Д.Цэндсүрэн: Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарсанд баяртай байна

Aдмин / Улстөр

Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэнтэй ярилцлаа.

-Увс аймагт Ардчилсан намын Ажлын хэсгийнхэн “Ардчилсан Монгол” хөтөлбөр, шинэ Үндсэн дүрмийн төслийн танилцуулгаа хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ талаар ярилцъя?

-Улс төрийн намын тухай хууль, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд хэлэлцүүлэг хийж байна. 2007 оноос эхлээд нам дүрэм, журмаа сахиад явдаг байсан. Яг “Женко” Х.Баттулга, С.Эрдэнэ, Ц.Туваан гурваас эхлээд энэ намын дүрэм завхарчихсан. Хамгийн анх “Асем вилла” дээр болсон дүрмийн хэлэлцүүлэг дээр би эсэргүүцэж байсан. Та нар ийм байж болохгүй ээ гэж. Анхнаасаа зөв хийхгүй, зарчмаасаа хазайгаад явчихсан. Сүүлийн арваад жил дүрмээ сахисангүй. Өнөөдөр анхан, дунд шатны нэгжийнхний дунд хэлэлцүүлэг хийж байгаа нь зөв.

-Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчлэлийн хүрээнд зайлшгүй оруулах шаардлагатай ямар зүйлс байна вэ?

-Хэлэлцүүлгээ хийгээд, редакторын түвшинд маш чамбайруулах зүйл их байна. Амьдралд жаахан ойрхон дүрэм хиймээр байна. Сумын намын хорооны тэргүүлэгч, сумын Иргэдийн хурлын төлөөлөгчийн мандат гэж хоёр юм өгөх юм байна. Суманд 42 тэргүүлэгч олдохгүй. Мандатын тоотой тэнцүү байхад л болно. 21 төлөөлөгчтэй байхад хангалттай. Тэд үндсэндээ сумын намыг санхүүжүүлж авч явах хүмүүс. Үүнийг бодох хэрэгтэй.

-Намын даргыг сонгохдоо ямар зарчим баримтлах нь зөв бэ?

-Намын даргыг намын Их хурлаас л сонгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр Үндэсний бодлогын хорооноос сонгохоор фракцууд хоорондын зодоон, нүүдэл, тохирооноос болж намын үндсэн зарчим алдагдаж байна. Сүүлдээ бид үнэт зүйлээ танихаа больж эхэллээ. Барууны нам уу, зүүний нам уу гэдэг нь ч мэдэгдэхгүй, МАН-ын дагуул нам ч юм шиг. Энэ нь үндсэн дүрмээ бариагүйгээс л болсон асуудал. Дээр нь хариуцлага хүлээдэггүй.

Намын дүрэм дээр тодорхой бий. Аймаг, сум, УИХ-ын ямар ч сонгууль болсон олонхын суудал аваагүй, ялагдсан бол сонгуулийн дүн гарснаар намын удирдлага шууд огцрох ёстой. Аймаг, дүүргийн намын дарга нарыг Улс төрийн зөвлөлд оруулмаар байгаа юм. Яг аймаг, дүүрэг, орон нутаг удирдаж байгаа, шийдвэр гаргах түвшний хүмүүс орон нутагт юу хэрэгтэй, яах ёстой вэ гэдгийг мэднэ.

Тэгэхгүй Улаанбаатар орчмын хэдэн хүн суучихдаг. Тэд амьдралаас хол шийдвэрүүд гаргадаг. Улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрүүд хэрэгждэггүй шүү дээ. Ер нь дандаа өргөтгөсөн хуралдаан хийж, улс орны хэмжээнд нэг команд, нэг бодлого, нэг шийдвэрээр ажиллах ёстой.

-Увс аймгийн Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулж чадаагүй. Та намын дүрмийн дагуу ажлаа өгөх ёстой байх?

-Төв намаас даргын албаа хэзээ өгөх талаар асуухаар “Байж бай” гэдэг.

-Ардчилсан намын Үндсэн дүрмийн төсөлд Үндэсний бодлогын хорооны гишүүнээр найман жил ажилласан хүнийг намын даргаар сонгоно гэж тусгасан байсан. Энэ зөв үү?

-Энэ бол хүний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа хэрэг. Магадгүй гялалзсан, нас залуу, нам удирдах хэмжээний, гурав дөрвөн жил ҮБХ-ны гишүүн байсан хүн байж болно шүү дээ. Хоёрхон жилийн хугацаанд ҮБХ-ны гишүүн байсан, нам удирдах хэмжээний лидерүүд гараад ирж болно.

Та нар Аргентины Ерөнхийлөгч 2022 оны парламентын сонгуульд ялалт байгуулаад, хоёрхон суудал авсан. 2023 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад, өнөөдөр ганцхан жилийн дотор 60 жил завхарсан Аргентин улсыг өөрчилж чадаж байна.

Дүрэм дээр бас намын даргыг сонгохдоо хамгийн бага санал авсан хүнийг хасах журмаар сонгоно гэсэн байна. Арван хүн нэр дэвшвэл 10 удаа санал хураалт болно. Угаасаа 50+ буюу хамгийн өндөр санал авсан хоёр хүнээ үлдээгээд, саналыг нь авчихна гэсэн үг. Ингэвэл завхруулдаг байхгүй юу. Би сайн мэднэ.

Ховд аймгийн намын даргын сонгууль болсон. Дөрөв, таван удаа санал хураалт болсон. Хамгийн бага санал авсан хүнээ хасаж явсаар байгаад. Тэрэн дотор хэчнээн хуйвалдаан, нүүдэл байгаа билээ. Би бол санал хураалт боллоо, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчээ бүртгэчихээд, дараагийн санал хураалтад оруулаад шийдчих хэрэгтэй гэсэн ийм л санал Үндсэн дүрэм дээрөгмөөр байна. Мөн намын үндсэн дүрэм, үнэт зүйлээс хазайвал ямар ч шалтгаангүйгээр хариуцлага хүлээх ёстой. Тэгэхгүй бол намын Үндсэн дүрэм хэрэгжихээ больчихож байгаа юм.

-АН Хамтарсан Засгийн газраас гарлаа. Та анхнаасаа намынхандаа Хамтарсан Засгийн газарт орох хэрэггүйг анхааруулж байсан хүний нэг юм байна. Энэ талаар та одоо байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Бид ардчилсан нийгмийг 1990 онд сонгосон. Энэ нийгмийг ардчилсан, нээлттэй, эрх чөлөөг дээдэлдэг хүмүүс байгуулсан. Үндсэн хуулинд бий, Монголын ард түмэн төрийн эрхийг шууд болон шууд бусаар барина. Төрийн эрх барьж байгаа хэлбэр нь сонгууль. Бүтэн сонгуульдаж сонгуульдаж, ялагч ялагдагч тодордог.

Мөрийн хөтөлбөрийг нь үзээд, гараад ирэхээр нь хамтарчихдаг. Тэгвэл сонгууль хийх хэрэг байгаа юм уу. Зүүний нам, барууны нам гээд үзэл бодлын ялгаагүйгээр нийлчихдэг. Түүнийгээ их гоё үгээр халхавчилдаг. Эх орон, эрх ашиг, хөгжил дэвшил, 14 мега төсөл гээд. Одоо тийм үлгэрээ ярихаа болимоор байна. 14 мега төсөл бол Монгол Улсын ДНБ-ийг хэд давсан төсөл.

-Эдийн засгийн нөхцөл байдлаа бодсон ч 14 мега төсөл цаасан дээр үлдэх вий гэж судлаачид, эдийн засагчид анхааруулдаг. Бид хэрэгжүүлж чадах болов уу?

-Харин чадах уу? Хээрийн хэргийг хээр ярьж, гэрийн хэргийг гэрт ярь гэдэг. Ялагдсан нь ялагдсанаараа, ялсан нь ялснаараа байя, бодлогоо хэрэгжүүл. Сануулж хэлэхгүй бол сайн засаглал ч ялзардаг. МАН ялсан юм бол АН сөрөг хүчнээ хий. Алдаа завхралыг нь хэл. Эд ингэж төр барьж байна, бид ялбал ингэнэ гэдгээ хэлж харуулах хэрэгтэй.

-Өнөөдөр элдэв татвар, шимтгэл гээд эгэл иргэдийн амьдралд гялайж гялтайх зүйл ховор байна. Энэ талаар та ямар бодолтой явна вэ?

-Ардын нам гарч ирээд яаж байна вэ гэхээр татвар, халамжаа нэмдэг, албан тушаалаа худалдаж наймаалдаг. Эдний үнэт зүйл ердөө тэр шүү дээ. Харин бид гарвал татвар, халамжаа багасгана, эдийн засгаа дэмжинэ. Гэтэл бүгд очоод нийлчихдэг. Би засагт хамтрах, 14 мега төслийг анхнаасаа эсэргүүцэж байсан. Болио та нар гэж. Энд үзэл бодлын зөрүү гэдэг юм алга болж эхэлж байна.Ёстой нээрээ хээрийн чонотой гэрийн нохой нийлэхээрээ юу болдог билээ. Тэгээд Ардчилсан нам хулхидуулж ханадаггүй байхгүй юу.

-Тийм үү?

-Яг тийм. 2004 онд хамтарч Засгийн газар байгуулсан. Яг шинэ жилийн өмнөхөн М.Энхболд Ц.Элбэгдоржийг огцруулж байсан. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гийн Засгийн газрыг байгуулсан. Хэдхэн сар болоод л хаяад гараад явчихсан. Тэд өөр үнэт зүйлтэй. Тэдний үнэт зүйл нь албан тушаал, эрх мэдэл. Тэд засаглахын төлөө байдаг. Улс орноо хөгжүүлье, үнэхээр авлигатай тэмцье, шударга байя, төрийг төвшин байлгая, эрх зүйт төрийн хуулийн дор байлгая гэдэг зүйл мэдэхгүй. Ийм хүмүүстэй очоод битгий хамтраач гэдэг зүйлийг л хэлсэн.

Сонгуулийн дөрвөн жил гэдэг дөрөв унтаад л босох хугацаа. Ардчилсан намыг үнэт зүйл, байр суурь, зарчим дээрээ байгаасай гэж хэлж байсан. Би бас анхнаасаа л “Социалистууд хэзээ ч чөлөөт эдийн засгийг удирдаж чадахгүй” гэжхэлж байсан. Наадуул чинь чөлөөт эдийн засгийг ойлговол социалист биш болчихно. Та нарын үгийг наадуул чинь авахгүй. Гэрээ ил тод биш гэдгийг хэлсэн.

-Хамтарсан Засгийн газрын гэрээг хэлж байна уу, та?

-Тийм ээ. Гэрээгээ одоо хүртэл манай намын бүлэг олж үзэж чадахгүй байна. МАН, АН, ХҮН ямар гэрээ хийснийг мэдэхгүй. Анхнаасаа эрх мэдэл, мөнгөн дээр найзалсан найзууд хол явдаггүй, салаад алга болдог юм. Жилийн нүүр ч үзсэнгүй найман сар боллоо. Хамгийн муухай нь 20 саяын цүнх, тэрбумын машин, верталётоор зугаалсан хэрэггээд хамтралын гэрээг манай нам зөрчсөн болж таарч байх шиг байна.

МАН угаасаа ийм увайгүй нам. Угаасаа хэлээд гарч байгаа биз дээ, гэрээ зөрчсөн гээд. Яг ямар гэрээ зөрчсөн юм бэ. Хамгийн муухай нь,ерөнхий нарийн бичгийн даргаасаа авахуулаад их, бага хурлын гишүүд нь бүгд хурлаас гарахдаа тэгж хэлж байгаа юм. Миний урд оюун ухаантай хүн суунаа даа гэж боддоггүй юм уу. Хүмүүс гэдэг чинь оюун ухаантай шүү дээ. Зүгээр л нэг малуудтай харьцаж байгаа юм шиг. Тэр ньХамтарсан Засгийн газрын булхайг л дарах гэсэн шүү дээ. Найман жилд улсуудыг ямар байдалд хүргэв...

-Ямартаа ч ажилгүйдэл их, ядуурал буураагүй л байна...

-1990 оноос хойш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүртэл 100 гаруй их наядыг л зарсан байна лээ. Бараг 30-аад жилд шүү дээ. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн засаг 100 гаруй их наядыг зарцуулсан байна. Энэ хугацаанд манай улсад ядуурал, ажилгүйдэл буурсан уу, шударга ёс тогтсон уу гэвэл үгүй. Одоо нийгэм өдөр болгон кастын систем рүү орж байна. Баян, хоосны ялгаа гарч байгаа нь тэр 20 саяын цүнх, тэрбумын үнэтэй машин, верталётоор зугаалдагаар илэрхийлэгдэж байна. Бид ийм юмыг л эсэргүүцсэн шүү дээ.

-Ардчилсан нам Засгаас гарлаа. Одоо сөрөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгэх хэрэгтэйг хүмүүс хэлж байна. Та санал нэг байна уу?

-Одоо нам шиг нам байцгаая. Эв нэгдэлтэй байцгаая.Гомдол цөхрөлөө хойш нь тавьцгаая. Одоо бид үнэхээр чөлөөт эдийн засгийг дээдэлсэн, баруун либерал намаараа байж, сөрөг хүчнээ хийе. Өлсөж үхчих гээд байгаа биш. Өнөөдөр улс орны ирээдүй юү рүү явж байна вэ, нийгэм ёс суртахууны хувьд ямар айхтар ялзарч байна вэ.

Ямар ёс суртахуунгүй, ялзарсан бэ гэдэг жагсаал болж байхад манай улсын хэдэн самгачуул, эмээ нар ирж баахан самарлаа. Нэг авгай ирээд 60 саяар лайв хийнэ, би тийм хямдхан амьтан биш гээд. Залуучууд өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлээд, жагсаал цуглаан хийж байхад тэрийг тараах гэж урдаас нь сөрж жагсаал хийгээд байх юм. Муухай шүү дээ. Их солиорсон улс. Жагсаалын эсрэг жагсаал зохион байгуулдаг. Би тэнд очсон. Баахан майхан барьчихсан байсан. Тэд ийм увайгүй. Хамгийн том зарчим бол эрх чөлөөний зарчим байхгүй юу.

-Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гээд?

-Тийм. Таалагдах албагүй. Тэдний санал бодлыг сонсоод, авахыг нь аваад, алдаа оноо байвал алдааг нь засаад явах төрийн үүрэг шүү дээ. Би нэг зүйлийг үргэлж хэлдэг. Энэ төр ялзралынхаа дээд цэгт хүрлээ. Энэ түүх хожмын үр хүүхдүүдэд түүх болж бичигдэнэ л дээ.

Одоо бага хаадын үе шиг л, ёстой нэг ороо бусгаа, улс орон авлига, хээл хахуульд автсан, ялзарсан, улс орны хөгжил дэвшил гацаасан ийм л он цагууд миний амьдарч байгаа цаг үе дээр бичигдэж байгаад би их харамсдаг юм. Төр нь төр шиг байх ёстой.Хамтарсан Засгийн газраас барууны үзэлтэй, эрх чөлөөг дээдэлдэг манай Ардчилсан нам гарсанд баяртай байна.

-Монгол Улс ардчиллын индексээр ухарсан үзүүлэлттэй байна. Монголын ардчиллыг хэн гажуудуулж байна гэж та хэлэх вэ?

-Ардчиллыг гажуудуулж буй буруутай этгээдүүд бол бид өөрсдөө. Яагаад гэхээр Ардчилсан нам дотор эрх мэдлийн зодооныг эхлүүлсэн. Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаас хойш буруудсан. Эрх мэдлийг гартаа авч, дангаар засаглах сонирхол, өөрөө ардчиллын автор болсон Ардчилсан намыг муутгаж, Ардын нам дураараа дургих үндсийг бид тавьж өгсөн.

Өөрөөр хэлбэл, сануулж хэлдэг, хаая хүүе гэж үглэдэг хүнгүй болгоод хаячихсан. Тэр нь байхгүй болчихоор эд нар дураараа дургиж байна. Өнөөдөр ядарсан иргэдийн ТҮЦ-ийг булаагаад авчихаж байна. Хүний хөрөнгө шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулинд хүний хөрөнгийг дайчилж авахыг хориглоно гэж бий. Үнэхээр нийгмийн дайчилгаа болоод, шаардлага гараад авахаар бол нөхөн төлбөрийг нь өгөөд авах ёстой. Манай аймагт бас л ийм юм болж байсан.

-Увс аймгийн Ардчилсан намын тэргүүлэгчдийн хурал саяхан хуралдаж, энэ асуудлыг хэлэлцсэн байна. Ямар шийдвэрүүд гаргасан бэ?

-Бид нөхөн төлбөрийн асуудлыг ярилцсан. Би өөрсдөө засаглаж, өчнөөн газар чөлөөлж байсан. Гэхдээ бид нэг ч иргэн хохироогоогүй. Нөхөн төлбөрийг нь өгөөд, гэрээ хийгээд авдаг байсан.Би ганцхан хатуу зарчим баримталдаг байсан. “Нийлүүлээд хадсан таван банз иргэний өмч шүү. Бид хүний өмчид халдаж болохгүй” гэсэн. Гэтэл Ардын нам яаж байна, хүний өмчийг буулгаж л байна.

-Улаанбаатарт ч ялгаагүй л дээ?

-Харин тийм. Улаанбаатарт машины номер 2 саяас нааш олдохоо больсон. Тэнд дамлаад зараад, авлигын үндсийг Нямбаатар тавьж байна шүү дээ. Манай Ардчилсан нам хөрөнгө хураах үйлдэлд оролцож байна. Үгүй тэр, Ухаа худагаа, Нарийнсухайтаа, 34 хувиа авна уу, үгүй тэрийг чинь яриа хэлэлцээрийн замаар авч болно биз дээ. Тэгээд Батзандан гэж галзуу, солиотой юм гаргаж ирээд тавьчихсан. Тэр бид хоёр ард түмний өмч олж ирдэг хүн мөн үү. Бидний байж байгаа царай энэ.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл

МАН одооны байдлыг 2028 онд овжноор ашиглана [66.181.183.73] 2025-05-27 23:15:50

МАН эхний жилдээ АН-тай засаг бариад зорилгодоо хүрчихсэн. “Эхний жилд АН-тай хамтраад хөл гараа олох гэж байгаад хугацаа их алдлаа” гэсэн нэрийг МАН зүүж авч зорилгодоо хүрлээ. Иймд 2028 оны сонгуулийн үед “МАН-ын Засгийн газар муу ажиллаа” гэхэд хариуд нь “АН-тай 2024-25 онд хамтарсны улмаас л ийм юм боллоо, ингээгүй бол ийм балай зүйл болохгүй байсан юм” гээд л шүүмжлэлийг бут цохино. Кх! Тэгээд л дундаж сонгогч мангартаад л явчихна, МАН-ыг буруугүй гээд бодочихно.

Мөнх-Эрдэнэ [43.228.131.118] 2025-05-27 16:32:11

Зөвхөн АПУ Батчимэг гишүүн гэхэд л жагсаалтанд орохын тулд Одбаяр Гантөмөр нарт 5 тэрбум төгрөг өгсөн. Энэ 2 гуйлагчин энэ мөнгийн намын сонгуульд зарцуулаагүй хувьдаа завшсан.

Дэнзэн [43.228.131.118] 2025-05-27 16:29:18

Гантөмөр Ганинбаас 2 хамтын хариуцлагаа хүлээгээд ажлаа өгөөд яв. АН их хурлаа хийж шинэ даргаа тодруулах нь зөв. Зүгээр байсан намыг /24 оны УИХ сонгуульд ялах бүрэн боломж байсан/ зориудаар МАН-тай хуйвалдаж нэр дэвшүүлэлт, жагсаалтын дараалал дээр нэг талыг барьж гэх мэтээр МАН-нд албаар ялагдаж өгч хэсэг бүлэг хүмүүс ажил албан тушаал авсан тэр МАН-ын БЭТ-үүдээс салж тэднийг хөөх ёстой шүү. Гантөмөр болон МАН-ын БЭТ Одбаяр, МАН-ын БЭТ Туваан, МАН-ын БЭТ Ганинбаал нарт хариуцлага тооцно тэд МАН-ндаа орж очиж ажилд орцгоо. АН-ын Жагсаалтыг зарж хувьдаа мөнгө завшсан БЭТ Одбаяр Гантөмөр нарыг шалгана.

Зочин [124.158.108.46] 2025-05-27 12:17:08

Ардчилсан намын ялаа өтнүүд улс орон намаар талцаж хэрүүл хийж хөгжил гацах болсонд баяртай байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000