Ж.Ганбаатар: “Сентерра гоулд” ХХК Ноён уулыг ухах гэж 34 удаа лобби хийлээ
Сүүлийн гурван жилийн турш идэвхтэй яригдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын ашигт малтмал олборлох эрхийн лицензийг авахаар санаархаж буй “Сентерра Гоулд” ХХК, тус хайрханыг аврах хөдөлгөөн, ард иргэдийн хооронд үүссэн тэмцэл Монгол Улсын шүүх засаглалын түүхэнд анх удаа 34 дэх удаагаа хойшилж, дээд “амжилт” тогтоолоо.
Тодруулбал, 34 дэх шүүх хурал өчигдөр Нийслэл захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч гуравдугаар сарын 5-ны өдөр хүртэл дахин хойшиллоо. Шүүх хурал юуны учир ингэж олон удаа хойшлоод байгаа талаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий Улаанбаатар дахь төлөөлөгч Ж.Ганбаатартай ярилцлаа.
Эргэн сануулахад, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон байдаг. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон. Ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Тиймээс уг лицензүүдийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг.
-“СЕНТЕРРА ГОУЛД”-ЫН ЗАХИАЛГААР ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ ШҮҮХ ХУРАЛД ИРЭХГҮЙ ХОЙШЛУУЛСААР БАЙНА-
-Шүүх хурал 34 удаа хойшилчихлоо. Шалтгаан нь юунд байна вэ?
-Өчигдрийн шүүх хурал “Сентерра гоулд” компани бие төлөөлөгч болон өмгөөлөгчөөсөө татгалзаж шинэ төлөөлөл, өмгөөлөгчтэй болсон гэсэн шалтгаанаар хойшиллоо.
-Өмнөх 33 хурал мөн л “Сентерра гоулд”-ээс шалтгаалж хойшилсон уу? Иргэний хөдөлгөөнийхний зүгээс шүүх хурал хойшлуулж байсан удаа бий юу?
-Биднээс шалтгаалж шүүх хурал хойшилсон нэг ч тохиолдол байхгүй. Бид тэмцлийнхээ төлөө тууштай явж байгаа. Гацууртын ордыг ухахын тулд “Сентерра гоулд” нийт 34 удаа лобби хийлээ.
-“Сентерра гоулд” албаар шүүх хурлыг хойшлуулах шалтаг гаргаад байгаа гэж ойлгож болох уу?
-“Сентерра гоулд” ХХК Засгийн газраар дамжуулж шүүх хуралд нөлөөлөх үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаа. Энэ нь юунаас харагдаж байна вэ гэвэл өнөөдрийг хүртэл түдгэлзүүлээд байгаа лиценз бүхий орд газар дээр “Сентерра гоулд”-ынхан бүх тоног төхөөрөмжөө бэлэн болгоод ухахад бэлэн болчихсон байгаа. Тэд ажлаа эхлэхэд бэлэн болгож байгаад шүүх хурлаар ороод, лицензийг цуцлах зүйл заалтыг хэрэгсэхгүй болгуулаад, түүнийхээ дараа орд руугаа шууд дайраад орчих бодолтой байгаа юм. Биднийг давж заалдаад явах хооронд эд нар үйл ажиллагаагаа эхэлж, нэгэнт хөрөнгө оруулалт хийгдээд эхэлсэн тохиолдолд Засгийн газар эргэлзээтэй байдалд орчих юм.
-Та бүхэн Ноён уулыг ухуулахгүй гэж бараг гурван жил тэмцэж байгаа байх аа?
-Тийм ээ. Гурав дахь жилдээ тэмцэж байна. 2014 оны нэгдүгээр сарын 13-нд иргэний хөдөлгөөнийхөн бид хэвлэлийн хурал зарлаж, Ноён уулаа аврах хөдөлгөөн байгуулж тэмцэж эхэлсэн. Үүний дагуу гадны компани Монголын үнэт өв соёл болсон Ноён уулыг эзэмшиж, үгүй болгох гэж байгаа энэ асуудлыг нийгэмд ил болгож, ард иргэдийн сонорт хүргэсэн.
-Шүүх хурал ингэж олон удаа хойшлоод байгааг таслан зогсоож, тухайн компанид шүүхээс шаардлага тавьж болохгүй байгаа юм болов уу?
-Шүүхийн зүгээс энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийг зорьж байгаа боловч “Сентерра гоулд”-ын захиалгаар төр захиргааны байгууллагын төлөөллүүд шүүх хуралд ирэхгүй байгаа юм. Тухайлбал, Хууль зүйн яам, Байгаль орчны яамны төлөөлөл, эсвэл Уул уурхайн яамны кадастрын хэлтсийн төлөөлөл ирэхгүй бүрэлдэхүүн дутуугаас хойшлоод байна. Бүрэлдэхүүн дутуу шүүх хурлаар шийдвэр гаргасан тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд, шүүхээс гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгоод явчих магадлал байгаад байна. “Сентерра гоулд” ийм л тоглолт хийгээд байна.
-“СЕНТЕРРА ГОУЛД” КИРГИЗ УЛСАД АЛТ ОЛБОРЛОЖ, БАЙГАЛЬ ОРЧИН,
АРД ИРГЭДЭД НЬ ХОРТ ХӨНӨӨЛ УЧРУУЛСАН-
-“Сентерра гоулд” компанийн төлөөллүүд 30 дахь удаагийн шүүх хурал дээр иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдтэй зөрчилдсөн талаарх бичлэг сошиал орчинд тарсан. Яг юу болсон юм бэ?
-30 дахь шүүх хурал дээр “Сентерра гоулд”-ын хууль ёсны өмгөөлөгч Мэндсайхан шүүх хуралд оролцож байсан иргэний нийгмийн төлөөлөл, ажиглагч нар луу дайрсан. Хэл амаар доромжилж, “Цохичих, зодчих“ гэж өдөөн хатгаж, хөөрөгдөх үйл ажиллагаа явуулсан. Үүнээс болж жаахан зөрчил гарсан. Өөр зүйл байхгүй.
-Одоо тэгээд Р.Мэндсайхан өмгөөлөгч солигдсон гэсэн үг үү?
-Тийм байна. “Сентерра гоулд” компаниас өчигдөр Захиргааны хэргийн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ өмгөөлөгч Р.Мэндсайхан болон бие төлөөлөгч Хатанбат нараасаа татгалзаж, бие төлөөлөгчөөр Алтансүх, өмгөөлөгчөөр Баярсайхан гэж хүнийг хөлсөж авсан байна. Энэ нь шүүх хурал хойшлуулах зорилготой.
-“Сентерра гоулд” гэх энэ компани Киргизэд бас алт олборлоод байгаль орчин сүйтгэж байсан түүх байдаг гэж сонслоо. Үнэн үү?
-“Сентерра Гоулд” компани нь Киргизэд алт олборлохдоо мөнх цаст уулыг нь нурааж, усны ундаргыг нь уурхайн химийн бодисоор хордуулж, түүний улмаас ард иргэд нь цианит болон бусад химийн бодист хордож, үхэж үрэгдэж, өвчин зовлонд нэрвэгдсэн тухай Германы "Эрх чөлөөний цэцэгс" баримтат кино хүртэл байдаг юм билээ. Түүнээс хойш энэ компани хөгжиж буй орнуудад ашигт малтмал ашиглахын тулд улс төрчдийг хахуульддагаараа зартай болсон. Ялангуяа Ноён уулын лицензийг эзэмшихдээ Монголын улс төрчдийг ашигласан. 2014 оны нэгдүгээр сарын 26-нд Ноён уулыг стратегийн ордод оруулах гэж хууль бус үйл ажиллагаа явуулсан. Үүний тодорхой жишээ нь 2010 онд “Сентерра гоулд”-ын гүйцэтгэх захирал Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж Ноён уулыг ашиглахын тулд улс төрчдийг лоббидож байгаа гэдгээ албан ёсоор зарлаж байсан. Ингэж лоббидсоноороо стратегийн ордын жагсаалтын 99-д бичигдсэн байсан ордыг 98-ыг нь алгасаж, 99 дэхийг нь шууд оруулж ирээд баталчихсан.
-“Ноён уул ямар уул болоод та нар ингэж тэмцээд байгаа юм бэ” гэж асуух хүмүүс олон байна?
-Нэгдүгээрт, бидний түүхийг устгаснаараа Монгол орон эзэнгүйднэ. Түүхтэй байж байж тусгаар тогтнол баталгааждаг юм. Тусгаар тогтнол баталгаажиж байж дэлхий нийттэй эн тэнцүү харилцах эрх зүйн орчин бүрддэг юм. Дэлхийн түүхэн дэх төрт ёсыг бий болгосон газрын эх үндэс нь Ноён уул байхгүй юу. Төрт ёсыг анх бий болгосон Хүннүгийн түүх үгүй болох юм. Энгийн үгээр хэлбэл хамгийн сүүлчийн өвгөдийн булшийг тонож дуусгахад бид хэн гэдгээ мартах болно. Харин хүмүүс бидний түүхийг бичиж хэн гэдгийг минь зааж өгөх болно. Бид өөрсдөө соёлгүй, түүхгүй, уламжлалгүй болж, уул уурхайн компаниуд бидний түүхийг бичиж өгөх нь л дээ.
Хоёрдугаарт, геополитикийн хувьд Ноён уулын орчим Сибирийн мөнх цэвдгийн торгон үзүүр дээр байдаг. Цөлжилт, хуурайшилт явагдаж, ой мод устаад байгаа, ургамал хомсдоод байгааг багасгаж, тэднийг тэтгэж байдаг хамгаалалтын бүс юм. Цэвдэггүй болчихвол Монгол орны төвийн эко систем алдагдана. Мөн алт дагасан хүнцэл гэдэг маш хүчтэй хор байдаг. Нэг куб метрээс 4,8 грамм алт олборлодог бол 40 грамм хүнцэл ашигладаг. Тэр нь агаарт гараад задраад ууршихаараа Хараа голоороо дамжиж Сэлэнгэ, Орхон, Байгаль нуур үгүй болно. Үүнийг дагаад Эко систем үгүй болно. Сэлэнгийн Зүүнхараа, Борнуур, Жаргалантын агаар мандалд хүнцлийн хор цацагдсанаар тэнд байгаа ургамал, амьд амьтдын бүтцэд генийн өөрчлөлт өгөх магадлалтай. Бид Борнуур, Жаргалант, Зүүнхараагаас хүнсний ногоогоо авдаг. Ялангуяа Монголын газар тариаланд эрсдэл учруулах өндөр магадлалтай.
Б.БУРМАА
Сэтгэгдэл