг хүндрэлүүд ажиглагдаж байна. Бас өмнөх жилийнхээс муу тал нь ханиад томууны үндсэн шинжтэй хавсраад гүйлгэлт, усан чацга маш их байна. Өөр нэг вирусын гаралтай хавсарсан шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Энэ нь хорвуу чанар ихтэй, уушгины хатгалгаатай хавсарч явагдаж байгаа учраас бага насны хүүхэд хүндрэх тохиолдол их байна.

b.bolormaa

-Эмнэлгээс гараад буцаж ирж хэвтэн эмчлүүлэх тохиолдол их байна гэж эцэг эхчүүд дуулгаж байна?

-Тийм тохиолдол мэр сэр байна. Гэхдээ уушгины хатгалгаа нь хүндэрч ирж байгаа тохиолдлууд биш юм. Гараад өөр төрлийн вирусээр дахин халдвар аваад ирж байна. Өмнө нь хатгалгаагаар өвдсөн хүүхэд эргэн ирэхдээ амьсгаа бачуурах, гүйлгэх, залгиур хоолой идээлэх зэрэг өвчлөлөөр ирж байна. Ээжүүд өвчтэй хүүхдээ хүний асаргаанд орхиж байна, эсвэл хоол унд муутай байлгаж байна, цэцэрлэгт аваачаад өгч байна. Ханиад хүрсэн эхний 3-5 хоногт гэрийн нөхцөлд байлгах ёстой. Гэтэл ханиадтай хүүхдээ асралгүй цэцэрлэгт өгч байна. Түүнээс болоод бага насны хүүхдүүд ихээр хүндэрч ирж байна. Тийм учраас өвчилсөн хүүхдийг гэртээ байлгаж анхаарал хандуулах хэрэгтэй.

b.bolormaa

-Өдөрт танай эмнэлэгт хэдэн хүүхэд үзүүлж байна вэ?

-Өдрийн цагаар манай эмнэлэгт ихэвчлэн хэвтэх бичигтэй хүүхдүүд ирж байна. Мөн хөнгөн хэлбэрийн өвчтэй хүүхдүүдээ өрхийн эмнэлэгт үзүүлэхийг зөвлөөд гаргаж байгаа. Манай эцэг эхчүүд хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр их ирж байна. Ханиад томуугийн анхан шатны нус гоожих, ганц нэг ханиалгах зэрэг шинж тэмдэгтэй хүүхэд хоёрдугаар шатлалын эмнэлэг рүү ирэх нь хүүхэд халдвар авах нөхцөл бүрдүүлж байна. Тийм учраас аль болох гэртээ өрхийн эмчээ дуудаж үзүүлэх, анхан шатны асаргаа хийх зэрэг тусламж сайн үзүүлэх хэрэгтэй. Энэ асуудал дээр их сайн анхаарах хэрэгтэй. Энд ирж хэт их дараалал үүсгэчихээд, манай хүүхдийг танай эмнэлэг үзэхгүй байна гээд гомдол хэлдэг. Манайх хүнд өвчтэй хүүхдүүдээ эхлээд үзэх заалттай. Мөн хэвтэх бичигтэй хүүхдүүдээ авах үүрэгтэй шүү дээ. Үүнийг эцэг эхчүүд зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Бага насны хүүхдүүд голдуу өвчний ямар шинж тэмдэгтэй ирж байна вэ?

-Ихэнх хүүхдүүд өндөр халуунтай, ханиалгах, шуугиант амьсгал их байна. Энэ жил цээж нь шуугиж байгаа хүүхдүүд маш их байна. Амьсгал нь бачуураад шуугисан, мөн усан чацга их байна. Мөн өндөр халууралтын улмаас таталт өгөөд ирж байна.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙН: Б.БИЛГҮҮН

emneleg


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000