Б.Лхагважав: Үндсэндээ арилжааны банкуудын хүслийг биелүүлэх бодлого Төв банкинд явагдаж байна

Aдмин / Улстөр

Эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Эдийн засгийн цаашдын төлөв ямар байна?

-Эдийн засгийн төлөв байдлын талаар тоон дүнгүүд гарч байна. Гол асуудал нь ОХУ-д төлж байгаа бензин шатахууны төлбөрийг албан ёсны болгож олон улсаар зөвшөөрүүлж гаргахгүй бол ам.долларын ханш өдөр бүр өсч байна. Үүний гол шалтгаан 4-5 сая доллар захаас шууд бэлнээр бензиний мөнгөнд явж байгаа шүү дээ. Манай улс 1,5 тэрбум доллараар шатахууны төрлийн материал авдаг. Үүний 1 тэрбумыг уул уурхайд зарцуулдаг. Уул уурхай болон бусад салбар тасралтгүй ажиллахын тулд бензин хэрэгтэй. Бензинээ авахын тулд бензиний компаниуд төлбөрийг янз бүрийн аргаар хийж байна, голчлон бэлэн доллараар. Энийг Гадаад харилцааны яам Төв банктайгаа яриад олон улсад мэдэгдэж ОХУ руу албан ёсны төлбөр төлдөг болох ёстой. Үүнийг хурдан шийдэхгүй бол нийгэмд маш их асуудал үүсгэж байна.

-Долларын ханшийн өсөлт энэ өвөл ямар байх вэ?

-Манай зах зээл дээр өдөрт өдөрт 4-5 сая доллар гарч байгаа. Бензин, шатахууны материалын мөнгө. Хуучин бэлэн бусаар гардаг байсан юм. Гэхдээ зах зээл дээр байгаа бэлэн долларын хэрэгцээ өдөрт Төв банк 20 сая доллар гаргаж байна. Түүний 5 саяыг нь бензинийхэн, бусад хэрэглээнд бэлэн доллар байхгүй. Долларын хомсдолоос болж долларын ханш механикаар өсч байна. Төгрөг долларын харилцаанаас илүү доллар нь ховор болчихоод байна.

-Дефолт зарлах тал дээр та ямар байр суурьтай байна?

-Энэ бол яг үнэндээ улс төрчдийн худлаа шоу. Зээл хэзээ өр болох вэ гэвэл хийгдсэн тодорхой гэрээ байгаа. 32 тэрбум доллараас бараг 23 тэрбум нь хувийн хэвшилд байна. 23 тэрбум долларын 11 тэрбум нь Оюу толгой руу орсон. Ирэх өвөл, хавраас эхлээд Оюу толгойн хөрөнгө оруулалт нөхөгдөөд явчихна. Бусад 12 тэрбум доллар нь уул уурхайн том төслүүдэд орсон мөнгө. Түүнээс биш бусад салбар руу ихдээ 500 сая доллар ч ороогүй. Энэ юуг хэлж байна вэ гэвэл эдний цаана багадаа 3-4 их наяд доллараар үнэлэгдэх байгалийн баялаг бий. 3-4 их наядаар үнэлэгдэх баялагт 20 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт оролгүй яах вэ. Юмаа хангалттай нөхчих нөөц байгааг өр гэж ярьж болохгүй. Хамгийн хүнд асуудал нь 7-8 тэрбум долларын Засгийн газрын өр. 2013 оноос эхлээд үе үеийн Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр буюу гадны банкнаас зээл авах маягаар ажлаа хийж ирсэн. Ялангуяа 2013 оноос өнөөдрийг хүртэлх нийт есөн жилийн хугацаанд 5-6 Засгийн газрын бий болгосон өр бол энэ 7-8 тэрбум доллар. Энэ асуудлаа татвараа цуглуулж менежмэнт хийж төлөх асуудал нь Засгийн газрын үүрэг. Эхний 1,5 тэрбум доллараар 3000 км зам тавьсан. Үүнийг дараагийн Засгийн газар төлж байгаа. Энэ замаар бол бид хот хөдөөгүй, өдөр шөнөгүй л давхиж байна. Харин МАН-ыхан Дарханы 200км зам тавьж чадахгүй мунгинаад байгаа. Энэ нь цаад утгаараа 2012-2013 оны хямралын үеэс эхлээд аль ч үеийн Засгийн газар гаднаас бэлэн мөнгө зээлээр авахын донтой болсон. Үүний оронд хөрөнгө оруулалтаа ихэсгээд мөнгөө өсгөдөг боломж хайх нь зүйтэй. Бэлэн мөнгө рүү өндөр албан тушаалтнууд хошуу дүрсэн. Үүний нэг жишээ Хөгжлийн банкны зээлийн ар дахь улстөрчид. Улс төрийн бүлэглэлүүд хүүгүй мөнгө хувааж идэж байсан нь ил гарсан. Компаниуд бол том, жижиг аль нь ч хариуцлагатай. Авсан зээлээ эргүүлж төлөхийн төлөө бүгд ажилладаг, ажилласаар ч байна.

-Мөнгөний бодлогын хүүг чангатгана гэж байна. Энэ нь эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Өнгөрсөн жил 4 их наяд төгрөг тараасан шүү дээ. Засгийн газар хадгаламж барьцаалаад мөнгө хэвлэж тараалгасан. Энийг том зээлдэгчид бол ашигласан. Нэг ёсондоо 2021 онд нэг жил гол зогоосон. Гэхдээ мөнгө хэвлэсэн учраас мөнгөний ханш унасан. Мөнгө хэвлэж тараагаад л байх юм бол мөнгөний ханш унаад л байна. Сая зургадугаар сарын нэгэнд хувьцаа гаргах байсан. Тэр банкны бүх зээлийг хумьсан. Зээл гаргаагүй учраас Төв банк бодлогын хүүгээ 9 хувь болголоо. Энэ нь арилжааны банкуудыг тэтгэж байгаа том тэтгэлэг. Нэг ёсондоо гадагшаа зээл гаргахгүй байлаа гэхэд хадгаламжийн хүү буурсан мөртлөө өсгөөгүй. Зөрүүний бүх ашиг арилжааны банкуудад очно. Үндсэндээ арилжааны банкуудын хүслийг биелүүлэх бодлого Төв банкин дээр явагдаж байна, өөр юм байхгүй.

-Зэс, нүүрснээс орж ирж байгаа мөнгө хаашаа ороод байна вэ?

-Эрдэс баялаг зарж байгаа компаниудын орлогын мөнгө хаашаа орж байгааг хянах нь төрийн үүрэг. Яагаад гэвэл төрийн өмчийг хил давуулж зарж байгаа хэрэг. Үндсэн хуульд төрийн өмч гэж байдаг биз. Тиймээс өмчийг зөв зарж байна уу, үнэтэй юу, хямдхан уу гэдгийг төр мэдэх ёстой. Гэтэл манай улс, Хятад хоёрын гаалийн мэдээ нүүрсэн дээр 6,7 саяар зөрсөн. Үүн дээр хурдан хяналт тавих, нүүрсийг борлуулалтын нэг сувгаар гаргах ёстой. Нүүрсний борлуулалтын бодлого байхгүй учраас хянаж чадахгүй байна.


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.250] 2022-09-08 10:39:21

Энэ хүн зөндөө л ярьдаг хэнч тоодоггүй нь харамсалтай

БАНК [202.179.26.171] 2022-09-07 09:57:32

ЯГ Л ОНОЖ ХЭЛЖ

Иргэн [64.119.26.95] 2022-09-07 07:35:21

Банкуудын хэрэглээний зээл олголт нь эдийн засгийн суурийг ганхуулаад байна. Хэрэглээ бол баялаг биш.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.