“COVID-19”-өөр халдварласны дараа урт хугацаанд илэрсэн зовууриудыг нэрлэжээ

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /NHK/. Японы судлаачид коронавирусээр халдварлаад эдгэрсэн зарим хүнд сульдах, ус унах гэх мэт шинж тэмдэг зургаан сарын турш илэрч буйг урьдчилсан байдлаар тогтоожээ.

Эрүүл мэндийн яамны гурван баг энэхүү судалгааг хийж байгаа юм. “Keio” их сургуулийн профессор Фүкүнага Коичийн багийнхан коронавирусний халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 246 хүнээс оношоо мэдсэнээс хойш зургаан сарын хугацаанд ямар шинж тэмдэг илэрснийг нь лавлан асуужээ.

Ингэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн 80 орчим хувь нь эдгэрсний дараа биеийн байдал нь халдвар авахаас өмнө ямар байсан тэр хэвэндээ эргэн очсон гэж хариулсан байна. Харин 21 хувьд нь сульдах, 13 хувьд нь амьсгал давчдах, 11 хувьд нь нойр муудах, 10 хувьд нь үс унах шинж тэмдэг илэрчээ.

Мөн “Kanazawa” анагаах ухааны их сургуулийн профессор Мива Такакигаар ахлуулсан багийнхан коронавирусээр халдварласны улмаас эмнэлэгт хэвтсэн юм уу өөрийгөө тусгаарласан 60-аас доош насны 251 хүнийг судалгаандаа хамруулсан байна.

Энэхүү судалгаанд оролцогчдын 37 хувь нь үнэрлэх, амтлах мэдрэмжийнх нь аль аль нь өмнөхөөсөө хэвийн бус байгааг мэдэрсэн хэмээн хэлсэн бол 20 хувь нь үнэрлэх, дөрвөн хувь нь амтлах мэдрэмж нь хэвийн бус болсон гэж ярьжээ. Тэднийг эмнэлгээс гарч, тусгаарлагдах хугацаа нь дууссанаас хойш нэг сарын дараа энэхүү асуулгыг явуулжээ.

Харин судалгаанд оролцсон хүмүүсийн 60 хувь нь амтлах мэдрэмж сайжирсан, 84 хувь нь үнэрлэх мэдрэмжээ сайжирсан хэмээн хариулсан байна.


Сэтгэгдэл

Bat [103.229.120.126] 2021-06-18 11:14:55

Wow


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.