Эрүүл мэндийн сайд найм хоногийн дараа төв талбайд ирэв

Aдмин / Эрүүл мэнд

Цар тахал дэгдсэнээс хойш хамгийн ачаалалтай ажиллаж байгаа хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан. Гэвч өөрсдийн эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулан 2-3 дахин ачаалалтай ажилласан ч хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байгаа учраас арга буюу тэмцэж эхэллээ.

Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар эмч, ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх 21 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулагдан ажиллаж эхэлсэн. Энэхүү түр хорооноос Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, байнгын хорооны дарга нарт албан шаардлага хүргүүлээд буй юм. Гэвч тодорхой хариу ирээгүй. Тэдний хэн ч эмч нартай уулзаагүй учраас цагаан халадтайгаа найм дахь хоногтоо суултаа үргэлжлүүлж байна.

Түр хорооноос эмч ажилчдын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, эрүүл мэнд, амь насны эрсдэлийн даатгалд хамруулах, улсын хэмжээнд ковидийн тохиолдол хэт их байгаа учир улаан, шар, ногоон бүс гэж ялгалгүйгээр нэмэгдэл, нөхөн олговор олгохыг шаардаж буй юм. Эмч нарын суулттай холбоотойгоор өчигдөр төв талбайд хэд хэдэн үйл явдал өрнөлөө. Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, олгогдох ёстой урамшууллуудыг олгох асуудлаар Засгийн газарт санал, шаардлага хүргүүлсэн. Энэ хүрээнд төсвийн тодотгол хийгдэх үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар МҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьсан санал шаардлага, ялангуяа цалин нэмэгдүүлэх, нөхөн олговортой холбоотой асуудлууд үр дүнд хүрээгүй байна. Цар тахлын үед онцгой нөхцөлд ажиллаж байгаа бол цалинг гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн хуулийн заалтыг мөрдөхгүй байна. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэх тэмцлийг эхлүүлсэн. Энэ бол талбай дээр сууж байгаа цөөн тооны хүмүүсийн тэмцэл биш. Бүх эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа ажилтнууд энэ тэмцэл юм” гэлээ.

Эмч, ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх түр хороо нь

• Цар тахлын үед хэрэгжиж буй хуулийн 6.1.1-д “Цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, УИХ -бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх”,

• 7.1.2-т зааснаар “Цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” гэсэн заалтуудыг биелүүлэхийг шаардаж байгаа юм.

Талбайд эмч нар хэвлэлийн бага хурал хийх үеэр Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх Түр хорооны дарга, СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд “2021 оны нэгдүгээр улиралд улсын дундаж цалин 1390000 төгрөг хүрснийг холбогдох хүмүүс бахархалтайгаар зарласан. Гэтэл Эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин 647 мянган төгрөг юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын дундаж цалинг хоёр дахин нэмэгдүүлсэн ч улсын дундаж цалингийн хэмжээнд хүрэхгүй. Эмч нар 3-5 дахин их ачаалал дунд, гэртээ ч харьж чадахгүй бүх хүчээ дайчилж ажиллаад улсын дундаж цалинд хүрэхгүй цалинтай байна гэдэг нь гутамшигтай зүйл. Эдгээр үзэл бодол бол 56 мянган хүний үзэл бодлын үндсэн дээр хэлж буй зүйлс юм шүү” гэв.

Суулт хийж байгаа эмч нарын төлөөлөлтэй үдээс хойш УИХ-ын зарим гишүүн уулзаж, нөхцөл байдлыг сонссон бол салбарын сайд С.Энхболд цалин нэмэх амлалт өглөө. Тэрбээр “Та бүхний шаардлагыг салбарын сайдын хувьд дэмжинэ. Цаашид ч би энэ талаар байр сууриа илэрхийлж явна. Энэ асуудлаар холбогдох сайд нартай уулзаж байгаа. Хамгийн гол нь зөв гаргалгаа гаргаж, хэлэлцээрийн ширээнд сууж байж шийдэх ёстой асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр /өчигдөр/ УОК-ын хурал тараад холбогдох хүмүүстэй нь уулзаж, ярилцсан. Бүгд гурван талт хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй болов уу. Эрүүл мэндийн яам дээр Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн төлөөлөл, гишүүд, яамны төлөөлөлтэй гурван талт хэлэлцээрт сууж, гарц гаргалгааны талаар ярилцахаар болсон” гэсэн юм. .

Бид найм хоног, 200 гаруй цаг төв талбайд суулт зарлаж буй эмч нарын төлөөлөлттэй уулзлаа.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа: Ачаалал ихэссэн ч цалин нэмэгдээгүй

-Цар тахлын үед эмч нарын ачаалал маш их байна. Хүн амын тоо өсөж байхад эмч нарын батлагдсан стандарт орон тоо, эмнэлгийн тоо нэмэгдэхгүй хүнд нөхцөл байдалд ажиллаж байна. Тавдугаар сараас хойш ковидын тохиолдлын тоо эрс ихэссэн учир эмч ажилчдын ачаалал ч нэмэгдсэн. Ялангуяа нийслэлд маш хүнд хүний тоо нэмэгдэж, нас баралтын тоо хоёр оронтой тооноос буурахгүй байна. Энэ нөхцөл байдалд ажиллаж байгаа эмч нар энгийн үеийнхээс илүү ачаалалтай байгаа. Битүү хувцастай болохоор бие засаж, юм идэж ууж болохгүй маш хүнд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Гэтэл цалин нэг төгрөгөөр ч нэмэгдээгүй.

Шүд, эрүү, нүүрний төвийн Согог гажиг заслын сувилагч Ж.Оюунчимэг: Мэргэжлээсээ болж ялгаварлан гадуурхагдаж, хохирч байна

- Эрүүл мэндийн салбарт ажиллаад 35 жил болж байгаа ч үндсэн цалин минь 740 мянган төгрөг буюу улсын дундаж цалингийн талд нь арай гэж хүрч байна.

Улаан бүсэд байгаа эмч ажилчдын цалинг л нэмнэ гэж яриад байгаа. Гэтэл өвдөж зовсон иргэд манай эмнэлгээр үйлчлүүлж, бид ялгаагүй л халдвар авах өндөр эрсдэлтэй байна. Бид эзэмшсэн мэргэжлээсээ болж ялгаварлан гадуурхагдаж, хохирохгүйн тулд энд хамт олноо төлөөлөн оролцож байна.

Багануур Эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтлийн эмч С.Баатар-Уул: Орон нутгийг төлөөлж дуу хоолойгоо хүргэж байна

-Манай эмнэлэг 340 ажилтантай. Бүх тасаг цар тахал эхэлснээс хойш 2-3 дахин ачаалалтай ажилласан. Дундаж цалин 800-900 мянган төгрөг. Эндээс даатгал шимтгэлээ хасаад 650-800 мянган төгрөг гар дээрээ авч байна. Тиймээс бид эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж энэ жагсаалыг дэмжин орон нутгаас ирж оролцож байна. Мөн Багануур дүүрэгтээ нутгын удирдлагын ордон болон эмнэлгийнхээ урд жагсаж үзэл бодлоо илэрхийлж байгаа.

Хүүхдийн сувиллын сувилагч н.Гэрэлмаа: Улаан, ногоон бүс гэж хувааж ялгах шаардлага байхгүй

-Ажлын ачаалал их, хүнд нөхцөл байдалд ажиллаж байна. Улаан, ногоон бүс гэж хувааж ялгах шаардлага байхгүй. Учир нь улаан бүсэд байгаа хүмүүсийн ажлыг ногоон бүсэд байгаа ажилчид нөхөж явдаг тул нэг хүн гурваас дөрвөн хүний ажлыг зэрэг хийж байх жишээтэй. Цалин ковидоос хойш огт нэмэгдээгүй. Ойролцоогоор 600 мянган төгрөгний цалин авдаг. Манай байгуулагад одоогоор 100-аад хүн ажилладаг. Бид ар гэрээ эрсдэлд оруулан байж энэ хүнд нөхцөлд ажиллаж байгаа үүнийхээ хариуд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Гэмтэл согог сэргээн засах үндэсний төв нийт ажилчдынхаа цалинг долдугаар сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэг долдугаар сарын 1-нээс эхлэн улаан бүсийн ажилчдын илүү цагийг гурав дахин нэмж, олгох болон нийт ажилчдынхаа цалинг 10-20 хувиар нэмэх шийдвэр гаргасныг мэдээлсэн юм. Гэсэн ч суулт зарласан эрүүл мэндийн салбарынхан хэлэлцээрийн ширээний ард суухаас гадна эцсийн шийдвэр гарах хүртэл эсэргүүцлээ илэрхийлнэ гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.228] 2021-07-07 05:43:52

Энэ 1 царай шигээ худлаа нөхөр ажлаа чаддагт нь өгмөөр юм

Зочин [150.129.142.138] 2021-07-07 01:26:07

hubin emnelg abdag tatabra reket daramta zogsoo.

Зочин [150.129.142.138] 2021-07-07 01:25:26

yasan ih tatabr emnelegs abdin bee.bid hubin emnelges ttabar denduu ih taad abjina.esreg

Зочин [150.129.142.138] 2021-07-07 01:24:46

hubinn emlegin ajlah biolomj ogoodoh

Зочин [150.129.140.147] 2021-07-07 01:02:48

ЭМСайд худалч халдвар авсан гэртээ байгаа хүмүүст ямар ч эм өгөөгүй л байна

zochin [103.229.123.199] 2021-07-07 00:44:32

Shaardaj bolno haritsaaga zasaarai hun zagnasan naad omoglon aasha zas tangarag urugsun yom bol tangaragta ezen bolooch tangarag urugsun tsagda tsergiihen tsalinga adilhan nemuuleh erhtei

Зочин [103.229.123.199] 2021-07-07 00:51:12

Mash zuv emch narin haritsa gej hereg bhgui tsagda nar arai gaigui bolj bga shuu

Зочин [202.9.46.34] 2021-07-07 00:38:19

Хамгийн харамсалтай нь аймгууд сумууд орох гарах хөдөлгөөнөө хязгаарлаж хаасан харамсалтай. Энэ жил орк монголчууд та нарын хөдөө аймаг сум явж аялж амрах чинь хязгаарлагдаж байх шиг байна.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.