ЧУУЛГАН: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.07.03/ нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.
Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлттэй танилцав.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар дүгнэлтийг танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанаас Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120,000,001-180,000,000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12,000,000 төгрөг дээр 120,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180,000,000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21,000,000 төгрөг дээр 180,000,000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг тус тус зөрчөөгүй байна гэж шийдвэрлэж, Цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлт гаргажээ.
Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахад УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх горимын санал дэмжигдсэн хэмээн УИХ-ын гишүүн Э.Одбаяр танилцуулав.
Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Төсвийн байнгын хорооны 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Тус байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулав.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, төслүүдийн тухайн зүйлтэй холбогдуулан ажпын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсныг тодотгосон юм.
Улсын Их Хурлын даргын 2025 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Их Хурлын 52 дугаар тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоолын холбогдох заалтууд бүрэн хэрэгжиж дуусаагүй гэж үзэн Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах, мөн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгагдсан төсвийн орлогыг аль нэг этгээд, эсхүл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх зохицуулалтыг хасах саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Харин ажлын хэсгээс гаргасан “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах заалт нь төрийн дэмжлэгээр хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг барихад дэмжлэг үзүүлэх утгатай байгааг тодотгоод, үүнийг олон нийт ашиг сонирхлын зөрчил гэж үзэж байна хэмээсэн.
Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн буюу төсвийн мөнгөөр хувийн сургууль, цэцэрлэг барина гэж ойлгож болохгүй. Компани, хувь хүн сургууль, цэцэрлэг барихад өөрийн хөрөнгөө оруулаад, нийт борлуулалтын орлогынхоо нэг хувьтай тэнцэх татварын хөнгөлөлт эдлэх зохицуулалт гэж тайлбарласан.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, хувийн сургууль, цэцэрлэгт хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн бодлого орж ирж байна. Үүний оронд татвараа аваад гурван ээлжээр хичээллэж байгаа улсын сургуульдаа хөрөнгө оруулах нь зүйд нийцнэ. Нийгмийн тэгш байдлаа хангая гэвэл боловсролын салбараас эхлэх ёстой гээд, хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийг дэмжиж байгаа ч төсвийн тодотгол дагуулан ийм хуулийн төслийг хэлэлцэн баталж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүд асууж, үг хэлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл уншиж танилцуулав.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналд хийсэн дүн шинжилгээ, дүгнэлтийг УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцуулсан.
Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулалтын 3 төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон санхүүжих дүнг 31,000.0 сая төгрөгөөр, урсгал зардлыг 21,775.6 сая төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 15,000.0 сая төгрөгөөр, нийт 67,775.6 сая төгрөгөөр төсвийн нийт зарлагыг нэмэгдүүлсэн.
Мөн урсгал зардлыг 67,775.6 сая төгрөгөөр бууруулах зохицуулалтын саналууд гарсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасан зарчимд нийцэж, төсвийн нийт зарлагыг нэмэгдүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байна.
Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналууд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7.2-т заасан Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын болон алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх гэсэн шаардлагыг хангаж, мөн хуулийн 71.7.3-т заасны дагуу Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т нийцсэн байна хэмээн УИХ-ын Тамгын газрын төсвийн хяналт, шинжилгээ хариуцсан нэгж дүгнэжээ.
Дараа нь Төсвийн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Ганбаатар танилцуулсан юм.
Тэрбээр, Төсвийн байнгын хороо 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 291 дүгээр захирамжаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажпын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж, 19 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллалаа.
Тус ажлын хэсгээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан эдийн засгийн үзуүлэлтүүдийн 2026-2027 оны төсвийн төсөөлөлд тусгагдсан тоонуудыг 2025 оны 05 дугаар сарын 30-нд Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, түүний нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш гурван сарын дотор тухайн жилийн төсвийн төсөл, тодотголын төслийг өргөн мэдүүлэхийг хориглосон зохицуулалттай холбоотойгоор 2026 оны төсвийн төслийг хуульд заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 01-ний дотор өргөн мэдүүлэх цаглаварт нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, төсөв алдагдалтай байна, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал сайнгүй байгаа. Ийм байхад татварын өртай аж ахуйн нэгжүүдийн дансыг хаадаг арга хэмжээ их дарамт учруулдаг. 2020 онд татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй холбоотой асуудлаар 1753 байгууллагын дансыг хааж байсан бол 2024 онд 22813 болсон байна. Таван жилийн дотор 40 дахин нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 21 хувь нь дансаа хаалгаж байж татвараа төлөх нөхцөл байдал үүсэж байж. Татварын өр сүүлийн жилүүдэд огцом нэмэгджээ. Данс хаадаг үйл ажиллагаа төсвийн алдагдлыг нөхөхөд хэрхэн нөлөөлөх вэ хэмээн тодруулсан. Сангийн сайд Б.Жавхлан, Данс хаах арга хэмжээ хуульд заасны дагуу явагдаж байгаа. Тийм учраас төсвийн орлогыг төвлөрүүлдэг татварын байгууллагын албан хаагчдад буруу өгөх арга байхгүй. Нэг талдаа татварын төлөвлөгөө биелэхгүй асуудал гардаг бол нөгөө талдаа татвар төлөгч аж ахуйн нэгжүүд баяр ёслолын үеэр цалингаа тавих, хамтарч ажиллаж байгаа гэрээт байгууллагуудынхаа төлбөр мөнгийг гаргах гээд зовлон байдаг. Тийм учраас баяр наадам дөхөж байгаатай холбогдуулаад дансанд хаалт хийхгүй байгаа гэдгийг мэдээлье. Татварын өртэй байгаа аж ахуйн нэгжүүдтэй татвараа төлөх хуваарь гаргаад ажиллаж байна. Шинэчлэгдсэн хуваарийн дагуу татварын өрөө барагдуулахгүй бол хуулийн дагуу дараагийн шатны арга хэмжээг авахаас өөр аргагүй болно. Татварын шинэчлэлийн хүрээнд дансыг шууд 100 хувь биш хэсэгчилж битүүмжилдэг байх зохицуулалтыг шинээр оруулж ирж байгаа гэсэн хариулт өгөв.
УИХ-ын гишүүдийн асуултын дараа Төсвийн байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн танилцуулсан юм.
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар эрчим хүчийг либералчлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ба эрчим хүчний төслийг эрчим хүч нийлүүлэх үнэ, эрчим хүчний эх үүсвэрийг төрд нийлүүлэх хугацаа, нийлүүлэх хэмжээ зэргээс хамаарч сонгон шалгаруулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ.
Түүнчлэн төсөл сонгон шалгаруулалтыг санхүүгийн хувьд бүрэн бололцоотой оролцогчдыг үнэлэх замаар хэрэгжүүлэх тул эрчим хүчний гацсан олон төслийг хөдөлгөх бодитой нөлөөлөл үзүүлэх бөгөөд энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийг хөдөлгөх суурь нөхцөл болж, цаашид улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх ба үүнийг дагаад ажлыг байр нэмэгдэх, иргэдийн ая тухтай амьдрал хангагдах боломж бүрдэнэ гэж уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн П.Сайнзориг эрчим хүчний эх үүсвэрүүдийн насжилт, найдвартай ажиллагаа, Тавантолгойн станцыг барьж байгуулах ажлын талаар, Дулааны 3-р цахилгаан станцад гарсан ослын улмаас үүсэж болох эрсдэл, авах хариу арга хэмжээний талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаар, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан уг хуулийн төслийг баталснаар эрчим хүчний бүх худалдан авалт, тендерыг Эрчим хүчний яам дээр төвлөрүүлж зохион байгуулах эсэх, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн орон тооны талаар, УИХ-ын гишүүн М.Мандхай уг хуулийн төслийг ямар төсөл, хөтөлбөр дээр хэрэгжүүлэх, тариф, хязгаарлалтын асуудлын талаар, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Дулааны 3-р цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхлэх хугацааны талаар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж дотоодын эрчим хүчний мэргэжилтнүүдийн чадавх, дотооддоо эрчим хүчийг үйлдвэрлэх хүчин чадлын талаар, шинээр барьж байгаа цахилгаан станцын санхүүжилтийн талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Мөн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Эрчим хүчний тухай хуулийн тодорхой зүйл дээр хязгаар, тааз тавьж батлах, экспортын чиглэлийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг эрчим хүчний эх үүсвэрүүдийг олноор барьж байгуулах талаар хуулийн төслийг дэмжиж саналаа илэрхийлжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдэд яамнаас зөвшөөрөл олгохгүй байгаа нь ямар учиртайг тодруулсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлтийн асуудлыг хамт хэлэлцүүлэхээр оруулж ирээгүйн шалтгааныг лавласан.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсанаас хойш 2019 он хүртэл 38 тусгай зөвшөөрөл олгосон байна. Тэдний 10 нь станцаа бариад сүлжээнд холбосон байна. Хүчинтэй тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 бий. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хуульд заасны дагуу 1квт.цаг эрчим хүчний үнийг 15-19 центээр авах нөхцөлтэй байгаа. Санхүүгийн энэ хүндрэлээс гадна техникийн хувьд асуудал бий. Нар гарахгүй, эсвэл салхи зогсчихвол эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй болно. Гэтэл бидэнд эгшин зуурт маневрлах чадвартай хийн юмуу усан цахилгаан станцын хүчин чадал байхгүй. 2024 оны сүүлээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хувьсгал гэж хэлж болохуйц шийдэл гарсан нь батарей хураагуурын станцын өртгийн бууралт байсан. Батарей хураагуурын станцаа төвийн сүлжээнд холбовол 10 цент орчмоор цахилгаан нийлүүлэх бололцоотой болно. Бид 1600 мВт цагийн хүчин сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагчийг хайж байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлвэл Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу тендер зарлана. Үнэ нь бууж 3 орчим цент болно гэсэн хүлээлттэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт боловсруулж байгаа. Аж ахуйн бүх салбарыг хамрах учраас судалгаанд нэлээд цаг зарцуулахаар байгаа. Эрчим хүчний салбар чадлын дутагдалд орчихсон байгаа учраас Эрчим хүчний байгууламжуудыг байгуулах асуудлыг Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулан шийдвэрлэхээр Засгийн газарт ярилцаж ойлголцоод УИХ-д өргөн мэдүүлсэн гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцуулав.
Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.8 дахь хэсгүүдийг баримтлан хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах асуудлыг хэлэлцжээ.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Ирээдүйн өв сангийн хөрөнгийн хэдэн төгрөгийг ямар банкнуудад, хэдэн хувийн хүүтэйгээр, хэдэн жилийн хугацаатай хадгалж, үр шим, хүүгийн өгөөжийг хэрхэн хүртэх талаар, Ирээдүйн өв сангийн хуримтлагдсан хүүгийн өссөн дүнг хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэл рүү шилжүүлэх талаар хийгдсэн судалгаа, тооцоолол байгаа эсэх, энэ хөрөнгийг дотооддоо эргэлтэд оруулах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт ашиглах боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг арилжааны банкнуудын зээлийн хүү батлах аргачлалын талаар, зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан, авах арга хэмжээний талаар, арилжааны банкин дахь иргэдийн хадгаламжийн дундаж хугацааны талаар, арилжааны банкнууд дахь банк бус санхүүгийн байгууллага, ломбардад олгосон зээлийн хэмжээ, давтамж, ипотек, цалингийн зээлийн хураамжтай холбоотой шийдвэрийн талаар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ахмадын тэтгэврийн зээл, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах институтийг хэрхэн байгуулах талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Бидний арга барил буруу тийшээ яваад байна. Утааг бууруулъя гэхээр яндан, зуух, түлш, дотоод орчны агаар шүүгчтэй ажилладаг. Зээлийн хүүг бууруулъя гэхээр бодлогын хүү яриад эхэлдэг. Зээлийн хүү бол эдийн засгийн суурь илэрхийлэл. Үүнтэй механикаар тэмцэх гээд тогтоол гаргаад байдаг ч үр дүн гардаггүй. Бодлогын хүү, инфляцын балансыг барьж явах нь хэцүү. Монголбанк монголын банкнуудыг төрөлжүүлэх талаар юу хийх вэ хэмээн асуусан. Мөн санхүүгийн салбар, банкны ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тодруулсан. Тэрбээр банк санхүүгийн салбарыг тойрч яриад байвал зээлийн хүү буурахгүй. Иргэд цалингийн зээлтэй, ахмадууд нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байна гээд, санхүүгийн бусад эх үүсвэрийг татах чиглэлээр хэрхэн ажиллах вэ гэлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Манай улс 1991 онд Банкны тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төв банк, арилжааны банк хоёр нь нэг хуультай байсан бөгөөд 1996 Төв банкны тухай хууль, Арилжааны банкны тухай хуультай болсон. Хоёр жилийн өмнө Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталж, үнэт цаасны зах дээр үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн орчин бий болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үйл ажиллагааны зөвшөөрлийг дотоодоос ч, гаднаас авах хүсэлт гаргаагүй байна байна. Өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж байгаа 12 банк ижил үйл ажиллагаатай байгаа. Гадны орнуудад худалдааны банк, барилгын банк, замынх гэх мэт төрөлжсөн байна. Тэгэхлээр хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлага гарна гэж банкны зүгээс харж байгаа. 2021 онд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулаад банкийг нээлттэй ХК-ийн хэлбэрт шилжүүлж, нэг хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшлийн дээд хязгаарыг 20 хувиар тогтоогоод өгсөн. Үүний дагуу 2023 онд арилжааны таван банк хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Энэ шинэчлэлтийг үргэлжлүүлж зайлшгүй шаардлага байгаа ч хөрөнгийн зах дээрээс нэмж хөрөнгө босгох боломж нь гүйцсэн байна. Учир нь хувьцааны үнэ ханш хөдөлгөөнгүй болсон. Нэмж хувьцаа авъя гэсэн хүсэлт орж ирэхгүй байгаа. Тэгэхээр гадны зах зээл рүү гарахаар манай банкнууд бол Нью-Иорк, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид нэмж хувьцаа гаргахаар ажиллаж байна. Гадны хөрөнгө оруулагчид 20 хувь гэдэгт шүүмжлэлтэй хандаж байгаа. Хэрвээ хяналтын багц буюу Компанийн тухай хуульд заасан 33 хувийг авахгүй юм болмонголын банкнаас хувьцаа авах шаардлагагүй гэдэг. Тиймээс хуульдаа тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаач гэсэн хүсэлт тавьдаг гэлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Өр, орлогын харьцаатай холбоотой асуудлаа хэдхэн сарын дотор дахин дахин өөрчлөх нь зохисгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн банкны салбар богино хугацаатай, өндөр хүүтэй хэрэглээний зээл өгөх сонирхолтой. Хүү багатай урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл өгөх сонирхол бага, богино хугацааны өндөр ашиг боддог салбар болчихсон байна хэмээсэн. Тэрбээр, Бодлогын хүү аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд ээлтэй байх, иргэд нь хэрэглээний зээлд дарлуулахгүй байлгахын төлөө Монголбанк мөнгөний бодлогоо чиглүүлж ажиллах учиртай. Засгийн газар төсвийн тодотгол хэлэлцүүлж байх үед өр, орлогын харьцааг өөрчлөх шийдвэр хэлэлцүүлж байгаа нь зөв шийдвэр эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Байнгын хороогоор хэлэлцсэн тогтоолын төсөлд хуулийн зөрчлүүд байгааг УИХ-ын дарга тодотгоод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг дахин хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд буцаалаа.
Хуралдааны төгсгөлд баталсан хууль, тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл