Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг орон нутгийн иргэд танихгүй байна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс Засгийн газрыг огцруулах үндэслэлийн талаар тодрууллаа.
-М.ЭНХБОЛД ДАРГА, Б.БААТАР ХОЁРЫН УТАСНЫ ЯРИАГ БАС ГАРГАЖ ТАВЬ-
-Шадар сайд У.Хүрэлсүх, Б.Баатар нарын утасны ярианд таны нэр дурдагдсан. Энд та тайлбар өгөх үү?
-Би гар утас тагнаж, чагнадаг байгууллагын хүн биш. Хоёр хүн утсаар яриа л биз. Нэг утасны ярианаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд унажээ гэж дүгнэж болохгүй. Б.Баатар манай ах. Бид хоёр хожим танилцахад Х.Баттулга тэр хоёр ойрын танил байсан. У.Хүрэлсүх “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт нь ороод, тэд найз байсан. Тэгж ярих юм бол сонгуулийн үеэр “Бүрэн зураглал” нэвтрүүлэг гээд хамгийн их холбогдсон хүн М.Энхболд дарга өөрөө. М.Энхболд дарга, Б.Баатар хоёрын утасны яриаг бас гаргаж тавь л даа.
-Та сонгуулиар намынхаа эсрэг ажилласан уу?
-МАН-ын нэг ч гишүүн эсрэг ажиллаагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдье. Д.Амарбаясгалан генсекийн хэлдгээр хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж ажилласан. Ийм их хэмжээний хөрөнгө санхүү, цаг гаргасан сонгууль өмнө нь мэдэхгүй. Бүгд чадлаараа зүтгэсэн. Сонгуулийн үед бүлх залгисан мэт чимээгүй байсан нөхөд сонгуулийн дараа бүлтрэх хэрэггүй. Сонгуульд ялагдсан үндсэн шалтгаан бол УИХ-ын даргаар М.Энхболд өөрөө ажиллах болсон явдал. Би анхдугаар чуулган дээр ганцаараа эсрэг санал өгч байсан. 65 суудал өгсөн ард түмний итгэл найдварыг М.Энхболд өөрөө Ерөнхий сайд болж хариулах ёстой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийг бодож, томилгоон дээр алдаа гарсан. Хаваржаандаа буугаагүй байж, намаржаандаа буух асуудлыг өөрөө бодсоноос л болж асуудал ингэж хурцдаад байна.
-Та бүхэн Засгийн газрыг яг ямар шалтгаанаар огцрох ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-УИХ-ын бүлгийн гишүүдээс асуулгүй өнөөгийн Засгийн газрын гишүүдийн томилгоог явуулсан. Энэ нь өөрөө сайд нар УИХ-ын гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нөхцөлийг үүсгэсэн гэж болно. УИХ-ын гишүүдийн саналын эсрэг Засгийн газар маш олон эргэж буцсан шийдвэр гаргаж ажиллалаа. “Приус”-ын татвар нэмнэ, нэмэхгүй. ОУВС үүнийг тэгж шийд гэсэн хэмээснээ дараа нь өөр зүйл ярьдаг. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн 70 орчим хувь нь Засгийн газар хангалттай ажиллахгүй байна гэж үзсэн байгаа. Гэтэл УИХ бол ард түмнээс сонгогдож ирсэн баг ард түмэн. Тийм учраас ард түмэн өөрсдөө Засгийн газарт дүн тавьчихсан байгаа учраас бид цаг алдахгүйгээр үүнийг өөрчлөх шаардлагатай тулгарч байна. Ингэж чадахгүй бол 2020 онд ард түмэн бидэнд ямар дүн тавих вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хар. Парламентад 65 суудалтай засгийн газар бол Үндсэн хуулийг дангаараа өөрчлөх, томоохон реформууд хийх, эдийн засгийн тэргүүлэгч чиглэлүүдийг тодорхойлж гаргах зэрэг хурдацтай, далайцтай, зангарагтай ажиллах учиртай. Гэтэл Засгийн газар ингэж ажиллаж чадахгүй байна.
-Хариуцлагагүй ажиллаж байна гэж үү?
-Энэ нь ард түмнээсээ сонгогдож гарч ирсэн УИХ-ын гишүүдээсээ саналыг нь авалгүйгээр Засгийн газрын танхимыг бүрдүүлсний нэг хор уршиг юм. Одоо та бүхэн хар. “Эрдэнэт”-ийн 49 хувиар УИХ шийдвэрээ гаргалаа. Засгийн газар тогтоолыг хэрхэн биелүүлж байна. Үндсэн чиглэлүүд нь тодорхойгүй асар олон асуудал Засгийн газар дээр байгаа. Бонд, Монголбанк, Хөгжлийн банктай холбоотой асуудлуудад хэрхэн хариуцлага тооцов. Энэ бүхэн чинь эргээд Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байгаагийн л жишээ. Нийслэлд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй маш олон сурагч байхад Засгийн газар нь танхимынхаа гишүүдэд концесс хуваарилаад сууж байна. Бид АН-ын Засгийн газраас ер нь ялгарч чадаж байна уу. Тойрогтоо очоод иргэдийн нүүр рүү харахад ч хэцүү байна. Алдааг бусдаас битгий хайгаач ээ гэж хэлмээр байна. Вакум орчноосоо гарч, алдааг өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Өнгөрсөн нэг жилээ эргээд хар. Цаг хугацаа байсан. Гомдоод байх хэрэггүй. Одоо харин бид маш хурднаар дараачийн Засгийн газрыг байгуулах хэрэгтэй байна.
-САЙД БОЛОХ ЭСЭХ ДЭЭР ХАРИУЛТ ӨГӨХӨД ЭРТ БАЙНА-
-Та сайд болох уу?
-Дараачийн Засгийн газар хууль ёсныхоо дагуу бүрдээд явна. Тодорхой хүмүүс нь Засгийн газраа бүрдүүлээд ажиллах учиртай. Тэдний дүнг ард түмэн л тавина. Миний хувьд өнгөрсөн хугацаанд дэд сайд тэргүүтэй бусад албан тушаалууд дээр оролцохгүй гэсэн байр суурь илэрхийлсээр ирлээ. Энэ удаа ч би ийм итгэл үнэмшил илэрхийлсэн. Үүнийг албан тушаалын төлөө гэж харах хэрэггүй. Харин ард түмний төлөө жинхэнэ мэргэжлийн түвшинд ажиллах сайн баг бүрдэх хэрэгтэй. Нэр хүндийнхээ хувьд, Ерөнхий сайд ядаж л эхний 10 улс төрчид багтаж баймаар байна. Төрийн гурван өндөрлөгийн нэг шүү дээ. Төрийн сайд нар нь ч тэр, олон нийтийн дунд явуулсан судалгаагаар эхний 30 дотор бичигдэж байдаг улс төрч л баймаар байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг орон нутагт иргэд танихгүй байна.
-Та тэгээд сайд болно гэсэн үг үү?
-Сайд болох эсэх дээр хариулт өгөхөд эрт байна.
-Шударга ёс, хариуцлага, ёс зүй ярьж байгаа гишүүд дунд хүчингийн хэрэгт холбогдсон хүн байна. Та хэд эхлээд энэ хүнтэйгээ хариуцлага тооцох ёстой юм биш үү?
-Сонгуулийн үеэр энэ асуудал яригдаж эхэлсэн. Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд би Д.Гантулгатай уулзсан. “Үнэхээр тийм зүйл болсон бол чи УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүйн боломжгүй болно“ гэдгийг хэлсэн байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох байх. Хэрвээ үнэн бол Хэнтий аймгийн сонгогч болон нийт ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Хохирогч үүссэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй. Д.Гантулга гишүүн “Тийм зүйл болоогүй ээ” гэсэн.
- А.Ганбаатар “60 тэрбум”-ын уулзалт дээр таныг байсан гэж мэдээлсэн. Энэ нь ямар учиртай юм бэ?
-“60 тэрбум”-тай холбоотой бичлэг 2014.09.08-ны өдөр хийгдсэн юм билээ. Яг энэ өдөр би АНУ-д суралцаж явсан. Тэгэхээр Монголд тэр бичлэг дээр сууж байх ямар ч боломжгүй. А.Ганбаатарын зүгээс М.Энхболд байгаагүй, оронд нь Л.Оюун-Эрдэнэ байсан юмаа гэсэн байна лээ. Тэгэхээр би М.Энхболд даргын хоолойг дуурайж ярьсан болж таарах нь ээ дээ. Ийм логикгүй байдлаар “60 тэрбум”-тай холбоотой асуудлыг сарниах гэж оролдох хэрэггүй. Дуугарч байгаа хэсэг бүлэг хүмүүсийнхээ эсрэг ашиглах гэж үзсэний ч хэрэггүй. Би АТГ-т өөрийнхөө байр суурийг илэрхийлж, мэдүүлэг өгсөн байгаа. “60 тэрбум”-тай холбоотой энэ асуудлын сэдэл нь өөрөө системийн авлигал юм. Төрийн бүх системийг авлигад татан оролцуулах асуудал Зимбабве, Нигери улсуудад л байдаг. Үүнийг хамгаалж болохгүй, эцэслэн тогтоох учиртай. Бичлэг хийгдсэн үү гэвэл хийгдсэн нь тодорхой болсон. Гол нь тэр схем хэрэгжсэн үү гэдэг л асуудал.
-“60 тэрбум”-ын бичлэгт орсон хүмүүстэйгээ хариуцлага тооцохгүйгээр МАН урагшаа явлаа гэхэд 2020 оны сонгуульд ямар үр дүнтэй оролцох бол?
-Би намын Удирдах зөвлөлийн хурал дээр Ц.Сандуйг ажлаа өгөөд, шалгуулахыг уриалсан. Энэ нь Ц.Сандуйгийн мууг үзэх гээд байгаа асуудал биш. Хэрвээ энэ асуудлыг бид намаасаа холдуулахгүй бол 2020 онд намтай нь хамт улс төрөөс биднийг холдуулна гэсэн үг. Энэ маш тодорхой. Англи, Японд ийм л асуудал болж байсан. Илтэд ард түмний дургүйцлийг хүргэсэн авлигыг МАН өмгөөлөх тусам авлигатайгаа ойрхон юм шиг харагдаад байгаа юм. Тийм учраас бид тэр хүмүүсийг намаас салгах учиртай. УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум”-ын асуудлаар шалгуулах ёстой. М.Энхболдыг оролцсон гэхээсээ илүү “60 тэрбум”-ын асуудлыг эвлүүлэг гэж худлаа ярьсанд нь ард түмэн уурлаад байгаа юм. А.Ганбаатараар “Би тэнд байгаагүй” гэж хэлүүлээд ч нэмэргүй. Ард түмэн энэ схемийг хэрэгжсэн эсэхээс илүүтэйгээр ийм сэдлээр уулзалт хийсэн, тэгээд эвлүүлэг байна гэж худлаа яриад байгаад л бухимдаад байгаа.
Ж.МЯДАГБАДАМ
Сэтгэгдэл