УИХ-ын дарга З.Энхболд “Шинэ Яармаг” хорооллын төслийн явцтай танилцлаа

Д.Тулга / Улстөр

Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол төслийн барилгын талбайд ажиллаж, төслийн явцтай танилцлаа. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Баярсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс байлцав.

-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД 100 ХУВЬ МОНГОЛ АЖИЛЧИД ОРОЛЦОНО-

“Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол төсөл хэрэгжсэнээр гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг цогц байдлаар шийдвэрлэх боломж бүрдэж буй юм. Гэр хорооллын өнөөдрийн асуудал нь ажилгүйдэл, өрхийн тогтмол орлогогүйгээс үүдэлтэй ядуурал, агаарын бохирдол, дэд бүтэц, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын хүрэлцээгүй байдал билээ. Дээрх асуудлыг цогцоор шийдвэрлэх энэхүү төсөл хэрэгжсэнээр 4000 айлын орон сууц, сургууль цэцэрлэг, спорт талбай, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний төв, эрүүл мэндийн байгууллага болон Мэргэжилт сургалтын үйлдвэрлэлийн төв байгуулах ажээ.

“Шинэ Яармаг” цогцолборт ирээдүйд гэр хорооллын иргэд амьдрах боломжтой бөгөөд өнөөдөр ажил олдохгүй байгаа залуучууд болон аль ч насныхан тухайн МСҮТ-д суралцаж, шинэ яамраг төслийг хэрэгжүүлж буй барилгын компаниудаас ажлын байраар хангагдах боломжтой. Нэгэнт ажлын байртай болсон иргэд энэ хороололдоо орон сууцанд орж, ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлж өгчээ.

“Шинэ Яармаг” төсөл хэрэгжүүлэгч нь БНХАУ-ын “Экспорт-импорт” банктай гэрээ байгуулж, эхний ээлжинд 195 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх аж. төсөл хэрэгжиж эхэлснээр хоёрдугаар ээлжинд гэр хороолол ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд хэрэгжүүлэх дараагийн санхүүжилтийн 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэж өгөхөөр гэрээ байгуулжээ.

“Шинэ Яармаг” төслийн явцад 10 мянга гаруй хүн ажлын байраар хангагдаж, 100 хувь монгол ажилчид бүтээн байгуулалтын ажилд оролцохыг албаныхан онцоллоо.

2014-2017 оны хооронд хэрэгжих “Шинэ Яармаг” төслийн барилгын зураг төслийн гүйцэтгэгчээр “Анаграм” ХХК, “CGGC Mongolia” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгчээр “CGGC Mongolia” ХХК ажиллаж буй юм байна.

enhbold

-СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БҮХИЙ ЦОГЦ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ АНХНЫ ЗАГВАР ХОРООЛОЛ-

“Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол төсөл нь 3 үе шатаас бүрдэх ажээ. Төслийн I үе шат, нийт 368.262. м2 барилгажих талбай, 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогсоол бүхий 3 хэсэгтэй байх ажээ. 1-р хэсэг нь нийт 1500 айлын орон сууц, 610 авто машины дулаан зогсоол, амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий хэсгүүд, 2-р хэсэг нь 1410 айлын орон сууц, 500 авто машины дулаан зогсоол, амралт, усан оргилуур, спортын талбай бүхий ногоон байгууламж, мөн худалдаа үйлчилгээ бүхий хэсгүүд, 3-р хэсэг нь 2000 хүүхдийи багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 300 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон ОУ-ын жишигт хүрсэн эмчилгээ оношлогооны төв, худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэж буй юм байна.

Төслийн нийт талбайн 39.5% нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, сагс, хөлбөмбөг, теннис, хоккей зэрэг спортын талбай байх ба 30.6% нь явган хүний зам, дугуйн зам, авто зам болон гүйлтийн зам талбай байх ба үлдэх 29.9% нь барилгажих талбай юм байна. Сүүлийн 25 жилд Улаанбаатар хотод анх удаа ийм хэмжээний зам талбайн төлөвлөлттэй, иж бүрэн орон сууцны хороолол баригдаж байгаа нь төслийн гол онцлог юм.

“ШИНЭ ЯАРМАГ” төслийн барилгын зураг төслийн ажил нь 2011 оноос эхэлсэн бөгөөд зураг төслийн боловсруулахдаа монгол айл өрхүүдийн амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн төлөвлөлт, зохион байгуулалт хийсэн ба өнгөрсөн хугацаанд төслийн барилгын бэлтгэл ажил бүрэн хангагдсанаар 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн ба 2016 оны 2-р улиралд багтан эхний хэсгийг бүрэн ашиглалтад оруулахаар Монголын үндэсний барилга угсралтыи компаниудын нийт 2500 гаруй залуус ажиллаж байна.

“Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороололын орон сууцны дундаж хэмжээ 65 м.кв буюу 3 өрөө байр байх ба нийт орон сууцны 97% нь 50-80 м.кв байгаа нь худалдан авагчид одоогийн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 8%-ийн орон сууцны зээлд хамрагдах боломжтой.

enhbold

-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БАРИГДАНА-

“Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлснээр өнөөгийн Улаанбаатар хотод тулгамдаад байгаа төлөвлөлт муутай орон сууцны барилгын норм дүрэм зөрчсөн замбараагүй барилгажилт, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, зам талбай ногоон байгууламж, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээний орхигддог бүхий л асуудлыг бүрэн цогцоор шийдвэрлэж чадсан анхны загвар жишиг орон сууцны цогцолбор хорооллыг барьж байгуулах ажээ. Мөн төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч нь Монгол улсын барилгын салбарт чадвар туршлагатай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг өөрсдийн санаачлагаар барьж байгуулахаар болжээ.

Энэхүү Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан Үйлдвэр дээр дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэн барилгын үндсэн бүтээц, дотоод засал чимэглэлийн туслах ажилтнаас эхлээд нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг цахилгаанчин, кранчин зэрэг мэргэжилтэн бэлтгэх, ажилчдыг мэргэшүүлэх нөхцөл боломжийг бүрэн бүрдүүлж хамгийн орчин үеийн симулятор буюу дэлгэц дээр бодит орчинг бүрдүүлсэн компьютерийн удирдлагатай сургалтын тоног төхөрөөмжүүдээр бүрэн тоноглогдох юм байна.

Энэ ажлын хүрээнд тус компани ажил мэргэжилгүй Яармаг орчмын залуусыг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвдөө сургаж мэргэшүүлэн “Шинэ Яармаг” төслийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцуулж ажлын байраар хангаж, өрхийн орлогыг тогтмол орлоготой болгохоос гадна мөн дээрх ажилчдаа урт хугацааны орон сууцны зээлд хамруулан өөрийн барьсан орон сууцандаа амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэх юм байна.

enhbold

enhboldЗ.ЭНХБОЛД: ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ АЖЛАА УЯЛДУУЛАН ХИЙЖ БАЙГАА ҮЛГЭР ЖИШЭЭ

Улсын Их Хурлын дарга энэ үеэр МСҮТ-д ажилгүй иргэдийг 45 хоног сургаснаар барилгын нарийн мэргэжлийн ажилтан болж чадах эсэхийг тодруулж байлаа. “Дельта констракшн” ХХК-ийн захирал Ж.Эрдэнэчимэг хариулахдаа, ирэгдийг сургалтад суулгаж, 3 сар дагалдуулан ажиллуулж, дахин шалгалт авсны үндсэн дээр ажлын байраар хангадаг тухай дуулгаад эхний ээлжийн суралцагч нарыг 6-р сарын 3-аас авч эхлэхээр төлөвлөж буйгаа танилцуулав.

Улсын Их Хурлын дарга мөн төр хувийн хэвшлийнхэн ажлаа хооронд нь уялдуулан хийж байгаа үлгэр жишээ төслийн нэг гэдгийг онцлоод Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл дэлхийн нэрд гарсан архитекторууд Улаанбаатар хотыг хараад хөгжих гэж байгаа, төлөвлөлтөө хийж байгаа газар маш олон шийдлээр төлөвлөлт хийгдэх боломжтой. Гэр хорооллыг барилгажуулах энэ ажилд оролцьё гэдэг хүсэлт тавьдаг талаар хэлж байсан.

Бид бүх айлаа орон сууцанд оруулна, байшингаа өөрсдөө барина. "Буянт ухаа"-1,2 хорооллыг барьсан шиг "Шинэ яармаг" хорооллыг монголчууд өөрсдөө барихаар төлөвлөсөн байна. Нэг сумаар хоёр туулай буудна гэдэг шиг барилгаа өөрсдөө барина, хямдхан барьсан байрандаа өөрсдөө амьдрана. Цаашид Яармагийн дэнжийн 970 га талбайг бүхэлд нь барилгажуулахад нийслэлийн гэр хорооллын тодорхой асуудал шийдэгдэнэ гэж үзэж байгаа. Энэ төслийн гол онцлог бол бага хүүтэй мөнгөөр, ажиллах явцдаа сурч, сурч дуусаад цалинтай золгож байна гэв.

-ГАДААДАД АЖИЛ ЭРХЭЛДЭГ ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ ИРГЭД ХУДАЛДАЖ АВАХ БОЛОМЖТОЙ-

Жилийн 6-8 хувийн хүүтэй. Гадаадад ажил эрхэлдэг тогтмол орлоготой иргэдэд орон сууц худалдаж авах боломжийг анх удаа бүрдүүлж байгаа аж. “Шинэ Яармаг” Моргейжийн сан нь “Экспорт Импорт” банкны зээл болон ТОСК-ийн хөрөнгө оруулалтаас тус тус бүрдэх бөгөөд сангийн дуусгавар болох хугацаа нь 10 жил, жилийн 5 хувийн хүүгийн нөхцөлтэй юм байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

enhboldenhboldenhboldenhbold


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000