“Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөр Залуу судлаачдыг хамруулна

Aдмин / Технологи

Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгээс санаачлан “Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь монгол хэл, утга зохиолын чиглэлээр суралцаж буй, цаашид судалгааны ажил хийх сонирхолтой магистрант, докторантын судалгааны ажлыг дэмжих, суралцах нөхцөлийг хангахад туслахад оршиж байгаа бөгөөд зөвхөн залуу судлаачдыг хамруулах юм.

Уг тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүр үргэлжлэх бөгөөд академич Ц.Дамдинсүрэнгийн тэтгэлэгт хөтөлбөрт утга зохиол судлалаар 1 ахисан түвшний оюутан, академич Б.Ринчений тэтгэлэгт хөтөлбөрт аман билиг, соёл судлалаар 1 ахисан түвшний оюутан, академич Ш.Лувсанванданы тэтгэлэгт хөтөлбөрт хэл шинжлэл судлалаар 1 ахисан түвшний оюутан бүгд 3 хүн шалгарч тус бүр 1 (нэг) сая төгрөг, өргөмжлөл хүртэх аж.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт МУИС-ийн докторант Х.Урьхан (БНХАУ.ӨМӨЗО), Чой Юун Со (Choi Yoon Seo, БНСУ), Ри Юүн Жин (Ri Yun Jin, БНАСАУ), Х.Чойдогжамц, Г.Нанжидсүрэн, МУБИС-ийн докторант Э.Эрдэнэзуу, А.Ванчигмаа, магистрант Б.Пүрэвжав,ШУТИС-ийн магистрант Э.Есөнжаргал, УБИС-ийн докторант Б.Базаргүр, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Батмөнх нарын 20 орчим залуу судлаачид хамрагдахаар сонгогдоод байна. Эдгээр судлаачдын өнөөдөр ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн удирдлагууд хүлээн авч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Уг хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол:

Судлаач нь өөрийн судалгааны ажлыг гүйцэтгэж, судалгааны ажлын арга зүй ба боловсруулалтад дадлагажин суралцана.

1. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд “Эрдмийн хишиг-Эрдэмтний зөвлөгөө”-д хамрагдана.

2. Хэл Зохиолын Хүрээлэнгийн ахмад болон өсөж яваа залуу судлаачдын судалгааны арга зүйтэй танилцаж, туршлага судална.

3. Эрдэм шинжилгээний ажлын сэдвийг сонгоход тус хүрээлэнгийн эрдэмтдээс зөвлөгөө авна.

4. Хэл зохиолын хүрээлэнтэй танилцаж, өөрийн судалгааны чиглэлээр туршлага хуримтлуулна.

5. Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулж буй арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал, симпозиум зэрэгт оролцож, илтгэл хэлэлцүүлнэ.

6. Судалгааны бүтээлээ эрдэм шинжилгээний цаасан болон цахим сэтгүүлүүдэд хэвлүүлнэ.

“Эрдмийн хишиг” тэтгэлэг хүртээх шалгуур:

1. 7 хоног бүр “Эрдмийн хишиг-Эрдэмтний зөвлөгөө” уулзалт-ярилцлагад бүрэн хамрагдах.

2. Хэл Зохиолын Хүрээлэнгээс зохион байгуулах Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх.

3. Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлэх.

4. Хэл Зохиолын Хүрээлэнгээс зохион байгуулах бусад үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцох.

5. Хөтөлбөрийн хугацаанд 2 удаа хэвлэх “Эрдмийн хишиг” цахим сэтгүүлд өгүүлэл заавал нийтлүүлэх.

6. “Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөрийн тайлангийн хуралд оролцох.

7. Судалгааны ажлын сэдэв, удирдагчаа сонгосон байх.

8. Бусад байгууллагаас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх юм байна.

Энэ жил монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Манай Хэл Зохиолын Хүрээлэн нь 1921 оны 11 сарын 19-ний өдөр Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасаг нэртэйгээр байгуулагдсан бөгөөд Үндэсний хэл бичиг, соёл судлалын уламжлал, шинэчлэлийг хослуулж, эрдэм шинжилгээний өндөр түвшинд хүрсэн оюуны бүтээл туурвихыг зорьж ажилладаг шинжлэх ухааны ууган байгууллага юм. Тус хамт олон 100 жилийн ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь “ЭРДМИЙН ХИШИГ” хөтөлбөр юм.

Монгол хэл бичгийн голомтыг сахиж ирсэн 100 жилийн түүхт энэхүү хүрээлэнгээс Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, А.Лувсандэндэв, П.Хорлоо, Х.Сампилдэндэв, Д.Цэрэнсодном, Д.Төмөртогоо, Л.Болд нарын 9 академич төрөн гарсан байдаг. Цаашдаа бусад академичдын нэрэмжит тэтгэлэгийг мөн бий болгохоор төлөвлөж байгаагаа хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй танилцуулгын үеэр онцлов.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.