БНСУ-д үер бууж, дөрвөн хүн амиа алджээ

БНСУ-д их хэмжээний бороо орж, үер бууж, улмаар дөрвөн хүн амиа алджээ.
Лхагва гарагт /2025.07.16/ хүчтэй аадар борооны үеэр Сөүлээс өмнө зүгт орших Осан хотод гүүрэн гарцын бэхэлгээний хана нурсны улмаас нэг хүн машин нь шороо, бетонд дарагдсаны улмаас амиа алдсан тухай мэдээлсэн. Харин өчигдөр /2025.07.17/ өмнөд бүс нутгуудад усанд автсан машин, гол горхи, үерт автсан подвалд байсан гурван хүнийг тус тусад нь олжээ.
Ийнхүү БНСУ-ын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдаж, айл өрхүүд усанд автан, хөрсний гулгалт үүссэн бөгөөд бүс нутгийн 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна.
Тус нутагт хагас өдрийн дотор 400 мм-ээс их хур тунадас орсон бөгөөд Үндэсний цаг уурын газраас үүнийг “зуун жилд нэг тохиох” үзэгдэл хэмээн тодорхойлсон аж.
Аадар бороо баруун өмнөд хэсгийн Гванжу хот болон Өмнөд Жолла аймагт ч мөн хүчтэй орсон бөгөөд зарим газарт цагт 86 мм хур тунадас бүртгэгдсэн байна.
Хотын гол замууд болон метроны буудал усанд автсан ба үерийн 136 дуудлага бүртгэгдэж, улмаар үндэсний хэмжээнд аадар борооны түвшнийг “ноцтой” буюу хамгийн өндөр түвшинд хүргэж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл