Р.Даваадорж: 2027 оны төсөв эдийн засгийг биш, төрийн зарлагыг томруулжээ
Эдийн засагч, судлаач Р.Даваадоржтой ярилцлаа.
-Ирэх оны улсын төсвийн орлогыг 41.3 их наяд төгрөгөөр тооцсон байна. Өмнөх тооцооллоос орлого хэдхэн сарын дотор ийм огцом өсөх болсон гол шалтгааныг та хэрхэн харж байна вэ. Энэ орлого бодитоор орж ирэх боломжтой юу?
-41.3 их наяд төгрөгийн орлогын төсөөллийг маш өндөр эрсдэлтэй гэж харж байна. Яагаад гэвэл ердөө гурван сарын өмнө УИХ-аар баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд 2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 34.7 их наяд төгрөг гэж тооцсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар гуравхан сарын дотор ирэх оны орлогын төсөөллөө 6.52 их наяд төгрөгөөр буюу бараг 19 хувь өсгөчихлөө. Гуравхан сарын дотор Монголын эдийн засгийн суурь нөхцөл 19 хувиар сайжирчихсан юм уу гэвэл үгүй. Энэ нэмэгдлийг төрийн өмчит компаниудын өндөр ногдол ашиг, түүхий эдийн орлого зэрэг эх үүсвэрээр нөхөхөөр тооцож байна. Эндээс л эрсдэл эхэлж байгаа юм. Жишээ нь, 2027 онд 100 сая тонн нүүрс экспортолно гэж төсөвлөж байна. Энэ бол Монгол Улс түүхэн өндөр экспортын түвшнээ дахин эвдэнэ гэсэн маш өндөр хүлээлт. Гэтэл манай нүүрсний экспорт зөвхөн биднээс хамаарахгүй. Хятадын эрэлт, дотоодын олборлолт, үнэ, хил логистикийн нөхцөлөөс шууд хамаарна.
Тэгэхээр баталгаагүй орлогыг баталгаатай юм шиг үзээд зарлагаа 43.6 их наяд хүртэл өсгөчихсөнд байгаа.ТӨК-иудын төлөвлөсөн өндөр орлого тасарвал яах вэ.
100 сая тонн нүүрсээ гаргаж чадахгүй бол яах вэ. Нүүрс, зэсийн үнэ 10 хувь унавал яах вэ. Гэтэл бид эрсдэлдээ бэлтгэж зарлагаа хязгаарлаж бүсээ чангалах биш, бүр орж ирээгүй мөнгөө аль хэдийн зарцуулахаар төсөвлөчихөөд сууж байна. Орлого бол төсөөлөл. Зарлага бол үүрэг байдаг.
-Гэтэл зарлага 43.6 их наяд, алдагдал 2.3 их наяд төгрөг гэж тооцжээ. алдагдлыг дНб-ий хоёр хувьд барина гэж байгаа ч өр тавьж зарлагаа санхүүжүүлэх нь ирээдүйн төсөвт ямар дарамт үүсгэх вэ?
-Алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд барьсан гэдгээр төсөв сахилгатай болчихгүй. Хэдхэн сарын өмнөх төсвийн хүрээний мэдэгдэлд 2027 оны өрийг 57.1 их наяд гэж тооцож байсан атлаа одоо дахин 535 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. 2027 онд Монгол Улс шинэ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад 5.77 их наяд төгрөг төсөвлөжээ. Гэтэл зөвхөн Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 5.99 их наяд төгрөг төлнө. Дээрээс нь зээлийн хүүнд 1.57 их наяд төгрөг явна. Өнгөрсөн өрөндөө төлөх мөнгө ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалтаас 1.8 их наядаар давлаа. Хамгийн ноцтой нь 2027 онд дахиад 6.37 их наяд төгрөг хүртэл шинэ зээллэг хийх эрх нээж байна. Энэ хэдэн тоо бол бид хөгжлөө өрөөр санхүүжүүлж эхэллээ гэсэн үг. Одоо өрөө төлөхийн тулд улам өр тавьдаг мөчлөг рүү орчихлоо гэсэн үг шүү.
-Монголын төсөв уул уурхай, тэр дундаа нүүрс, зэсийн үнэ болон экспортын хэмжээнээс хэт хамааралтай. Тэгвэл 2027 оны төсөвт түүхий эдийн үнийг хэр өөдрөгөөр тооцсон бэ?
-2027 онд 100 сая тонн нүүрс экспортлоно гэсэн төсөөлөлд судлаачийн хувьд илүү эргэлзэж байна. Яагаад гэвэл 2026 онд Хятадын хамгийн том нүүрс олборлогч Шаньси мужид уурхайн осол, аюулгүй ажиллагааны шалгалтын улмаас маш олон уурхай түр зогссон. Тавдугаар сарын ослын дараа гэхэд 155 уурхай хаагдаж, үүнээс шалтгаалан Хятадын дотоодын нийлүүлэлт хумигдаж, коксжих нүүрсний импорт нэмэгдсэн. Зургадугаар сарын дунд гэхэд зогссон хүчин чадлын 64 орчим хувь нь аль хэдийн үйлдвэрлэлээ сэргээж эхэлсэн. Энэ бол 2027 оны Монголын төсөвт маш том эрсдэл бий боллоо гэсэн дохио. Манайхан мэдэж тооцож байгаа ч юм алга. 2026 онд Хятадын дотоодын нийлүүлэлт түр хумигдсан учраас Монголын нүүрсэнд үүссэн өндөр эрэлтийг 2027 онд яг хэвээр үргэлжилнэ гэж үзэж болохгүй.
Шаньсигийн зогссон уурхайнууд үйлдвэрлэлээ бүрэн сэргээвэл Хятадын дотоодын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ. Тэгвэл импортын хэрэгцээ багасах, Монголын нүүрсний үнэ болон экспортын хэмжээ шууд багасна.Гэтэл бид яг энэ үед 100 сая тонн нүүрс экспортлоно гэсэн өндөр төсөөлөл дээр 43.6 их наядын зарлага босгочихоод алгаа үрээд зогсож байна.
-Орлого нэмэгдэж байгаа ч зарлага түүнээсээ илүү хурдтай өслөө гэж байна. Энэ нь эдийн засгаа тэлэх бодлого мөн үү. Эсвэл төрийн зардал улам томорч байгаагийн илрэл үү?
-Би үүнийг эдийн засгаа тэлж байгаа бодлого гэхээсээ илүү төрийн зардлаа тэлж байгаа бодлого гэж харж байна.Эдийн засгийг тэлнэ гэдэг нь хувийн хэвшлийн үйлдвэрлэл, экспорт, бүтээмж өсөж, татварын суурь бааз өргөжихийг хэлнэ. Харин уул уурхайн орлого нэмэгдлээ гээд төр тэр орлогыг бараг тэр чигээр нь зарлага болгон өсгөх нь эдийн засгийн өсөлт биш. Манайх яг ийм алдаагаа давтаж байна.
ОУВС-гийн тооцоогоор 2024 онд Монголын Засгийн газрын нийт зарлага 38 хувь байсан. Энэ өөрөө төр эдийн засагт маш том байр суурь эзэлж байгааг харуулна. 2025 онд нүүрсний үнэ унахад рекорд хэмжээний нүүрс экспортолсон ч уул уурхайн төсвийн орлого буурсан. Үүний дараа Засгийн газар зарлагаа огцом танаж, төлбөрөө хүртэл хойшлуулах шаардлагатай болсон. Гэтэл тэр сургамжаас ердөө хоёр жилийн дараа 2027 оны зарлагыг 43.6 их наяд төгрөг болгож дахин тэлж байна. Гэтэл бусад уул уурхайгаас хамааралтай орнууд эсрэг зарчим баримталдаг. Жишээ нь, Норвеги газрын тосноос орж ирсэн орлогоо шууд төсөвт цацдаггүй. Газрын тосны цэвэр орлогоо бүхэлд нь баялгийн сандаа төвлөрүүлээд, урт хугацаанд сангийнхаа хүлээгдэж буй бодит өгөөж болох гурав орчим хувийг төсөвт ашиглах хуультай. Тэр ч байтугай хэвийн жилүүдэд гурван хувиас доогуур зарцуулж, хямралын үед хэрэглэх нөөц үлдээх ёстой гэж маргалддаг улстөрчидтэй улс.
Гэтэл манайд уул уурхайн орлогоор эдийн засгаа биш төрөө томруулж байна. Миний харж байгаагаар 2027 оны төсөв бол эдийн засгийг биш, төрийн зарлагыг томруулсан төсөв.
-2027 онд 10.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. үүний хэд нь эдийн засагт бодит өгөөж авчрах төсөл вэ. Хэд нь улс төрийн шинжтэй барилга байгууламжийн жагсаалт гэж харж байна вэ?
-2027 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүн 5.77 их наяд төгрөг байна. Энэ нь 2026 оны батлагдсан 3.27 их наядаас 80 орчим хувиар өссөн дүн. Харин 5.77 их наяд төгрөгөөс хэд нь эдийн засгийн өгөөжийн тооцоотой вэ гэдэг л асуудал. Төсөл тус бүрийн эдийн засгийн өгөөж, бүтээмжид үзүүлэх нөлөө, хэдэн төгрөгийн нэмэлт орлого бий болгох, ашиглалтад орсны дараах урсгал зардал нь хэд байх вэ гэдгийг тооцохгүй “хөрөнгө оруулалт” гэсэн нэрийн дор барилга барихыг хөгжлийн бодлого гэж үзэж болохгүй. Төсөл бүрийн өгөөжийн тооцоог ширээн дээр тавь.
“Экспорт хэдээр нэмэгдэх вэ. Эрчим хүчний импорт хэдээр буурах вэ. Хувийн хөрөнгө оруулалт хэдийг дагуулах вэ. Төсөвт эргээд ямар өгөөж өгөх вэ” зэрэг асуултад хариултгүй сумын барилга, контор, соёл, спортын байгууламжийг бүгдийг нь “хөрөнгө оруулалт” гэж нэрлээд байвал өөрсдийгөө хуурч байгаа хэрэг. Харамсалтай нь, манай улсын өнөөдрийн “хөрөнгө оруулалт” маргаашийн урсгал зардал, нөгөөдрийн өрийн төлбөр болж үлддэг болчихлоо.
-Төсөвт цалин, тэтгэвэр, халамж, төрийн байгууллагын урсгал зардал хэр их жин дарж байна вэ. Төрийн данхайсан бүтцийг танахгүйгээр төсвийн сахилга бат тогтоох боломжгүй биз дээ?
-Энд хамгийн ноцтой тоо нь 33.25 их наяд төгрөгийн урсгал зардал байна. Харьцуулбал сая өргөн барьсан тодотголоор бүх нэгдсэн төсвийн нийт зарлага 33.9 их наяд төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, 2027 оны зөвхөн урсгал шинжтэй зардал нь өнөөдрийн бүтэн жилийн нийт төсвийн зарлагатай бараг тэнцэх нь. Халамж өсөж байна. 2026 оны тодотголд Нийгмийн халамжийн зардлын дээд хэмжээ 2.664 их наяд байсныг 2027 онд бараг гурван их наяд болгож, 333 тэрбум төгрөгөөр нэмжээ. Төрийн байгууллагуудын урсгал зардлын тэлэлт бүр их. Жишээ нь, Боловсролын сайдын урсгал зардал 2026 оны батлагдсан 3.8 их наядаас 6.2 их наяд болж 60 хувиар, Эрүүл мэндийн сайдынх 1.6-аас 2.4 их наяд болж 52 хувиар гэх мэтээр бүх яамдын урсгал зардал бүгд өслөө. Энэ хэдхэн тооноос урсгал зардлын тэлэлт ямар хэмжээтэй байгааг маш тодорхой харж болно. Төрийн бүтэц, чиг үүргийн давхардал, агентлаг, орон тоогоо танахгүй байж зөвхөн иргэд, хувийн хэвшлээс авах татварыг нэмэгдүүлж, нүүрс зэсийн орлого өсөхийг өөдрөгөөр тооцсон эрх хүүхэд шиг төртэй боллоо. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшилд ажиллаж буй нэг сая иргэдээ туйлдуулах бодлогогүй муу шийдвэрийг Монголын төр данхайсан төсвөөрөө дамжуулж авчирч байна гэж би харж байна.
-Төсвийн алдагдлыг 2.3 их наяд гэж тооцсон ч төсвийн гадуурх сан, төрийн өмчит компаниудын өр, баталгаа, концесс зэрэг далд өр төлбөрийг бүрэн тооцвол Монгол Улсын бодит төсвийн дарамт хэд хүрч болох вэ?
-Засгийн газрын өрийг 2027 онд 57.65 их наяд төгрөг буюу ДНБ-ий 50 хувь хүрэхээр төсөөлсөн.Харин ОУВС түүхий эдийн үнэ унахад өр ДНБ-ий 80 хувь хүрэх эрсдэлтэй гэж анхааруулж байгаа. Тиймээс “алдагдал ердөө хоёр хувь” гэж тайвшрах боломжгүй. Төсвийн гаднах ТӨК, Хөгжлийн банк, төр-хувийн хэвшлийн түншлэлийн болзошгүй өр төлбөрүүд эцэстээ улсын төсөв дээр буувал татвар төлөгчдийн өр болж хувирна .2.3 их наяд бол мөсөн уулын усан дээр харагдаж байгаа хэсэг. Жинхэнэ эрсдэл нь ДНБ-ий 50-60 хувьд хүрч буй нийт өр, болзошгүй өр төлбөрт байна.
-2027 онд инфляцыг найман хувь гэж төсөөлсөн байна. Төрийн зардал ингэж өсөж байгаа нөхцөлд инфляцыг ийм түвшинд хүргэх боломжтой гэж үү. Төсөв өөрөө инфляцыг дахин хөөрөгдөх эрсдэлтэй юу?
-2026 оны долдугаар сард инфляц аль хэдийн 13 хувьд хүрсэн. Үүн дээр 2027 онд төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг хүртэл огцом тэлж байна. Нэг талдаа нэмүү өртөг бүтээлгүй зах зээлд ийм их мөнгө орж ирэх нь инфляцын дарамтыг нэмэгдүүлнэ. Ер нь 2027 оны дундаж инфляц 9-10 хувийн орчим байх эрсдэл илүү бодитой. Харин шатахуун, мах, валютын ханш дээр дахин шок үүсвэл 10 хувиас давахыг үгүйсгэх аргагүй. Энд хамгийн том зөрчил нь Монголбанк инфляцыг дарахын тулд мөнгөний бодлогоо чангаруулж байхад Засгийн газар төсвөөрөө эрэлтийг дахин тэлж байгаа нь манай улс эдийн засгийн суурь хуулиа тоодоггүй эрх баригчдын ааш аягт тохирсон шийдвэрт дулдуйдсан улс болжээ. Буруу шийдвэрийн горыг нь хувийн хэвшил, хувийн хэвшилд ажиллагсад илүү хүндээр мэдэрч хохирогчид нь монголын нийт ард түмэн болно.
-2027 оны төсөв Монголын эдийн засгийг өсгөх төсөв үү, өрийг нэмэх төсөв үү. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн төсөв үү?
-Эдийн засгийн бодит өсөлт нь ердөө 5.8 хувь гэж тооцсон мөртөө төсвийн зарлага нэг жилийн дотор 9.6 их наяд буюу бараг 27 хувиар тэлж байна.Тэгэхээр эдийн засаг өсөж байгаа хурдаасаа төрийн зарлага хавьгүй хурдан томорч байна. Өр нэмэгдэнэ гэсэн үг, үнэ нэмэгдэнэ гэсэн үг, валютын ханш суларна гэсэн үг, хувийн аж ахуй нэгжүүд хаалгаа барьж ажилгүйчүүдийн тоо өсөж эдийн засгийн хямрал бодитойгоор нүүрлэнэ. Сонгуулиас сонгуулийн хооронд Монгол улс туйлдаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
М.МӨНХЦЭЦЭГ




























































.png)






Сэтгэгдэл
Зочин [103.57.92.63] 2026-09-04 15:30:40
улсаа удирдах чадваргүй гэдгээ 1990 оноос хойш хангалттай л удаан харууллаа даа, МАН
Зочин [1.25.90.80] 2026-09-04 16:20:35
Үнэн