“МОНГОЛ УЛС ДАХЬ ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛ БА ЁС ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт илтгэл

Aдмин / Боловсрол

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр /2021.10.15/ “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн Сайдын зөвдлөх, Академич, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл “МОНГОЛ УЛС ДАХЬ ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛ БА ЁС ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдвээр илтгэл тавьсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛ БА

ЁС ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Академич, МУИС-ийн Эмерит профессор С.НАРАНГЭРЭЛ

Монголын нийгэмд хуулийнхан харыг цагаан, цагааныг хар болгож “шударга бусын хонгил ухаж байна”, “хүний эрхийг тууштай хамгаалж чадахгүй байна” гэсэн сэтгэгдэл олон нийтийн дунд газар авчихсан ийм эгзэгтэй цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа энэ чухал Үндэсний чуулганд олон жил эх орныхоо хууль зүйн их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны болон прокурорын, өмгөөллийн, Хууль зүй, дотоод хэргийн яамны зэрэг практикийн байгууллагад төдийгүй анхны УИХ-д ажилласан багш-эрдэмтнээр хууль зүйн боловсрол ба хуульчийн ёс зүйн асуудлаар үндсэн илтгэл бэлтгүүлж тавиулж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье.

  1. Монгол Улс дахь эрх зүйн боловсролын тулгамдсан асуудалд

Манай улсын эрх зүйн боловсролын суурь нь төрийн болон хувийн хэвшлийн хууль зүйн их дээд сургуулиуд билээ. 1980-аад оны сүүлч гэхэд иргэний болон хүчний байгууллагын хуульчдыг бэлтгэдэг улсын хоёрхон их дээд сургууль байсан бол 1990-ээд оны эхээр хууль зүйн дээд сургуулиуд борооны дараах мөөг шиг олноороо үүсэн байгуулагдсан нь хууль дээдэлсэн зах зээлийн эдийн засгийн тогтолцоот нийгэмд хуульчдын эрэлт хэрэгцээ ихэссэнээс гадна энэхүү эрэлт хэрэгцээнд дулдуйдан “ашиг” унагах бизнес эрхлэх гэсэн явцуу ашиг сонирхолд хөтлөгдсөн, зарим элсэгчид хуульчийг хөнгөн хялбар аргаар их мөнгө олж болох мэргэжил гэж үзэж байсантай холбоотой байв. Өнгөрсөн 30 шахам жилд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн хуульч болох хүсэл эрмэлзлэл эрс буурч, хууль зүйн салбарт ажил олоход нэн төвөгтэй болж, эрх зүйчийн дипломтой хүмүүсийн тоо эрэлтээсээ хэт даван улмаар илүүдэж, зарим сургууль өрсөлдөөнд сөхөрч, чанарын шаардлага хангахгүйгээс болж үүд хаалгаа барихад хүрсэн билээ.

Судалгаанаас үзэхэд Монгол Улс дахь хууль зүйн бүх их дээд сургуулиуд орчин үеийн хууль зүйн боловсролд тавигдаж буй шаардлагыг зохих ёсоор жигд хангаж чадсан гэж дүгнэхэд ихээхэн учир дутагдалтай байна. Энэ чиглэлээр шийдвэрлэх асуудал олон байгаа боловч цагийн боломжоос шалтгаалж хамгийн гол гэсэн зургаан асуудлыг хөндвөл:

  1. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг байнга төгөлдөржүүлэх зүй ёсны шаардлага үүдэгдэв. Хууль зүйн ихэнх их дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөнд судалгаа шинжилгээ хийж үзэхэд нийтийн эрх зүй (төр ба эрх зүйн онолын, захиргааны, эрүүгийн, процессын эрх зүй зэрэг) хэт давамгайлах байр суурьтай байгаа бөгөөд хувийн эрх зүйн судлагдахуун (иргэний эрх зүй, гэр бүлийн эрх зүй. олон улсын хувийн эрх зүй зэрэг) хоёрдугаар зэрэгт тавигдсан байна.

Нийтийн эрх зүй нь ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, эрх зүйн субъектын нэг талын хүсэл зоригийг гол төлөв илэрхийлж, үзэмжээрээ шийдвэрлэх боломж ихтэй, заавал биелүүлэх хэм хэмжээ зонхилсон, санкцыг шууд хэрэглэхэд чиглэгддэг бол хувийн эрх зүй нь нийгмийн амьдралын тодорхой хүрээнд төр түүний байгууллага шууд хөндлөнгөөс оролцож, хориглолт буюу хязгаарлалт хийх ёсгүй бөгөөд төр ба түүний байгууллага нь төр засгийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгчийн хувиар бус харин гэрээ, хэлцлээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн тэгш эрхтэй оролцогч – хувийн эрх зүйн субъект болдог онцлогтой. Энэ бол хувийн өмч, гэрээний эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн иргэний нийгмийн мөн чанар. Хэрэв эрх зүйн мэргэжлийн боловсролын сургалтын төлөвлөгөөнд нийтийн эрх зүйн судлагдахуун гол зонхилох байр суурьтай байх явдал үргэлжилсээр байвал хүний эрх, эрх чөлөөг хориглох, хязгаарлах, цагдах, хүч хэрэглэх өөрөөр хэлбэл, хуулийг зөвхөн албадлага, хүч хэрэглэх гэж үзэх сэтгэлгээтэй хуульчид улам бүр олширсоор байх болно. Ийм нөхцөл байдалд монголын нийгэмд үл ойлголцол, үзэн ядалт, хонзогнолыг тогтоон барьж чадахгүйд хүрэх болно. Энэ учраас практик хуульчдын хувийн эрх зүйн онолын суурь мэдлэгийг тэлэх явдал хууль сахиулах байгууллагуудын дэргэдэх судалгаа, сургалт хариуцсан бүтэц, нэгжүүдийн тэргүүн зэргийн чиг үүрэг байх ёстой.

  1. Сайн багш нар монголын хууль зүйн боловсролын хөдөлгүүр мөн. Хариуцсан судлагдахуундаа нэвтэрхий боловсорсон, судалгаа шинжилгээний арга барилд сайтар суралцсан, заах арга зүй гаргуун эзэмшсэн, түгээмэл гадаад хэлний бэлтгэлтэй, багшийн эрхэмсэг ёс зүйг ягштал баримталдаг багш шиг багш нараас л монголын эрх зүйн мэргэжлийн боловсролын үр өгөөж шууд шалтгаална. “Хуучинд боловсорч, шинийг сурваас жинхэнэ багш болж чадах бөлгөө” хэмээсэн мэргэдийн сургаал бий. Судалгаанаас үзэхэд жинхэнэ багш болох үйлсэд наад зах нь 10 жилийн тасралтгүй, цуцалтгүй хөдөлмөр зүтгэл шаардагддаг ажээ. Оюутан ахуй цагт нь шавь нараа хуульчийн ёс зүйд суралцаж хэвшүүлэхэд багш л биеэрээ үлгэр дууриалал үзүүлэх ёстой.
  2. Хууль зүйн боловсрол эрх зүй судлалын шинжлэх ухааны хөгжилтэй салшгүй холбоотой. Эдүгээ энэ шинжлэх ухаан нь төр ба эрх зүйн үзэгдлийг олон өнцгөөс нь шинжлэн судалдаг: 1) эрх зүйн онолын хийгээд түүхийн шинжлэх ухаан (төр ба эрх зүйн онол, улс төрийн ба эрх зүйн сургаалын түүх, эх орны ба гадаад орнуудын төр эрх зүйн түүх зэрэг); 2) салбар эрх зүйн шинжлэх ухаан (үндсэн хуулийн , захиргааны, санхүүгийн, иргэний, эрүүгийн, процессын эрх зүй зэрэг); 3) салбар эрх зүй хоорондын шинжлэх ухаан (экологийн, анагаахын, эрдэс баялгийн, татварын, гаалийн, спортын, цагдаагийн зэрэг); 4) харьцуулсан эрх зүйн шинжлэх ухаан, ром-германы, англо-саксоны, мусульманы зэрэг; 5) эрх зүйн хэрэглээний шинжлэх ухаан (криминалистик, криминологи, эрх зүйн статистик, шүүх эмнэлэг, шүүхийн сэтгэц гэм судлал зэрэг)-аас бүрдэж байна.

Хууль зүйн мэргэжлийн боловсролд эрх зүйн шинжлэх ухааны хөгжил шууд нөлөө үзүүлдэг. Улс орныг хөгжил дэвшилд хүргэх, ард түмнийг аз жаргалтай, сэтгэл тэнүүн амьдруулахад саад тотгор учруулж буй элдэв хууль бус явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд ашиг тус өгч чадахуйц судалгааны даацтай бүтээл хуульчдад их хэрэг болдог.

Аливаа хэрэг, маргааныг шударгаар хянан шийдвэрлэх үед манай хуульчдын дотоод итгэлийг бүрдүүлэх үндэс суурь нь шинжлэх ухааны үндэстэй мэдлэг л байх ёстой.

  1. Түүхийн, философийн, хэл шинжлэлийн, сэтгэл судлалын, байгалийн ба техникийн, анагаах ухааны зэрэг өөр бусад шинжлэх ухааны орчин үеийн ололт амжилт, судалгаанд хэр зэрэг тулгуурлаж чадсанаас эрх зүйн шинжлэх ухааны цаашдын хөгжил шууд шалтгаална. Зөвхөн хэл шинжлэлийн ухаан эрх зүйн шинжлэх ухаанд хэчнээн их хэрэгтэй болох талаар ганцхан жишээ дурдахад дэлхийн 7 суут сэтгэгчдийн нэг – Күнз одоогоос 2500 жилийн өмнө буюу МЭӨ IV зуунд нэр томъёо зөв бус аваас үг хэл эмх цэгцгүй болох, үг хэл эмх цэгцгүй байх аваас хууль цааз завхарна, хууль цааз завхарваас эгэл ардууд эх захаа алдана /Үз.: Күнз Шүүмжлэл өгүүлэл., Хятад хэлнээс орчуулсан М.Чимэдцэеэ., Улаанбаатар., 2013, 123 дахь тал/ хэмээж байсныг эшлэхэд хангалттай байх аа.
  2. Амин сүнс нь шулуун шударга байдал, ёс суртахуун болсон хууль тогтоомж урт удаан цаг хугацааны туршид тогтвортой үйлчилж, улмаар хүн бүрийн ой тойнд хоногших нь хууль зүйн бүх нийтийн болон мэргэжлийн боловсролд нэн чухал нөлөө үзүүлнэ. Монголчуудын хууль дэлхий дахинд 140 жилийн туршид мөрдөгдөж байсны шинжлэх ухааны үндэс нь Чингис хааны “гүр улсыг шударгадаж, гагц жолоондоо оруулсан” /Үз.: Монголын Нууц Товчооны 224 дүгээр зүйл/ хэмээсэн айлдварт хэн ч маргахын аргагүй тусгалаа олжээ. Энд бас алдарт Марко Поло Чингис хааны засаглал шулуун шударга болохыг үзсэн бусад орны хүн ард түүнтэй өөрсдөө нийлэн нэгдсээр байв /Үз.: Рональд Лейтхим Марко Поло аялал…, Англи хэлнээс орчуулсан О.Бүрэнжаргал.., Улаанбаатар., 2012, 147 дахь тал/ гэж хэлж бичүүлснийг дурдахад хангалттай.

Монголын нийгэмд олон арван жилийн туршид нэгэнт хэвшин тогтсон эрх зүйн нэр томъёо ба ухагдахууныг зарим хууль тогтоогчид дур зоргоороо өөрчилсний улмаас хуулийг нэг мөр зөв тогтвортой хэрэглэхэд их бэрхшээл учруулж, Монголын эрх зүйн тогтолцооны бүхэллэг, цул нэгдмэл байдал алдагдаж байгааг засаж залруулах зайлшгүй шаардлагатай байна.

1.Сайн хуульчтай болоход хуульчийн сонгон шалгаруулалт шийдвэрлэх үүргийг гүйцэтгэнэ. Хуульчийн мэргэжлийн тусгай зөвшөөрлийг гагцхүү өндөр ёс суртахуунтай хүмүүнд олгох бодлого алдуурч, босго нь зөвхөн эрх зүйчийн дипломын хуулбар, сорил ба бодлого (кейс)-ын асуулт төдийхнөөр хязгаарласнаас хуульчийн мэргэжлийн нэр хүнд шалдаа унаж, улмаар ёс зүйгүй хуульчид олширч хүний эрхэнд дур зоргоороо халдаж байгааг Монголын хуульчдын холбоо онцгой анхааралдаа авах цаг хэдийн болсон. Хуульчийн сонгон шалгаруулалтад өрсөлдөгчдийн удам судар, үүх түүх, хүмүүжил төлөвшил, ёс суртахууны хүлээн зөвшөөрөлт зэрэг нь хамгийн гол хүчин зүйл байх ёстой.

  1. Хуульчийн ёс зүйн тулгамдсан асуудалд

Хуулийн амин сүнс нь ёс суртахуун болдог учраас хууль тайлбарлах ба хэрэглэх явдлыг ажил мэргэжлээ болгосон хуульчид өөрсдөө ёс зүйгүй байвал хууль нийгмийн харилцааг зохицуулагчийн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна.

Хуульчийн ёс зүй бол хууль зүйн мэргэжлийн ёс суртахууны эрхэм нандин өгөгдлийн цогц мөн. Монголын хуульчдын ёс зүйн үндсэн өгөгдлийг дараах есөн зүйлээр товч тоймолж болно:

1) Ёс зүйтэй хуульчид ард иргэдэд бүдүүлэг, хүйтэн цэвдэг, балмад хандахыг хатуу цээрлэж, төв, эелдэг харьцааг эрхэмлэж ажилладаг. Аливаа хэрэг, зөрчил, маргаанд орооцолдсон иргэн бүр хүмүүний дахин давтагдашгүй өөр өөр хувь заяатай болохыг ухаарч, гэмт хэрэгтэн мэтээр харьцах явдал тэвчиж болшгүй зүйл. Төрийнхээ ивээлийг байнга хүртэж явах ёстой Монгол Улсынхаа иргэнтэй харьцаж байна гэдгээ үргэлж санаж, хүний ёсноос гадуур хандаж, басамжлан гутааж, эрүү шүүлт тулгах ёсгүй. Ингэж иргэдтэй харьцаж байгаа хуульч хуульч биш харин “балмад” этгээд болж хувирч байгаа юм;

2) Ёс зүйтэй хуульчид хэн шударгыг нь хамгаалдаг, хүний зөрчигдсэн эрхийг сэргээн тогтоож өгдөг. Ингэснээрээ улс орондоо нийгмийн шударга ёсыг тогтоолцож, ард иргэдээ сэтгэл тэнүүн, аз жаргалтай аж төрөх үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг. Ёс зүйгүй хуульчид мөнгө төлсөн шударга бус талд ичгүүр сонжуургүй үйлчилж буюу эсхүл юу ч хийлгэхээс сийхгүй шударга бус улс төрчийн захиалгыг гардан хэрэгжүүлэгч болдог. Нэгэнт мөнгө төлүүлсэн ба амлалт авахуулсан болохлоор тийм хуульчдын хувьд тухайн хэргийн талаар ямар шийдэл гаргахаа урьдаас нэн тодорхой болгож, түүнийгээ ямар ч үнээр хамаагүй улайран хамгаалдаг. Тэгэхдээ энэ бүхнийг аюулгүй, мэдэгдэхгүйгээр хийх нарийн арга чарга сүвэгчилж олохыг хичээвч төсвөөс авдаг цалин хангамжаасаа илүү тансаг хэрэглээтэй болж, хууль сахиулах байгууллагад мэдлэг чадвар, туршлага, хэр чинээнээсээ илтэд давсан албан тушаалд томилогдсон нь хэний ч өмнө нэгэнт ил болж, бусдын өөдөөс эгцэлж харах ёс суртахууны эрхээ алддаг. Ийм хуульчийг ажил мэргэжлээ эд барааны адил арилжаалан худалдсан “луйварчин” л гэж үзвэл зохилтой;

3) Ёс зүйтэй хуульчид иргэний эр зоригтой ажилладаг. Тэд шударга ёс, бодит үнэний төлөө ажил албан тушаалаа золиослохыг юман чинээнд ч боддоггүй. Хэн нэгэн хуульчийн гараар шударга бус үйл хийлгэхийг оролдоход эрс шулуухан – Үгүй гэж хэлээд татгалздаг эр зоригтой хуульч жинхэнэ ёс зүйтэй хуульчид тооцогддог. Ёс зүйгүй хуульчид зөвхөн хар амиа хичээж, аймхай хулчигар, үхээнц байдалтай ажилладаг. Ийм хуульчид олширсноос шалтгаалж, хуульчид шударга ёсыг тогтоож чаддаг эсэхэд эргэлзэх сэтгэлгээ монголын нийгэмд газар авч, их хор уршиг тарьж байгааг онцгой анхаарах цаг болсон;

4) Ёс зүйтэй хуульчид мэргэжлийн үүргээ ягштал биелүүлж ажилладаг. Ийм шүүгч хэрэг, маргааныг голч, шударгаар хянан шийдвэрлэдэг, ийм мөрдөгч эхлээд гэмт хэргийн хөдөлшгүй, лавтай нотлох баримтыг эрэлхийлэн олж чаддаг, ийм прокурор хяналтаа жинхэнэ ёсоор тавьдаг, ийм өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг гаргуунд нь гаргадаггүй, хоёр талд зэрэг ажиллан мөнгө хөөцөлддөггүй юм. Өөрөөр хэлбэл шүүгч нь шүүгч шиг, прокурор нь прокурор шиг, мөрдөгч нь мөрдөгч шиг, өмгөөлөгч нь өмгөөлөгч шиг, хуульч нь хуульч шиг ажиллах ёстой гэсэн үг. Хуульчид хүлээсэн үүргээ нэгэн үзүүрт чин сэтгэлээсээ биелүүлэхэд мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, цуцалтгүй хөдөлмөр, хичээл зүтгэл, бусдаас суралцах явдал цаг ямагт шаардагддаг. Эдүгээгийн эрин цаг үед монголын хуульчид шинэ төрлийн гэмт явдалтай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, нэг талаас төр, нөгөө талаас гадаадын хуулийн этгээд оролцсон болон асар их хэмжээний үнийн дүнтэй хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зорилттой тулгарсан. Шинжлэх ухаан-техник, технологийн дэвшил хуульчдын мэргэжлийн бэлтгэлийг олон талаас нь дээшлүүлэх шаардлагыг дэвшүүлэн тавьсаар байгааг хуульч бүр ухаарах учиртай;

5) Ёс зүйтэй хуульчид мэргэжлийн хариуцлагаа гүнээ ухамсарлаж ажилладаг. Хуульчийн ажлын онцлог шинж нь хэрэг явдлыг болсон тэр чигээр нь үнэн бодитой сэргээн тогтоож, тухайн хэрэг маргаанд хуулийн дагуу эрх зүйн зөв үнэлэлт өгч буюу зүйлчилж, хууль зүйн чухам ямар арга хэрэгсэл хэрэглэх нь зүйтэй эсэх асуудлыг нухайцтай тунгаан шийдвэрлэдэг. Судалгаанаас үзэхэд зарим хуульч болсон хэрэг явдал хуультай хэрхэн нийцэж байгааг нарийн нягт тогтоохын оронд ялангуяа баривчлах, цагдан хорих, хорих ял ногдуулах, эрх хязгаарлах зэрэг эмзэг нарийн асуудлын талаар шийдвэр гаргахдаа эхлээд зөвхөн хуулийн хуурай үг үсгийг хуулбарлан бичсэнийхээ дараа нь түүнийхээ араас тийм болгох гэж хүний эрхийг гаргуунд нь гаргаж, ноцтой зөрчиж байгаа баримт цөөнгүй гарсаар байна. Хорьж цагдаж суулгасныхаа дараа нь хэрэг явдлын нотлох баримтыг цуглуулах гэж оролдож, олигтой юм олдохгүй болохоор нь заавал юунд ч хамаагүй ороолцолдуулах гэж улайран улангасаж, тухайн хүний төдийгүй гэр бүлийн ойр дотны хүмүүсийн хэвийн амьдралыг бусниулж, сэтгэл санааны зовиур шаналгаа учруулж байгаа жишээ баримт цөөнгүй гарч байгааг судалгаа харуулж байна. Хуульчийн зарим алдаа хэзээ ч засаж залруулшгүй ноцтой үр дагаврыг буй болгодог тул алдаа гаргахаас өмнө байнга сэрэмжилж, урьдчилан дүгнэлт хийх, хөнгөн гоомой, дэндүү хариуцлагагүй, ихэмсэг дээрэнгүй, хүйтэн цэвдэг хандлага гаргахаас эрс цээрлэж байх учиртай. Хуульч аливаа хэрэг маргааны талаар зөвхөн сэжиг таамагт үндэслэн урьдчилан дүгнэлт хийж, түүнийгээ батлах гэж улайран хөөцөлдөх нь эргэж засашгүй алдаа гаргах эх үүсвэр болж байгааг судалгааны үр дүн харуулсан;

6) Өр нимгэн нинжин сэтгэлээ алдахгүй байх нь ёс зүйтэй хуульчийн эрхэм чанар болдог. Иргэдээ хорьж цагдах, эрх чөлөөг нь хязгаарлаж, мөрдөн шалгах эмзэг асуудлыг хянан шийдвэрлэхдээ тэдний ар талд байгаа гэр бүл, үр хүүхэд, ойр дотны хүмүүсийн хэвийн амьдрал ахуй, сэтгэл санааг самрахгүй, хямраахгүй талаас нь онцгой анхаарч байх ёстой. Тэдэнд хайр найргүй, хүний үнэргүй, харгис хэрцгий хандахаас байнга сэрэмжилж явах учиртай. Хүн ардынхаа амин зуулга, эрхэлж буй бизнес, банкны зээл, дебит карт, харилцах дансыг нь хааж боож, ямар их хор уршиг тарьж байгаагаа ойлгож ийм нөхцөл байдалд хүргэхгүй байхыг эрмэлзэх ёстой;

7) Ёс зүйтэй хуульчид итгэл даахын төлөө хичээнгүйлж ажилладаг. Шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, нотариатч, хууль сахиулагчийн хуулиар тогтоосон бүрэн эрх бол нэг ёсны улс орон, ард түмнээс тэдэнд хүлээлгэсэн их итгэл найдвар юм. Ийм итгэлийг хөсөрдүүлэхгүй дааж явна гэдэг бол худалдагддаггүй, хуурч мэхэлдэггүй, энэрэнгүй сэтгэлээ алддаггүй чанар, тэсвэр тэвчээр, сэтгэлийн их тэнхээг хуульчдаас шаардана. Хуульчдад итгэх олон түмний итгэл их сул байгааг судалгааны үр дүн харуулсаар байна. Хэрэв ард иргэд нь хууль сахиулах байгууллагадаа итгэхгүй, хуульчдад итгэхгүй юм бол төр улс сулран доройтох нэг гол шалтгаан болж байгааг хэрхэвч мартаж болохгүй;

8) Ёс зүйтэй хуульчдын амь шигээ хайрладаг эрхэм зүйл нь эрхэмбээрийн нэр төр байдаг. Тэд “нэрээн барахаар насаа бар” хэмээсэн монголын ард түмнийхээ мэргэн үгийг хуультай адил үздэг. “Энэ бие хэврэг боловч, Эрхэм нэр мөнх шүү” хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэн хойч үеийнхнийхээ ой санамжид нь үлдээжээ. Хуульчийн нэр төр зөвхөн тухайн хувь хуульчид хамаараад зогсохгүй удам сударт нь үе дамжин үлддэг. Удам судардаа үлдээсэн хуульчийн сайн нэр төр нь хэдэн үеийн туршид үлдэгдэгсдийнх нь бахархал, нэр төрийнх нь баталгаа болж, сэвтүүлэхгүйг улам хичээж, тэдэнд хар элгийн хүмүүс ч хүндэтгэлтэй ханддаг. Хэрэв нэр төрөө алдвал хэчнээн сайн үр удам төрөн гарсан ч нэр төрийн сэвтээлтийг нь засаж залруулах гэж зовж зүдэрдэг.

Монголын ард түмний “Нэгэн үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” хэмээсэн цэцэн мэргэн зүйр үгийн дагуу хууль сахиулах байгууллага, хуульчдын нэр хүнд үлэмж суларч байгааг ухаарч, энэ талаар чиглэсэн зорилготой, үр нөлөөтэй, олон талт ажил үйлсийг хууль сахиулах байгууллагууд өрнүүлэх шаардлагатай болсон байна;

9) Ёс зүйтэй хуульчид мэргэжилдээ чин үнэнч зүтгэдэг. Тийм хуульчид өөртөө илэрхий ашиггүй ба аюулгүй байдалд нь хохиролтой үед ч өргөсөн андгай тангарагдаа үнэнч, мэргэжлээ худалддаггүй, үг ба ажлаа хооронд нь зөрүүлдэггүй. Ингэж мэргэжилдээ чин үнэнчээр зүтгэж байгаа хуульчид үнэлэгдэж, зүйл бүрээр дэмжигдэх учиртай. Монголын ард түмэн ч ийм хуульчид сэтгэлийн их эрч хүч өгч чадна гэдэгт эргэлзэх зүйл байхгүй.

Судалгаа хийж үзэхэд монголын хуульчдын мэргэжлийн ёс зүйн дүрэм шаардлагаас илтэд хоцорсон байх тул шинэчлэн боловсруулж, дагаж мөрдүүлэх шийдвэрийг энэ чухал Үндэсний чуулганаас гаргах саналыг дэвшүүлэн тавьж байна. Хууль сахиулах байгууллагуудын ёс зүйн хариуцлага тооцдог бүтэц, албан тушаалтан зохих ёсоор, үр нөлөөтэй ажиллах шаардлагыг бодит нөхцөл байдал буй болгож байна.

Хүн төрөлхтөний түүхээс үзэхэд хуульчийн мэргэжил нь амь нас, эрүүл мэндэд цөвтэй, хар хэл ам их дагуулдаг, хүмүүсийн анхааралд онцгой өртөмтгий, маш эрсдэлтэй мэргэжилд тооцогдож иржээ. Тэгэхдээ ёс зүйтэй хуульчдын сэтгэл санаанд элдэв сөрөг муу энерги нэвтрэн ордоггүй, шилдэг хуульчдын зүрх сэтгэл нь цаг ямагт эерэг энергиэр цэнэглэгдэж байдаг жамтай.

Ийнхүү монголын хуульчдын эрх зүйн боловсрол ба ёс зүй нь хуульч болгоны, хууль сахиулах байгууллагын удирдлагын өдөр тутмын онцгой анхааралд байх ёстой чухлаас чухал, олон талын их ач холбогдол бүхий монголын нийгмийн гол гогцоо асуудал мөн. Өндөр ёс зүйтэй хуульчид нь Монгол Улсын иргэдийн амар амгалан, сэтгэл тэнүүн, ирээдүйдээ итгэл төгс, аюулгүй аж төрөх нэн чухал нөхцөлийг бүрдүүлдэг гэдэгтэй хэн ч цэц булаалдаж маргаж чадахгүй.

Монголынхоо хуульчдад сайтар гэгээрэн боловсорч, ёс зүйгээ амь шигээ нандигнан хадгалж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Хүлээн авч болгооно уу.


Сэтгэгдэл

Дашдаваа [202.126.89.145] 2021-10-19 09:39:09

АКАДEМИЧ НАРАНГЭРЭЛ БАГШ ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГЧЭЭ ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙ БОЛ ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУУРЬ АСУУДАЛ БОЛСООР ИРСЭН ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ НЬ МОНГОЛД АЛЬ ЭРТНЭЭС ШААРДАГДАХ БОЛСНЫГ УЛ ҮНДЭСТЭЙ АВЧ ҮЗСЭН БАЙНА ЭНЭХҮҮ ИЛТГЭЛИЙГ ХУУЛИЙН АЖИЛТНЫ ШИРЭЭНИЙ НОМЛОЛ БОЛГОЖ ХУУЛИЙН АНГИЙН ОЮУТНУУДАД УДИРТГАЛ ЛEKЦ БОЛГОН ЗААЖ БАЙХЫГ МОНГОЛ ДАЯАР ХЭВШИЛ БОЛГОВОЛ ЗОХИНО

Зочин [192.82.72.199] 2021-10-19 15:44:38

ийм илтгэл өгүүллийг МУИСийн философийн багш нар өчнөөн л бичдэг Өөрсдийгөө дөвийлгөхгүй даруу хүмүүс байдаг даа

Зочин [112.72.9.122] 2021-10-19 05:40:46

араатан шүүх цагдаагаа ариун болгочихвол


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.