"Дэрэн" клубыг үүсгэн байгуулагч Г.Мөнхчулуун: МОНГОЛ хүүхдүүд авьяастай, хөлбөмбөгийн спортод маш их ирээдүй байна

М.Амаржаргал / Спорт

-"ДЭРЭН" КЛУБ 2008 ОНД БАЙГУУЛАГДАХДАА ЯАРМАГИЙН ДЭНЖИЙН 20 ХҮҮХЭДТЭЙ ЭХЭЛЖ БАЙЛАА, ОДОО 600 ГАРУЙ ТОГЛОГЧТОЙ БОЛСОН -

"Дэрэн" клуб "Монголд анх удаагаа битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбайг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Уг бэлтгэлийн талбай тун удахгүй ашиглалтад орох бөгөөд дээврийг битүүлэх ажил намар эхлэх юм байна. Энэхүү талбайд FIFA-аас "Quality Pro" ангиллын сертификат хүртсэн алдарт "Greenfields"-ийн зүлгийг суурилуулжээ. Зуны улиралд хөлбөмбөгөөр хичээллэх сонирхолтой хүүхэд залуусын тоо улам ихэсдэг энэ цагт шинэ талбай ашиглалтад орсноор бэлтгэлийн цагийн хуваарь, хүртээмж гээд олон зүйлд сайнаар нөлөөлөх давуу талтай гэдгийг клубын зүгээс онцолж байв.

Бид "Дэрэн" клубын үүсгэн байгуулагч Г.Мөнхчулуунтай хөлбөмбөгийн спортын хөгжил дэвшил, цаашид хийж бүтээхээр зорьж буй ажил, битүү дээвэртэй хөл бөмбөгийн талбай ашиглалтад орсноор ямар ахиц дэвшил гарах талаар ярилцлаа.

-"Дэрэн" клуб Монгол Улсад анх удаагаа битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбай байгуулахаар эхний төслөө амжилттай хэрэгжүүлж зүлгээ суулгасан байна. Хувийн хэвшил яагаад өөрсдөө хөрөнгө гарган энэ ажлыг эхлүүлэх болов?

-Манай "Дэрэн" клуб 2008 онд байгуулагдсан 11 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байна. Энэ хугацаанд өвлийн улиралд Хан-Уул дүүргийн спорт зааланд, зун нь Яармагийн дэнжид хүүхдүүд маань бэлтгэл сургуулилалтаа хийдэг байсан. Спортын төрлүүд 11 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд хөгжиж барилга байгууламж ч нэмэгдсэн. Цаашид хөлбөмбөгийн спортыг тогтвортой хөгжүүлэхийн тулд жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилалтаа хийдэг байх ёстой. Манай клубын хувьд байгуулагдсан цагаасаа хойш дөрвөн улиралын туршид бэлтгэлээ хийдэг байсан. Энэ хугацаанд клубт хамрагддаг хүүхдүүдийн тоо эрс өссөн. Хамгийн анх Яармагийн дэнжийн 20 хүүхэд манай клубт явдаг байлаа. Одоо манайд бүртгэлтэй 600 гаруй тоглогч байна. Тогтмол хичээллэж буй 200 гаруй хүүхэдтэй. Ийм олон тооны хүүхдүүдийг хөлбөмбөгийн спортоор тогтвортой хичээллүүлэхийн тулд багш дасгалжуулагчаас гадна спортын барилга байгууламж зайлшгүй хэрэгтэй болсон. Энэ өвөл Хан-Уул дүүргийн, Цэргийн ангийн, төв цэнгэлдэх хүрээлэнгийн нэг номерын фитнесс зааланд боломжоороо хуваагдаж бэлтгэлээ хийлээ. Цаашид ингэж бэлтгэлээ хийх хэцүү л дээ. Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн тулд битүү дээвэртэй талбайтай байх нь чухал гэсний үүднээс энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхэнтэй ярьж байгаад, хуучин хэрэглэж байсан газрыг нь ашиглан төслийн эхний шат зүлгээ хийчихсэн байгаа. Бид талбайдаа Голландын "Greenfields" компанийн "Evolution XQ 50 Pro Quality" ангилалын зүлэг суулгалаа. Энэ зүлэг FIFA-гийн хамгийн өндөр стандартыг хангасан зүлэг. Зуны улиралд хүүхдүүд маань бэлтгэлээ хийх талбайтай болсон. Өөрийн гэсэн талбайгүй байхын хэцүү нь заал түрээслэхээр заримдаа бэлтгэлээ хүссэн үедээ хийх боломжгүй байдаг. Хүүхдүүдийг бэлтгэлдээ ирэхэд нь "Орохгүй" гэсэн ганцхан үг урмыг нь хугалдаг. Тиймээс олон жилийн өмнөөс "Дэрэн" клуб өөрсдийн талбайтай болно гэж мөрөөдсөөр 2019 онд ажил хэрэг болгож байна.

-Хөлбөмбөгийн талбайн байршил нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд гэхээр зай талбай бага олдохоор санагдлаа. Яагаад хотын зах руу талбайгаа хийгээгүй юм бэ?

-Хамгийн гол нь хөлбөмбөгийн талбайны байршил хотын төвд байх ёстой. 11 жилийн хугацаанд хуримтлагдсан туршлагаас харахад Яармагийн дэнжид 41 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд хичээллэдэг байхад хотын төвийн хүүхдүүд очиж чаддаггүй байсан. Яагаад гэхээр гэрээс нь зайтай, замын түгжрлээс шалтгаалаад Яармаг руу ирж чадахгүй. Маш олон хүүхэд бэлтгэлдээ ирж чадахгүй мөрөөдлөө орхиж байсан. Шинэ талбай байгуулахад Төв цэнгэлдэх хүрээлэн хамгийн тохиромжтой гэдэгт санал нэгдсэн. Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс хүүхдүүд бэлтгэлдээ ирэхэд нь нийтийн тээврийн урсгал, чиглэл ихтэй. Бидэнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөлбөмбөгийн талбайгаа хийх үү гэсэн саналыг тавьж байсан. Тийшээ явчихаар л хүүхдүүд маань бэлтгэлдээ ирж чадахгүй. Нийтийн тээврийн чиглэл ховорхон, ирсэн ч минутын хоорондын зай нь хол гээд асуудал байсан л даа. Бид Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан талбай хийхгүй, ахиад жижиг талбай хийх юм.

-Тоглолтын стандарт талбай биш жижиг талбай хийж байгаа нь ямар учиртай вэ?

-Яагаад жижиг талбай хийж байна вэ гэхээр бага насны хүүхдүүдэд тоглолтын том талбай хэрэггүй байдаг юм. Жижиг талбай дээр цөөхөн хүүхдийн хөлбөмбөг тогловол бөмбөгөндөө олон удаа хүрэх боломж нь олдож ур чадвар нь нэмэгддэг. Хүүхдүүд бөмбөгөнд олон удаа хүрч сайжрахаас биш бөмбөг дагаад л том талбайд гүйгээд байх шаардлагаггүй байдаг. Том талбай зөвхөн тэмцээнд л хэрэгтэй. Тиймээс энэ онцлогтоо тулгуурлан хотын төвдөө олон талбайтай болох нь чухал.

-Нэг үеэ бодоход нийслэлийн сургуулиуд гаднаа хөлбөмбөгийн талбайтай болж байна. Энэ спортод хүүхдүүд хэр дур сонирхолтой байдаг вэ?

-Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн спортод хайртай, дуртай. Дээхэн үед нийслэлийн сургуулиуд гаднаа том талбайтай байсан. Нэг хэсэг бодлого алдагдаж сургуулиудын гаднах талбай барилгажсан. Хөлбөмбөгийн спортыг хотын төвөөс хөөгөөд гаргачихсан байхгүй юу. Хотын төвийн хүүхдүүд хөлбөмбөг тоглох газаргүй болчихсон. Биднийг бага байхад машин зам дээр ч хөлбөмбөг тоглож болдог байлаа. Машин тэрэг цөөхөн учраас орой ажил тарсны дараа зам дээр тоглоно. Мөн сургууль бүр гаднаа том талбайтай байсан учраас хүссэн үедээ хөлбөмбөг тоглож болно. Бодлого алдагдсны дараа маш олон сургуулийн талбай устгагдсан. Зарим сургууль нь жижигхэн талбайтай үлдсэн. 2008 онд манай "Дэрэн" клубыг нээгдэхэд Яармагийн дэнжийн 20 хүүхэд л тоглож байлаа. Хотын хүүхдүүд хөлбөмбөг тоглохоо байчихсан. Арван жилийн дараа энэ байдал эрс өөрчлөгдөж хөлбөмбөгийн спортоор хотын төвийн хүүхдүүд л хичээллэж байна. Талбай л байвал хөлбөмбөгийн спорт хаана ч хөгжинө.

image

-ХӨЛБӨМБӨГӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН ХҮҮХЭД БОГИНО ХУГАЦААНД ОНОВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАЖ СУРДАГ-

-Хөлбөмбөгийн спортоор дамжуулан хүүхдээ хүмүүжүүлэхийг хүсдэг эцэг, эхчүүд цөөнгүй байдаг юм билээ. Тэд ихэнхтэй ямар зорилготой байх уу?

-Манай клубт хүүхдээ авчирч буй эцэг, эхчүүд олон зорилготой байдаг. Хамгийн эхэнд хүүхдээ хөдөлгөөнтэй эрүүл байлгая гэж байна. Ихэнх тохиолдолд хүүхэд нь хөлбөмбөгийн спортод дуртай байдаг. Зарим эцэг, эхчүүд манай хүүхэд PC тоглоомонд донтоод байна үүнээс нь холдуулж болиулмаар байна гээд маш олон төрлөөр ханддаг. Хөлбөмбөгийн спорт аль алинд нь чухал нөлөө үзүүлнэ л дээ. Хөлбөмбөг дэлхийн номер нэг спортын төрөл вэ гэвэл зөвхөн мөнгөний асуудал биш. Энэ спортоор хичээллэсэн хүнд асар их хүмүүжилтэй болдог. Хүүхэд байх үеэсээ багаар ажиллах чадвартай болохоос гадна багийнхаа өмнө хариуцлага хүлээж сурдаг. Манай "Дэрэн" клубын тоглогчид багийнхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж дараа нь хувийн эрх ашигаа тавьдаг. Энэ спорт хүүхдүүдийг нийгэмшихэд чухал нөлөө үзүүлдэг. Мөн секунт тутамд эсрэг багийн тамирчид бөмбөгийг нь булааж авах гэж өрсөлддөг учраас тэр болгонд шийдвэр гаргаж сурдаг. Хүүхдүүд багаасаа богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай болдог. Би клубынхээ хүүхдүүдэд "Та нар тоглолтын үеийн стресс, шийдвэр гаргах бүх процессыг даваад гараад ирчихсэн байхад амьдрал маш энгийн л байна. Та нарт бодох зав олдоно" гэж хэлдэг. Хотын шинэ дарга ажлаа авсныхаа дараа "Бүх дүүргийг хөлбөмбөгийн талбайтай болгоно" гэсэн. Бүтвэл сайхан л хэрэг байна. Бүтээсэй билээ. Олон хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хөлбөмбөгийн спортоор дамжуулан хүмүүжлийн суурь тавигдана. Гадгашаагаа гарахад зам дээр нэгийгээ хүндлэхгүй байна, улс төрд гарахаараа хувийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байна. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл бусдын төлөө ажиллаж сураагүйн л гай байхгүй юу. Багаасаа хөлбөмбөгийн спортоор хичээллэсэн хүүхдүүд насанд хүрээд ийм зан гаргахгүй байхаа гэдэгт маш их итгэдэг.

-Хамгийн анх танай клубыг байгуулагдахад ирсэн Яармагийн дэнжийн 20 хүүхэд мэргэжлийн тамирчид болсон уу?

-Мэргэжлийн тамирчид болсон. U23 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат Монгол Улсад боллоо. Тэр багийн 22 хүүхдийн 15 нь манай клубээс гараагаа эхэлсэн хүүхдүүд байсан. "Дэрэн" клуб байгуулагдаад дөнгөж хичээллэж эхлэхдээ хүүхдүүдээрээ "2020 онд манай клуб ямар болох вэ" гээд мөрөөдлийг нь бичүүлж байлаа. Би та бүхэнд манай шигшээ багын ахлагч н.Батмөнхийнхөө захиаг үзүүлье. 2020 он болоогүй байхад мөрөөдлийнх нь ихэнх нь биелсэн байна.

-"2020 онд Монгол Улсын нэг номерийн хөлбөмбөгийн клуб болно" гэж бичсэн байна. Энэ мөрөөдөл биелсэн үү?

-Хүүхдийн улсын аварга дөрвөн насны ангилалд зохион байгуулагдахад манайх дөрөвүүлэнд нь түрүүлсэн. Дараа жил нь таван насны ангилалд зохион байгуулахад дөрөвт нь түрүүлээд нэгд нь хүрэл медаль хүртсэн. Энэ өвөл хоёр насны лиг болоход хоёуланд нь түрүүлсэн. Дандаа л хөлбөмбөгийн холбооны цомууд байна. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл хүүхдийн насны ангилалд хөлбөмбөгийн спорт системтэй хөгжиж байна гэсэн үг. Сайн дасгалжуулагчаас гадна, сайн талбай байх ёстой.

image

-"Дэрэн" клубын хүүхдүүд гадаад, дотоодын тэмцээнд уралдаанд тогтмол амжилттай оролцож байна. Нууц нь юундаа байна?

-Манай клубын философи сайн үр, сайн хөрс, маш сайн тариачинтай байх хэрэгтэй гэж үздэг. Үр гэдэг нь хүүхдүүд. Үр монголд байна. Сайн хөрс нь хөлбөмбөг тоглох заал танхим. Өмнө нь жаахан дутмаг байсан. Бид энэ асуудлаа боломжийн хэмжээнд нөхөж байгаа. Маш сайн тариачин гэдэг нь багш дасгалжуулагч. Тэд мэргэжлийнх байх ёстой. Тиймээс манай клуб гадаад дотоодоос туршлагатай дасгалжуулагчдыг эх орондоо авчирч байна. Хөлбөмбөгийн спорт хугацаа шаарддаг. Өнөөдөр үрээ суулгачхаад маргааш ургацаа хураана гэж байхгүй. Хавар тарьсан тариаг намар л хураадаг биз дээ. Үүнтэй ялгаагүй бид ургацаа 10 жил хүлээж байна. 2008 онд арван настай жаахан байсан хүүхдүүд өнөөдөр дөнгөж 20 нас хүрч байна шүү дээ.

-Монголд үйл ажиллагаагаа явуулж буй хөлбөмбөгийн клубууд санхүүгийн хувьд аль нэг байгууллагаас хараат байдаг. Таны хувьд "Дэрэн" клубыг амжилтад хүргэхийн тулд 11 жил хөдөлмөрлөсөн байна. Яагаад ингэж тууштай зүтгэх болов?

-Би өөрөө хөлбөмбөгийн спортод дуртай, хайртай. Хүүхэд байхдаа хөлбөмбөгийн тоглолтуудыг шимтэн үздэг байлаа. 1994 онд ээждээ "Монгол Улсын шигшээ багт орох юмсан" гэж ярьж байсан. Тухайн үед Монгол Улсыг дэлхийн хөлбөмбөгийн холбоонд элсэж орсон эсэхийг ч мэдэхгүй мөртлөө ээждээ мөрөөдлөө ярьдаг байсан. Олон жил Орос, Германд амьдарч байгаад нутагтаа ирэхэд тухайн үед шигшээ багийн дасгалжуулагч байсан н.Отгонбаяр найзтайгаа "Манай улсын хөлбөмбөгийн спортын хөгжил орчин үеийн энэ спортын хөгжлөөс арай өөр байна" гэж ярилцаж байсан. Хэдэн жил хажууд нь дагаж яваад "Жаахан өөрөөр хөгжүүлье" гээд энэ салбар руу орсон доо. Манайх үндсэндээ барилгын компани шүү дээ. Манай клубт хамгийн анх явж байсан 20 хүүхдийн 80-аад хувь нь хагас өнчин хүүхдүүд байлаа. Эсвэл аав, ээж нь Солонгос руу ажил хийхээр явчихсан их хэцүү байлаа шүү дээ. Нэг ч гэсэн хүүхдийг зөв дадал зуршилтай болгочих юмсан. Хөлбөмбөгийн спортоор дамжуулан ирээдүйн амьдралынх нь суурийг зөв тавьчих юмсан гээд хичээдэг байсан. Тухайн үед хүүхдүүд бие биенээсээ сонсдог юм уу манайхыг зориод ирдэг. Ингээд ирж буй хүүхдүүдийг "Авахгүй" гэж хэлэлтэй нь биш. Нэмж авсаар байгаад л өнөөдөр зургаан дасгалжуулагчтай болтлоо өргөжсөн байна. Одоо клубт хамрагдаж буй хүүхдүүдийг харахад аав, ээжтэйгээ элэг бүтэн амьдарч байна.

-ХҮҮХДҮҮДЭЭ ЖИЛД ЗААВАЛ НЭГ УДАА ГАДААД РУУ ТЭМЦЭЭНД ЯВУУЛЖ ӨӨР УЛСЫН СОЁЛ НИЙГЭМТЭЙ ТАНИЛЦУУЛДАГ-

image

"Дэрэн" клубыг зорин ирж буй хүүхдүүдэд та бүхэн ямар шалгуур тавьдаг вэ?

-Эрүүл байх ёстой. Гүйж харайх чадвартай байхад бусад нь болно шүү дээ.

-Танай клубт явдаг хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор хичээллэж эхэлснээс хойш хэрхэн өөрчлөгдсөн талаар эцэг, эхчүүд ярьдаг уу?

-Ярилгүй яахав, манай клуб 2010 оноос хойш тогтмол сарын хугацаатай хүүхдүүдээ гадаад руу явуулдаг. Эхлээд Швед, Скандинавын орнуудаар явуулдаг байсан. Өнгөрсөн хугацаанд хөлбөмбөгийн харилцаа холбоо нэмэгдээд бүх насны хүүхдүүдийг жилд нэг удаа заавал гадаад руу тэмцээн уралдаанд явуулдаг. Манай клубын үндсэн бодлого л доо. Бид оны төлөвлөгөөгөө гаргахдаа аль насны ангилал хаашаа явахыг нарийн гаргадаг. Хүүхэд бага байхдаа гадаа руу явах, өөр соёлыг үзсэнээр хөлбөмбөг тоглож туршлага суухаас гадна маш олон зүйлийг өөртөө тусгаж авдаг. Бидний хараагүй зүйлийг ч тэд хардаг. Мянга сонссоноос нэг удаа үз гэдэг шиг өөрсдөө юм үзээд ирсэн хүүхдүүд өөр шүү. Ажиллахад ч амар байдаг.

-Хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцож туршлага хуримтлуулахаас гадна бие дааж сурдаг байх шүү?

-Гадаад руу тэмцээн уралдаанд явахад хүүхдүүд хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. Аав, ээжээсээ холдож үзээгүй хүүхдүүд анх удаагаа гадаадад тэмцээнд оролцохдоо багийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж бүгд цаг барина, цагтаа унтана. Гар утсаараа тоглохгүй, багийнхантайгаа адилхан юм иднэ. Бэлтгэлд орсны дараа хувцас, оймсоо угаана. 6-8 настай хүүхдүүд дунд анх удаагаа оймсоо угааж буй нэгэн ч байна. Хамгийн анх тэмцээнд явахдаа нээх том чемоданд даагдахын аргагүй чихэр, амттан хийчихэнэ. Үнэнийг хэлэхэд зарим эцэг эхчүүд хүүхдээ сахараар тэжээдэг. Ийм хүүхдүүд ирэхээр нь "Наадах чинь хоол биш, тамирчин хүн ийм хоол иддэггүй" гэж хэлдэг. Багадаа спортоор хичээллэсэн хүүхэд ямар хоол сайн, муу гэдгийг мэддэг болж зөв хооллож сурдаг. Жаахан байхад нь шаардлагуудаа тавчихаар том болсон тамирчинтайгаа ажиллахад их амар байдаг. Бага байхдаа клубт хамрагдаагүй эсвэл өөр клубт хамрагдаж байсан том хүүхдүүд ирэхээр манай клубын 10 настай хүүхэд аль хэдийн сурчихсан байдаг зүйлийг 18 настайдаа сураагүй байдаг. Шигшээ багын түвшинд оччихоод унтах ёстой цагтаа унтахгүй утсаараа тоглоод салхилга бат муутай байх жишээний.

-Хүүхдүүдийг гадгашаа явуулахыг зардлыг клуб өөрөөсөө гаргадаг уу эсвэл эцэг эхчүүдээс туслалцаа авч байна уу?

-Урьд нь гадгашаа явж буй хүүхдүүдийнхээ зардлыг даадаг байсан. Одоо эцэг эхчүүдээс туслалцаа авч байна. Зарим тохиолдолд онцгой сайн хүүхдүүдээ урамшуулаад зардлыг нь даадаг.

-Манай улсын клубууд олон улсад ямар түвшинд тоглож байна?

-Амжилтын хувьд тааруухан байгаа. Гэхдээ монголын хөлбөмбөгийн спортын хөгжил сүүлийн хэдэн жил асар хурдтай хөгжиж байна. Хуучин техник талдаа сул байсан бол одооны хүүхдүүд техник нь их сайжирч тоглолтын арга барил тактикийг маш сайн сурч байгаа. Гэхдээ цаашид сурах юм их байгаа. Гадаадад хөлбөмбөгийн спортод асар их хөрөнгө оруулалтыг хийж хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны ололтуудыг ашиглаж буй учраас бид араас нь гүйцэхэд маш хэцүү байна. Дэлхий хөгжиж буй учраас араас нь дагаад хөгжихөөс өөр сонголт байхгүй. Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн спортод асар их дуртай байна. Энэ спорт ирээдүй маш их байгаа. Монгол Улс удахгүй сайн тоглодог болно. Исланд 300 мянган хүн амтай. Дэлхийн аварга, Европийн аваргад тоглоод байхад гурван сая хүн амтай манай улс ямар ч асуудалгүй гэж бодож байна. Манай клубын 20 хүрч буй тамирчид 300-400 гадаадын багтай өдий насандаа тоглосон байгаа нь асар их туршлагыг хуримтлуулсан. Манай баг ОХУ-ын 50 гаруй багтай тоглож түрүүлж байлаа. Оросууд монголчуудыг хөлбөмбөг тоглож чаддаггүй гэсэн ойлголттой байсан бол одоо тодорхой хэмжээнд биднийг хүндэлж, тэмцээн уралдаандаа урьдаг болсон.

-Дэлхийн аваргын тоглолтуудыг үзэж байхад Азиуд жижигхэн биетэй харагддаг. Биеийн харьцаа тоглолтод нөлөө үзүүлэх үү?

-Биеийн харьцаа тоглолтод нөлөөлөхгүй гэж би хувьдаа боддог. Латин америкийнхан жижигхэн биетэй ч гэсэн ур чадвартай. Сагсан бөмбөгийг зөвхөн өндөр биетэй хүмүүс тоглодог. Харин хөлбөмбөг бол ардчилсан спорт. Тиймээс өндөр, намхан ч биетэй хүн тоглож болдог.

image

-Монголчууд Ази тивийн тоглогчдоос бие бялдарын хувьд давуу байж чадах уу?

-Давуу байх боломжтой. Сайн сургалт л хэрэгтэй. Хамгийн чухал нь хүүхдийг 10 нас хүртэл энэ спортод маш сайн дурлуулах хэрэгтэй. 10 нас хүртлээ хөлбөмбөгийн спортод дурласан хүүхэд цаашид амжилт гаргах магадлал өндөр байдаг. Туршлагаасаа ярихад "Дэрэн" клубыг байгуулагдсан цагаас хойш маш олон авьяастай хүүхэд замынхаа дундаас больсон байдаг. Аав, ээж нь дэмждэггүй гээд маш олон шалтгаан байдаг л даа. Одоо үлдсэн байгаа хүүхдүүд тухайн үед хамгийн сайн нь биш байсан. Тэднээс илүү байсан хүүхдүүд олон төрлийн спортод авьяастай. Гэхдээ аль нэгийг нь дагнаж хичээллээгүй. Харин нэг спортын төрлийг сонгоод хөдөлмөрлсөн хүүхдүүд нь явцдаа сайжраад гараад ирдэг. Нэг зүйлдээ тууштай явах, зорилгодоо хүрэх нь хамгийн чухал. Би аав, ээж нарт "Хөлбөмбөгийн спортдоо тууштай явсан хүүхэд дараа нь аливаа нэгэн ажлыг хийхдээ төгсгөлийг нь хардаг хүн болдог" гэж хэлдэг юм.

-МАНАЙ КЛУБ ХӨВГҮҮДИЙНХ ТЭД МААНЬ ИРЭЭДҮЙД ААВ БОЛНО. СПОРТООР ДАМЖУУЛАН ХАРИУЦЛАГАТАЙ ЭР ХҮН БЭЛТГЭХИЙГ ХИЧЭЭДЭГ-

-Эцэг, эхчүүд хүүхдүүдээ хэр дэмждэг вэ. Ирээдүйд амжилт гаргахад нь их чухал нөлөө үзүүлдэг юм байна?

-2008 онд манай хүүхдүүд финалд тоглоход аав, ээж нь ирдэггүй, тоодог ч үгүй байсан. "Улсын аварга болох" гэж байна гэхэд хүртэл ирдэггүй байлаа. Одоо манай клубын тамирчдын аав, ээж, ах эгч, найз нөхөд нь хөлбөмбөгийн холбооны жижигхэн заалыг дүүртэл нь сууна. Эцэг, эхчүүдийн тавьдаг байсан асуулт нь өөрчлөгдсөн. Хамгийн анх "Манай хүүхдийг яагаад тоглуулахгүй байгаа юм. Хэн гоол хийсэн бэ" гэж асуухаар нь "Багаараа хожсон гэдэг нь чухал болохоос хэн гоол хийх нь хамаагүй" гэж хариулдаг байсан. Зарим аав, ээж нар "Өнөөдрийн тоглолтод миний хүүг яагаад гаргасангүй, суулгаад байв" гэхээр нь "Уучлаарай, энэ багт тодорхой тооны тоглогч гарна. Таны хүүхэд гарвал өөр нэг хүүхэд сууна. Энэ багтаа тоглоход бэлэн, сандал дээрээ сууж байна гэдэг багтаа оруулж буй хувь нэмэр" гэж тайлбарлана. Одоо аав, ээжүүдийн тавьдаг асуултууд нь өөрчлөгдсөн. Хөлбөмбөгийн спортын мэдлэгтэй болсон. Шинэ ирсэн аав, ээж нар ялгагдана шүү. "Манай хүүхдийг яагаад талбайд гаргахгүй байна. Өвөлжингөө бэлтгэлд явлаа нэг ч тоглосонгүй" гэдэг. Өвөлжингөө бэлтгэлд яваад тоглолтод гарахгүй тохиолдол байна. Бидний зүгээс дасгалжуулагч нартаа хүүхдүүдийг бүгдийг нь тоглуул гэдэг. Гэхдээ эцсийн шийдвэрийг дасгалжуулагч гаргах ёстой, би клубын ерөнхийлөгч ч гэсэн дасгалжуулагч нартаа тэрийг суулгаад энийг талбайд гарга гэж хэлэх эрхгүй. Яагаад гэвэл тэр хүн ажлаа хийж байна.

-2008 онд "Дэрэн" клубыг анх үүсгэн байгуулагдаж байхад Монгол Улсын хөлбөмбөгийн спортын хөгжил ямар байв. Одоо ямар шатанд хүрсэн бэ?

-Тэр үед ямар нэгэн тэмцээн уралдаан болохоос хоёр долоо хоногийн өмнө хүүхдүүдээ цуглуулж бэлтгэлээ хийдэг. Тэмцээн дууслаа хэзээ ахиж цуглах нь мэдэгдэхгүй тарцгаадаг байсан. Манай клуб анх байгуулагдахдаа Яармагийн дэнжийн арван настай 20 хүүхдийг л авсан гэж ярьсан шүү дээ. Багаас нь зөв системтэй сургаснаар суурь нь зөв тавигддаг юм. Том хүүхдүүд аваагүй зөвхөн 10 настай хүүхдүүдийг л авч байлаа. Монголд ирснийхээ дараа Монгол Улсын хөлбөмбөгийн спортын сургалт нь учир дутагдалтай гэдгийг харсан. Тиймээс энэ спортыг хөгжүүлэхийн тулд номын дагуу хөгжүүлэх ёстой гэж бодсон. "Дэрэн" клубээ нээхдээ ч гэсэн гаднаас дасгалжуулагч авчирсан. 11 жилийн хугацаанд манай клубт долоон гадаад дасгалжуулагч ажилласан байдаг юм. Хамгийн сүүлд Сербийн дасгалжуулагч Войкан Брааллусич манай хүүхдүүдтэй ажилласан байна. Манай клубт Япон, Серби, Словак, Макендон дасгалжуулагч нар ажиллаж байсан. Гадаад дасгалжуулагчтай ажиллахад хүүхдүүд маань, бид ч гэсэн их юм сурсан. Хүүхдүүд маань гадаад дасгалжуулагчтай ажиллахаар англи хэл сурна, гадгашаагаа тэмцээн уралдаанд оролцоход ямар асуудалгүй болдог. Хөлбөмбөгийн спортын амжилт олон жилийн хөдөлмөрийн дараа л мэдэгддэг юм байна. 23 нас хүрч байж насанд хүрэгчдэд тоглох ёстой байдаг. Манай клубын тамирчид лигт тав дахь жилдээ орох гэж байна. Гэтэл манай хүүхдүүд дөнгөж 20 хүрч байгаа. Хүүхдүүд маань 15 настайдаа насанд хүрэгчдийн ангилалд тоглоод Монгол Улсын хөлбөмбөгийн холбооны цомын финалд амжилт гаргаж байсан. Тухайн үед бэртэл гэмтэл авалгүй тодорхой хэмжээний амжилт үзүүлсэнд баярладаг юм.

image

-"Дэрэн" клуб Монгол Улсын хөлбөмбөгийн спортын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэж боддог вэ?

-Хамгийн ил харагдаж байгаа нь шигшээ багт тамирчид бэлтгэсэн. Хөлбөмбөгт дуртай маш олон хүүхэд багачуудыг бэлтгэн гаргаж байна. Манай клубээс гараад өөр клубуудад тоглож буй маш олон хүүхэд байдаг. "Дэрэн"-гээс ирсэн хүүхдүүдтэй ажиллахад амар байдаг гэж дасгалжуулагч нар ярихаар нь дотроо их бахархдаг. Биднийг үнэлж буй үнэлэмж юм болов уу гэж боддог. Нэг зүйлийг бахархалтайгаар хэлэхэд манай хүүхдүүд шүүгчийг ямар ч буруу шийдвэр гаргасан маргалдахгүй. Зүгээр л яваад өгнө. Дасгалжуулагч л шүүгчтэй ярина.

-Ийм дадал зуршлыг хүүхдүүдэд яаж суулгасан бэ?

-Зургаан настай манай клубт анх орж ирэхэд нь "Манай клубын хүүхдүүд шүүгчтэй маргалддаггүй. Шүүгч буруу шийдвэр гаргахад илт давуу байдлаар л хожих ёстой, хөдөлмөрлө" гэж сургадаг. Манайхан хожигдоод зөндөө уйлж байсан.

-"Дэрэн" клубын ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Монголыг ирээдүйд үүрээд явах иргэн хүнийг хөлбөмбөгийн спортоороо дамжуулан төлөвшүүлье гэж зорьж байна. Манайх хөвгүүдийн клуб. Эд нар маань ирээдүйд бүгд аав болно, гэр бүлийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг гоншигноод байхгүй эрчүүдийг л бэлтгэе гэсэн бодлоготой явдаг. /инээв. сурв/

-Танай клубийн зорилго үнэхээр өвөрмөц юм. Гэхдээ олон улсын томоохон тэмцээнд түрүүлэх зорилго тавиагүй гэж үү?

-Манай клуб ялах зорилт тавьдаггүй. Нэг зүйлдээ тууштай, зорилготой хөдөлмөрлөж байхад ялалт аяандаа ирж байна. Бүх улсын аваргад түрүүлнэ гэсэн зорилго тавьдаггүй. Эхлээд хөгжил байх ёстой, хөгжсний дараа хожил ирэх ёстой гэдэг зорилготой. Системтэй, өдөр тутам, энэ ажлаа бүгдээрээ дуртай хийж байхад амжилт ирнэ.

-Сая танай клубтэй танилцаж байхад маш олон цом харагдсан. Танайх 11 жилийн хугацаанд хичнээн тэмцээн уралдаанд түрүүлсэн байна. Тоог нь гаргаж үзсэн үү?

-Тоог нь гаргаж чадахгүй болчихоод байгаа. Түүхийг дор, дор нь бичиж байхгүй бол маш хурдан нэмэгддэг юм байна. Улсын хэдэн удаагийн аварга болсноо ч мэдэхээ байсан. /инээв, сурв/

-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Хөлбөмбөгийн спортын амжилтад маш олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн байдаг. Манай "Дэрэн" cup тэмцээнийг ивээн тэтгэдэг түнш байгууллагууддаа маш их баярлаж явдаг. Анх клуб байгуулагдсаны дараа хүүхдүүдээ Швед рүү явуулахад найз нөхдүүдээсээ тусламж гуйдаг байсан. Тэр үед найзууд маань өөрийнхөө үр хүүхдэд өгөх ёстой мөнгөө бидэнд гаргаж өгдөг байсан. Одоо аль болох тэднийгээ зовоохгүй, өөрсдөө болгочих гээд л үзээд байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

ivrrrlkjqp [175.171.158.100] 2022-10-07 00:23:53

Мэдээ.МН <a href="http://www.g7r5158604sa3tkt3pjvg1fpd74o186ts.org/">aivrrrlkjqp</a> ivrrrlkjqp http://www.g7r5158604sa3tkt3pjvg1fpd74o186ts.org/ [url=http://www.g7r5158604sa3tkt3pjvg1fpd74o186ts.org/]uivrrrlkjqp[/url]

ygdcdezbn [223.150.68.192] 2021-09-06 00:01:02

Мэдээ.МН [url=http://www.g63vnil8f003hkcv9345l7a70dq5dz13s.org/]uygdcdezbn[/url] <a href="http://www.g63vnil8f003hkcv9345l7a70dq5dz13s.org/">aygdcdezbn</a> ygdcdezbn http://www.g63vnil8f003hkcv9345l7a70dq5dz13s.org/

qxrywhlekq [58.250.169.130] 2021-07-21 18:58:19

Мэдээ.МН <a href="http://www.g74310t67dy4zj2j0w3po2iv4yn8k9d4s.org/">aqxrywhlekq</a> qxrywhlekq http://www.g74310t67dy4zj2j0w3po2iv4yn8k9d4s.org/ [url=http://www.g74310t67dy4zj2j0w3po2iv4yn8k9d4s.org/]uqxrywhlekq[/url]

otnjyknb [27.109.116.171] 2021-06-08 00:34:41

Мэдээ.МН <a href="http://www.ggr27r4k6n7p0ibar6e321840ztu7r84s.org/">aotnjyknb</a> otnjyknb http://www.ggr27r4k6n7p0ibar6e321840ztu7r84s.org/ [url=http://www.ggr27r4k6n7p0ibar6e321840ztu7r84s.org/]uotnjyknb[/url]

wvitcpjbw [222.246.110.13] 2021-06-03 03:55:24

Мэдээ.МН [url=http://www.g8iserg0z4n7w34t5n2a810u527h77nws.org/]uwvitcpjbw[/url] <a href="http://www.g8iserg0z4n7w34t5n2a810u527h77nws.org/">awvitcpjbw</a> wvitcpjbw http://www.g8iserg0z4n7w34t5n2a810u527h77nws.org/

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-17 10:59:13

http://onlinecasinouse.com/# online casinos slots free <a href="http://onlinecasinouse.com/# ">online slots </a> slot games

дээгий [203.91.115.54] 2020-09-03 02:20:29

миний охин энэ клубт явж байгаа хөвгүүдтэй зэрэгцээд л. одоо охидууд хөл бөмбөг их сонирхож байна. сайхан үйлс хийж бүтээж байгаа мөнхчулуунд амжилт хүсье.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:31

Зочин [83.223.240.83] 2019-05-06 18:39:04

Fc derem klubin eronxilogch chukad ajilin amjilt xvseye

БАТ & БАТ [66.181.161.94] 2019-04-19 04:25:50

УЛС ТѲРЧИД ШИГ , ОЛГИАРХУУД ШИГ ОФШОРТ МѲНГѲѲ АВААЧААД ХИЙЧИХСЭНГҮЙ МОНГОЛЫНХОО ИРЭЭДҮЙ БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУДЫН БИЕ БЯЛДАР СПОРТ ХҮМҮҮЖИЛ ГЭЭД ОЛОН ЗҮЙЛД МАШ ИХ ХЭРЭГТЭЙ САЙН ҮЙЛС ХИЙЖ ЯВАА ЭНЭ ХҮНД МҮОХ ЕРѲНХИЙЛѲГЧ ЗАГДСҮРЭНД ѲГСѲН АЛТАН ГАДАС ОДОНГ ХУРААН АВЧ ѲГВѲЛ ТААРНА ! ! !

зочин [203.217.139.225] 2019-04-11 08:53:28

амжилт

Зочин [66.181.161.55] 2019-04-11 08:04:38

ЯААХЫН АРГАГУЙ БОДИТ АЖИЛ ХИЙСЭН ЗАЛУУ ДААА ЭРЧ ХУЧТЭЙ ЗОВ ХУН ДЭЭ ХУНИЙ ТОЛОО ИЙМ СЭТГЭЛТЭЙ ОЛОН ХУН БВЛЧ МОНГОЛ ХОГЖНООО АМЖИЛТ

Otgonbat [66.181.180.71] 2019-04-11 00:01:51

Zahiral Monhchuluun maan klubiinhee uil ajillagaag yarsaniig unshaad suuhad boditoor nudend min buhiil hiisen ajluudn nudend haragdaj bayarlasandaa nulimsaa olon dahin archij unshij duusgaad bichij suunadaa. Mongoliinhoo iteeduin hogjiliin toloo huuhduudee beltgej baigaa kompanuudaa tor zasgaas anhaarah tsag bolson bainaa.Torol buriin hotolbor tosol bolovdruulaad horongo oruulalt hiij naandaj klubuudiin dasgaljuulagch naraa demjeed ogvol mongol delhiin avargad oirhon boljee.

Батцэнгэл [202.179.24.221] 2019-04-08 12:57:38

Монглд дэрэн шиг олон компани мөнхчулуун шиг олон захирал спортод оруулж бгаа компанийг бодлогоор дэмждэг сайд дарга нар олон бол спорт хөгжинө дөө мөнхчулуун болон дэрэнгийнхэндээ амжилт хүсьё

Энхтогтох [66.181.161.17] 2019-04-08 06:51:19

Захирлаас нэг зүйл сайн ойлголоо. Хүү гаргавал хөл бөмбөгт явуулах хэрэгтэй юм байна. Тэд зөв эр хүн, аав болох юм байна да.

Зочин [203.169.49.102] 2019-04-08 08:57:19

ХАБ хаха

Зочин [202.179.26.158] 2019-04-08 06:47:55

ямар сайхан гэгээлэг мэдээ вэ баярлалаа спортын хүмүүжил гэдэг нийгэмд оруулж буй том хөрөнгө оруулалт шүү АНУ д 1940өөд онд хот болгонд харуудын хороолол буй болж гэмт хэрэг хар тамхины уурхай болж нийгмийн хөгжилд асар их хор учруулж байсан гэдэг харин тэр үед сагсан бөмбөг хөгжиж тэр бүх муу юмнаасаа салсан юм гэнэ билээ

Зочин [202.179.8.84] 2019-04-08 06:46:05

Миний хүү энэ клубт явдаг. Сургуульд болон эцэг, эхчүүдийн зааж чаддаггүй бие бялдар, сэтгэл санааны хат, тэвчээр, биеэ даах чадвар суулгаж өгдөгт үнэхээр баярлаж явдаг.

Зочин [202.126.89.172] 2019-04-08 05:21:56

Маш их бахархаж байна. Миний бага хүү хөл бөмбөгийн дэлхийн аварга болно гээл ярьдаг ын. Гэхдээ онц сурах хэрэгтэй тээ гээл их хичээдэг хүү маань эхэлж эвсэлгүй харагддаг аавдаа загнуулаад л байсан одоо арай л өөр болцон байгаан

zochin [66.181.177.47] 2019-04-08 04:18:36

Zuv zorilgotoi bval mungu dagana. busad baguud uhaaraasai

Сүхээ [103.111.68.3] 2019-04-08 03:22:22

Чукадаа өшөө илүү их амжилт хүсье! Багадаа хөл бөмбөг тоглодог л байлаа. Уг нь манай монгол хүүхдүүд 10-14 насандаа спортын ямар ч төрөлд авьяастай, сайн тоглодог байсан мөртлөө, том болоод цаашаа хөгждөггүй шалтгааныг маш сайн олж харсан байна. Танай барьж байгуулж байгаа бэлтгэлийн талбай бэлэн болчихвол 2 хүүгээ тууштай хичээллүүлнээ ;-)

Bolor [202.126.89.109] 2019-04-08 02:45:46

Амжилт дэмждэг шүү


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.