БНХАУ-ЫН НОГООН ХӨГЖЛИЙН ТУРШЛАГА (Жөжян мужийн экологийн шинэчлэл, Бээжин хотын агаарын бохирдол, Өвөр Монголд цөлжилттэй тэмцэж буй туршлагын жишээн дээр)

Aдмин / Технологи

БНХАУ өөрчлөлт, шинэтгэл, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 гаруй жилийн хугацаанд эдийн засаг нь хурдацтай өсөж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болсон билээ. Гэвч эдийн засаг нь өсөн нэмэгдэхийн хэрээр хүрээлэн буй орчны асуудал улам бүр газар авч нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх болов. Байгаль орчны доройтлоос үүдэлтэй Хятадын эдийн засгийн алдагдал нь жилд ойролцоогоор 100 тэрбум ам.долларт хүрдэг бөгөөд зөвхөн агаарын бохирдлоос улбаатай эдийн засгийн алдагдал нь 30 тэрбум ам.доллар давсан судалгаа бий [1, 2].

Иймд Хятадын удирдлагууд 2001 оноос дотоодын тогтвортой хөгжлийн зорилтуудыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөөндөө тусгаж байгаль орчны асуудал, эрчим хүчний шилжилт, нөөц баялгийн зөв зохистой хэрэглээ болон ногоон хот, бүсийг хөгжүүлэх чиглэлд бодлогын дорвитой алхмуудыг хийж, хяналтыг чангатгах болсон байна. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчян 2014 онд БХАТИХ-д хэлсэн үгэндээ “Бид ядуурлын эсрэг дайн зарласан шигээ байгаль орчны бохирдлын эсрэг дайн зарлах болно” хэмээн мэдэгдсэн бол Ши Жиньпин 2017 онд ХКН-ын XIX их хурал дээр тавьсан илтгэлдээ “Экологийн соёл иргэншлийг бий болгох нь Хятад үндэстний тогтвортой хөгжлийн нэн чухал зорилго бөгөөд цэнгэг ус, хөх уулс бол алтан уул, мөнгөн уул юм” хэмээсэн байдаг [3]. Үүнийг “Хоёр уул”-ын онол гэж нэрлэх болсон бөгөөд Хятадын экологийн соёл иргэншлийн талаарх чиг баримжаа, эх баялаг, хүрээлэн буй орчны талаарх ойлголтыг эрс өөрчилж, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг нэмэгдүүлэх болсон байна [4].

Сүүлийн жилүүдэд Хятад улс нийгэм, эдийн засгийн хөгжлийн ногоон шинэчлэлийг амжилттайгаар хэрэгжүүлж байна. Ялангуяа агаарын бохирдлыг бууруулах, хот тосгодын байгаль орчны шинэчлэлийг хийж, цөлжилтөд өртсөн бүс нутгийг ойжуулах зэрэг арга хэмжээ авснаар тодорхой үр дүнд хүрч жишиг хот, тосгоны тоо ихэссээр байна. 2020 оны дэлхийн агаарын чанарын тайланд Хятадын муж, хотуудын агаарын чанарын стандарт сүүлийн жилүүдэд эрс сайжирч байгааг онцлоод хүн амын орчны бохирдолд өртөх дундаж үзүүлэлт 11 хувиар буурсныг дурджээ [5]. Байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг авч буй Хятадын ногоон хөгжлийн стартеги нь НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилттой ч нягт уялдаж байна. Энэхүү танилцуулга мэдээндээ бид байгаль орчин, цаг агаарын хувьд эрс ялгаатай Жөжян мужийн экологийн шинэчлэл, Бээжин хотын агаарын бохирдол, Өвөр Монголд цөлжилттэй тэмцэж буй туршлагын талаар цухас дурдъя.*

Жөжян мужийн тосгодын жишээ:

Жөжян муж нь Хятадын зүүн өмнөд эрэг дагуу 105,500 км2 газар нутгийг хамран оршдог. 2020 оны байдлаар Жөжяний ДНБ 6.46 их наяд юань байсан нь Хятадын ДНБ-ий ойролцоогоор 6%-ийг бүрдүүлж байна. Эдийн засгийн хөгжлөөрөө Хятад улсдаа тэргүүн эгнээнд явдаг учир байгаль орчны бохирдлын асуудал нэлээд эртнээс эхэлсэн байна.

2003 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ мужийн намын хорооны дарга байхдаа мужийн 40 мянга орчим тосгоноос 10 мянга орчмыг шинэчилж, түүнээс 1000 тосгоныг сонгож “Үзэсгэлэнт хөдөө тосгон” болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Тосгодыг шинэчлэхдээ дэд бүтцийн шинэчлэлийг эрчимтэйгээр хийж, тосгон бүрийн онцлог хэв маягийг бүрдүүлжээ. Тосгоны хөгжлийн талаар нэг загвар барилгүй газар нутгийн онцлог, түүх уламжлалд тохирсон оновчтой бодлого хэрэгжүүлжээ. Түүнчлэн Жөжян мужийн “1000 тосгоныг жишиг болгох, 10000 тосгоныг засах” төсөл нь 2018 онд НҮБ-ын “Champions of the Earth” шагнал хүрсэн байна. Жөжян муж байгальд ээлтэй иргэншил бүтээж байгаа арга туршлагаа дараах 4 хэсэгт хуваан тодорхойлжээ.

Амьдарч байгаа хүрээлэн буй орчноо засах: Мужийн хэмжээнд амьдрах орчноо сайжруулах ажлыг ус цэвэршүүлэх, агаарын бохирдлыг арилгах, хог хаягдал ангилах, жорлонг засах ажлаас эхэлсэн байна. Энэ ажлын үр дүнд мужийн хэмжээнд 2013 онд I-III зэрэглэлийн гадаргын ус 63.8% [6] байснаас 2020 онд 94.6% болж нэмэгдсэн, агаарын чанарын индекс үзүүлэлтээр хэвийн агаартай өдөр дунджаар 2017 онд 82.7% байснаас 2020 онд 96.2% болж өссөн байна [7].

Байгаль экологио эдийн засагжуулах: эдийн засагт эзлэх үйлчилгээний аж ахуйн байгууллагыг нэмэгдүүлж, аялал жуулчлал, дижитал аж ахуйг нэмэгдүүлэх бодлого барьж уламжлалт үйлдвэрлэлийн салбарын технологийг хөгжүүлэх, шинэ үйлдвэрлэлийг дэмжих, эрчим хүчний зарцуулалтыг багасгах, үйлдвэрлэлийн салбарт экологийн үр ашигтай сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлэх зэрэг амжилттай туршлагуудыг хэрэглэсэн байна. Үүний үр дүнд мужийн эдийн засгийн үзүүлэлт 800 тэрбумаас 6.46 их наяд юань болж өссөнөөс гадна аж ахуйн салбарт тариалангийн аж ахуй 3.5%, аж үйлдвэрлэл 41.8% , үйлчилгээний салбар 54.7%-ийг тус тус эзлэх болжээ.

Байгаль экологид ээлтэй эко иргэншил хөгжүүлэх: Ногоон хөгжлийг чухалчлан байгальд ээлтэй байх шалгуурыг голлож, мужийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах 23 журмыг гарган мужийн захиргаа, хууль шүүхийн байгууллагуудтай хамтран хянах бүтцийг анх удаа байгуулсан байна.

Байгальд ээлтэй төгс нийгэм байгуулах: Байгаль орчныг хамгаалах үйлсэд ард иргэд, аж ахуйн нэгж, төр засгийн байгууллагууд хамтдаа ашиг хүртэх зарчим баримталсан. Ингэхдээ ард иргэдийн дунд байгаль орчноо хамгаалах ухуулга сурталчилгааны ажлыг сонин, телевиз, радио зэрэг мэдээллийн бүхий л хэрэгсэлээр хийсэн. Байгаль орчны хяналтын ажилд энгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, бүх нийтийн хяналт дор байгаль орчныг хамгаалах ажлыг хийх болсон байна.

Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулж буй жишээ:

Хятадын удирдлага агаарын бохирдлыг сүүлийн 10-аад жилийн хугацаанд маш амжилттайгаар бууруулж чаджээ. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн 2020 оны тайланд Бээжин болон түүний ойр орчмын хотуудын агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан хэмээн дүгнэжээ. Нийслэл Бээжин хот нь 16,410 км2 нутаг дэвсгэртэй, 2020 оны байдлаар 21.89 сая оршин суугчидтай, ДНБ нь 3.61 их наяд юань (ойролцоогоор 558.5 тэрбум ам.доллар) [8] хүрсэн байв. Тус хотын ДНБ-ий жилийн дундаж өсөлт нь 6.5% байгаа бөгөөд хүн ам, тээврийн хэрэгслийн үзүүлэлтийг 20 жилийн өмнөхтэй харьцуулахад 75%, 336%-иар тус тус өссөн байна [9]. 2013 онд Бээжин хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, оршин суугчдын эрүүл мэндийн асуудал хурцаар тавигдаж, агаарын бохирдлын үзүүлэлтээрээ дэлхийн хотуудын дунд эхний 10-т орж байв.

1998 оноос агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрөө эрчимжүүлж эхэлсэн бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд тус хотод эрчим хүчний дэд бүтцийн оновчтой бодлогыг боловсруулж, нүүрс болон тээврийн хэрэгслээс ялгарч буй бохирдлын хэмжээнд хатуу хяналт тавих зэргээр үр дүнтэй бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Энэхүү урт хугацааны хүчин чармайлтын үр дүнд агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд амжилттай бууруулсан байна. Жишээлбэл, 2013 оноос эхлэн нүүрсээр ажилладаг уурын зуух, цахилгаан дулааны станц болон аж үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг хийсний үр дүнд нарийн ширхэгт тоосонцорын бохирдлыг (PM2.5) 35%-иар, Бээжин-Тяньжин-Хөбэй (京津冀) бүсийн бохирдлыг 25%-иар тус тус бууруулжээ [10]. Бээжин хотын захиргаа агаарын бохирдлыг бууруулахад ойролцоогоор 20 тэрбум юанийг зарцуулсан нь сүүлийн 20 жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлогын дорвитой үр дүн болж байна [11].

Бээжин хотын захиргаа агаарын бохирдлыг бууруулахад дараах үндсэн чиглэлд бодлого, хөтөлбөрийг боловсруулан ажилласан байна.

Агаарын чанарын хяналтын нарийвчилсан системийг хөгжүүлэх чиглэлд: 2016 онд өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын алсын тандалтыг дэвшилтэт технологитой хослуулан агаарын чанарыг хянах шинэ үеийн нэгдсэн сүлжээг байгуулжээ. Тухайлбал, Бээжин хотын ойролцоох бүсүүдэд 1000 гаруй нарийн ширхэгт тоосонцор (PM2.5) мэдрэгчийг байрлуулснаар утааг хамгийн ихээр ялгаруулдаг бүс, оргил үеийг маш нарийн тооцоололтойгоор илрүүлэх боломжтой болжээ. Ингэснээр агаарын бохирдуулагч бодисын нэгдсэн дата баазыг хөгжүүлсэн байна.

Нүүрсний шаталтын эх үүсвэрээс ялгарах утааг бууруулах чиглэлд: Бээжин хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр нь нүүрсний арвин их хэрэглээ байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд хотын захиргаа эрчим хүчний бүтцийн шинэчлэлийг тасралтгүй хийжээ. 2005 оноос хойш “нүүрснээс хий рүү” шилжих бодлогыг хэрэгжүүлж, эрчим хүч, дулааны байгууламжуудын бүтцийг шинэчилж нүүрсний шаталтыг ойролцоогоор 11 сая тонноор бууруулсан байна. 2014 оноос хойш хэт бага ялгарлын стандартыг (Ultra-low emission standard) дулааны цахилгаан станцуудад мөрдүүлсний дүнд хүхрийн давхар исэл (SO2), азотын давхар исэл (NO2) болон нарийн ширхэгт тоосонцор (PM)-ын агууламжийг 65%, 60%, 72% -иар тус тус бууруулсан байна [12].

Тээврийн хэрэгслээс ялгарах утаанд хяналт тавих чиглэлд: Бээжингийн агаарын бохирдлын нарийн ширхэгт тоосонцорын (PM2.5) 45% нь ойролцоогоор 6.2 сая авто машины утаанаас үүдэлтэй байдаг [13]. Энэ хүрээнд хотын захиргаа “Тээврийн хэрэгсэл-Түлш-Зам” гэсэн нэгдсэн гурван тогтолцоог боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. Жишээлбэл, түлшний чанарыг сайжруулах чиглэлд “China VI” стандартыг 2018 онд баталж 2020 оноос эхлэн Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг 16 томоохон хотуудын хөнгөн тээврийн хэрэгслийн стандартад мөрдүүлж байна. Энэ стандарт нь “Евро VI” стандарттай дүйцэхүйц бөгөөд бензин, дизель хөдөлгүүрээр ажилладаг тээврийн хэрэгслийн түлшний чанарыг сайжруулж хүхэрлэгийн болон нарийн ширхэгт тоосонцорын (PM2.5) дундаж агууламжийг бууруулахад чиглэгдсэн байна. Бээжин хотын захиргааны зүгээс шинэ стандарт нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2030 он гэхэд томоохон хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

Өвөр Монголд цөлжилтийг арилгаж буй жишээ:

Хятад улсад 8 том элсэн цөл байдгаас ӨМӨЗО-ны нутагт Бадаанжаран, Тэнгэр, Улаанбух, Хөвч гэсэн дөрвөн том элсэн цөл, Муу-Ус, Хуландаага, Хорчин, Хөлөнбуйр гэсэн дөрвөн элсжсэн газар байна. 2020 оны байдлаар ӨМӨЗО-ны ДНБ нь ойролцоогоор 1.72 их наяд, 24 сая гаран оршин суугчидтай байв. 2021 оны мэдээгээр тухайн нутагт цөлжсөн газрын талбай 914 сая мү га (60.9 сая га) буюу Хятадын нийт цөлжсөн газрын 23.3% -ийг, элсжсэн газрын талбай 612 сая мү (40.8 сая га) буюу нийт элсжсэн газрын 23.7% -ийг тус тус эзэлж байна [14]. Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО жил бүр 12 сая мү (800 мянган га) цөлжсөн газрыг засаж, цөлжилттэй тэмцэх ажлын 40 гаран хувийг бие даан гүйцэтгэж байна. Энэ хүрээнд Өвөр Монголын бүс нутагт цөлжсөн, элсжсэн газрын талбайн хэмжээ "хоёр дахин буурч", ойн талбай, ойн сангийн хэмжээ "хоёр дахин нэмэгдсээр" байна [15].

Элсжсэн, цөлжсөн газар нутгийг эхлээд элсний нүүдлийг зогсоох, удаад нь ойжуулан ногооруулж экологийн таатай орчин бүрдүүлэх, улмаар эдийн засагжуулах гэсэн дарааллын дагуу нутгийн онцлогт тохирсон арга барилаар ажилласан байна. ӨМӨЗО-ны зүгээс мод тарьж ургуулсан иргэд аж ахуйн нэгжид ойн экологийн нөхвөр олгодогоос гадна модыг тариад орхих биш түүнийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиг орлого олох боломж болгон, ой модоо түшиглэсэн аж ахуй хөгжүүлэх зэргээр нутгийн иргэдийг ядуурлаас гаргах бодлого хэрэгжүүлж байна. Нийтийн өмчийн газар улсын шууд хөрөнгө оруулалтаар мод тарих, ард иргэд өөрийн эзэмшил газар дээр мод тарих, хувь хүний эзэмшил газар дээр түрээсээр мод тарих, хувь хүний эзэмшил дээр компаниуд газар түрээслэн мод тарих зэрэг газрын харилцааны маш олон хэлбэрийг хөгжүүлжээ. Ойжуулалтын ажлыг хийхдээ өмчийн олон хэлбэрийг ашигласан байна.

Улсын шууд хөрөнгө оруулалтаар ойжуулсан нэгэн жишээ бол Муу-Ус элсэрхэг газрын хэсэг болох Ордосын эзэн хороо хошууны нутаг дахь Чингисийн онгоны орчин тойрон ажээ. 2010 оноос эхлэн цөлжилтөөс хамгаалах төсөл хэрэгжүүлж, 1.16 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж, 145.000 мү (9700 орчим га) газрыг ойжуулжээ. Энэ нутаг говь цөл учраас усны асуудал хамгийн бэрхшээлтэй байдаг. Тиймээс гүний усыг аль болох ашиглахаас татгалзаж борооны усыг хадгалах нөөцлөх, уурхайн саарал усыг дахин цэвэршүүлэх зэрэг аргыг ашиглаж байна. Хошууны иргэд ой модонд элдэв эмийн ургамал, жимсний мод тарьж ашиг олохоос гадна ойжуулалтын ажилд газраа ашиглуулан улсаас урамшууллын мөнгө авч амьжиргаагаа дээшлүүлж байна.

Хувь хүмүүсийн оролцоотойгоор ойжуулж буй жишээ нь 2000 оноос эхлэн төр засгаас мод тарих ажлыг дэмжин нутгийн тариачид малчдын дунд уриа ухуулгыг амжилттайгаар хийж Ордос болон Шилийн гол аймгийн малчин тариаланч нарыг өргөнөөр оролцуулснаас харагдаж байна. Элсэн цөлд улиас, бургас, харгана зэрэг ус даадаг мод тарьдаг байна. Малчид, тариаланчдыг мод тарих ажилд оролцуулахдаа тодорхой хэмжээний урамшууллаар дэмжлэг үзүүлдэг байна. Жишээ нь, өөрийн эзэмшлийн газаргүй малчин тариаланчид нийтийн эзэмшлийн элсэнд дарагдсан газраас тодорхой газрыг гэрээлэн авч ойжуулан улсын санд бүртгүүлж ойжуулсан талбайн хэмжээгээр жил бүр урамшуулал авдаг байна.

ААН-үүдийн идэвх санаачлагаар ойжуулж буй жишээ бол Хөвчийн элсийг ойжуулсан Или(亿利)компани юм. Хөвчийн элс нь Хятад улсын 7 дахь том элсэн цөл ба Хатан голын Бор тохой, Ордос хотын Хангин хошуу, Далад хошуу болон Зүүнгар хошууны нутагт байдаг 14 мянган км2 хэмжээтэй, 400 км урт, 50 км өргөн элсэн цөл ажээ. Или компани нь элсэн цөл, өндөр хүйтэн бүс, хужир давстай хөрсөнд мод тарих, уул уурхайн нөхөн сэргээлт хийх зэрэг технологийн үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Хөвчийн элсний 6 мянган км2 газрыг ойжуулаад байгаа цаашид судлаачдын зөвлөгөөний дагуу нэмэлт ойжуулалт хийлгүй экологийн тэнцвэрийг хадгалж элсийг хэвээр үлдээх ба ногооруулсан ойгоо хамгаалах нөхөн сэргээх ажилд голлон анхаарч байна.

Хятадын удирдлагууд тогтвортой урт хугацааны эдийн засгийн хөгжлийг цогцлооход байгаль орчны доройтлын асуудал бодит аюул болж байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүрээнд экологийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж бодлого, хууль болон хөгжлийн хөтөлбөртөө нарийвчлан тусгасаар байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятадын дарга Ши Жиньпин хот тосгод, уул, гол мөрнөөр аялж байгаль орчныг хамгаалах, экологийн соёл иргэншлийг хөгжүүлэх талаар дотоодын болон олон улсын тавцанд байр сууриа ил тодоор илэрхийлж байна.

Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Хятад улс дорвитой алхмуудыг амжилттай хийж байгаа нь дэлхийн бусад улс орны дунд ногоон технологи, тогтвортой хөгжлөөрөө тэргүүлэх хандлагыг төрүүлж, олон олон мэтгэлцээний гол сэдэв болж байна. Сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг хөгжүүлж, инноваци судалгаа хөгжлийн чиглэлд гол анхаарлаа хандуулснаар ногоон шинэчлэлийг хийн агаарын бохирдол, усны болон хөрсний бохирдол, цөлжилттэй тэмцэх зэрэг байгаль орчны тулгамдсан томоохон асуудлыг үе шаттайгаар бууруулж байна. Мэдээж Хятадын байгаль орчны асуудал нэг мөр цэгцэрч дуусаагүй байгаа ч НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан таван жилийн хөгжлийн бодлогодоо ногоон хөгжлийн стратегийг тусгаж, урт хугацааны үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасаар байна.

Эх сурвалж:

*Жөжян муж ба Өвөр Монголын жишээг бичихдээ 2019 оны 6-р сард ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн хэсэг судлаачын БНХАУ-д хийсэн хээрийн судалгааны тайланг ашиглав.

[1] Yang Xia, Dabo Guan, “assessment of socio-economic costs of China’s air pollution”, https://doi.org/10.1016/j.atmosenv.2016.05.036

[2] South China Morning Post, 2018. “Air pollution is killing 1 million people and costing Chinese economy 267 billion yuan a year, research from CUHK shows”.

[3] Xi, Jinping. 2017. “Secure a Decisive Victory in Building a Moderately Prosperous Society in All Respects and Strive for the Great Success of Socialism with Chinese Characteristics for a New Era.” Delivered at the 19th National Congress of the Communist Party of China. http://www.xinhuanet.com/english/download/Xi_Jinping's_report_at_19th_CPC_National_Congress.pdf

[4] Xu He and Liu Junli, 2019. Implications of “Two Mountains” Theory on China’s Green Development, Chinese Journal of Urban and Environmental Studies Vol. 7, No. 2. https://doi.org/10.1142/S2345748119750083

[5] World air quality 2020. World air quality report, https://www.iqair.com/world-air-quality-report

[6] 2013年浙江环境状况公报

[7] 2020年浙江省生态环境状况公报

[8]Xinhua net, 2021. “Beijing’s GDP tops 3.6 trillion yuan in 2020”. http://www.xinhuanet.com/english/2021-01/20/c_139684282.htm

[9] UN Environment, 2019. “A Review of 20 Years’ Air Pollution Control in Beijing”, United Nations Environment Programme, Nairobi, Kenya.

[10] Beijing Municipal Government, Clean Air Action Plan (2013-2017), http://www.cciced.net/cciceden/NEWSCENTER/LatestEnvironmentalandDevelopmentNews/201310/t20131022_82587.html

[11] Beijing Municipal Environmental Monitoring Center, 2018. Beijing released the PM2.5 source apportionment results. http://www.bjmemc.com.cn/

[12] Chinese Academy of Sciences, 2019. “China meets ultra-low emissions in advance of the 2020 goal”. http://english.cas.cn/newsroom/research_news/math/201911/t20191105_222576.shtml

[13] Xinhuanet, 2019. “China Focus: China starts implementing tougher vehicle emission standards”. http://www.xinhuanet.com/english/2019-07/02/c_138190039.htm

[14] 2020年中国生态环境状况公报。中华人民共和国生态环境部 2021年5月24.

[15] 潇湘晨报 2021.03.09. 来源:国家林业和草原局。内蒙古荒漠化和沙化土地面积持续“双减少”(记者马雨晶、 敖东)

  • Танилцуулах мэдээг бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
  • Хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтанХ.Сэлэнгэ, М.Хишигтуяа


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.