Өнөөдөр Зеленский Европын удирдагчдын хамтаар Трамптай уулзана

Дональд Трамп, Владимир Зеленский нар энэ оны хоёрдугаар сард болсон Цагаан ордон дахь дуулиантай уулзалтаасаа хойш өнөөдөр анх удаа Вашингтонд уулзах гэж байна. Энэ удаад Зеленскийтэй Европын удирдагчид нэгдэж буй. Тодруулбал, НАТО-ийн тэргүүн Марк Рутте, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер нарын холбоотнууд уулзалтад оролцоно. Түүнчлэн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, Германы канцлер Фридрих Мерц, Финландын ерөнхийлөгч Александр Стабб, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен нар оролцож магадгүй.
Трамп энэ удаагийн уулзалтаар Зеленскийг шахамдуулж магадгүй гэж Европын удирдагчид эмээж буй. Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ Зеленскийг шахамдуулна гэх энэ яриа нь хэвлэлийн дэмий яриа гэжээ.
Дашрамд дурдахад, Трамп, Путин нар өнгөрсөн Баасан гаригт Аляскад уулзсан билээ. Энэ үеэр Путин НАТО маягийн аюулгүй байдлын баталгааг Украинд өгөхийг хүлээн зөвшөөрсөн аж. “Оросын хувьд том дэвшил. Бидэнтэй хамт байгаарай” гэж Трамп энэ талаар жиргэжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Сэтгэгдэл