ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ГИШҮҮН Я.ЦЭЛМЭН: ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ БИЕ ДААСАН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ НЬ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХУВЬД ЗӨВ

Aдмин / Хууль

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаар Монгол Улсын ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн (ЭШУСАЭГ), хууль зүйн доктор Я.Цэлмэнтэй ярилцлаа.


-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн яг ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг юм бэ?

-Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хэрэгжүүлнэ.

Комиссын гишүүн болон бусад албан тушаалтан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохыг хориглоно” гэсэн хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийх, олон нийтэд эрүү шүүлтийн хор аюулыг тайлбарлан таниулах, эрүү шүүлтээс ангид байх эрхийг төрийн албан тушаалтан, иргэдэд сурталчлах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар судалгаа хийх, ном, сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажлыг эрхлэн явуулах, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг оролцуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа тогтмол явуулах гэсэн үндсэн дөрвөн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

-Зөвлөмж хүргүүлэх нь ямар ач холбогдолтой байна. Биелэлт нь ямар хувьтай байна вэ?

-ЭШУСАЭГ нь байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд зөвлөмж хүргүүлдэг бөгөөд хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. 30 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийн дагуу арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх, огцруулах, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах хууль зүйн үр дагавартай юм. Зөвлөмжийн биелэлт өндөр хувьтай байгаа. Бид биелэлтийн дагуу хийсэн ажлын тайланг мөн эргэн газар дээр нь тооцож ажилладаг арга барилыг нэвтрүүлсэн. Зарим нэг хуучин хандлагаа өөрчлөх дургүй, арга барил нь хүний эрхийн мэдрэмжгүй, цаасаар ажил хийсэн мэт болж аргацаах гэсэн ганц нэг байгууллагын удирдлагын асуудлууд байгаа. Энэ жилээс бид ийм албан тушаалтнуудтай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж, хуулийн хүрээнд албан тушаалаас нь чөлөөлүүлэх асуудлыг хөндөнө гэсэн байр суурьтай байна.

-Монгол Улсад өнөөдөр эрүү шүүлтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд гэмт хэргийн нөхцөл байдал, түүний шалтгаан, нөхцөлийн талаар статистик мэдээллийг прокурорын байгууллагаас гаргуулах болон бусад хэлбэрээр хамтран ажиллана гэж заасан. Үүний хүрээнд бид уг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, түүний шийдвэрлэлтийн талаар статистик мэдээллийг холбогдох байгууллагуудаас авч дүн шинжилгээ хийж байна. 2017 оны сүүлийн хагас жилээс 2022 он хүртэлх байдлаар улсын хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 13.9 /Хууль бусаар баривчлах/,14.1 /Ялгаварлан гадуурхах/, 21.12 /Эрүү шүүлт тулгах/ гэмт хэргүүдтэй холбоотой нийт 385 гомдол мэдээлэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн байгууллагад бүртгэгдэн, нийт 471 хүний үйлдэл, эс үйлдлийг холбогдуулан шалгаснаас 191 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна. Улмаар прокурорын байгууллагаас 2018, 2019 онд тус бүр нэг хүнтэй нэг, 2020 онд долоон хүнтэй дөрөв, 2021 онд дөрвөн хүнтэй хоёр, 2022 онд долоон хүнтэй таван эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс 2019-2022 онуудад тус бүр гурван хэргийг шийдвэрлэсэн дүн мэдээг бидэнд ирүүлсэн.

-Иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ талаар би өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Тэр байр суурь хэвээрээ байгаа. Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүдэн шүүхийг хориглосон, ийм зүй бус арга хэрэглэж цуглуулсан нотлох баримтыг тухайн хүмүүсийн гэм бурууг тогтооход авч хэлэлцэхгүй байх утга бүхий зарчимтай. Хүнийг ямар гэмт хэрэгт холбож шалгаж байгаагаас үл шалтгаалж, хэнд ч эрүү шүүлт тулгаж болохгүй. Эдгээр иргэдийг эрүүдэн шүүсэн гэдэг нь нийтэд үзүүлсэн бичлэгээс тодорхой харагдаж байна. Хүний мөн чанарыг үгүйсгэсэн үйлдэл гарсан нь тун харамсалтай. 2015 оноос эхэлж удаан хугацаагаар үргэлжилж, хорих ял хүртэл өгсөн байдаг. Энэ асуудал цагдан хоригдож байсан хүмүүсийн хоорондын зөрчил гэж тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн тайлбарлаж байгаатай санал нийлдэггүй. Учир нь эрх мэдэл бүхий албан тушаалтны оролцоо, зөвшөөрөлгүйгээр эмэгтэй хүн хоригдож байгаа өрөөнд хорих ял эдэлж байгаа эрэгтэй хүн дураараа орж гардаг журам өмнө нь ч байгаагүй, тэр үед ч байгаагүй, одоо ч байхгүй. Эрүү шүүлтийг тогтолцоо ашиглаж хийвэл ямар аюултайг энэ тохиолдлоос харж болно. Зарим хүн цаазаар авах ялыг ямар нэг хугацаанд сэргээн хэрэглэе гэж ярьдаг. Хэрвээ эдгээр хүмүүсийг цаазаар авсан бол бид эрхийг нь хэзээ ч сэргээж чадахгүй нөхцөл байдал үүсэх байв. Бидний хуулиар хүлээсэн гол үүрэг бол энэ тогтолцооны шалтгаан нөхцөлийг тогтоон, түүнийг өөрчлүүлэх талаар ажиллах юм.

-2015 он гэдэг чинь ардчилсан гэх тодотголтой ерөнхийлөгчтэй байсан үе шүү дээ. Энэ тэгээд байж болох асуудал мөн үү. Уг хүмүүс гурван шатны шүүхээр гэм буруутай нь нотлогдсон гэж тухайн үед мэдээлж байсан. Одоо яагаад ийм байдалд хүрэв?

-Олон улсад Мирандагийн анхааруулга гэдэг зарчим байдаг. Энэ нь тухайн хүнээс эрүүдэн шүүж мэдүүлэг ба нотлох баримт олж авсан бол тухайн нотлох баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хүчингүй гэсэн. Өөрөөр хэлбэл, хэнээс ч тайлбар, мэдүүлэг авахаар хэнбугай ч хүч хэрэглэх, тулгах, сэтгэл санаагаар дарамтлах, эрүүдэн шүүх арга ашиглаж болохгүй тухай юм. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 15 дугаар зүйлд “Оролцогч улсууд эрүү шүүлтийн улмаас хийсэн гэж тогтоогдсон мэдэгдлийг шүүн таслах аливаа ажиллагаанд нотлох баримт болгохгүй, харин эрүү шүүлт тулгасан хэмээн буруутгагдсан хүний эсрэг мэдэгдэл хийгдсэн тухай нотлох баримт болгон ашиглаж болно” гэж заасан. Мөн Монгол Улсын хууль тогтоомжид ч нэгэн адил энэ талаар тодорхой хуульчилсан. Тэр тусмаа одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулиар төрийн бүх албан тушаалтныг энэ төрлийн гэмт хэргийн субъект байж болох тухай өргөн хүрээнд зохицуулсан. Тухайн иргэдтэй эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд уулзсан. Сэтгэл санаа, эрүүл мэндээр маш их хохирсон талаараа зарим мэдээллийг өгсөн. Мөн тухайн эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг илрүүлсэн АТГ-ын мөрдөгчид зэрэг хуулийн байгууллагын шударга алба хаагчдад маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн. Засгийн газрын тэргүүн ч тодорхой байр суурь илэрхийлсэн. Одоо хамгийн түрүүнд эдгээр хүмүүсийн хохирлыг боломжит богино хугацаанд барагдуулахад тал талаасаа анхаарах шаардлагатай.

-УИХ-аар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, ХЗБХ-нд танилцуулахыг Засгийн газарт даалгасан байна. Эрүү шүүлтээр урьдчилан сэргийлэх асуудлаар “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг судлан танилцуулах” гэсэн нь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дахин бий болгох асуудал гэж ойлгож болох уу?

-Шууд тэр утгаар ойлгож болохгүй. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны 2022 оны буюу анхны тайланд тусгасан саналуудын нэг нь энэ асуудал юм. Энэ асуудалд нухацтай, ул суурьтай, судалгаатай хандах шаардлагатай. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субъект өнөөдрийн мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар төрийн бүх албан хаагч, албан тушаалтан байж болохоор зүйлчлэгдсэн. Бид олон улсын сайн туршлагыг олж нэвтрүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэг байдлаар оролцдог байгууллагын дэргэд байгуулах нь тийм ч оновчтой санал биш. Учир нь дээрх байгууллага, түүний алба хаагчдын үйлдэж болзошгүй гэмт хэргийг мөрдөн шалгах тул энэ бүтэц бие даасан байдлаар байгуулагдах нь үзэл баримтлалын хувьд зөв байх болно. Төрийн тусгай албан хаагчид энэ асуудалд эмзэглээд байх шаардлагагүй, хуучны татан буугдсан прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах асуудлыг дэмжихгүй саналтай байдгаа нэр дэвших үедээ ч илэрхийлж байсан, одоо ч энэ байр сууриндаа байна. Учир нь тухайн үед шүүхээр шийдвэрлүүлж байсан хэргийн статистик, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй байсан зэрэг олон учир дутагдалтай зүйлс энэ албанд байсан гэж хардаг. Хамгийн гол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй прокурорын байгууллагын дэргэд мөрдөх алба байх нь зарчмын хувьд тохиромжгүй. Харин одоо байгуулахаар зөвлөж байгаа энэ бие даасан бүтэц нь зөвхөн эрүү шүүлт тулгасан, ялгаварлан гадуурхсан гэмт хэрэг, зөрчлийг шалгах, мөн бүх төрийн албан хаагч энэ гэмт хэргийн субъект байж болохоор хуульчилсан гэдгийг л анхаарч, харах өнцгөө өөрчлөх нь зүйтэй.Мөн бие даасан хүний эрхийн шүүхийн асуудлыг ч судлах цаг нь болсон гэж боддог.

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны тайланд өөр ямар саналууд орсон бэ. Тайланд тусгасан саналуудаас хэрэгжих боломжтой болон боломжгүй болсон, яагаад гэдгийг тайлбарлаж болох уу?

-Монгол Улсад Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг олон улсын гэрээний үүргийн дагуу байгуулснаас хойш есөн сарын хугацаанд хийсэн ажлын хүрээнд тайлангаа бичиж, есөн саналтайгаар Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж, танилцуулсан. Үүнээс Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн зүйлчлэлд эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор зааж, өөр өөр бүлэгт харьяалуулсан байгаа нь зүйлчлэлийн хувьд тодорхойгүй байдал үүсгэж байгааг өөрчилж, нэг бүлэгт хамааруулж, тодорхой болгох, Эрүү шүүлт тулгаж авсан мэдүүлгээс бусад нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх агуулга Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэвээр байгааг залруулах тухай саналууд дэмжигдсэн. Харамсалтай нь, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн бүрэн бие даасан, хараат бус байдлаар бэхжүүлэх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд боломжтой бүхий л хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тухай саналыг хассан.

-Энэ нь ямар утгатай санал байсан бэ?

-Монгол Улсын Их Хурлаас ЭШЭК-ын Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийг 2014 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр баталснаар 2015 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах үүрэг хүлээсэн. Энэ байгууллагыг байгуулах үүргийг гэрээнд нэгдэн орсон улс нэг жилийн дотор биелүүлэх үүрэгтэй байдаг. Монгол Улсын ИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулийг шинэчлэн батлахдаа Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, түүний бүрэн эрх, чиг үүрэг, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан. Үүний дагуу гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулж долоон үе шат бүхий шалгаруулалтын эцэст УИХ-ын гишүүдийн олонхын саналаар 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр уг асуудлыг хариуцсан гишүүнийг томилсон. ХЭҮК-ын хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг чиг үүрэг, хууль эрх зүйн баталгааг хуульчилж өгсөн. Харин хууль хэрэглээний явцад тодорхойгүй зарим асуудлууд гарч ирсэн. Энэ механизм өөрөө маш чухал ач холбогдолтой. Сайн дураараа гарч явах боломжгүй газарт байгаа хүн бүрд хүрч, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалт, доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрхийг нь эдлүүлэх, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. ХЭҮК-ын тухай хуульд заасан бүх газар буюу хүн өөрийн хүслээр гарч явах боломжгүй нөхцөлтэй нийт 843 газарт, давтагдсан тоогоор жилд 144942 иргэн урт, богино ямар нэг хугацаагаар байрлаж байгаагаас нэн тэргүүнд Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд зорилтот бүлгийн ойролцоогоор 37000 гаруй хүнд 21 аймагт тогтмол хүрэлцэж хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг хууль, олон улсын гэрээнд зааснаар хийх шаардлагатай гэсэн тооцоог бид өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагуудаас авсан албан ёсны тоо баримт, бусад судалгаагаар тогтоосон. Бид хяналт шинжилгээний хүрээнд нэлээд хүний эрхийн зөрчил илрүүлж, түүнийг дахин гаргуулахгүй байх талаар ажлуудыг хийж байна. Үр дүн нь гарч иргэд ч эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалт, доромжлон харьцахаас ангид байх талаар ойлголт нь тэлж байна. Үр дүнд нь энэ төрлийн эрхээ хамгаалуулах гэсэн гомдол, мэдээлэл нэмэгдэж байгаа. Өргөс авсан мэт тэр дороо үр дүн нь гарахгүй ч тодорхой төлөвлөсөн хугацаанд Монгол Улс эрүү шүүлтийн хор хөнөөлөөс ангижирч чадах болно гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн есөн сарын хугацаанд бид цөөн албан хаагч, бага зардлаар олон ажил амжуулж чадсан. Хуулиар хараат бус байхаар хуульчлагдсан боловч хэрэгжилт дээрээ зарим асуудал дээр тийм биш байна. Хүний амьдралын мөчлөгөөр жишвэл энэ механизм өнөөдөр өлгийдөө байгаа хүүхэд шиг байгаа. Ийм үед нь дэмждэг болохоос сүүг нь булаацалдаад байж болохгүй байх.

-Тухайлбал яг ямар асуудлууд тулгараад байна вэ?

-Энд яривал их олон зүйлийг тайлбарлах хэрэгтэй. Тухайлбал захиргааны удирдлага, төсөв, хүний нөөц гээд олон бэрхшээл байна. Өнөөдөр эрүү шүүлтээс ангид байх хүний эрх зөрчигдлөө гэхэд шуурхай яваад очих тээврийн хэрэгсэл байхгүй, олон нийтэд мэдээ мэдээлэл бэлтгэж хүргэх техник, тоног төхөөрөмжгүй гээд л. Гэхдээ эдгээр бэрхшээл удахгүй шийдэгдэнэ гэсэн итгэлтэй байгаа. Монгол Улсын Засгийн газрын тайланд бол хүний нөөц, төсөв хөрөнгийг нь шийдээд байгуулчихсан гэж тусгаад гадагшаа танилцуулчихсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч удаа дэмжлэг үзүүлэх талаар бодитой яриа хэлэлцээр хийгдсэнгүй. УИХ-аас томилогдсоноос хойш энэ механизмын талаар төрийн бүх шатанд ойлгуулах гэж оролдож ирсэн боловч ихэнх нь уламжлалт сэтгэлгээгээр л хандаж байна. Байгууллага биш юм байна, байгууллагын даргатай нь харьцана гэдэг. Гэтэл Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг дотоод, гадаадад эрхэлсэн гишүүн нь төлөөлнө гэсэн хуулийн хэм хэмжээтэй. НҮБ-ын болон олон улсын байгууллагууд бол бие даасан механизм гэдгийг бүрэн ойлгож харилцдаг. Хуулиараа дэмжих ёстой албан тушаалтныг хүртэл заасан байдаг. Гэтэл үнэндээ байгууллагын дотоод нэгжээ дэмжихийг хуулиар зохицуулдаггүй. Энэ нь ямар утга илэрхийлж байна вэ гэхээр өөр чиг үүрэгтэй хараат бус, бие даасан механизмууд гэсэн ойлголт байгаа юм. Товчхондоо энэ механизмыг ХЭҮК-ын хуулиар зохицуулж, хамаатуулж байгуулсан нь хэр зөв юм бэ гэдгийг эргэн харах нь зүйтэй гэдэг санал Хүний эрхийг хангах үндэсний хорооны хөтөлбөрийн төсөлд тусгагдсан байсан. Хоёр бие даасан хараат бус механизмыг нэг хуулиар зохицуулсан нь өнөөдрийн манай уламжлалт тогтолцооны хувьд шинэлэг боловч тодорхойгүй зүйлс ч бас их тулгарч байгаа.Өнөөдөр олон оронд тусад нь байгуулсан, Комиссынхоо дэргэд нь байгуулсан нь маш хурдан чадавхжиж байгаа сайн талтай боловч цөөнгүй улс 1-2 жилийн дараагаас тусад нь байгуулж, үр дүнтэй ажиллаж байгаа туршлагууд бас байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Шинэ комисс шаардлагагүй. [192.82.89.33] 2023-05-21 19:19:38

Хүний эрхийн үндэсний комисс байхад НЭМЖ Эрүү шүүлт ьулгахаас сэргийлэх ТУСДАА байгууллагаар яах юм бэ? ХЭҮК нь өөрийн орших шаардлагыг нотолж ЧАДААГҮЙ байхад шинэ хүний эрхийн байгууллага бүтэхгүй, ШААРДЛАГАГҮЙ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.