А.Мягмар: Бид Саудын Араб зэрэг орнуудаас төсөл авч, зургаан хэл дээр онлайн худалдааны платформ бүтээж байна

Aдмин / Технологи

“Содон солушн” ХХК-ийн захирал А.Мягмартай ярилцлаа.

-Монгол хүүхдүүд программ хангамжийн хөгжүүлэлт чиглэлээр суралцаж, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Тэдний ур чадвар хийгээд тулгарч буй асуудлуудын талаар хоёулаа ярилцъя?

-Сүүлийн үед монгол хүүхдүүд код бичих тал дээр нэлээн амжилттай яваа нь анзаарагдаж байна. Ер нь монгол хүүхдүүдийн хувьд бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад код бичих чадвар, авьяас харьцангуй өндөртэй байдаг. Тэд бие даасан сэтгэлгээтэй, аливааг өөрийнхөөрөө бодож шийдэхийг илүүд үздэг нь энэ салбарт хэрэгтэй чанаруудын нэг юм. Програмчлалын мэргэжил зөвхөн авьяасаас гадна тууштай байдал, тэвчээр, гүнзгий мэдлэг шаарддаг.

Манай ард түмэн нүүдэлчин соёлтой, хурдан үр дүн хүсдэг, аливаад тэвчээр бага гаргах хандлагатай байдаг. Энэ нь зарим хүүхдүүдийн мэргэжлийн программист болох замд саад болох тохиолдол бий. Тиймээс бидэнд байгаа байгалиас заяасан авьяас, потенциалыг зөв чиглэлд хөгжүүлэхийн тулд суурь боловсрол, сургалтын чанар, тэвчээртэй хандлага, тасралтгүй суралцах соёл чухал ач холбогдолтой юм.

Монголчууд бидний соёлын нэг онцлог бол нүүдэлчин амьдралын хэв маяг. Нэг газраа тогтвортой суух биш, ямар нэгэн асуудал гарахаар "нүүгээд" шийддэг сэтгэлгээтэй. Энэ нь бидний ген, зан араншинд нэлээд гүн суусан байдаг гэж би боддог. Харин суурьшмал соёл иргэншилтэй хүмүүс аливаа асуудал тулгарахад шууд зугтаах бус, яг тэр газар дээрээ шийдэл олохыг илүүд үздэг. Энэ ялгаа нь бидэнд, тэр дундаа залуусд, мэргэжлийн хувьд тууштай байж, хөгжихөд нөлөөлдөг сул талын нэг юм шиг санагддаг.

-Программист болохоор суралцаж байгаа хүүхдүүд ямар алдаа их гаргаж байна вэ?

-Монголчууд бардам, омголон зантай. Энэ бол түүхэн нөхцөл, амьдралын хэв маягтай холбоотой боловч яг программист болох гэж байгаа хүнд хамгийн түрүүнд засах ёстой зүйл бол энэ зан. Би шавь нартаа ч байнга хэлдэг. “Та нар энэ бардам зангаа эвдэж чадахгүй бол би та нарт програмчлал зааж чадахгүй” гэж. Учир нь, энэ салбар өөрөө алдаа хийж, алдаанаасаа суралцахгүй бол урагшлах боломжгүй. Харин хэн нэгэн зөвлөх гэхэд "Би мэднэ" гэж зөрүүдэлбэл хөгжихгүй.

Жишээ нь, “Содон Солушн” компанийн гол онцлог бол шинээр орж ирж буй залуусыг маш сайн сургаж, хөгжүүлдэг. Харин зарим сургуулиас ирж буй оюутнууд анхнаасаа шаардлагад нийцэхгүй байх тохиолдол бий. Үнэндээ Монголд програмчлалын хичээлийг чанартай, системтэй зааж байгаа сургууль маш цөөн. Энэ нь салбарын хөгжилд саад болж байна.

-Монгол хүүхдүүдийн дунд төрөлхийн авьяастай, программист болох потенциалтай нь олон бий байх?

-Тийм ээ. Тэд ямар ч орчинд өөрөө сурч, хөгжөөд гарч ирж чаддаг. Харин тэр хэмжээний авьяасгүй боловч сонирхолтой, тууштай хүүхдүүдийг мэргэжлийн түвшинд бэлдэхэд манай боловсролын систем дутмаг байна. Энийг заавал хөндөх ёстой асуудал гэж боддог.

Өнөөдөр Монголд програмчлалын чиглэлээр маш олон сургалт зохион байгуулагдаж байна. “Эхлэл” гэх мэт нэртэй сургалтууд зөндөө л бий. Хүмүүс эдгээр сургалтад орж, мөнгө, цаг заваа зарцуулдаг ч харамсалтай нь ихэнх нь бодитой үр дүнд хүрч чаддаггүй. Өөрөөр хэлбэл, сургалтад суусан ч программист болж ажиллах түвшинд хүрдэггүй.

Гэтэл манай дээр ирж суралцаж байгаа жирийн, программчлалын суурь мэдлэггүй хүүхдүүд хүртэл 2-3 сарын дотор анхны ажлаа хийж эхэлдэг. Жил хүрэхгүй хугацаанд бие даан код бичиж, асуудал шийдэж чаддаг түвшинд хүрч байна. Энэ бол зөвхөн хүүхдийн авьяас биш, сурах арга барил, дадлага дээр тулгуурлаж байгаагийн илрэл юм.

Миний бодлоор өнөөдөр манай сургалт, боловсролын системийн гол алдаа нь бүх зүйлийг зааж өгөх гэж оролддог явдал юм. Их, дээд сургуулиуд бүх программын мэдлэгийг хүүхдэд цогцоор нь ойлгуулахыг хичээдэг. Үнэндээ энэ нь докторын түвшинд бэлдэж байгаа мэт хэт өргөн хүрээтэй, ачаалалтай заадаг. Ийм гүнзгий агуулгыг зөвхөн төрөлхийн авьяастай хүүхдүүд л бүрэн ойлгож, сурч чаддаг.

Харин дундаж буюу ердийн суралцагчдад бол энэ хандлага тохирдоггүй. Тэд хэт олон мэдээлэлд дарагдаж, эцэст нь сурах итгэлгүй болдог. Миний хувьд дундаж хүүхдүүдэд өгөх хамгийн гол зөвлөгөө бол шууд ажил хийж эхлэх, код бичээд мөнгө олох замаар сурах хэрэгтэй. Бодит хэрэглээнд суурилсан суралцах процесс нь илүү үр дүнтэй байдаг.

-Танай компани программ хөгжүүлэлт чиглэлээр сургалт явуулж байна уу?

-Сургалт зохион байгуулдаггүй. Гэхдээ олон жил хамтран ажиллах сонирхолтой залуусыг би анхнаас нь өөрөө сургаж, гэрээ байгуулан ажилд авдаг. Энэ хугацаанд байр, хоолоор хангаж, бүрэн дэмжлэг үзүүлдэг.

Ингэж бэлтгэсэн олон залуу 2-3 сарын дотор ажил хийж эхэлдэг, жил хүрэхгүй хугацаанд бие даан программ бичнэ. Энэ нь зөв арга барил, зөв орчинд суралцсан үед жирийн хүүхэд ч сайн программист болж чаддагийг харуулж байгаа юм.

-Монголд дэлхийн түвшинд код бичдэг залуус олон байдаг уу?

-Байлгүй яах вэ. Монголд чадварлаг, үнэхээр хүчтэй, гүнзгий мэдлэгтэй код бичигчид цөөнгүй бий. Тэдний ихэнх нь гадагшаа, ялангуяа АНУ, Япон, Герман руу явж, программистаар ажиллаж байна. Программист гэдэг дэлхийн хаана ч “гологдохгүй” мэргэжил. Тэр тусмаа код бичиж чаддаг хүн хэзээ ч ажилгүй хоцрохгүй. “Программист болоход хамгийн чухал зүйл юу байдаг вэ” гэж олон хүн асуудаг. Миний ажиглалтаар гурван үндсэн чанар шаардлагатай байдаг.

Нэгд, логик сэтгэлгээ. Энэ нь математикт сайн байхтай холбоотой ч заавал тоондоо мундаг байх албагүй. Хүүхэд багаасаа оюуны тоглоом тоглодог байсан, юмны учир шалтгааныг эрж хайдаг бол логик сэтгэлгээ хөгжсөн байдаг. Тоондоо дунд зэрэг байсан ч логик нь сайн байвал программист болж чадна.

Хоёрт, англи хэлний мэдлэг. Орчин үед мэдээлэл ихэнхдээ англи хэл дээр байна. Код бичихэд хэрэглэгддэг хэлнүүд ч англи үндэстэй. Тиймээс англи хэлээ сайн эзэмшсэн хүн аливаа асуудлыг бие даан судалж, шийдэж чадна. Энэ нь бусдаас хамааралгүй суралцах гол түлхүүр болдог.

-Гуравдугаарт?

-Тууштай зорилго, тэвчээр. Хамгийн чухал зүйл. Тухайн хүн “Би программист болно” гэж сэтгэл шулуудсан байх хэрэгтэй. Энэ мэргэжил сурахад үнэхээр хэцүү. Зарим нь дөрвөн жил их сургуульд сураад, төгсөөд юу ч хийж чаддаггүй. Ажилд орж, дахин 1-2 жил дадлагажиж байж өөрийн толгойгоор ажиллаж эхэлдэг. Нийтдээ 5-6 жилийн хугацаа зарцуулж байж сайн программист болдог. Тиймээс сурах гэж байгаа хүн үнэхээр тэсвэр, тэвчээртэй байх ёстой.

Ялангуяа их, дээд сургуульд сураагүй хүмүүсийн хувьд бие дааж программист болох гэдэг бол бараг бүтэшгүй мэт санагддаг. Би өөрөө энэ салбарт олон жил ажиллахдаа маш олон IT инженерүүдийг программист болох мөрөөдөлтэй явдгийг нь ажигласан. Харамсалтай нь, зарим нь яг тэр мөрөөдөлдөө хүрч чадаагүй, инженерийн ажлаа хийгээд явж байгаа тохиолдол ч цөөнгүй байдаг.

-Энэ мэргэжлийг сонгоход танд юу нөлөөлсөн бэ?

-Анх би физик, геометр, математикийн олимпиадад ордог, тэр чиглэлд сонирхолтой байсан. Ирээдүйд ямар мэргэжил сонгох вэ гэдгээ яг тэгэхэд сайн мэддэггүй байсан. Зүгээр л “Инженер болно” гэж бодож явсан. Харин тэр үед надтай хамт Дарханд сурч байсан Эрдэнэбаатар гэдэг ах надад маш их нөлөөлсөн. Тэр ах маань олимпиадын аварга байсан. Бидэнд тоо заадаг, үнэхээр мундаг хүн. Би бараг дагаж гүйж байгаад л олимпиадын амжилтад хүрсэн гэхэд хилсдэхгүй.

Нэг өдөр Эрдэнэбаатар ах маань КТМС-д орж, программист болно гэж ярьсан. Тэрийг сонсоод би ч бас сонирхож эхэлсэн. Тухайн үед Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүн болоод, "Программист болно гэдэг тэрбумтан болох зам" гэж хүртэл ойлгож байлаа шүү дээ. Тэгээд л ахынхаа араас КТМС-д орохоор шийдсэн.

Улсын хэмжээнд 5000 гаруй хүүхэд шалгалт өгч байхад би 68-д жагсаж, олимпиадын төвийн хүүхэд 72-т жагсаж байсан юм. Программ хангамжийн хуваарь миний өмнөх хүүхдүүдэд тараад дуусчихсан. Би сэтгэлээр унаж, бараг уйлах дөхсөн. Харин “Мэдээллийн систем” гэсэн хуваарь байсан.

Багш нараас асуухад “Энэ бол программ хангамжтай төстэй, үндсэн суурь нь адилхан” гэж хэлсэн. Ингээд би сонголтоо хийсэн, мэдэхгүйгээр. Гэхдээ үнэн зөв шийдвэр, одоо эргээд харахад яг л миний хийж буй ажилтай хамгийн ойр мэргэжил байжээ.

-Монголд тэр үед программ хангамжийн чиглэлийн мэдээ мэдээлэл хомс байсан болов уу?

-Суралцах эхний үед техник технологийн мэдээлэл, орчин Монголд тийм ч хангалттай байгаагүй. Хичээл заах багш нар, сурах материал, туршлага, практик гээд бүх зүйл хязгаарлагдмал байсан. Гэхдээ тухайн үед оюутнууд бид маш их хичээдэг байсан.

Хичээл бүрийг алгасахгүй үзэхээс гадна өөрсдөө орой болгон интернэт кафе орж, нэмэлт мэдээлэл хайж, бодитоор код бичиж туршиж үздэг байсан. Энэ нь намайг хөгжихөд маш том түлхэц болсон гэж боддог. Анх биднийг энэ чиглэлээр суралцаж эхэлж байхад зөвхөн Монголд ч биш, дэлхий нийтээрээ л дөнгөж дижитал шилжилтдээ орж эхэлж байсан үе. Бид яг тэр шилжилтийн эхний давалгаан дээр таарсан.

-Жишээлбэл?

-Бид Ньюс.мн сайтыг анх хийж байсан. Тэр үед Оллоо.мн тэргүүтэй сайтууд Монголын онлайн орчныг эзэлсэн байв. Харин дэлхийд бол CNN.com шиг сайтууд аль хэдийнэ илүү интерактив, анимэйшн, хөдөлгөөнтэй, үзэмж сайтай, хэрэглэгчдэд ээлтэй технологи руу шилжчихсэн байсан. Харин Монголын сайтууд тэр үед яг "хөлдүү", динамикгүй, хөдөлгөөнгүй, цэвэр HTML төвтэй байсан.

Тэр үед вэб сайтыг илүү “амьтай”, хөдөлгөөнтэй болгодог гол технологи нь JavaScript байсан. Гэтэл Монголд JavaScript мэддэг хүн бараг байхгүй шахуу байлаа. “Ньюс.мн”-ийг хийж байхдаа бид "CNN шиг л гоё сайт хийнэ дээ" гэж зорьдог байсан ч JavaScript-ийг анх судлахад их хүндрэлтэй байв.

Би гэхэд ердөө нэг таб хийж гаргахын тулд бүтэн сар судалж, Yahoo.com, CNN.com зэрэг сайтын кодыг хуулаад, уншаад, туршаад явдаг байлаа. Тухайн үед өөрийн гараар бүгдийг бичнэ гэдэг асар их хөдөлмөр шаарддаг байсан.

-Математикт сайн байсан тань энэ бүхний учрыг олоход тусалсан уу?

-Тийм ээ. Энэ үед зөвхөн логик, математик сайтай хүүхдүүд л програм бичиж чаддаг байлаа. Дундаж мэдлэгтэй хүн бие дааж сурна гэдэг бол бараг бүтэшгүй мэт байв. Учир нь бүх зүйлийг “гараар” хийдэг, бүх технологи нэг дор байсан. Backend, frontend гэсэн ойлголт ч тодорхойгүй, бүгдийг ганцхан хүн хийх ёстой мэт ойлголттой байлаа.

Өнөөдөр бол технологийн хөгжилтэй зэрэгцээд програм бичих орчин, боломж илүү амар, хүртээмжтэй болсон. Backend, frontend нь тусдаа, хөгжүүлэлтийн хэрэгслүүд нь бэлэн, олон нийтийн мэдлэгийн санд хандах боломж бүрэн нээлттэй болсон.

Силикон Валлид хөгжүүлж буй технологийг бид шууд ашиглаж чаддаг болсон нь үнэхээр том давуу тал. Гэхдээ бид технологийг зохиож буй биш, ашиглаж буй улс гэдгийг өөрөө би даруухнаар хүлээн зөвшөөрдөг.

-“Содон Солушн” компани хэзээ байгуулагдсан бэ?

-“Содон Солушн” компанийг бид анх 2006 оны зургадугаар сарын 11-нд байгуулсан. Тавуулаа өөрсдийнхөө компьютерийг чирээд, “Хатагтай” эмнэлгийн ард байрлах хоёр давхар жижиг өрөөг түрээсэлж, тавуулаа нийлж эхэлсэн. Тухайн үедээ “гайгүй” хүүхдүүд байсан шүү.

Манай хамтрагч Амундра хамгийн сэргэлэн нь байсан учраас бусдыгаа цуглуулж, тодорхой зорилгогүй ч эхлэлээ тавьж чадсан. Анх бид юу хийхээ ч сайн мэдэхгүй, зүгээр л суугаад ярилцдаг байсан. Харин Амундра янз бүрийн ажил олж ирдэг, гүйж явдаг байсан тул манай баг бага багаар ажилтай болж, туршлага хуримтлуулж эхэлсэн.

2006 оны сүүлч, 2007 оны эхээр бид Ньюс.мн төслийг авсан бөгөөд хамгийн том, хамгийн анхны томоохон сорилт байсан. Эхэндээ тэр сайтын нэр Гого Ньюс ч билүү тийм нэртэй байсан. Харин дараа нь нэрээ сольж, Ньюс.мн болсон. Энэ домэйнийг ч Амундра өөрөө авч, сайт хийх шийдвэр гаргасан.

Ньюс.мн-ийг бүтээхдээ бид өдөр, шөнөгүй ажиллаж, цаг минутын мэдрэмжээ алдтал код бичиж байсан. Тэр нь бидний хувьд программ хангамжийн бодит практик, хичээл дээрээ авч чадаагүй мэдлэг, бодитоор тулгарсан сорилтууд байв. Энэ бүх зүйл биднийг хөгжүүлж, өнөөгийн "Содон Солушн" компанийг бий болгоход үнэтэй туршлага болсон юм.

Ньюс.мн төслийг хийж дууссаны дараа бидний баг бага зэрэг өөрчлөгдөж, үүсгэн байгуулагчдын тоо гурав болж, компанийнхаа үйл ажиллагааг цааш үргэлжлүүлсэн. Албан ёсоор компанийн үүсгэн байгуулагдсан огноог 2007 оны арваннэгдүгээр сараас тооцдог.

Тухайн үед “Ардын эрх” сонины эрхлэгчээр ажиллаж байсан Тэмүүлэн эгч бидэнд “Одоо хувь хүмүүсээр ажил хийлгэхгүй. Компаниа байгуул. Албан ёсоор гэрээ хийгээд яв” гэж шаардаж, биднийг албан ёсны компани болох алхмыг хийсэн юм. Ингээд бид 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл 18 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

-Танай баг хамт олон өнгөрсөн жилүүдэд юу юу хийж бүтээж амжив?

-Манай баг 400 гаруй вэб сайт, программ хангамж, платформ хөгжүүлэлт хийсэн. Үүнээс 50 орчим нь том хэмжээний, системийн шийдэл шаардсан платформууд, гар утасны аппликэйшнүүд байсан. Мөн 50 орчим мэдээллийн сайтын хөгжүүлэлт хийсэн.

Гэвч бид эдгээрийг харьцангуй жижиг хэмжээний ажил гэж үздэг. Өөрөөр хэлбэл, анх мэдээллийн сайт хийх их том даалгавар мэт санагддаг байсан бол өнөөдөр бидний хувьд танилцуулга, мэдээллийн сайтууд суурь чадвар, туршлагын хүрээнд энгийнд тооцогдож байна.

-Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Цахим аюулгүй байдал бол бидний хувьд нэн тэргүүний ач холбогдолтой асуудлын нэг. Манайх аюулгүй байдлаа бие даан хариуцдаг. Өөрсдийн сервер дээр ажилладаг. Гаднын код ашигладаггүй. Туршлагатай, итгэлтэй багийн гишүүдтэй ажилладаг.

Олон жилийн туршид бидний хөгжүүлсэн сайтууд ямар ч халдлага, хакерын асуудалд өртөөгүй. Энэ бол бидний бодлого зөв, зохион байгуулалт сайтай байсны илэрхийлэл гэж үздэг. Цагдаа, тагнуул зэрэг хүчний байгууллагын системүүд дээр ч ажиллаж ирсэн нь манай багийн хувьд аюулгүй байдлын стандартыг онцгой анхаардагийг харуулдаг.

-Өнөөдөр вэб хөгжүүлэлт хийж буй олон жижиг компанийн гаргаж буй алдаа, сул тал юунд байна вэ?

-Загвар дизайн талаасаа онц сайн биш. Аюулгүй байдлын мэдлэг дутмаг. Нууцлал, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал дээр хангалтгүй ажилладаг. Манай компанийн хувьд хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах нууцлалын бодлого, өндөр хандалт, ачаалал тэсвэрлэх системийн бүтэц, туршлагад суурилсан кодын стандарчлалтай. Шаардлагатай тохиолдолд банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын систем дээр ч ажиллах чадамжтай.

-Сүүлийн үед төрийн байгууллагууд болон хувь хүний цахим хаяг халдлагад өртөх тохиолдлууд их гарах болсон. Энэ нь юутай холбоотой вэ?

-Саяхан зарим банк, санхүүгийн байгууллагын хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан талаар мэдээ гарсан. Тухайлбал, Хаан банкны нэр хүндтэй холбоотой ийм мэдээлэл цацагдсан.

Гаднаас дүгнэхэд, энэ бол хакердуулсан гэхээс илүүтэйгээр дотоод зохион байгуулалтын алдаа. Мэдээлэлтэй ажилладаг, эрх бүхий цөөн хүмүүсийн түвшинд замбараагүй байдал үүссэн байж болзошгүй гэж ойлгосон. Манай компани бол технологи ашиглагч. Бид Google, Facebook зэрэг дэлхийн томоохон компаниудын боловсруулсан технологид суурилж, Монголын нөхцөлд тохируулан найдвартай, аюулгүй, хэрэглэгч төвтэй системүүдийг хөгжүүлж ирсэн.

Бидний олон жилийн туршлага, тогтвортой баг, тодорхой бодлого энэ амжилтыг авчирсан гэж бодож байна. Програм хангамж бүтээхэд аюулгүй байдал эхнээс нь суурилж, бүтцийн зохион байгуулалттай байх ёстой.

Хүмүүсийн нийтлэг алдаа бол “эхлээд бүгдийг нээлттэй байлгаж байгаад дараа нь хаадаг” гэдэг арга барил бөгөөд энэ нь аюулгүй байдлын цоорхой үүсгэдэг. Хэрэглэгчийн эрхийн түвшин (role-based access control) системийг зөв зохион байгуулж, логик алдаа гаргахгүй кодлох нь хамгаалалтын гол үндэс болдог.

-Хэрэглэгчид өнөөдөр юу хүсэж байна вэ?

-Өмнө нь вэб сайт гэдгийг ойлгодоггүй байсан бол одоо хүмүүсийн хэрэгцээ автоматжуулалт, хиймэл оюун ухаан руу чиглэж байна. “Ньюс.Мн” зэрэг сайтуудын дараа вэб хэрэгцээ огцом өссөн. Энэ нь зах зээлийн соёл, хэрэглээний өсөлттэй холбоотой.

Хэрэглэгчид одоо автоматжуулалт, хиймэл оюун ухаан, ухаалаг шийдлүүд хүсдэг болсон. Тэд өмнөхөөсөө хамаагүй өндөр шаардлага тавьж байна. Үүнд зөвхөн мэдээлэлтэй байх бус, тэр мэдээлэл үр дүнтэй, шуурхай, ухаалаг байх ёстой болсон.

-Монголын IT салбарт ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Татварын дарамт, дэмжлэггүй байдал. Стартап, жижиг дунд IT компаниудад төрөөс ямар нэг хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэггүй. Мөн хүний нөөцийн хомсдол их. Туршлагатай хөгжүүлэгчид гадагшаа гарч, үлдэж буй хүмүүст өндөр цалин амлах шаардлага тулгардаг. Энэ нь компаниудыг санхүүгийн дарамтад оруулж байна. Компаниудын зардал өсч, өрсөлдөх чадвар буурдаг.

-“Содон Солушн”-ы онцлог ба ирээдүйн зорилгоос хуваалцахгүй юү?

-Бид өөрсдийн бүтээсэн “core” систем дээр суурилж ажилладаг. Бусдын код дээр ажиллахаас илүүтэй өөрсдийн бүтээл дээр төвлөрдөг. Саудын Араб, Өвөр Монгол зэрэг орнуудаас төсөл авч, зургаан хэл дээр онлайн худалдааны платформ бүтээж байна. Бид ирээдүйд гадаад руу ажлаа тэлэх, онлайнаар сургалт явуулах, туршлагадаа тулгуурлан бодитой, практик сургалт хөгжүүлнэ.

-Монгол Улсын боловсролын тогтолцоо, салбарын бодлогын талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Монголд хүүхдүүдийг 15 хичээлээр үнэлэх биш, мэргэших боломж олгох тогтолцоо хэрэгтэй. Ерөнхий мэдлэгийн хөөцөлдөөнөөс илүү нарийн чиглэлээр гүнзгийрүүлэн сургах нь чухал гэж бодож байна. Монгол хүүхдүүдийн авьяас, сонирхолд тулгуурласан боловсролын систем байх ёстой.

-Та иргэнийхээ хувиар нийгмийн ямар асуудалд санаа чилээж явна вэ?

-Бардам зан, атаархал хоёр монгол хүний хөгжилд хамгийн их саад болж байна. Өөрийн мэдлэг, арга барилаа бусдад хуваалцах хүсэлтэй, бусдад туслах сэтгэлтэй хүн байх нь чухал.

-Монголд IT чиглэлийн бизнес хийх хэцүү юү?

-Хэцүү биш, харин өрсөлдөгч нарын дунд чанартай хүн цөөхөн учраас боломж их байна. Багаасаа бие даан, хөдөлмөрлөж сурсан туршлага маань одоогийн амжилтад хүргэсэн. Гэр бүлтэй, ухамсартай залуус Монголд үлдэж, хувь нэмрээ оруулах боломжтой гэж боддог.

-Монгол хэлний тухай хуульд заасны дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ хос бичгээр хөтөлж буй. Танай компанийг монгол бичгийн платформ хийсэн гэж дууллаа. Энэ талаар ярихгүй юу?

-Манай компани саяхан Нийслэлийн Нийтийн тээврийн газарт монгол бичгийн дэмжлэгтэй хувилбар гаргаж өгсөн. Мөн төрийн байгууллагуудын хувьд ч монгол бичиг дээр суурилсан вэб платформууд хийх шаардлага нэмэгдэж байна. Энэ нь манай компанийн онцлог, содон шийдлийн нэг жишээ юм.

-Танай компани хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Одоогоор 15 орчим хүнийг байнгын ажлын байраар хангаж байна. Гэхдээ IT салбарт ажиллах боловсон хүчний олдоц жил ирэх тусам хүндэрч байна. Олон чадварлаг программист гадаадад ажиллах болсон нь дотоодын компаниудад мэргэжилтэй хүний дутагдал үүсгэж байна. Үүнээс шалтгаалж туршлагатай хүмүүс өндөр цалин шаарддаг, харин компаниуд нь түүнийг дагаад өндөр татвар төлөхөд хүрч, санхүүгийн дарамтад орж байна.

-Бодлогын түвшинд анхаарах асуудал юу байна вэ? IT салбарт ямар дэмжлэг, хөнгөлөлт, урамшуулал шаардлагатай гэж боддог вэ?

-IT компаниуд, стартапууд өнөөдөр ямар ч хөнгөлөлт, дэмжлэггүйгээр ажиллаж байна. Биднийг жижиг бизнес гэж үздэг, татварын дарамт ихтэй. Улсаас энэ салбарыг дэмжсэн бодлого гаргахгүй бол залуус гадагшаа “урсах” хандлага улам ихсэж байна. Харин үүнийг зохицуулах боломж бий. Зөв бодлого хэрэгжүүлж чадвал бид дотооддоо хүчтэй технологийн компаниудтай болох бүрэн боломжтой.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000