Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна

Aдмин / Нийгэм

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэж, тохижилтын ажил халианд дарагдсан байдалтай байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, мэдээлэл өглөө.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Жил болгон голын сав газар дагуу халиа тошин үүсдэг. Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 14 байршилд халиа тошин үүссэн. Геодези, усны барилга, байгууламжийн газар жил бүр арванхоёрдугаар сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ны хооронд халиа тошингийн нөхцөл байдалд ажилладаг. Өнгөрсөн жил болон энэ жил үер ихтэй байсан учраас усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн 26, 40, 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7, 17, 23 дугаар хороонд халиа тошинд өртөх эрсдэлтэй айл өрхүүд оршин суудаг. Эдгээр айлд жил болгон нүүх талаар мэдэгдэл хүргүүлдэг ч биелүүлдэг нь ховор. Тодорхойлж зааж өгсөн газар руу нүүдэггүй. Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад дүүргүүдийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд хуваагдан 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна” гэв.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан "Зун бороо хур ихтэй, үер усны эрсдэлтэй байсантай холбоотойгоор Сэлбэ голын усны түвшин их байна. Мөн энэ жилийн өвөл нэлээн орой огцом хүйтэрч, голын ус доошоо түрж хөлдсөн. Зөвхөн Сэлбэ гол гэлтгүй Толгойт, Улиастай, Бэлх, Сэлхийн гол болон Гүнжийн булаг гээд Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг гол, шандтай хэсгүүдээр халиа тошин жил бүр үүсдэг. Энэ жил анх удаа үүсэж байгаа юм биш. Харин геологийн тогтоц, байгалийн нөхцөл байдлаас шалтгаалан байршил өөрчлөгддөг" гэлээ.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.158] 2024-01-01 13:14:06

Голын ай савыг нарийсгаж далан босгох нь дараагийн үерийн усан дахин иргэдийг хохироох шийдвэр. Үерийн усны хуйларсан түрэлтийг махнайхны хийж байгаа далан, хаалт диилэхгүй шүү.

Оршин суугч [103.212.118.68] 2023-12-29 12:35:18

Сэлбийн гүүрний доороос халуун ус гараад халиад байна , 24 цагаар ажиглаж байгаа нь үнэн юм уу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.