Д.Жаргалсайхан: Иргэн бизнес хийе гэвэл төр саад учруулагч биш, боломжийг нь бүрдүүлж өгөгч байх ёстой

Aдмин / Эдийн засаг

Ашигт малтмалын газрын дарга, Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхайн газрын даргаар ажиллаж байсан уул уурхайн инженер, эдийн засагч Дугарын Жаргалсайхантай ярилцсанаа хүргэе.


-Та Монголын эдийн засаг, нийгмийн тогтолцоог системийн инженерчлэлийн аргаар загварчлах судалгааг хэдэн жилийн өмнөөс хийж эхэлсэн. Энэ ажлын суурь санаа хаанаас төрсөн бэ. Яагаад заавал Үндсэн хуулийг судалгааныхаа гол объект болгосон юм бэ?

-Нийгэмд бухимдал, зөрчилдөөнгүй салбар, байгууллага гэж бараг алга. Тиймээс энэ бүхний учир шалтгаан, шийдлийг олъё гэж бодсон юм. Эхлээд нийгэм маань өөрөө хэр зэрэг эмх цэгцтэй, ямар зорилго, чиглэлтэй тогтолцоо вэ гэдгийг харах шаардлага үүссэн. Судалж эхлэхдээ л Монголын 3.5 сая иргэнийг нэгтгэж, нийгмийн харилцааг зохицуулдаг хамгийн хүчирхэг албан ёсны шийдэл нь Үндсэн хууль юм байна гэдэг дүгнэлтэд хүрчихсэн. Бид жил бүр Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэдэг ч Үндсэн хуульд агуулагдаж буй зарчим, хэм хэмжээ, тэдгээрийн уялдаа холбоог цогцоор нь төдийлөн судалдаггүйг олж харсан. Ингээд л 2018 онд сониуч зандаа хөтлөгдөж таны асуусан судалгааны ажлыг эхлүүлж байлаа. Нөгөө талаар системийн инженерчлэлийн аргыг олон оролцогчтой, өргөн хүрээний нийгмийн тогтолцоонд хэрэглэж болох эсэхийг турших зорилго ч байсан. Бид Үндсэн хуулийн үзэл баримтлалыг нийгмийг зохицуулдаг албан ёсны шийдэл гэж үзээд, түүнийг системийн инженерчлэлийн аргаар загварчлахыг зорьсон юм. Энэ төрлийн ажил өмнө нь хийгдэж байгаагүй учраас хуульч, эдийн засагч, математикч, судлаач зэрэг өөр өөр мэргэжлийн хүмүүсийг нэг баг болгон ажиллуулсны үр дүнд Үндсэн хуулийн үзэл баримтлал, нийгмийн тогтолцооны талаар нэлээд сонирхолтой дүгнэлтүүдэд хүрсэн.

-Таны өмнө нь анзаараагүй, эсвэл ойлголтоо өөрчилсөн онцгой дүгнэлтүүд гарсан уу?

-Хувь хүнийхээ хувьд хамгийн том олз гэвэл Үндсэн хуулийн төгсгөлд байдаг “Мэдэгтүн, сахигтун” гэсэн хоёр үгийг шинээр олж харсан явдал. Бид аливааг сахихын тулд эхлээд мэддэг байх ёстой юм байна. Харин мэдэхийн тулд судлах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд, энэ судалгааг хийхээс өмнө би ч гэсэн Үндсэн хуулиа уншсан учраас мэддэг гэж боддог байсан. Гэтэл системийн шинжилгээ хийж үзэхэд Үндсэн хуулиа үнэндээ мэддэггүйгээ ойлгосон.

Мөн 1992 оны Үндсэн хууль 1960 оны Үндсэн хуулиас ямар суурь ялгаатайг тодорхой ойлгосон. 1960 оны Үндсэн хууль төр төвтэй байсан бол 1992 оны Үндсэн хууль иргэн төвтэй. Өмнөх тогтолцоонд төрийг нийгмийн гол хөдөлгөгч хүч гэж үздэг байсан бол шинэ Үндсэн хууль иргэнийг нийгмээ, амьдралаа, ирээдүйгээ бүтээгч гол субьект гээд тодорхойлчихсон. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн хүний эрх, эрх чөлөөг тодорхойлсон бол 19 дүгээр зүйлээр төрийн үүргийг тогтоосон байдаг.

-Төрийн үндсэн үүрэг нь юу юм бол. Өнөөдрийн нийгмийг анзаарахад төр бүх юмны хаалт боолт болчихоод байх шиг санагдах юм?

-Төрийн үндсэн үүрэг маш тодорхой. Иргэдийн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөтэй эдийн засаг, нийгэм, хууль зүйн нөхцөл, баталгааг бүрдүүлэх явдал болохоос биш саад болох ёсгүй. Энэ л төрийн үүрэг.

-Төр гэж хадны мангаа мэт дүр төрх хэдийнэ бий болчихсон. Ингэхэд төр гэж яг хэнийг юуг хэлээд байна вэ?

-Судалгааны явцад надад төрийн тухай нэг сонирхолтой ойлголт төрсөн шүү. Бид “төр” гэдэг ойлголтыг нэгэн бүхэл, бие даасан субьект мэтээр төсөөлдөг. Гэтэл хууль зүйн утгаараа төр өөрөө хуулийн этгээд биш. Харин УИХ, Засгийн газар, яам агентлаг зэрэг байгууллагууд нийлж төрийн тогтолцоог бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, “төр” гэдэг нь нэг хүн эсвэл нэг байгууллага биш, харин олон институцийн нийлбэр ойлголт гэдгийг илүү тодорхой ойлгосон.

-“Адмон”-ы Р.Энхбат захирал “Үндсэн хуульдаа хүмүүнлэг ардчилсан улс гэж заасан хэрнээ яг үнэн хэрэгтээ хүмүүнлэг бус нийгэм бүтээчихсэн” гэж хэлснийг саяхан олж харлаа. Ингээд харахаар Үндсэн хуулийнхаа гол зарчмыг ч ойлгоогүй яваа юм биш үү дээ, бид?

-Үндсэн хууль нийгмийн нэгдмэл зорилгыг таны саяны хэлдэг “иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх” гэсэн үгээр тодорхойлсон байдаг л даа. Ийм зорилгыг Үндсэн хуульдаа шууд томьёолсон улс орон дэлхийд харьцангуй цөөн. Өмнө нь би ч гэсэн “ардчилсан”, “хүмүүнлэг” гэх мэт ойлголтыг өөрийнхөөрөө тайлбарладаг байлаа. Харин судалгаа хийх явцад эдгээр ойлголтын агуулга Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэний эрхүүдээр тодорхой илэрхийлэгдсэн байдгийг ойлгосон. Эрүүл мэндийн үйлчилгээ авах, нийгмийн халамж хүртэх эрх нь хүмүүнлэг шинжийг, сонгох, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан шинжийг, өмчтэй байх, аж ахуй эрхлэх эрх нь эдийн засгийн эрх чөлөөг тус тус илэрхийлдэг. Иргэд эдгээр эрхээ бодитоор эдэлж чаддаг байх нь Үндсэн хуульд заасан нийгмийн зорилго хэрэгжиж буйн хамгийн чухал шалгуур юм. Сүүлийн жилүүдэд хүмүүс Үндсэн хууль, хүний эрхийн талаар илүү их ярьдаг болсон нь миний бодлоор зөв чиглэл рүү явж буйн илрэл.

-Та хүний эрхийн ойлголтуудад системийн инженерчлэлийн аргаар шинжилгээ хийсэн хүн. Үндсэн хуульд хүний эрх гэхэд хэчнээн төрөл байдаг бол?

-Бид 2024 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт хэрэглэсэн нэр томьёо, ойлголтуудыг тодорхойлох судалгаа хийснийг та онцолж байх шиг байна. Судалгааны гол зорилго нь Үндсэн хуульд буй ойлголтуудыг нэг мөр ойлгож, тайлбарлах суурийг бүрдүүлэх байсан юм. Шинжилгээ хийх явцад Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд буй 18 багц эрх нийтдээ 97 нэгж эрхээс бүрдэж байгааг тогтоосон. Үүнийг төрийн үүрэгтэй холбож харвал сонирхолтой дүр зураг гарч ирдэг. Үндсэн хуулийн 19.1-д төр эдгээр эрхийг хэрэгжүүлэхийн тулд эдийн засаг, нийгэм, хууль зүй болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэг иргэний эдлэх 97 эрхийн цаана төрөөс хэрэгжүүлэх ёстой маш олон үүрэг, баталгаа бий гэсэн үг. Нөгөө талаас Үндсэн хуулийн 19.3-т хүн өөрийн эрх, эрх чөлөөг эдлэхдээ бусдын эрхийг хүндэтгэх үүрэгтэй гээд заачихсан. Үндсэн хууль иргэнийг зөвхөн эрх эдлэгчээр бус, бусдын эрхийг хүндэтгэх хариуцлагатай оролцогч гэж хардаг болж таарч байгаа юм. Судалгааны явцад бидний ойлгосон хамгийн чухал зүйл бол Үндсэн хуулийн 1, 2 дугаар зүйлд туссан суурь зарчмуудыг агуулгаар нь гүнзгий ойлгож чадвал өнөөдөр нийгэмд тулгарч буй олон асуудал, зөрчилдөөний шийдэл Үндсэн хуулийн үзэл санаанд аль хэдийнэ тусгагдсан гэдгийг олж харсан явдал.

-Улстөрчид сав л хийвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж ярьдаг болсон. Таны ярианаас анзаарахад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар ч шаардлагагүй гэж ойлголоо?

-Миний хувьд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг дахин дахин өөрчлөх шаардлагагүй гэж үздэг. Манайхан тогтвортой хөгжлийн тухай их ярьдаг. Гэтэл ойрын хэдэн арван жилд Монгол Улсын хөгжлийн хамгийн том чиг баримжаа нь Үндсэн хууль өөрөө байж чадна. Мэдээж ямар ч баримт бичиг төгс биш. Гэхдээ бид Үндсэн хуулийнхаа үзэл санааг бүрэн ойлгож, тууштай хэрэгжүүлж үзээгүй байж өөрчлөх тухай хамгийн түрүүнд ярьдаг нь оновчтой хандлага биш гэж боддог. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа олон асуудлын шалтгааныг Үндсэн хуулиас хайх хандлага бий. Харин миний харж байгаагаар асуудлын гол шалтгаан нь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бүрэн ойлгож, бодит амьдралд хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотой. Үүнийг эдийн засгийн тогтолцооны жишээнээс харж болно. Өнөөдөр улс төрийн намууд, төрийн байгууллагууд эдийн засгийн тогтолцоонд асуудал байгааг хүлээн зөвшөөрч байна. Ядуурлыг бууруулах зорилгоор олон төрлийн халамж, мөнгөн дэмжлэг хэрэгжүүлсэн ч хүн амын тодорхой хэсэг ядуурлын түвшинд хэвээр байна. Нөгөө талаас инфляци өсөж, иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа нь зөвхөн мөнгө тараах замаар асуудлыг шийдэх боломжгүйг харуулж байна л даа. Тиймээс Үндсэн хуульдаа асуудал байна гэж дүгнэхээсээ өмнө Үндсэн хуулиа хэр сайн хэрэгжүүлсэн бэ гэдэг асуултад эхлээд хариулах хэрэгтэй.

-Эдийн засгийн тогтолцооны тухайд Үндсэн хуульд тодорхой чиг баримжаа, суурь загвар нь тусгагдсан байдаг гэж ойлгож болох уу?

-Эдийн засгийн тогтолцоо гэдэг бол нийгэм нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хөгжлийн загвар байх ёстой. Гэтэл өнөөдөр Монголд ийм нэгдсэн ойлголт бүрэн төлөвшөөгүй байна. Эрдэмтэн, судлаач, улстөрчид өөр өөрийн загварыг ярьдаг. Үүний үр дагавар нь эрх баригчид солигдох бүрд бодлого өөрчлөгдөж, өмнөх шийдвэрүүдээ үгүйсгэдэг тогтворгүй байдал. Бид эдийн засгийн тогтолцооны загварыг судлахдаа Үндсэн хуулийн агуулгыг нарийвчлан задалж шинжилсэн. Ялангуяа 16 дугаар зүйлд заасан эдийн засгийн эрхүүд болон тэдгээрийг хангах төрийн үүргийг судлахад эдийн засгийн харилцааг зохицуулах маш олон суурь үзэл санаа Үндсэн хуульд аль хэдийнэ тусгагдсан байгааг олж харсан. Судалгааны үр дүнд зөвхөн эдийн засгийн харилцаатай холбоотой 100 гаруй суурь санаа илэрсэн. Жишээлбэл, иргэн өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Эдгээрийг нэг бүрчлэн задлан шинжилбэл иргэний эдийн засгийн эрхүүд маш тодорхой харагддаг. Мөн аж ахуй эрхлэх эрхийг Үндсэн хууль баталгаажуулсан байдаг. Энд нэг чухал зарчим бий. Эрх гэдэг нь дан ганц тухайн хүнд олгогдсон боломж биш. Эрх бүхэн бусдын, ялангуяа төрийн хүлээх үүргээр баталгааждаг. Тухайлбал, иргэн хууль ёсны дагуу байшин барих эрхтэй бол төр болон бусад этгээдүүд түүний үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх үүрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эрх, үүрэг хоёр салшгүй холбоотой ойлголт юм. Тиймээс Үндсэн хуулийг зөвхөн хуульчдын тайлбарлах хууль зүйн баримт бичиг гэж харах нь өрөөсгөл. Миний бодлоор Үндсэн хууль бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь үзэл баримтлал. Тийм учраас Үндсэн хуулийн утга агуулгыг зөвхөн төрийн байгууллага, албан тушаалтнууд биш, иргэн бүр өөрөө уншиж ойлгож, өөрийн амьдралтай холбон хэрэгжүүлэх шаардлагатай. Ардчилсан нийгмийн үнэт зүйл нь ч үүнд оршдог.

-Үндсэн хуульд өмчийн эрх, аж ахуй эрхлэх эрхийг тодорхой баталгаажуулсан байтал Монголд бизнесийн эрх чөлөө, өмчийн эрхэд төр шууд халддаг нь бодит үнэн л дээ.

-Аливаа зүйлийг зөв, буруу гэж үнэлэхийн тулд эхлээд харьцуулах загвар хэрэгтэй. Миний бодлоор Монгол Улсын хувьд тэр шалгуур нь Үндсэн хууль өөрөө юм. Тиймээс бизнесийн эрх чөлөө, өмчийн эрх хэр хангагдаж байна вэ гэдгийг ч Үндсэн хуулийн үзэл баримтлалтай харьцуулж дүгнэх ёстой. Үндсэн хууль иргэн бүрт өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аж ахуй эрхлэх зэрэг суурь эрхийг баталгаажуулсан байдаг. Үүнтэй зэрэгцээд төр эдгээр эрхийг хамгаалах, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Гэвч бодит байдал дээр Үндсэн хуулийн үзэл санаа бүрэн хэрэгжиж байна гэж хэлэхэд хүндрэлтэй. Бидний хийсэн судалгаагаар зарим хууль, эрх зүйн зохицуулалт нь хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байгаа нь ажиглагдсан. Мөн олон хууль, журамд иргэн, бизнесийн эрхээс илүү төрийн эрх мэдэл, зохицуулах чиг үүргийг түлхүү онцолсон хандлага харагддаг. Өөрөөр хэлбэл асуудал нь Үндсэн хуульдаа биш. Харин Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хууль тогтоомж, төрийн бодлого, өдөр тутмын үйл ажиллагаанд бүрэн шингээж, тууштай хэрэгжүүлж чадахгүй байгаад байгаа гэж би үздэг. Хэрэв Үндсэн хуулийн зарчмыг сууриар нь баримталж чадвал төрийн гол үүрэг нь бизнес эрхлэгчийг хянах, саад хийх бус, харин хууль ёсны үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд л чиглэх ёстой. Тэгж байж өмчийн эрх, бизнесийн эрх чөлөө илүү баталгаатай хэрэгжинэ.

-Тэгвэл эдийн засгийн эрх чөлөө, бизнесийн орчныг бодитоор сайжруулахын тулд ямар шийдлийг хэрэгжүүлбэл зөв бол?

-Бидний хийсэн судалгаагаар олон хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгжүүлэгч албан тушаалтны үзэмжээс хэт хамааралтай, хариуцагч эзэн нь тодорхойгүй, шийдвэрлэх хугацаа нь ойлгомжгүй байгаа нь харагдсан. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагын шийдвэрийг удаан хүлээх, хүнд сурталд өртөх асуудал түгээмэл байна. Миний бодлоор эдийн засгийн тогтолцооны шинэ загварыг гаднаас эрж хайх шаардлагагүй. Түүний суурь үзэл баримтлал Үндсэн хуульд аль хэдийн тусгагдсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний эдийн засгийн эрхүүдийг, 19.1-д төр эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг хангах үүргийг тодорхой заасан. Үндсэн зарчим нь маш энгийн. Иргэн хууль зөрчихгүйгээр хөдөлмөрлөж, бизнес эрхэлж, амьдралаа дээшлүүлэх гэж байгаа бол төр түүнд саад болох биш, харин боломжийг нь бүрдүүлэх ёстой. Дэд бүтэц, эрчим хүч, тээвэр, логистик зэрэг суурь нөхцөлийг бий болгох нь ч төрийн үндсэн үүргийн нэг хэсэг юм. Гэтэл өнөөдөр олон тохиолдолд зөвшөөрлийн тогтолцоо, хэт зохицуулалт, хүнд суртал нь иргэн, бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоосоо илүү саад болж байна. Тиймээс асуудлын гол шалтгаан нь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хууль тогтоомж болон төрийн үйл ажиллагаанд бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой гэж би үздэг. Нөгөө талаас энэ асуудлыг зөвхөн төрөөс хүлээгээд шийдэгдэхгүй. Иргэд өөрсдөө Үндсэн хуулиа ойлгож, эрхээ мэддэг, шаарддаг байх хэрэгтэй. Эрх зөрчигдсөн гэж үзвэл Үндсэн хуулийн хамгаалалтын механизмуудыг, тэр дундаа Үндсэн хуулийн Цэцийн институцийг идэвхтэй ашиглах ёстой. Бид “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг” гэж ярьдаг. Гэхдээ Үндсэн хуулийн амин сүнс нь иргэдийн нийтлэг эрх ашиг юм. Тиймээс Үндсэн хуулийн үзэл баримтлал бодит амьдралд хэрэгжих эсэх нь зөвхөн төрөөс бус, эрхээ мэддэг, эрхээ хамгаалдаг, хариуцлага нэхдэг иргэдийн оролцооноос мөн хамаарна.

-Та уул уурхайн инженер хүн. Өмчийн эрх, эдийн засгийн эрх чөлөө уурхайн салбарт хэр хэрэгжиж байна вэ?

-Судалгааны явцад миний ойлгосон нэг чухал зүйл бол Үндсэн хуулийн үзэл баримтлал бүх иргэнд адил тэгш үйлчлэх ёстой гэсэн ойлголт байсан. Тэр дундаа уул уурхайн салбарт ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд ч Үндсэн хуулиар хамгаалагдсан ижил эрх, эрх чөлөөтэй субьектүүд юм. Гэвч ашигт малтмалын тухай болон бусад салбарын зарим хууль, эрх зүйн зохицуулалтыг харахад Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэх эсэх талаар хэлэлцэх шаардлагатай асуудлууд бий. Ялангуяа өмчийн эрхтэй холбоотой зарим зохицуулалт нь маргаан дагуулдаг. Миний бодлоор хувийн хөрөнгө оруулалт, хөдөлмөрөөр бий болсон өмч хөрөнгийн асуудал дээр Үндсэн хуулийн өмчийн эрхийн зарчмыг тууштай баримтлах нь чухал. Зарим тохиолдолд төр хувийн хэвшлийн бүтээсэн хөрөнгө, үйлдвэрийн өмчид оролцох оролдлого хийдэг тухай маргаан гардаг. Ийм нөхцөлд тухайн шийдвэр Үндсэн хуулийн өмчийн эрхийн үзэл баримтлалтай хэр нийцэж байна вэ гэдгийг заавал авч үзэх шаардлагатай гэж боддог. Тиймээс уул уурхайн салбарт асуудал бүрийг шинэ зохицуулалт, шинэ хязгаарлалт, эсвэл тусгай хамгаалалтын механизмаар шийдэхээс илүү Үндсэн хуулийн суурь зарчмуудыг тууштай хэрэгжүүлэх нь чухал гэж үздэг. Хэрэв өмчийн эрх, бизнес эрхлэх эрх, төрийн үүргийн талаарх Үндсэн хуулийн зарчмууд бодитоор хэрэгжиж чадвал хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ, иргэдийн эрх ашиг хамгаалагдана, төр ч хуульд заасан чиг үүргээ илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн үндэс нь шинэ онол, шинэ загвар биш, харин Үндсэн хуулийн үзэл санааг бодитой хэрэгжүүлэхэд оршиж байгаа гэж би хардаг.

-Та эдийн засгийн эрх чөлөө, хувийн өмчийн тухай нэлээд ярилаа. Тэгвэл уул уурхай болон хувийн хэвшлийн бизнесүүдийг Монголын хөгжлийн тогтолцоонд ямар байр суурь, үүрэгтэй гэж хардаг вэ?

-Би эдийн засгийн тогтолцооны загвар боловсруулах судалгааны хүрээнд хэд хэдэн орны туршлагыг судалсан. Тухайлбал, Швейцарьт хөдөлмөрийн насны долоон хүн тутмын нэг нь долларын саятан байдаг гэсэн сонирхолтой статистик бий. Энэ нь зөв орчин, эдийн засгийн эрх чөлөө бүрдсэн нөхцөлд иргэд хөдөлмөрөөрөө баялаг бүтээж, чинээлэг амьдрах боломжтойг харуулж байгаа хэрэг. Манай Үндсэн хуулийн үзэл баримтлал ч үүнтэй нийцдэг. Иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг хангаж, амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэх нь Үндсэн хуулийн зорилгын нэг хэсэг. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд уул уурхай төдийгүй хувийн хэвшлийн бүх бизнесүүд чухал үүрэгтэй. Өнөөдөр ажлын байр бий болгож, татвар төлж, баялаг бүтээж, эдийн засгийг хөдөлгөж байгаа гол хүч бол бизнес эрхлэгчид юм. Уул уурхайн салбар ч мөн адил Монголын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, экспортын орлогын томоохон эх үүсвэр болж байна. Харамсалтай нь социалист тогтолцооноос улбаатай хувийн өмч, бизнес эрхлэгчдэд хандах сөрөг хандлага нийгэмд тодорхой хэмжээнд хадгалагдсаар байна. Үүний улмаас баялаг бүтээж, хөрөнгө оруулж, эрсдэл үүрч байгаа хүмүүс заримдаа буруутан мэт ойлгогдох тохиолдол ч байдаг. Миний бодлоор хувийн хэвшлийн үүрэг, үнэ цэнийг нийгэм зөвөөр ойлгох хэрэгтэй. Учир нь бизнес эрхлэгчид өөрсдийнхөө төлөө ажиллахаас гадна бусдад ажлын байр бий болгож, улсын төсөвт орлого бүрдүүлж, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байдаг. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн эрх чөлөө, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр тодорхой өөрчлөлтүүд хийгдэж байгаа нь эерэг үзэгдэл. Гэхдээ хамгийн чухал нь нийгэм нийтээрээ хөгжлийнхөө суурь зарчмууд дээр ойлголтоо нэгтгэж, эдийн засгийн эрх чөлөө, хувийн өмчийн үнэ цэнийг зөвөөр ойлгон, тууштай дэмжих явдал.

-Хэрэв Монголын ирээдүйн хөгжлийн төлөө нэг л зүйлийг онцолж хэлэх боломж олдвол та юуг хамгийн чухал гэж хэлэх вэ. Ялангуяа залуу үедээ ямар үнэт зүйл, ямар чиг баримжааг үлдээхийг хүсдэг вэ?

-Миний хувьд хамгийн чухал зүйл бол Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлэх явдал. Үндсэн хууль бол манай нийгмийн хөгжлийн суурь загвар. Тиймээс шинэ онол, шинэ тогтолцоо хайхаас илүүтэй Үндсэн хуулиа зөв ойлгож, тууштай мөрдөх хэрэгтэй. Ялангуяа залуу үед нийтээрээ хуваалцдаг үнэт зүйл, нэгдмэл үзэл баримтлал хэрэгтэй байна. Миний бодлоор тэр суурь нь Үндсэн хуульд бий. Тэнд иргэний эрх, эрх чөлөө төдийгүй төрийн үүрэг, хүний хөгжлийн үндсэн зарчмууд тодорхой туссан байдаг. Гэхдээ бүхнийг төрөөс хүлээх биш, иргэд өөрсдөө Үндсэн хуулиа судалж, ойлгож, эрхээ мэддэг, шаардлагаа тавьдаг байх ёстой. Сайхан амьдралыг хүсэж байгаа бол эхлээд Үндсэн хуулиа мэдэх хэрэгтэй. Тиймээс миний хэлэх хамгийн гол санаа Үндсэн хуулийн төгсгөлд байдаг хоёрхон үг. “Мэдэгтүн, сахигтун.” Эхлээд мэдье, дараа нь сахья. Тэгж чадвал иргэн нь хөдөлмөрч, төр нь хариуцлагатай, нийгэм нь зорилготой хөгжинө.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Н.ГАНТУЛГА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.