Р.Сэддорж: Говь руу ус татах төслүүдээ эрчим хүчний асуудалтай хамт шийдвэрлэж байж мега төслүүд урагшилна

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газрын хуралдаан саяхан говийн бүсэд боллоо. Орон нутагт Засгийн газар хуралдах нь зардал чирэгдэлтэй талаар зарим иргэд шүүмжилдэг. Говийн бүсээс сонгогдсон гишүүний хувьд уг хурлын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Засгийн газрын хуралдаан өмнө нь 2011 онд Өмнөговь аймгийн Баяндалай суманд буюу цөлжилт ихтэй газар нутагт болж байсан. Түүнээс хойш 14 жилийн дараа говийн бүсэд дахин болж байна. Газар дээр нь ирж хуралдаж, шийдвэр гаргах шиг ач холбогдолтой зүйл хаана ч байхгүй. Нэг талдаа таны хэлж байгаа шиг төсөв мөнгө хүндрэлтэй үед зардал их гарч байгаа боловч нөгөө талдаа асуудал дунд, уур амьсгал дунд, говийн иргэдийн дунд төр нь ирж хуралдаж байгаа нь орон нутгийн хувьд өндөр ач холбогдолтой үйл явдал гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр бид өмнө өөр өөрийнхөө сонгогдсон аймаг, сумдаа ярьдаг байсан бол одоо хөрш аймагтайгаа хамтарч хэрхэн хөгжих вэ, тулгамдсан асуудлаа яаж шийдэх вэ, бүсийн хэмжээндээ бид яаж нэгдэх үү гэдэгт анхаарч байгаа нь сайн хэрэг. Монгол Улс хөгжихийн тулд говийн бүс рүү анхаарах хэрэгтэй. Энэ утгаараа хөгжлийн хамгийн ач холбогдол өндөртэй том 14 төслийн ихэнх нь говийн бүсэд хийгдэнэ. Эдгээр том төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, дэд бүтэц, бүгдийг шийдэж болно. Харин усгүй бол нэг ч төсөл хэрэгжих боломжгүй. Тиймээс бид нэн тэргүүнд говио устай болгох шаардлагатай байгаа. Энэ утгаараа говийн бүс хөгжлийн гол тулгуур бүс гэж ойлгох хэрэгтэй.

-Мэдээж таны хэлдгээр говийн хөгжлийг усгүйгээр төсөөлөх боломжгүй байх. Нөгөөтэйгүүр усны асуудад говь нутгийн иргэдийн амьдрал, амьжиргаанд асар нөлөөлж байгаа нь үнэн болов уу?

-Говь бол Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр, байгалийн баялгийн гол төв болсон ч усны хомсдол, цөлжилт, орчны доройтол иргэдийн амьдралд бодит аюул учруулж ирсэн. Уснаас болж иргэд нэгнийхээ эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насанд хүртэл хохирол учруулах хэмжээнд хүртлээ асуудал хурцадсан нь үнэн. Саяхан нээлтээ хийсэн “Цагаан Бургастай-Онгийн усан цогцолбор”, Улаан нуурын экосистемийн сэргээлтийн төсөл нь зөвхөн ус дамжуулах хоолой биш, харин ирээдүйн амьдралыг авчирч буй шинэ урсгал юм. Энэ бол монголчууд бид байгалийнхаа тэнцвэрийг сэргээх, нэгэн голын усан дээр түшиглэн хөгжих хангай, говийн түүхэн интеграцийн эхлэл. Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр энэхүү төслөөр дамжин говийн иргэд цэвэр ус хэрэглэнэ. Говийн бүсийн иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар дээшилнэ. Шинэ ажлын байр, жижиг бизнес, бичил үйлдвэр хөгжих хөрс суурь тавигдана. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит бодлого, томоохон хөрөнгө оруулалтаар хариулж чадна гэдгээ харуулж байна. Мөн хууль тогтоох байгууллагын хувьд бид энэ мэт урт хугацааны тогтвортой шийдлийг дэмжих хууль, бодлогын орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллах шаардлага тулгарч байна.

-Сая таны хэлсэн “Цагаан Бургастай-Онгийн усан цогцолбор” зэрэг усны томоохон төсөл эхэллээ. Эдгээр төслүүдийн эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын асуудлыг Байнгын хороо хэрхэн авч үзэж байна вэ?

-Говийн гүний усаар олон жил нүүрс, зэс угаалаа. Одоо гадаргын усаа авчирч байж том төслүүдээ хэрэгжүүлэхээс өөр замгүй. Говьд ус ирснээр зөвхөн үйлдвэрт ашиглахаас гадна эко системээ хамгаалах, газар тариалан хөгжих, амьтай бүхний амьдралын чанар сайжрах онцлог ач холбогдолтой. Түрүүн хэлсэн УИХ-аар эдийн засгийг тэлэх, хөгжүүлэх 14 мега төслийг баталсан.

Эдгээр 14 төслийн нэг нь энэхүү “Орхон-Онги, ХэрлэнТоонот ус дамжуулах хоолой барих” төсөл. Энэ төслөөр экологийн төслүүдийн үр ашгийг дээшлүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах, говийн бүсийн уул уурхайн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангах энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ Хэрлэн голын олон жилийн дундаж урсацын 5-9 хувийг битүү хоолойгоор дамжуулан Хэнтий, Чойр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангах юм. Ингэснээр Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны түвшин тогтворжиж, Онги голын дагууд оршин сууж байгаа 29.2 мянган хүн ам, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэнэ. Үүний үр дүнд хүлэмжийн хийн ялгарлыг 30 мянган тонноор бууруулж, 51.6 тэрбум м3/с цэвэр усыг хуримтлуулна. Говийн бүс нутаг дахь эдийн засгийн хөгжил, хуурайшилтыг багасгах, нэмэлт усны нөөц хот суурин газар руу чиглэх нь хүн амын төвлөрөлтийг багасгах, хүн ам, хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах усны хэрэглээг хангах, цөлжилтийг бууруулах, отор нүүдлийг багасгах олон талын ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр говь руу ус татах төслүүдээ эрчим хүчний асуудалтай хамт шийдвэрлэж байж говийн бүсэд хэрэгжих мега төслүүд урагшилна.

-Энэхүү усны том төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх юм бэ?

-Усны төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх боломж одоогоор байхгүй байна. Тиймээс үүнийг гадаад эх үүсвэрээс бүрдүүлэх, энэ чиглэлд гадны шууд хөрөнгө оруулалт татах талаар ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа.

-Эдийн засгийн байнгын хороог удирдаж байгаа хүний хувьд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн өсөлт өмнөх онтой харьцуулахад бага зэрэг саарсан ч, ашигт малтмалын олборлолт болон үйлчилгээний салбарын нөлөөгөөр эрчимтэй өссөн. Уул уурхайн салбарын өсөлт, тэр дундаа зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буй Оюу толгойн уурхай 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтөд гол түлхэц үзүүлнэ. Харин 2023, 2024 онд малын хорогдлын томоохон хохирол амссан хөдөө аж ахуйн салбар энэ онд сэргэх төлөвтэй байна. Хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэж буй нь эдийн засгийн өсөлтөд түлхэц үзүүлэхээр байгаа боловч Монгол Улс түүхий эдийн экспорт, тэр дундаа нүүрсний экспортоос хамааралтай байгаа тул эрсдэл байсаар байна. Цаашид том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх, БНХАУын эдийн засгийн нөхцөл байдал болон ашигт малтмалын түүхий эдийн бүтээгдэхүүний үнээс гадаад эрэлт ихээхэн хамаарч манай улсын эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдгийг онцлон хэлье.

-Танай хороо энэ хаврын чуулганаар ямар гол асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна вэ?

-Эдийн засгийн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах хуулийн хугацаатай. Эдийн засаг, хөгжлийн яамнаас Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг манай Байнгын хороо хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан. Энэ хууль тун удахгүй батлагдана. Энэхүү хууль батлагдаж зээлжих зэрэглэлийг оноогоор тооцдог аргачлалд шилжсэнээр иргэдийн с анхүүгийн чадавх, эдийн засгийн боломжид саад учруулан зээл авах боломжийг хаадаг, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг “зээлийн хар жагсаалт” гэгч зүйл байхгүй болно. Өнөөдөр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт ихээхэн нэмэгдсэн байгаа. Мөн тэтгэврийн зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлийн өр орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна. Иргэд ийнхүү өнөө маргаашийн өдөр хоногоо зээлээр аргалж амьдарч байна. Гэтэл зээлээ төлөхөд хугацаа хоцроох зэрэг ялихгүй шалтгаанаар дахин зээл авах боломж хаагддаг нь иргэдийг ихээхэн хохироодог юм. Энэ сөрөг асуудлыг шийдвэрлэхэд энэхүү хууль том дэмжлэг болно гэж харж байгаа.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр эрх зүйн орчин, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд ямар алхмууд хийж байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт гадаад эрэлт, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой шууд холбоотой учраас өнөөгийн дэлхий дахины геополитикийн тодорхойгүй байдал манай эдийн засгийн өсөлт, валютын нөөц, төлбөрийн тэнцэл, төсвийн орлого, гадаадын хөрөнгө оруулалтад учрах эрсдэлийн шалтгаан болж байна. Томоохон дэд бүтцийн төслүүд, төмөр замын шинэчлэл, эрчим хүчний хангамжийг сайжруулахад манай улс анхаарал хандуулж экспортыг дэмжих чиглэлээр хөрш оронтойгоо хийх худалдаа нэмэгдсэн, хилийн боомтуудын нэвтрэх чадвар сайжирсан, мөн цацраг идэвхт ашигт малтмалын түүхий эд олборлох талаар гуравдагч оронтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлж, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт идэвхжиж байна. Гэвч ороод ирсэн хөрөнгө оруулагчдаа хамгаалах чиглэлээр хийгдэж байгаа ажлууд туйлын хангалтгүй байгаа нь үнэн. Иймээс ойрын үед Хөрөнгө оруулалтын хууль болон бизнесийн үйл ажиллагааг зохицуулж байгаа бусад багц хуулиудыг шинэчилж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээнүүд авах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Таны хувьд улс орны эдийн засгийг дунд болон урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийн тулд юунд хамгийн түрүүнд анхаарах шаардлагатай гэж үздэг вэ?

-Монгол Улсын хөгжлийн гол саад тотгор бол тавьсан зорилгоосоо ухардаг, өөр чиглэлд замнадаг, ирээдүйн зорилгодоо төвлөрдөггүй, үүнээс болж бодлого тодорхойгүй байн байн өөрчлөгддөг явдал юм. Энгийнээр хэлэхэд, урагшаа алхъя гэж шийдсэн мөртлөө алхам бүрдээ үүнээсээ ухардаг, өөр чиглэлд алхдаг. Ингэхээр бид хэзээ ч зорьсон газартаа хүрэхгүй. Энэ талаар хөрөнгө оруулагчид ч удаа дараа санал шүүмж хэлж, манай улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэхэд төвөгтэй байгаа талаар хэлдэг. Иймээс манай улс Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр “хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” хэмээн маш тодорхой заасан. Үүн дээр хүн бүхний мэдэх маш тодорхой нэг жишээг авахад, Баялгийн сангийн асуудал.

-Баялгийн сангийн асуудлаар танаас асууя гэж бодож байлаа. Уг асуудалд таны байр суурь ер нь ямар байгаа вэ?

-2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж Үндэсний баялгийн сангийн эрх зүйн үндсийг тодорхойлсон. Монгол Улс өмнө нь энэ төрлийн санг байгуулах зорилгоор 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталж, “Эрдэнэс Монгол” ХХКийг үүсгэн байгуулсан ч, уг сангийн хөрөнгийг иргэддээ бэлэн мөнгө хэлбэрээр тарааснаас шалтгаалан сан хөрөнгөгүй болсон. Энэ нь эргээд эдийн засагт өрийн дарамт үүсгэсэн төдийгүй санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй хуулийн этгээдийн засаглал, эрх зүйн орчин нь улс төрийн нөлөөнөөс хамааран тогтворгүй болж, сангийн менежментийн бодлого үндсэндээ бүрэн алдагдаж, уг хуулийг 2016 онд хүчингүй болгосон түүхтэй. Энэ удаа өмнөх алдааг давтахгүй байх, Үндэсний баялгийн с ангийн тогтвортой байдлыг хангах үүднээс тус хуулийн 12 дугаар зүйлээр Баялгийн сангийн хөрөнгө тогтвортой байх, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт сангийн эх үүсвэр, хөрөнгөнөөс 2030 он хүртэл зарцуулалт хийхгүй байх талаар тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн заалт бүрд “Байгалийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх” гэсэн агуулгыг тодорхойлсон. Гэвч одоо бусад хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагал дуулан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай санал, санаачилга гараад байгааг нуух аргагүй байна. Ингээд эхэлбэл дээр дурдсанчлан бодлогоосоо ухрах, бодлого тогтворгүй, тодорхойгүй байдал руу гулсах хөгжлийн саад тотгор хэвээр үргэлжлэх сөрөг тал байсаар байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Э.Мөнхтүвшин


Сэтгэгдэл

Төсөл сайхан сонсогдсон ч цаана чинь их хашуун туршлага бий. [66.181.160.36] 2025-05-14 16:05:55

СССР буюу ЗСБНХУ 1960-1970 оны үед хойшоо урсдаг тэр их устай Сибирийн голуудаа УРАГШАА Казахстан, Узбекистаны халуун цөлрүү урсгана гэсэн төслүүд хэрэгжүүлж байгаад хямарч, сүүлдээ бүр ДАМПУУРЧ дууссан. Тэр том агуу улс голуудаа урагшаагаа урсгаж БАРААГҮЙ юмдаа. Монгол Улс нь хойшоогоо урсдаг ус багатай цөөхөн голоо УРАГШАА Өмнөговь, Дорноговийн халуухан цөлрүү урсгах гэж байгаад БАС ДАМПУУРЧ дуусах вий дээ. Улсын өчнөөн мөнгө төгрөг, хүчийг Говийн элсэнд булаад дуусгах аюултай ш дээ. Хохирлыг тэгвэл ХЭН ХАРИУЦАХ УУ???

Зочин [66.181.181.40] 2025-05-14 11:30:08

Ваа нохойн цагаан жогорхой . Энэ бид хоёр юу мэдэж хуцаж сууна. Өмнөговиос нүүрс тендерийн мөнгө хулгайлж баяжсанаа юу гэж бодоод байгаа хуушааны хүүгийн ам хошногоны алчууо вэ??? Ийм юмаар э/з удирдуулаад бид мөнч хол харайнадаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000