Дональд Трамп: Ирантай “Маш сайн, үр дүнтэй хэлэлцээ” өрнөж байгаа

Aдмин / Гадаад мэдээ

Иранд явуулж буй АНУ, Израилийн цэргийн тусгай ажиллагаа шинэ шатанд гарч, дипломат яриа хэлэлцээ, цэргийн дарамт, мэдээллийн дайн гэсэн гурван түвшинд зэрэг өрнөж эхэллээ. Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн даваа гарагт мэдэгдэхдээ, өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн Ирантай “Маш сайн, үр дүнтэй хэлэлцээ” өрнөж байгаа тул Ираны эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтыг тав хонгоор хойшлуулсан гэж зарласан. Гэвч Ираны Гадаад хэргийн яам болон парламентын удирдлага үүнийг шууд няцааж, “Ямар ч хэлэлцээ байхгүй” хэмээн мэдэгдсэн нь бодит байдал ба улс төрийн мессэж хоёр зөрчилдөж буйг илтгэв. Харин Трампын энэ хэв маяг бол өрсөлдөгчөө шахахын тулд хэлэлцээ аль хэдийнэ эхэлсэн мэтээр олон нийтэд зарладаг явдал. Харин Тегеран эсрэгээрээ, хэлэлцээг дотоод улс төрийн шалтгаанаар үгүйсгэдэг нь олон жилийн турш давтагдсан тактик. Гэвч бодит байдал дээр зуучлагч орнуудын шугамаар нууц яриа өрнөж буйг эх сурвалжууд мэдээлж эхлэв. Трамп “Иранд энхийн сүүлийн боломж өгч байна” хэмээн мэдэгдэж, тав хоногийн хугацаа зарласан нь дипломат шахалт ба цэргийн сүрдүүлгийг хослуулсан сонгодог стратеги юм. Тэгээд ч судлаачид Трампын хэлснийг бус хийж буйг нь ажиглаж дүгнэдэг болсон.

Одоо АНУ-ын цохилтууд Ираны пуужин, дроны үйлдвэрлэлийн төвүүд, мөн цөмийн хөтөлбөртэй холбоотой объектууд болж өрнөв. Өөрөөр хэлбэл, дэглэмийн стратегийн цөмийг шууд онилж, эдийн засаг биш, цэргийн чадавхыг саармагжуулах бодлого давамгайлж байна. Ормузын хоолойг хаах тухай Исламын хувьсгалт корпусын сүрдүүлэг нь дэлхийн нефтийн зах зээлд доргилт өгч, “Brent” маркийн үнэ огцом унаж, дараа нь хэсэгчлэн сэргэж байгаа нь зах зээл хүртэл энэ “тав хоногийн цонх”-ыг анхааралтай ажиглаж эхэлснийг харуулж байна. Харин Израиль илүү нарийвчилсан, Ираны дотоод бүтэц рүү чиглэсэн цэргийн ажиллагаа явуулж байна. Израилийн Батлан хамгаалах хүчин Тегеран дахь Исламын хувьсгалт корпусын нэг штабт цохилт өгсөн нь энгийн нэг объект биш, харин Ираны дотоод хяналтын системийн зангилаа байв. Энэ штабаас зөвхөн цэргийн ажиллагаа бус, мөн хагас цэрэгжсэн Басиж хүчнийг зохицуулж байсан нь дэглэмийн дотоод тогтвортой байдлын тулгуур цэгийг онилсон гэсэн үг юм. Гэхдээ Израилийн стратеги зөвхөн бөмбөгдөлтөөр хязгаарлагдахгүй байна. Тэд перс хэл дээр мэдээллийн сувгууд нээж, Ираны иргэдэд шууд хандсан сэтгэл зүйн болон мэдээллийн дайныг өрнүүлж байна. Эдгээр сувгаар Исламын хувьсгалт корпус, Басижийн анги нэгтгэлүүдийн байрлал, цагдаагийн постууд хаана байгааг Ираны иргэд мэдээлж, үүний дагуу тэднийг устгах цохилт байгаа нь уламжлалт дайны хүрээнээс давсан шинэ хэлбэр болж хувирав. Энэ нь зүгээр нэг гадаад цохилт биш, харин дэглэмийн суурь бүтцийг дотроос нь ганхуулах зорилготой тусгай ажиллагаа юм.

Нөгөө талд Иран ч хариу үйлдэл үзүүлж, дроноор Израиль болон Персийн булан дахь АНУ-ын баазуудад цохилт өгч байна гэж мэдэгдсэн ч бодит үр дүн тодорхой бус болж эхлэв. Гэвч агаарын түгшүүр хөрш орнуудад зарлагдсаар байгаа нь бүс нутгийн дайн болж өргөжих эрсдэл бодитоор оршиж буйг илтгэсээр байна.

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [188.162.248.209] 2026-03-25 16:41:22

тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.