Өвлийн триатлоны анхдугаар улсын аваргад Б.Ачбадрах, Н.Энхжин нар түрүүллээ

Aдмин / Спорт

Өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа зохион байгууллаа.

“Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд болсон энэхүү тэмцээнд хот, хөдөө, спорт хороо, клубийн 40 гаруй тамирчин оролцжээ. Тамирчид цасан замаар хоёр км гүйж, таван км дугуй жийж, гурван км гүйлтийн цанаар хурд хүчээ сорин уралдсан юм.

Эрэгтэйчүүдийн элит ангилалд “Пёнчан-2018”, “Бээжин-2022” цагаан олимпын наадамд уралдсан, ДАШТ-ий хүрэл медальт, гүйлтийн цанын олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах 30 минут 05.34 секундээр түрүүлэв. Харин мөнгөн медалийг “Канвон-2024” залуучуудын олимпод эх орноо төлөөлсөн “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер А.Хүслэн 31 минут 00.86 секундийн хүртлээ. Тэгвэл хүрэл медалиар “Харбин-2024” дэлхийн цомын V байрын шагналт, дэлхийн чансааны 11 дүгээрт эрэмбэтэй Н.Алтаншагай энгэрээ мялаажээ. Тэрбээр 35 минут 52.35 секундэд замаа дуусгасан байна. Түүнчлэн шагналт байрт “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпод эх орноо төлөөлсөн залуу биатлонч Т.Амарсанаа, гүйлтийн цанын тамирчин Г.Энхнасан, “Харбин-2024” дэлхийн цомын IV байрын шагналт, Дэлхийн чансааны 12 дугаарт бичигдсэн “Рөүд Монголиа”-гийн тамирчин Л.Баярцэнгэл нар шалгарчээ.

Эмэгтэйчүүдийн элит гараанд “Цасан зам” клубийн тамирчин Н.Энхжин 45 минут 34.45 секундээр анхны аварга болов. Тэрбээр өдгөө 16 настай аж. Тэгвэл мөнгө, хүрэл медалийг Төв аймгийн залуу тамирчин Н.Отгонтэнгэр, Б.Отгонзул хүртэж, гүйлтийн цанын спортын мастер Ж.Халиунаа шагналт байрт шалгарав.

Үүнээс гадна хөвгүүдийн ангилалд Төв аймгийн М.Баясгалан, Б.Төгөлдөр, сонирхогчдын ангилалд Зэвсэгт хүчний 150-р ангийн Р.Дашдаваа, Хилийн цэргийн 0101-р ангийн Б.Лхагвабаатар, 0151-р ангийн Ц.Энхболд нар медалийн эзэд болсон байна.

Мөн сонирхогчдын дээд насны ангилалд ХХЕГ-ын дарга асан, хошууч генерал Ш.Лхачинжав, цэрэгжлийн спортын дэд мастер Ю.Туяа нар амжилттай уралдлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.