1981 оны 3-сарын 29-ний өдрийн тэмдэглэл

Aдмин / Энтертайнмент

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөө жил тохиож байна. 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.

Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.

Энэхүү түүхэн үйл явдлыг эргэн дурсаж нислэгийн багийнхан сансарт ниссэн эхний /1981,03,23/ өдрөөс эх дэлхийдээ бууж ирэх /1981,03,30/ өдөр хүртлээ ямар туршилт судалгаа хийж байсан тэмдэглэлийг цувралаар бэлтгэн хүргэж байна.

-1981 оны 3-сарын 29-ний өдрийн тэмдэглэл-

3-р сарын 29

*”Эрдэнэт” туршилтыг дуусгах

*Ёслол хүндэтгэлийн ажиллагаа

*Кино, фото зураг авалт

*Буцааж авч явах туршилтын үр дүнгүүдээ нэгтгэж бэлтгэх

*Устгалд оруулах багаж төхөөрөмж, хог хаягдлыг ахуйн өрөөнд байрлуулах

*Зөвлөлтийн Радиогийн сурвалжлагчтай ярилцлага хийх

18.34-18.49 Теле сурвалжилга:

Хамтын хөтөлбөрийн биелэлтийг ярьж дуусгавар болгох

-Салют 6-Союз Т4-Союз 39 цогцолборын тойрог замын параметрт засвар хийх,

-Союз-39 хөлгийн хөдөлгүүрийн түлшийг ашиглаад нийт цогцолборын тойрог замын өндрийг тооцоот өндөрт хүргэх засвар хийх.

Зөвлөлт-монголын сансрын хамтарсан нислэгийн үеэр хийсэн эрдэм шинжилгээний сорил, туршилтууд

Владимир Александравич Жанибеков, Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй Зөвлөлт-Монголын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр Улаанбаатарын цагаар 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 59 минутанд нислэгээ эхэлж, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутанд дуусгасан юм. Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан баг сансрын уудмыг судлан эзэмших олон улсын “Интеркосмос” программын дагуу сансарт нисч тойрог замын эрдэм шинжилгээний “Салют-6”, “Союз”, “Прогресс” цогцолбор дээр, сансрын нисэгч Владимир Ковалёнок, Виктор Савиных нартай хамтарч эрдэм шинжилгээний судалгаа, туршилтуудыг амжилттай хийж гүйцэтгэв.

МУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Зөвлөлтийн сансрын нисэгчидтэй хамтарч 30 орчим эрдэм шинжилгээний сорил туршилтыг хийсэн юм.
Эрдэм шинжилгээний туршилтуудыг сонгон авахдаа дор дурдсан зарчмуудыг баримталсан юм.Үүнд:
Нэгдүгээрт: Зөвлөлт-Монголын эрдэмтэд бараг 60 жилийн турш хамтран явуулж байгаа судалгаа шинжилгээний ажлыг энэ удаад сансрын техникийг ашиглан үргэлжүүлж явуулах
Хоёрдугаарт: Олон улсын “Интеркосмос” программын дагуу манай улсын эрдэмтэд хамтран явуулж байгаа уламжлалт судалгааг үргэлжлүүлэн баяжуулж, сансрын уудамд хийж гүйцэтгэх
Гуравдугаарт: Хоёр талын болон олон талын судалгаагаар “Интеркосмос” программын дагуу үргэлжлүүлэн явуулж болох шинэ сэдвүүдийг сонгон авах
Дөрөвдүгээрт: Дэвшүүлэн тавьсан туршилтуудын багаж төхөөрөмжийг зөвлөлтийн эрдэмтдийн зөвлөмж, дэмжлэгийн үндсэн дээр эх орондоо хийх зэрэг болно.
Үүний үндсэн дээр сансрын физик, технологи, эмнэлэг, биологи дэлхийг алсаас тандах чиглэлээр эрдэм шинжилгээний сорил туршилтуудыг сонгон авсан юм.
Эдгээр туршилтыг МУ-ын ШУА-ийн физик техник, хими, ботаник, геологи, газарзүй зэрэг хүрээлэнгүүд болон геодези зурагзүйн газар, ус цаг уурын эрдэм шинжилгээний институт зэрэг олон газар оролцсон юм.
ШУА-ийн физик техникийн хүрээлэнгийн эрдэмтэд, зохион бүтээгчид зөвлөлтийн эрдэмтдийн тусламж зөвлөлгөөнөөр зохион бүтээсэн ВПА-1М, ВПА-2, УСП-2, ДП-1, ДП-2 зэрэг багаж төхөөрөмжүүд сансрын онцлог нөхцөлд ямар ч саадгүй ажиллаж, өндөр үнэлэлт авлаа. Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан баг сансарт явуулсан туршилтуудаас авч үзье.

1.Физик технологийн чиглэлээр: “Туяа”, “Туйлшрал”, “Голограмм”, “Эрдэнэт”, “Алтай-1”, “Алтай-2”, “Иллюминатор”, “Контраст”, “Атмосфера”, “Горизонт”, “Терминатор”, “Солонго”, “Улаанбаатар” зэрэг туршилтуудыг хийж гүйцэтгэсэн юм.

“Туяа” туршилт нь манай физикчид оролцож “Интеркосмос”-6 дэлхийн хиймэл дагуул дээр явуулсан туршилтын үргэлжлэл бөгөөд сансрын уудмаас ирж байгаа их энергитэй зарим цөмүүдийн бүрэлдэхүүн эрчим, түүний сансрын нисэгчийн бие махбодод үзүүлэх нөлөөг судлах зорилготой байлаа. Энэ чиглэлийн туршилтыг “Салют-6” станц дээр анх удаа явууллаа. Нөгөө талаар ДП-1 багажийг хөлгийн гадна байрлууллаа.
Туршилтын урьдчилсан дүн энэ чиглэлийн туршилтыг “Салют-6” станц дээр үргэлжлүүлэн явуулах техникийн боломжтой ашигтайг харуулав. Нөгөө талаар нарны идэвхижлийн жилүүдэд уг туршилтыг явуулсан нь шинжлэх ухаанд сонирхолтойгоос гадна, сансрын нисэгчийн бие махбодид цөмийн цацрагийн үзүүлэх нөлөөг тогтооход шаардлагатай материалыг бүрдүүлэв. Энэ нь сансрын нисэгчид сансарт удаан хугацаагаар байхад цөмийн цацрагийн үзүүлэх нөлөөг тогтооход шаардлагатай материалыг бүрдүүлэв. Энэ нь сансрын нисэгчид сансарт удаан хугацаагаар байхад цөмийн цацрагийн үзүүлэх нөлөөг нарийвчлан тооцоолох боломжийг олгоно. Энэ нь сансрын нисэгчид сансарт удаан хугацаагаар байхад цөмийн цацрагийн үзүүлэх нөлөөг нарийвчлан тооцоолох боломжийг олгоно. Энэ туршилтанд хэрэглэх ШУА-ийн физик техникийн хүрээлэнд хийсэн зарим багажинд манай орны нутаг дэвсгэрээс олзворлосон гялтгануурыг гол хэрэгсэл болгон ашиглалаа. Манай орон гялтгануураар элбэг баян билээ. Энэхүү үнэт эрдэс түүхий эд цаашид сансарт эрдэм шинжилгээний туршилт явуулахад чухал хэрэгцээтэй түүхий эд болж болох юм. Одоо туршилтуудын үр дүнг үндэслэн сансрын туяаг судлах арга барилуудыг улам сайжруулж, хялбар нарийн багаж төхөөрөмжийг боловсруулж судалгааны практикт нэвтрүүлэх болно.
Янз бүрийн цөмүүдийг сансрын ямар өргөрөг, ямар цаг хугацаанд тэмдэглэн авсныг тусгай электрон багаж тэмдэглэн авсан юм. ”Туяа” туршилтыг нислэгийн эхний өдрөөс эхлэн бүх өдрүүдэд хийлээ.
“Туйлшрал” туршилт нь агаар мандлаас буцаж ойсон нарны гэрлийн туйлшралыг хэмжих, хэмжилт явуулж байгаа тухайн нутаг дэвсгэрийн гадарга, агаар мандлаас болж туйлшралын өөрчлөгдөх төлөв байдлыг судлах зорилготой байлаа.
Дэлхийн агаар мандал дахь туйлшралтыг хэмжих нь шинжлэх ухаан техник, улс ардын аж ахуйн олон асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Тухайлбал, үүнийг одон орныг судлах, агаар мандлын физик, зүг чиг олох, сансраас дэлхийн байгалийн баялгийг судлахад ашигладаг. Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан баг манай орны өргөн уудам нутгийн янз бүрийн районы зургийг геологи, газарзүй, ботаник, хөрс, ус зэрэг чиглэлийн зориулалтаар авсан юм. Ийнхүү авсан зургийг тайлбарлах, бодит өнгө болон бусад үзүүлэлтүүдийг тогтооход “Туйлшрал” туршилтын үр дүнг ашиглах болно.
“Туйлшрал” туршилтанд туйлшралыг хэмжих нарийн багаж төхөөрөмжүүдийг ШУА-ийн физик техникийн хүрээлэн хийсэн юм. Уг багажуудыг хийхийн тулд олон төрлийн технологи боловсруулжээ. Түүнд манай нутгийн болорыг ашигласан юм. Энэхүү багажууд нь өнцгийн хэмжилтийн нарийвчлалыг дээшлүүлж, туйлшралын хоёр хавтгайг нэгэн зэрэг хэмжих боломжтой болгосон юм. Нөгөө талаар хэмжилтийн үр дүнг телеметрийн системээр нислэгийг удирдах төврүү дамжуулж байсан юм. Манай эрдэмтдийн хийсэн мэдээ дамжуулах багаж авсаархан, найдвартай ажиллаж байв. Энэ нь хэмжилтийг станцийн аль ч цонхноос хийх боломж олгож байв. Нислэгийн явцад туйлын туяа, үдшийн гэрлийн сарнисан туяанаас үүссэн сонирхолтой үзэгдлүүдийг олноор ажиглажээ.
“Голограмм” туршилтыг Зөвлөлт-Монгол-Кубын мэргэжилтнүүд хамтарч боловсруулсан юм. Голограмм нь биесийн дүрсийг бүрэн эзэлхүүнээр нь гаргадаг нэгэн арга юм. Энэ туршилтаар сансарт явуулж байгаа шинжлэх ухаан техникийн олон төрлийн туршилтуудын үр дүнг голограммыг ашиглан бичих, дүрсийг газар дэлхий хоёрын хооронд дамжуулан шинэ арга боловсруулах зорилготой байлаа.
“Голограмм” туршилтын үр дүн дэлхийгээс сансрын хөлөгт, хөлгөөс дэлхийд биесийн гурван хэмжээст эзлэхүүн нь харагдах дүрсийг телевизийн сувгаар дамжуулах боломжтойг харуулав. Энэ нь дэлхий, сансрын хөлгийг холбосон телевизийн сувгийн ажиллагааг шуурхай шалгах боломжийг олгоно.Энэ туршилтаар биесийн дүрсийг сансрын нөхцөлд голографаар авах боломжийг туршив.Үүнийг лазерийн техник болон голограмм дүрсийг бичиж авах олон төрлийн төхөөрөмжөөр хийж гүйцэтгэлээ. Бүх багажийн жин нь 5 кг байсан юм. Туршилтаас гелинеоны лазер хэрэглэсэн юм. Туршилт нь сансрын нөхцөлд лазер бүхий голограммын багаж төхөөрөмжийг ашиглах арга боловсруулах, гурван хэмжээст буюу эзэлхүүн бүхий зураглалыг авах практикийн ихээхэн ач холбогдолтой асуудлыг хэрэгжүүлэх анхны алхам боллоо.
“Салют-6” станцад шингэнд давс уусах процессыг ашиглаж голограммыг нь авч ирлээ. Туршилтын явцын дунд газар дээр 30-40 минутанд уусч байсан давс 6 цаг үргэлжилсэн нь туршилт явуулахад зарим бэрхшээл үүсгэсэн боловч цаашдын судалгаанд хэрэгтэй, сонирхолтой боллоо. Энэ туршилт нь сансарт автомат ажиллагаатай төхөөрөмж ашиглан янз бүрийн туршилт явуулж үр дүнг бүтэн авч газар дээр явцыг тодруулан ашиглах боломжийг олгоно. Ийм туршилтыг сансрын уудамд анх удаагаа явуулж байгаа юм.
Зөвлөлт-Монголын сансрын нисэгчид ЗХУ-д үйлдвэрлэсэн КАТЭ-140, БНАГУ-д үйлдвэрлэсэн МКФ-6М төхөөрөмжүүдээр газрын зургийн хэдэн мянган фото дүрсийн хальс дээр авлаа. Авсан зургуудын чанарыг дээшлүүлэх, жинхэнэ байдлыг зөвөөр тодруулан гаргахад хөлгийн олон давхар цонхны хиртэлт, бохирдол болон агаар мандлын янз бүрийн нөхцөл их нөлөөлдөг. Цонхны иллюминатор шилний гадаргууд тоос, чийгшилтээс болж гэрэл ойж сарних тул зургийн чанарт өөрчлөлт гардаг. Эдгээрийг зөв тооцоолохын тулд хийлээ.
Агаар мандалд гэрэл сарних болон дулаан шилжих зэрэг физикийн үзэгдлүүдийг ажиглах, үр дүнг практикт хэрэглэх боломжийг тодруулах зорилгоор “Горизонт”, “Терминатор” туршилтуудыг хийв. “Контраст” туршилтаар цацрагийн хэт ойлттой буюу эсвэл хэт шингээх шинж чанартай биетүүдийн зураг спектрограммыг авч хоорондын янз бүрийн үзүүлэлтүүдийн харьцааг тогтоов.
Туршилтыг МУ-ын нутаг дэвсгэр дээр хар биет зүйл, цас, элс, ус гэх мэтчилэн тодорхой шинжтэй эрс тэс өнгөтэй биесүүдийн зургийг авах аргаар хийж гүйцэтгэлээ. Мөн үйлдвэрийн орчимдох агаарын бохирдолтыг судлахад ашигтай материалыг цуглуулав.
Манай сансрын нисэгч “Салют-6” станц байрлуулсан “Сплав”, “Криталл” хэмээх хайлуулах зуухуудыг ашиглан янз бүрийн шинж чанартай бодисуудыг хайлуулах, уусгах, талсжуулах, ургуулах туршилтыг хийлээ. Тухайлбал, “Эрдэнэт”, туршилтаас зэсийн давсны усанд уусах, талсжихад хольцын тархалт болон нэвчих үзэгдлийг судлав. Энэ туршилтын үр дүнг жингүйдэх нөхцөлд ууссан бодис талсжих үзэгдлийг ашиглан цэвэр металл гарган авах аргыг боловсруулахад ашиглана.
“Алтай-1“ туршилтаар жингүйдэх нөхцөлд хайлсан бодисууд шингэн-шингэн болон шингэн-хатуу нөхцөлд бие биендээ нэвчих үзэгдлүүдийг судална.
“Алтай-2“ туршилтаар жингүйдэх нөхцөлд ванадын ислийн талстыг ургуулахад гарах өөрчлөлтийг судалсан юм. Энэ хоёр туршилтын үр дүнг цахилгаан болон оптикийн техникт чухал ач холбогдолтой шинэ материалыг гарган авахад хэрэглэх болно.
Сансрын цогцолбор манай нийслэл дээгүүр шөнө нисч өнгөрөх, тохиромжтой байр бүрдсэн зэргийг харгалзан газраас ойсон гэрлийн цацралт,гялалзалт болон агаарын бохирдолт зэргийг судлахаар нислэгийн явцын дунд бид “Улаанбаатар” туршилтыг хийх санал дэвшүүлсэн. Туршилт амжилттай боллоо. Туршилтыг явуулахын тулд Сүхбаатарын талбай, нисэх онгоцны буудлын прожекторуудыг одод тэнгэрийн зүг чиглүүлж, одон орныг судлах оргилоос устөрөгчийн прожектороор станцыг дагуулан гэрэлтүүлж гэрэл зураг авч байсан нь сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн урам зоригийг улам нэмэгдүүлж туршлагыг амжилттай болгоход дэмжлэг болов. Том хотын зургийг зориулалттай авах анхны туршилт болсон тул энэ нь бүр сонирхолтой болжээ. Ийм туршилт үргэлжлэх болно.
...Монгол орны байгалийн нөөц баялгийг судлах “Салют-6”, “Союз” цогцолборт хийхээр төлөвлөсөн эрдэм шинжилгээ, туршилтын программуудад дэлхий дээр болж байгаа байгалийн сонирхолтой үзэгдлийг судлах судалгааны ажлууд нилээд хэмжээгээр орсон. Энэ нь МУ-ын нутаг дэвсгэр уудам, газрын судалгаагаар явуулахад хүнд бэрхшээлтэй, зарим нутаг харьцангуй бага судлагдсан тул байгалийн биетүүдийн судалгаанд сансрын хэрэгслийг ашиглах нь асар ирээдүйтэй гэдгийг харуулж байгаатай холбоотой байна.
“Эрдэм” туршилт нь тус орны улс ардын аж ахуйн шаардлагаар байгалийн нөөц баялгийг ашиглах хэрэгцээнд зайлшгүй судлагдах шинжлэх ухаан-техникийн ажлын цогцолбор юм. Туршилт нь “Салют” станцын бүхээгт тогтмол ажиллаж байгаа КАТЭ-140, МКФ-6М камеруудаар МУ-ын нутаг дэвсгэрийн гэрэл зургийг авах, сансрын зураглалтай зэрэгцүүлэн нэг агшинд онгоц-лабораторуудаар агаарын зураглал, спектрометрийн хэмжилтийг тусгайлан сонгож авсан талбайнуудад хийх. Тэдгээрийн байгалийн биетүүдийн бичлэг хийх, ландишафтын байдлыг тогтоох зорилгоор тойрог замын станцын нисэн өнгөрөх зам дагуу газрын цогцолбор ажиглалт явуулах зэрэг ажлуудаас бүрдэж байлаа.
Туршилтын үр дүнд гарган авсан материалууд нь шинжлэх ухаан, улс ардын аж ахуйн дараахь зорилтуудыг шийдвэрлэхэд ашиглагдах юм. Үүнд:
-Эрдэс бодис агуулсан бүсийн тогтоц, байршилтын геологийн бүтэц, зүй тогтлыг судлах, ашигт малтмалын эрэлд ирээдүй бүхий нутаг районыг илрүүлэх,
-Хөдөө аж ахуйн таримал тариалангийн талбайн зургийг гаргаж, түүнээс авах бүтээгдэхүүний өгөөжийг урьдчилан тогтоох,
-Хөрсний зураг зохиох, хөрсний бүрхүүлийн гэмтэл бүхий газрыг судлах,
-Усны сүлжээ, шинж төлөвийг тогтоох, газрын гүний усны хайгуулд ирээдүйтэй байж болох ангамал нутгуудыг судлах,
-Модны төрөл, хэв ангиллаар ойт нутаг дэвсгэрийг мужлах,
-Агаар мандал хийгээд усан сангийн бохирдолтын талаар хяналт хийх зэрэг болно.
Сансрын нислэгийн явцад газраас, онгоцноос, сансраас гэсэн гурван түвшингээс нэгэн зэрэг спектрометрийн хэмжилт хэд хэдэн удаа хийв. Үүнд ЗХУ, БУ, БНАГУ-ын мэргэжилтнүүд оролцлоо. Туршилтын явцад Болгар-ын үйлдвэрлэсэн “Спектр-15” багажийг хэрэглэн “Спектр-Мон”, “Солонго” хэмээх туршилтуудыг хийлээ. Нислэгийн дараа “Салют-6” станц дээр В.Коваленок, В.Савиных нар туршилтыг үргэлжлүүлж байна.
“Биосфера-Мон” туршилтаар тойрог замын “Салют” станцын бүхээгнээс газрын гадарга дээрх биетүүдийг нүдээр ажиглаж урьд ажигласан сонирхолтой илрэл, бүтэц, тогтоцыг тодруулах, түүнийгээ багажаар тэмдэглэх хөлгийн дэвтэрт бичиж авлаа.
Туршилт нь геологи, хөдөө аж ахуй, мөс судлал, ландшафт судлал, ус цаг уур, хүрээлэн байгаа орчны хамгаалалтын ашиг сонирхолд нийцсэн МУ-ын нутаг дэвсгэр дэх байгалийн биетүүдийг ажиглах 14 даалгавраас бүрдэнэ. Ажиглалт болон зураг авалтаар шийдвэрлэх зорилтууд нь:
1. Хөвсгөл орчмын томоохон хагарлуудыг тектоник, тогтцын харилцан үйлчлэлийг судлах /Хөвсгөл/
2. Их Хайрханы хүдрийн бүсийн бүтцийг судлах /Орхон/
3. Газар хөдлөлийн идэвхижилтэй хагарлуудын бүсийг судлах /Хангай/
4. Цагираган тогтцыг илрүүлэх ба судлах /Цагираг бүтэц/
5. Кратер /тогоо/ хэлбэрт тогтоц, тэдгээрийн байршлын зүй тогтлыг судлах /Кратер/
6. Боржин массивын бүтэц, үүсэлд тогтцын онцлогийг судлах /Боржин/
7. Нефть хий агуулсан нутаг районы бүтцийг судлах /Түлш/
8. Бэлчээрийн байдал, тэжээллэг чанарыг тодорхойлох /Бэлчээр/
9. Төв Монголын хуурай хээр, хагас цөлийн бүс хоорондох хилийг нарийвчлан тогтоох /Зааг/
10. Говийн дархан цаазтай нутгийн байдлыг судлах /Говь/
11. Газрын гүний усны эрэлд ирээдүй бүхий ангамал нутаг районыг судлах /Ус/
12. Мөнх цас, мөстөлд хуримтлагдсан цэвэр усны нөөцийг тогтоох, дэлхийн мөстөлтийн атласт хэрэгцээтэй мэдээллийг цуглуулах /Мөсөн гол/
13. Агаар мандлын үзэгдлүүдийг судлах /Тэнгэр/
14. Хүрээлэн байгаа орчин бохирдолтыг судлах, байгалийн гамшигт үзэгдлүүдийг илрүүлэх /Сэлэнгэ/ зэрэг болно.
...Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн үеэр анагаах ухаан-биологийн чиглэлээр “Чацаргана”, “Биоритм”, “Цаг хугацаа”, “Хүртэхүй”, “Цусны эргэлт”, “Ажлын чанар” гэх мэт 10 төрлийн туршилт явууллаа. Анхны өдрүүдэд “Чацаргана”, “Биоритм” туршилтуудыг хийж гүйцэтгэв.
“Салют-6” станцад ажиллаж буй сансрын нисэгчдийн багийнхны хоол хүнсний бүтээгдхүүний нэр төрөл улам олширч байгаагийн дээр сансрын нислэгийн нөхцөлд хоол хүнсээ халааж бүлээсгэн хэрэглэх боломжтой боллоо. Мөн ачааны “Прогресс” хөлгийн тусламжтай шинэ ногоо, жимс гэх мэт хоол ундыг сансрын нисэгчдэд тогтмол зөөвөрлөн өгч байна. Сансрын нөхцөлд хүний биеийн дасан зохицох чадварыг дээшлүүлэх үйлчилгээтэй шинэ нэр төрлийн бодис, бүтээгдхүүнийг бий болгох талаар эрдэм шинжилгээний ажил хийж байна.
“Чацаргана” туршилтаар чацарганаар баяжуулсан хүнсний бүтээгдхүүн нь сансрын нислэгийн нөхцөлд хүний бодисийн солилцоог тогтвортой байлгах явцад хэрхэн нөлөөлөхийг судална. Чацарганы жимс нь олон төрлийн биологийн өндөр идэвхит бодисыг ихээр агуулдаг учир витаминаар баялаг хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн болон эмчилгээний чанартай бодисын бэлдмэлийг гарган авах чухал түүхий эд юм.
Сансрын нисэгчид 96 ширхэг чацарганы тусгай бэлдмэл авч явж өдөр бүр хоолны дараа ууж байв. Бас чацарганатай сүү нилээд авч явжээ. Туршилтыг нислэгийн өмнө, нислэгийн үед, дараа гэсэн 3 үетэйгээр тус бүр долоо хоногоор хийж гүйцэтгэв.Чацарганаар баяжуулсан хүнсний шинэ бүтээгдхүүнийг бэлтгэн сансрын нислэгт хэрэглэсэн нь зөвхөн хүний биеийн дасан зохицох чадварыг дээшлүүлэх, хүнсний шинэ бодис, бэлдмэлийг бий болгоход чухал шаардлагатай эрдэм шинжилгээний үнэт материал бүрдүүлсэн төдийгүй онцгой сайн чанарын хүнсний нэр төрлийг олшруулж байгаагаараа эрдэм судалгааны болоод практикийн чухал ач холбогдолтой юм.
Амьдралын үйл ажиллагааны хоногийн хэмнэлийн төлөв байдал нь бие махбодын ерөнхий үйл ажиллагаанд гарсан хямралын яльгүй шинж тэмдгийг эрт илрүүлэх нилээд найдвартай, маш мэдрэмтгий шалгуур юм. Ийм учраас физиологийн үйл явцын хоногийн горим сансрын нислэгийн нөхцөлд тухайлбал жингүйдлийн үед хэрхэн хямрах үзэгдлийг судлах зорилгоор “Биоритм” /ам зайлах/ туршилтыг явууллаа. Уг туршилтыг нислэгийн өмнө /6 хоног/ нислэгийн үед /15 хоног/ нислэгийн дараа /14 хоног/ хийхдээ хүний биеийн зарим үзүүлэлтийн хоногийн хэмнэлтийн горимыг эмнэлгийн тусгай багажуудаар хэмжин судалсан юм.Ийм судалгаа явуулах нь жингүйдэлд ид дасах үед хүний бие махбодод гарах өөрчлөлтийг судалж түүнээс урьдчилан сэргийлэх үр ашигтай арга боловсруулахад туслах бөгөөд уг аргыг эмнэлгийн практикт ч хэрэглэж болох юм.
Мэргэжлийн үйл ажиллагааны янз бүрийн хүчин зүйлээс тухайлбал ажлын үргэлжлэх хугацаа, ажиллагчийн биеийн үйл ажиллагааны байдлаас болж бие хүний сэтгэхүйн хувийн онцлогоос болж цаг хугацааг өөр өөрөөр мэдрэх явдал байдаг тухай эх дэлхий дээр болоод хийсэн “цаг хугацаа” туршилтууд гэрчилж байна. Жингүйдэлд дасах үед шинжлэн судлагч сансрын нисэгчийн мэдрэхүйн хөдөлгөөний хариу урвалын дундаж хурд удаашрах хандлагатай байсан бол энэ байдал хөлгийн даргад бараг ажиглагдаагүй нь ЗСБНХУ, БНАГУ-ын сансрын хамтарсан нислэгийн үед хийсэн туршилтын материалыг боловсруулж үзэхэд харагдав. Гэхдээ судалгааны цөөн тооны материал дээр тулгуурлан эцсийн дүгнэлт хийж болохгүй нь мэдээж. Сансрын нислэгийн үед цаг хугацааг мэдрэх байдлыг шинжлэх явцад олж илрүүлсэн зарим үзэгдлийг батлахын тулд цаашид ихээхэн хэмжээний мэдээ баримт цуглуулах шаардлагатай. Энэ зорилгоор Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн үед “Цаг хугацаа” туршилтыг хийсэн болно.
Ажиллагч хүний газрын нөхцөлд битүү хязгаарлагдмал орчинд удаан хугацаагаар байлгаж туршихад бие махбод нь ядарч, сульдаад, тэр байдал нь биеийн эрүүл мэнд хийгээд ажиллах чадварт муугаар нөлөөлж байсан нь нотлогджээ. Ийм тохиолдолд үзвэр-хөгжмийн программыг үзүүлж, чөлөөт цагийг оновчтой өнгөрүүлэх нь хүний мэдрэл, сэтгэхүйн үйл ажиллагааны төлөв байдлыг аятай болгох арга хэрэгсэл болдог. Чөлөөт цагийг өнгөрөөхөд зориулж бэлтгэсэн программын үр ашгийг тодорхойлох, хянах зорилгоор “Чөлөөт цаг” туршилтыг явуулав. Сансрын нисэгчид тус бүр 20 минут үргэлжлэх гурван программ үзэж дүгнэлт хийжээ. Туршилтын дунд авсан материалууд нь бүхээгийн үзвэрийн санг боловсронгуй болгох зөвлөмж боловсруулахад ашиглагдах болно.
Дээр дурьдсан туршилтуудаас гадна “Пневматик”, “Ажлын чадвар”, “Зөөлөвч”, “Анкет”, “Хүртэхүй”, “Цусны эргэлт” зэрэг туршилт явуулж сансрын нислэгийн нөхцөлд хүний сэтгэл зүйн хийгээд физиологийн хувьд дасан зохицох чадвар, нисэгчийн мэдээлэл хүлээн авах болон мэдрэхүйн үйл ажиллагаанд гарч болох өөрчлөлт, нислэгийн үед хүний зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааны байдал, элдэв саатлыг давах тэвчээр, сансрын нисэгчийн ажил гүйцэтгэх чадвар, дадлага туршлага хийгээд оюун ухаанд нөлөөлөх хүчин зүйл зэрэг анагаах ухаан-биологийн олон чухал асуудлуудыг тайлбарлан шийдвэрлэхэд шаардлагатай судалгаа туршилтуудыг хийв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:50:11

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:50:11


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.