Концессын хууль төсөвт дарамт учруулж байна

Aдмин / Хууль

Манай улс эдийн засгаа тэлж бүтээн байгуулалтын төслүүд болох 80 төслийг хэрэгжүүлэхэд 20-30 жилийн хугацаа шаардлагатайгаас гадна 80 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй болохыг зарлалаа. Үүнийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Түүнчлэн төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрийг сонгож хэрэгжүүлэх нь төрд дарамтгүй, бүтээн байгуулалт үр дүнтэй болж эдийн засаг энэ хэрээр тэлнэ хэмээн Сангийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулснаа танилцуулах үеэр онцолж байсан юм. Харин төр, хувийн хэвшлийн хэлбэр болох концесийн гэрээгээр эдгээр төслийг урагшлуулах зайлшгүй шаардлагатай ч одоогийн мөрдөж буй Концесийн хууль үүргээ гүйцэтгэж чадахгүй, төсөвт дарамт болж байгаа гэдгийг тодотгож байгаа юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ

“Бид энэ хуулийг хувийн хэвшилтэй хамтран хоёр жилийн хугацаанд боловсруулсан. Төр-хувийн түншлэлийг одоо Концессын тухай хуулиар зохицуулж байна. Олон улсын практикт төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах 30 гаруй хэлбэр бий. Концесс нь үүний нэг юм. Бид маш хязгаарлагдмал хуулийн орчинд ажиллаж байгаа тул хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Концессын хууль улсын төсөвт ихээхэн дарамт болдог нь буруу жишиг. Барих-шилжүүлэх зарчмаар хэрэгжүүлсэн төслүүдийг Төсвийн хуулиар хянах боломжгүй тул үүнийг халах цаг болсон. Хувийн хэвшилд ашигтай атлаа төрийн үйлчилгээг сайжруулсан төслүүдийг хамтран хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн тайлбарласан.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн 30 гаруй хэлбэр байдаг ч зөв хэлбэрийг нь сонгож хэрэгжүүлээгүйгээс төсөвт дарамт үүсээд зогсохгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр болон хувийн компани хууль шүүхийн хаалга татсаар байгаа аж. Одоогоор 25.5 тэрбум төгрөгийн 60 төсөл хэрэгжиж байгаагаас 40 нь концесийн гэрээгээр буюу барих, ашиглах,шилжүүлэх төсөл аж. Хувийн компани өөрийнхөө хөрөнгөөр барьж , ашиглалтад оруулж тодорхой хугацааны дараа оруулсан хөрөнгөө нөхөж аваад дараа нь төрд шилжүүлэх хэлбэрийг концесийн гэрээгээр гүйцэтгэх ажил гэж нэрлэдэг. Тэгвэл энэ хуулийг баталснаар манай аж ахуйн нэгжүүд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, зах зээлээ тэлэх боломжтой болно. Тус хуулийн төслийг МҮХАҮТ-тай хамтран боловсруулсан байна. Хуулийн төслийг танилцуулах үеэр танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин “ Бид 30 жил зах зээлийн эдийн засагт нийгмийг хөгжүүлэх гэж зүтгэлээ. Гэвч манай эдийн засгийн тэлэлтэд олигтой дэвшил гарсангүй. Нэг хүнд ногдох ДНБ-нд эзлэх хувь 4000 ам.доллар. Хэрэв гадны хөрөнгө оруулалтыг шууд татах бүтээн байгуулалтын өгөөжийг нэмэгдүүлье гэвэл төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиа өөрч­лөх хэрэгтэй. Өөрчлөхгүй энэ хэвээр байвал байрандаа байсаар байх бол­но. Нөгөөтэйгүүр, төр хамгийн тогт­вортой байснаар хөрөнгө оруу­лалт татах боломж нэмэгдэнэ гэсэн юм”

Энэ онд Улсын төсвийн тухай хуулиар 2.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Гадны зээл, тусламжийг нэмбэл 4.6 их наядын хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжинэ. Энэ нь манай улсад шаардлагатай, 80-120 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ердөө арван хувь нь. Иймд үлдсэн 90 хувьд нь хувийн хэвшил хөрөнгө оруулдаг болгохын тулд Засгийн газар ажиллана гэсэн юм. НҮБ-аас санал болгож буй, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хамгийн сайн загваруудыг хуулийн төсөлд тусгажээ. Их Британид нийтийн тээврийг төр, хувийн хэвшил хамтран хөгжүүлсэн бодит туршлагыг Ж.Дэлгэржаргал мэргэжилтэн танилцуулав. Хоёр талаас хамтран, олон нийтэд нээлттэй, хувьцаат компани байгуулжээ. Давхар автобусаар үйлчилдэг энэ компанийг 1980 онд байгуулж, одоо компанийн жилийн орлого 1.9 тэрбум фунт стерлинг, жилийн цэвэр ашиг нь 1010 сая фунт стерлинг аж. Мөн Африкийн Ботсвана улсад аялал жуулчлалын салбараа энэ замаар хөгжүүлсэн байна.

Мөн хувийн хэвшил санаачилга гарган, төртэй хамтран төсөл хэрэгжүүлэх боломжтой.Урьдчилсан үнэлгээ хийж, энэ төсөл төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл мөн үү гэдгийг тогтоон, тухайн төслийг улсын төсөв, гадны зээл, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх үү гэдгийг шийдвэрлэх юм байна. Түүнчлэн бүрэн шинжилгээ хийж, төслийн ТЭЗҮ, эрсдэлийн шинжилгээг хийх аж. Эрсдэлээ бүрэн тооцоогүйгээс олон том төсөл зогссон жишээ бий.Түншлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах зэргээр хэрэгжүүлнэ гэлээ. Энэ хуулийг батлахтай холбогдуулан нийт 26 хуульд өөрчлөлт оруулах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.