“Монгол хаан” жүжгийг 350 сая ам.доллараар санхүүжүүлсэн нь худлаа мэдээлэл болохыг баталлаа

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Монгол хаан” жүжгийг Соёлын яамнаас 350 сая ам.доллараар санхүүжүүлсэн тухай мэдээллийг түгээж эхэлсэн. Тэгвэл энэ мэдээлэл үндэслэлгүй гүтгэлэг бөгөөд ямар ч боломжгүй болохыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон “Монгол хаан” жүжгийн продюсерууд албан ёсоор мэдэгдлээ.
ССАЖЗЯ болон “Монгол хаан” жүжгийн ерөнхий продюсер М.Есөнмөнх, гүйцэтгэх продюсер М.Баярцэцэг нарын мэдэгдсэнээр тус жүжиг нь Монголд болон олон улсад зах зээлийн зарчмаар тасалбарын орлого болон гадаадын продюсинг компанийн хөрөнгө оруулагчдаас санхүүжилтээ босгож ажиллаж байгааг мэдэгджээ.
Тухайлбал, Монгол Улсад нийт 108 удаа тоглоход 105,000 үзэгч үзэж, нэг тасалбарын дундаж үнэ болох 100,000 төгрөгөөр тооцоход дотоодын зах зээлээс дангаараа 10 тэрбум буюу 2.8 сая ам.доллар олсон байна. Энэ бүх орлогыг уг жүжгээ Их Британийн West End-д гаргахын тулд бүгдийг нь буцаан хөрөнгө оруулалт хийж, гэрэл, дуу, тайз шилжилт, чимэглэл, хувцас хэрэглэл, хүүхэлдэй, тусгай эффектүүд зэрэг деталь бүр дээр нь олон улсад өрсөлдөхүйц байлгахын тулд инноваци шинэчлэл хийхэд зориулжээ.
Их Британид Колизум театрт 17 удаа тоглолт хийн 30,000 үзэгчдэд хүргэж, тасалбарын дундаж үнэ 100 паундаар тооцож, 3 сая паундын орлого олсон. Энэ зарчмаар Сингапурын Марина Бэй Сандс-н театр уг жүжгийг өөрийн театртаа тоглуулах, мөн 50%-н хөрөнгө оруулалт хийж эрсдлээ хуваан үүрэх санал тавьснаар 2024 онд Сингапур улсад тоглож, 30.000 хүн үзсэн байна.
Энэ нь Монгол театрын жүжиг олон улсаас хөрөнгө оруулалт татсан хамгийн анхны тохиолдол болжээ. Энэхүү зарчмаар “Монгол хаан” жүжиг ирэх 9-р сард Япон Улсад тоглох бөгөөд 25 удаа тоглож, 40,000 үзэгчдэд хүргэхээр төлөвлөж, Японы продюсинг компанитай хамтран ажиллаж байгаа аж. Цаашлаад тус жүжгийн продюсерууд АНУ-ын Бродвэй, Турк, Европт зэрэг улсад тоглохоор яриа хэлцэл үргэлжилж байгаагаа онцолжээ.
Харин ССАЖЗЯ болон Гадаад харилцааны яам соёл урлагийн хувийн хэвшлийн төсөлд санхүүжилтээр дэмжлэг үзүүлэх боломжгүй бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулж, эх орноо олон улсад эергээр сурталчилж буй хувийн хэвшлийн театр, уран бүтээлчдэд бодлогын дэмжлэг буюу виз, хүсэлт зэрэг бичиг цаасны дэмжлэг үзүүлж ажилладаг болохыг дурджээ.
Продюсер М.Баярцэцэг “Олон улсад жүжиг ямар удаан хугацаанд хэрхэн классик болдог, үүнийг дагаад комик, манга, анимэйшн, кино бүтээл, мерчиндайзинг гэх мэт салбар бүтээлүүд мөн хэрхэн урган гардаг; хөрөнгө оруулалтаа олон жилийн туршид тасралтгүй амжилттай ажиллаж байж нөхдөг яг л энэ жишгээр явж буй 150 монгол уран бүтээлчийн хамтын хөдөлмөр байгаа юм” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл