О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо байдаг тогтолцоог бид эргэж харах ёстой

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн өөрчлөл төөр парламент 126 гишүүнтэй болж, өнгөрсөн жил сонгуулиа хийсэн. Үр дүнд нь шинэ залуу, салбар бүрийн мэргэжлийн улстөрчид шийдвэр гаргах түвшинд орж ирсэн нь парламентын чадавхыг дээшлүүлэх том өөрчлөлт гэж судлаачид үзэж байна. Ер нь хууль тогтоох байгууллагад ажиллах, олон түмний төлөөлөл болж бодлого боловсруулахад юуг илүү анхаарах хэрэгтэй юм шиг байна вэ?

-Салбар бүрдээ мэргэшсэн шинэ залуу улстөрчид парламентыг бүрдүүлж байгаа нь яах аргагүй олон дэвшил авчирч байна, санал нийлнэ. Миний хувьд Парламентад шинэ хүн. Гэхдээ хуульчийн мэргэжлээр 23 дахь жилдээ ажиллаж байна. Өмгөөлөгчөөс Шүүхийн ёс зүйн хорооны дарга хүртэл, төрийн захиргааны төв байгууллага болох Хууль зүй, дотоод хэргийн яамны газрын дар га зэрэг хууль, эрх зүйн талбартаа бол шинэ хүн биш. Анхнаасаа төрийн түшээ болох миний зорилго бол Монгол Улсынхаа хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг чанд сахидаг хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө байсан, түүнийхээ төлөө зүтгэж байна. Энэ зорилгоо ч олон түмэндээ нээлттэй илэрхийлж, Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслийг олон жилийн судалгаа, шинжилгээний ажилдаа тулгуурлан боловсруулснаа УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр ард иргэддээ танилцуулж явсан. Иргэд маань ч шударга ёс ны төлөө зүтгээрэй гэж итгэл хүлээлгэсэн учраас ухрах эрхгүй, улам зоригтой ажиллах үүрэг хүлээн зүтгэж байна даа.

-Таны хувьд энэхүү парламентад ямар хуулийн төслүүдийг санаачлан өргөн барьсан бэ. Таны дурдсан Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслүүд улс төрийн хүрээнд нэлээд шуугьсан даа…?

-Манай Парламентад асуудал байгаа. Парламентын шинэ гишүүний хувьд, аль болохоор цаг хугацаа алдахгүй эрч хүчтэй ажиллахыг хичээж байна. Тиймээс энэ хаврын чуулганаар хүний эрхийн холбогдолтой 13 хууль, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл зэрэг бүхэлдээ хүний эрхийн хуулиудыг боловсруулж оруулсан. Мөн өнгөрсөн жилүүдэд хийсэн судалгаандаа үндэслээд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж дуусгаад нэгдүгээр сарын 24-нд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, тэр өдөртөө УИХ-д хүргүүлсэн. Одоогоор өргөн барих товоо хүлээж байна. Цаашид энэ хаврын чуулганд өргөн барина гэсэн 10 гаруй хуулийн төсөл байна. Тийм учраас аль болох хурдтай ажиллаж, хуулийн төслүүдээ батлуулахаар ажиллаж байна. Эдгээр нь цөм хүний эрх, эрх чөлөөг дээдлэх болоод хууль сахиулах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой.

-Анхны 126 гишүүнтэй парламентаас хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Таны хувьд энэхүү хамтарсан Засгийн газрын гишүүн. Энэ утгаараа хуулийн салбарыг удирдаж ажиллах ямар байна вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн салбар гэдэг онцлогтой. Хэн хийгээд аль нам засаглаж байгаагаас үл хамааран хамгийн бат бөх, туйлбартай, үйл ажиллагаа нь үнэн шударга байх нь хуулийн засаглалын үндэс. Хамтарсан Засгийн газрын хувьд, үйл ажиллагаа явуулахад, асуудлыг шийдэх, улсын бодлого болгож оруулахад хүндрэл бэрхшээл багатай байгаа нь давуу тал болж байна. Нөгөө талаар, хамтарсан Засгийн газарт Ардчилсан намыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажиллаж байгаа нь миний хувьд асар их хариуцлага авчирсан. Учир нь Ардчилсан нам түүхэндээ үргэлж хүний эрх, эрх чөлөөний талаар ярьж, тэмцэж ирсэн. Монгол Улсын Парламент, Засгийн түүхэнд хүний эрх, эрх чөлөөний талаарх бүхий л хууль, энэ чиглэлийн томоохон концевцуудыг дандаа Ардчилсан нам боловсруулж байсан. Тиймээс Ардчилсан намын энэхүү хүний эрхийн чиг баримжааг үргэлжлүүлэх, энэ чиглэлийн хуулиудыг боловсруулах өндөр хариуцлагатай үүрэг хүлээсэн гэж ойлгодог.

-Ардчиллын амин сүнс болсон гол индексүүдээр бид дэлхийд хойгуур жагсах болсон. Үүнийг урагшлуулах нь танай салбартай шууд холбоотой болов уу гэж ойлгодог. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Хүний эрхийн реформ. Хүний эрх чөлөөний индекс болон хэвлэлийн эрх чөлөөний индексүүдээр бид тогтмол ухарч байгаа. Авлигын төсөөллийн индекс ч мөн адил. Гэвч хамтарсан Засгийн газарт Ардчилсан нам ажиллаж эхэлснээс хойш Авлигын төсөөллийн индекс долоон байраар урагшилсан. Индекс дэх манай улсын оноо нэмэгдээгүй, бусад орнуудын оноо буурснаас үүдэж урагшилсан гэж хэлж болно. Хэдийгээр индексийн нөхцөл байдал дордоогүй байгаа нь сайн боловч цаашид олигтой ахиц дэвшил гаргах нь үүрэг гэж үзэн зүтгэж байна. Мөн хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой дээр дурдсан хуулиудыг баталж, хууль сахиулах байгууллагууд ч гэсэн хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулснаар хүний эрх чөлөөний индекс дээшилнэ гэж бодож байгаа.

-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг та санаачилж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Уг хууль сайн, муу болсон зэрэг тал талын шүүмжлэл, байр суурийг салбарынхан ярьдаг. Хууль санаачлагчийн хувьд гол агуулгыг нь тодорхой хэлэхгүй юу?

-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг хэлэлцэх шатанд явж байна. Одоогоор дэлхийд Хэвлэлийн эрх чөлөөний бие даасан хуультай 30 гаруй орон байгаа нь бүгд Хэвлэлийн эрх чөлөөний индексээр олон улсад нэлээд дээгүүрт жагсаж байна. Түүнчлэн дэлхийн хэмжээнд сэтгүүл чийн эх сурвалжаа нууцлах эрхийг хуульчилсан мөн 30 орчим улс байгаа. Бид тэдгээрийн нэг болохоор ажиллаж байна. Хүний эрх, эрх чөлөө бол нэг л өдөрт шийдэгдчихдэг асуудал биш. Бид энэ хаврын болон ирэх намрын чуулганаар, парламентаас парламент дамжихад аль болохоор хууль, тогтоомжууд дахь хүний эрхийн зөрчлүүдийг арилгах, хүний эрхийг хан гах механизмуудаа сайж руулахын төлөө анхаарна.

-Монгол Улсад болж байгаа сөрөг үйл явдал, улстөржилт, авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал гаарснаар ардчилсан улсад амьдарч байгаагаа ч мартах хэмжээнд хүрсэн гэж хүмүүс шүүмжлэх болсон. Үнэхээр Монгол Улсад ардчилал аюулд орчихоод байгаа юу. Та хувьдаа ардчиллын үзэл баримт, үнэт зүйлийг юу гэж ойлгож, ямар зарчмаар асуудалд хандахыг хичээдэг вэ?

-Бид өөрсдийгөө ардчилсан улс гэж үздэг, ярьдаг, тооцдог, Азийн цээжин дэх ардчиллын баянбүрд хэмээдэг. Харамсалтай нь, байдал өөр байгаа гэдгийг ардчилалтай холбоотой олон индекс харуулж байна. Үүнд хамгийн ноцтойгоор нөлөөлж буй хүчин зүйл нь нэгдүгээрт, авлига хээл хахууль гэж би хувьдаа үздэг. Тийм ч учраас авлига хээл хахуультай тэмцэх, таслан зогсоох арга бол өнгөрсөн жилүүдэд хуримтлагдсан авлига хээл хахуулийн үр дагаврыг арилгах гэж үзсэн. Улмаар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө орлогыг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл санаачлан Хууль зүй, дотоод хэргийн яаманд дөрвөн сарын хугацаанд боловсруулан УИХ-д хүргүүлээд байгаа. Нөгөө талаар, улстөржилт гэж би хэлмээргүй байна. Улстөржилт гэж улс төрийн үүднээс асуудалд хандаж, намууд Засгийн эрхийн төлөө тэмцэлдэх үзэгдэл. Харин улс төрийн үйл ажиллагаа мөнгөтэй холбогддог, улс төрийн үйл ажиллагаа шударга бус зүйлтэй холбогддог байж болохгүй. Энэ байдал нь Монгол Улсын ардчиллын индексийг хойш татдаг гэж боддог. Тиймээс бид ардчиллаа аюулд орсон гэж үзээд ардчилсан үзэл санааг ашиглан үзэл баримтлал, үнэт зүйлийг хамгаалахын төлөө тус тусдаа хичээх ёстой. Энэ нь ганцхан хуулийн салбарын асуудал биш, олон талын асуудал байгаа. Гэхдээ хуулийн салбарт шийдэж болохоор асуудал нь олон байгаа учраас Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэж байгаагийн хувьд ардчиллын индексийг дээшлүүлэх, монгол хүний эрхийг хамгаалах чиглэлээр дээрх ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.

-Хууль зүй, дотоод хэргийг нэг бодлогод зангидаж явах нь өөрөө бүтцийн алдаа гэх агуулга зарим судлаачдаас гардаг. Бусад орны хувьд хууль зүйн сайд нь ерөнхий прокурорын үүргийг давхар гүйцэтгэдэг гэдэг. Ялгаа заагийг нь тодорхой тайлбарлахгүй юу. Яагаад хуулийн сайд дотоод хэргийн асуудлыг давхар авч явж болдоггүй гэж?

-Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо байдаг тогтолцоог бид эргэж харах ёстой гэж үздэг. Дэлхийн ихэнх улс оронд хууль зүйн бодлого нь тусдаа, дотоод хэргийн бодлого тусдаа явдаг. Яагаад гэвэл хууль зүйн бодлого дандаа дэвшилттэй зүйлийн төлөө буюу хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах стандартыг өндөрсгөх зорилго дор ажилладаг. Харин дотоод хэргийн хувьд, өдөр тутамдаа ажлын үр дүнг шаарддаг салбар. Өөрөөр хэлбэл, нэг талдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр хангах ёстой гэх бодлого үйлчилдэг бол нөгөө талдаа гэмт этгээдийг хурдан баривчлах ёстой, үр дүнг нь харах ёстой, ял шийтгэлийг нь хурдан оногдуулах ёстой гэсэн бодлогоор ажилладаг. Ийм учраас дээрх хоёр бодлого нэг дор төвлөрөхийн давуу болон сул тал их байдаг. Цаашид Монгол Улс хууль зүйн бодлогоо салгах, бусад орны жишгээр хууль зүйн бодлогодоо зарим төрлийн үйл ажиллагааг хамтатгаж үлдээх нь зөв. Тухайлбал, Хууль зүйн яам нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа, хууль зүйн эрдэм шинжилгээ судалгааны ажил, хууль тогтоомж боловсруулах ажлаа хийдэг жишиг рүү бид цаашдаа шилжих ёстой гэж үздэг.

-Харин дотоод хэргийн бодлогын хувьд…?

-Дотоод хэргийн бодлогын хувьд, хууль сахиулах үйл ажиллагааныхаа дагуу ажиллах учиртай. Ингэхдээ улс орны өмнө тулгамдаж буй асуудал, жишээ нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, ард иргэдийн аюулгүй, амар амгалан тайван байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг дотоод хэргийн бодлогыг зангидаж явах ёстой. Хууль зүйн сайд нь Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэдэг жишиг дэлхийн олон оронд байдаг. Энэ жишгийг Монголын нөхцөлд тохирох эсэхийг шууд хэлмээргүй байна. Энэ дашрамд дурдахад, хүмүүс ямар нэг судалгаагүйгээр үзэл бодлоо илэрхийлэх нь элбэг. Тухайлбал, хоёр танхимтай парламенттай болъё, Үндсэн хуулийн томоохон өөрчлөлтүүдийг хийе гэхчлэн. Аливаа өөрчлөлт шинэчлэлүүд заавал судалгааны үндсэн дээр хийгдэх ёстой. Тэгэхээр таны асуултын хувьд ч гэсэн дорвитой судалгаа хийх цаг нь болсон гэж үзэж байна.

-Хуулийн сайдыг баруун төвийн үзэл баримтлалтай намын гишүүн хийж байгаа гэдэг утгаараа олон нийтийн зүгээс хариуцлага тооцох асуудлыг тэвчээртэй харж сууна. Хэнд ямар хариуцлага хэрхэн тооцох бол гэж…Нөгөө талаасаа яг хариуцлага тооцох асуудлыг хууль зүй сайд хийх боломж, бололцоо нь ямар байдаг юм бэ. Зарим иргэдийн хувьд хуулийн сайд хууль бус бүхий л үйл ажиллагаатай тэмцдэг хүн гэж хардаг…Үүнд ойлголтын зөрүү байвал та тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?

-Хариуцлага тооцно гэдэг асуудал өөрөө хууль зүйн үр дагавартай. Эрхэлж байгаа ажил, албан тушаалдаа алдаа зөрчил гаргасан бол дээд шатных нь албан тушаалтан хариуцлага тооцдог хууль зүйн зарчим байгаа. Нөгөө талаас, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа өргөн, ХЗДХЯ-ны чиг үүрэг, хамрах хүрээ маш өргөн байдаг. Тухайлбал, Цагдаагийн байгууллага нийт 300 төрлийн хуулиар үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Хил хамгаалах байгууллага, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүх шинжилгээний газар зэрэг олон байгууллага бий. Эдгээр байгууллагын үйл ажиллагаатай хол боотойгоор хариуцлага нэхсэн асуудал яригддаг. Ер нь хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ хэн, ямар үндэслэлээр ямар хуулийн дагуу хариуцлага тооцох асуудал зайлшгүй гарч ирнэ. Жишээлбэл, Цагдаагийн байгууллагын нэг алба хаагчтай холбоотой хэрэг гарлаа гэхэд тус байгууллагаас шалтгаан нөхцөлийг нь тодруулж, түүний үндсэн дээр ямар арга хэмжээ авах уу гэдгээ шийдвэрлэнэ. Гэхдээ тэрхүү алдаа зөрчил нь хувь хүнээс шалтгаалсан бай вал бид системийн хэмжээгээр хамаатуулах нь утгагүй. Үнэхээр системийн хэмжээгээр барьж буй бодлого, хууль журмаа хэрэгжүүлээгүйн улмаас гарсан алдаа байвал бид тэр бодлогыг хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудтай шат шатанд нь хариуцлага тооцно.

-Таны хувьд яг хариуцлага тооцсон жишээ юу байна вэ?

-Олон нийтийн анхаарлын төвд тэр бүр ярьж хэлээд байдаггүй ч Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноос хойш хэд хэдэн агентлаг, байгууллагуудын дарга, дэд дарга болон албан тушаалтнуудтай хариуцлага тооцсон. Энэ тухай олон нийтэд зарлаад байхаас илүүтэй ажил сайжруулах зорилготой учраас тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна. Мэдээж алдаа гаргавал хэн ч хариуцлагаас хол өнгөрөхгүй. Нөгөө талд, Хууль зүй, дотоод хэргийн сайд гэхээр л агентлаг, байгууллага бүрийн ажилд оролцдог, тэдний талаарх бүхнийг мэдэж байх ёстой, шийдвэр бүхэнд нь оролцдог гэсэн түгээмэл ойлголт байдаг. Байгууллага бүр өөрийн хуулиараа хариуцсан албан тушаалтнууд нь ажил үүргээ гүйцэтгэдэг.

-Ярианыхаа эхэнд хүний эрхтэй холбоотой шинэчлэлийг танаас асуусан. Ер нь хүний эрхийн зөрчил яагаад үүсээд байна вэ. Яагаад буурахгүй улам нэмэгдээд байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчил, тэр дундаа хүний эрхийн зөрчил нэмэгдэж байгаа гэсэн статистик бий. Гэхдээ тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт буурч байгаа. Манай улс хүний эрхийн зөрчлийг албан ёсоор бүртгэдэг механизмгүй атлаа ихэсч байна, багасч байна гэж дүгнэх нь өрөөсгөл болчихоод байгаа юм. Хүний эрхийн зөрчил нэмэгдэж байна гэж үзвэл, хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, Монгол Улс хүний эрхийн чиглэлийн хууль тогтоомждоо зайлшгүй шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарна. Дэлгэрүүлбэл, бид хууль, тогтоомжоо сайжруулах, хууль сахиулах байгууллагын болон бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хүний эрхийг хангах хуулиа мөрдөж ажиллах ёстой гэсэн эхний дүгнэлт гарна. Нөгөө талаар, мэдээлэл хурдан шуурхай тардаг болсон, хүний эрхийн мэдрэмж сайжирсан, дэлхий нийтийн хөгжлийг дагаад хүний эрхийн стандарт улам өрдөрсөж байна гэж ойлгож болно. Жишээ дурдахад, Баривчлах байранд яваад очиход ач хүүгээ загнаад гар хүрсэн өвөө сууж байх жишээтэй. Өвөөгийн үйлдлийг өмнө нь хүмүүжлийн арга гэж үздэг байсан бол өнөөдөр энэ нь хүний эрхийн зөрчилд тооцогдож байгаа. Хуучин ахуйн хүрээнд шийдэгдэх ёстой гэсэн заалт бүхий аливаа маргаан энэ цаг үед “хүчирхийлэл үйлдсэн л бол заавал хариуцлага хүлээх ёстой” гэсэн хуулийн зарчим үйлчилж байна. Замын хөдөлгөөний зөрчил л гэхэд, техник технологи, хиймэл оюун, камерын тусламжтайгаар илрүүлэлт эрс нэмэгдсэн. Хуучин камергүй байсан газарт камер тавихад тухайн орчинд бүртгэгддэг зөрчлийн тоо өмнөх сараас 200-300 зөрчлөөр нэмэгдэж байх жишээний. Тэгэхээр хүний эрхийн зөрчил нэмэгдэж байвал бид нэг талаас статистик, нөгөө талаас учир шалтгаан, шийдвэрлэх арга зам гэхчлэн тал талаас нь судалгаатай хандах ёстой.

ЭХ СУРВАЛЖ: “ӨДРИЙН СОНИН”

Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл

Зочин [59.153.113.195] 2025-05-08 18:34:55

эргүү сайд. хэсэг хүмүүст зориулан хууль санаачлаад л.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000