Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баттулга: Хүн хорвоогийн нугачааг дэргэдэх хүмүүсийнхээ дэмээр туулдаг

Aдмин / Энтертайнмент

Монгол Улсын Филармонийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сүхбатын Баттулгатай ярилцлаа.


-Таны бага нас, аав ээжийн тухай яриагаа эхэлье?

-Би Архангай аймгийн уугуул. Миний нагац талынхан Увс аймгийн гаралтай, авга талынхан Баянхонгор аймгийн уугуул гэж явдаг. Гэхдээ өндөр өвөг талаараа Дорнод аймгийн Баяндун сумаас гарал үүсэлтэй. Бид ах дүү нараараа энэ оны тавдугаар сард тэр нутаг усаар яваад, Тээг уул, Улзын голдоо сүслээд ирсэн. Яривал урт түүх болох байх. Монгол гүрэн гэдэг олон үндэстнийг нэгтгэн эвлүүлж үзэл бодол, үнэт зүйлсийн энх тайвнаар зэрэгцэн оршихуйн үндсийг тавьж явснаас үзвэл монгол нутагт суугаа байтугай, өөр улс орнуудад ч монгол үндэстэн ястан тархан суурьшсаныг түүх сударт өгүүлсэн байдаг.

Аав ээж хоёр маань урлагийн хүмүүс байсан болохоор Өвөрхангай аймгийн театрт томилолтоор ажиллаж байх үед нь би төрж, тэнд хөлд, хэлд орсон байдаг юм. Дараа нь Архангай аймагтаа суурьшин амьдарсан даа. Ингээд бодохоор яалт ч үгүй монгол гэж нэг л нутагтай хүн болж таараад байдаг. Миний аав бүжиг дэглээч, найруулагч Л.Сүхбат гэдэг хүн байсан.Ардын жүжигчин зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид багшийн анхны шавь нарын нэг. Дөнгөж 18 наснаасаа эхлэн бүжгийн багшаар олон аймгуудад томилогдон очиж, залуус хүүхдүүдийг халамжлан сургаж явсан урлагийн хүн байдаг. Ээж маань Ч.Лхагвахүү гэж кино дэлгэцийн бүтээлүүдэд цөөнгүй дүрийг бүтээсэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой драмын жүжигчин, бүжигчин хүн. Ээж ааваасаа долуулаа. Бүгдээрээ л урлагийн хүмүүс дээ.

-Дуучин болох гараа хэзээ эхлэв. Та урын сандаа хэдэн дуутай вэ. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Дуулах дуртай хүүхэд байсан. Хамгийн анх 1993 онд долдугаар ангид байхдаа “Ирээдүйн одод” хүүхдийн дууны уралдаанд түрүүлээд МХО-ны Эрдэм алтан медалиар шагнуулж байлаа. Тэр цагаас л дуулж эхэлсэн. Миний урын санд 200 орчим уран бүтээл бий. Би ч тийм том уран бүтээлч хүн биш л дээ. Сүүлийн үед албан ажлаасаа илүү гарч уран бүтээлээ хийх цаг маань тун хомс болжээ. Тийм болохоор цаг гаргаж чадахгүй байгаа нь би өөрөө л уран бүтээлдээ орхигдож байна гэсэн үг. Бие даасан уран бүтээлээс гадна “Voice” гэж хамтлагтай байлаа. Албан ажлаа цалгардуулахгүйгээр ганц нэг дуу гаргаад байгаа ч түүнийгээ олон нийтэд гаргаж амжихгүй гэх үү. Бэлэн болсон дөрөв, таван уран бүтээл байна. Тулж ажиллаж, цаг заваа зохицуулж чадахгүй байгаа өөртөө л дүгнэлт хийж байна л даа. Түүнээс хэн нэгнээс, ямар нэг зүйлээс хамаарсан нөхцөл байдал биш. Бодсон санасан зүйлс бий. Хамгийн сүүлд хөгжмийн зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Пүрэвсүрэнгийн аялгуу, математикийн багш н.Лхагвасүрэнгийн шүлэг “Энхрийлж хайрлахгүй бол” хэмээх хайрын дуугаа өлгийдөж аваад байна. Энхрийлж хайрлахгүй бол эрхэм нандин бүхэн холдчихдог юм шүү гэсэн амьдралын үнэнийг өгүүлсэн утгатай. Тун удахгүй дүрсжүүлэх бодолтой байна.

-Урлагийн замд ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?

-1999 онд тухайн үеийн Сонгодог урлагийн академик театрт найрал дуучнаар, дараа нь Гэр бүлийн радио 104.5 хөтлөгчөөр, филармонид 2005 оны 11 дүгээр сард гэрээт дуучнаар орсон байдаг. 27 гаруй жил урлагийн салбарт ажилласан байна. Сайн саар, үзэх туулах ёстойг туулаад, оногдсон ажилдаа хариуцлагатай явахыг хичээж явна даа.

-Монгол Улсын Филармони хэмээх байгууллагыг удирдан авч явна гэдэг бас том ажил. Монголчууд хэр их сонгодог урлагийг сонирхож үзэж байна вэ?

-2005 оноос филармонийн гэрээт дуучнаар ажилласан цагаас хойш одоо захирлаар томилогдоод долоон жил болж байна. Улсын филармоний баг, уран бүтээлчид, бусад албаныхан гээд хамт олноороо хичээн ажиллаж байгаа. 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн улс төр, нийгэм, эдийн засгийн том шилжилтээ дагаад үнэнийг хэлэхэд, зөвхөн филармони гэлтгүй хөдөө орон нутгийн урлагийн байгууллагууд ч үзэгч багатай үе байсан. Гэхдээ их бага, олон цөөний асуудал яригдахаас биш үеийн үед үзэгчид байсаар ирсэн. Тэр дунд насан туршдаа сонгодог урлагийг сонгож таашаадаг үнэнч үзэгчид одоо ч байсаар. Сонгодог гэдэг утгаараа тэр үү, дэлхийн аль ч үндэстний дунд харьцангуй цөөнх байдаг тал бий. Гэхдээ манай монгол хүмүүсийн хувьд сонгодог урлагийг үзэгчийн тоо хангалттай биш. Бага дотроо бага гэх үү дээ. Энэ нь бусад урлагийн төрлийг үгүйсгэх гэдэг утгаар биш, зэрэгцэн оршиж хөгжиж буй байх ёстой зүйл. Гэхдээ шоу бизнес гэдэг өөр асуудал. Насан туршдаа сонгодог урлагийг сонгож таашаадаг үнэнч үзэгчид байдаг. Үзвэр тоглолт бүрийг таслалгүй шимтэн үзэж, санал сэтгэгдлээ хуваалцдаг хүмүүс ч бий. Тэр дундаа юмыг өөр өнцгөөс хардаг болохоор өөлөх, шүүмжлэхээс илүү сайжруулж хөгжүүлэх тал дээр санал хүсэлтээ илэрхийлдэг залуус олон болж байгаа.

-Урлагийн төрлүүдээр, тэр дундаа сонгодог урлаг харилцааны соёлд нөлөөлдөг болов уу. Сонгодог урлагийн үзвэрт хараалын үг нэг их үзүүлээд байдаггүй санагддаг?

-Би болно, болохгүй гээд тодорхойлоод байх нь ч юу билээ. Чөлөөт уран бүтээл, чөлөөт урсгалын төрлүүд дунд тиймэрхүү хараал ерөөл, ёс бус зүйлс ажиглагдах нь бий. Бусад орнуудын соёл урлагийн онцлог нөлөөллүүд ч байдаг. Гэлээ гээд заавал байх ёстой гэсэн үг биш. Нийгмийн харилцаанд хүн бүхэн ямар нэг байдлаар бухимдах, стресстэх асуудал байх нь тодорхой. Гэлээ гээд хараагаад, ерөөгөөд гадагшлуулах нь байх ёстой юу гэвэл бас үгүй. Түүнийг утга зохиол, урлаг соёл, оюун сэтгэлгээний уран бүтээл тал дээр илэрхийлэхдээ агуулгаар нь багтааж үзүүлсэн байдаг онцлогтой. Түүнээс сонгодог урлаг гэхээр дандаа сайн сайхан, эелдэг найрсагийг үзүүлнэ гэж байхгүй. Тэнд ч бас амьдралын бүх характерыг үзүүлдэг, гол нь яаж, хүргэхэд ёс зүйн хэм хэмжүүрийг баримталдаг. Бидний өнөөдрийн харилцааны соёл, нийгмээс түлхүү авч буй мэдээллийн сувгуудаар ирж буй илэрхийлэмжээр л хооллож байна. Нийтэд түлхүү харагдаж буй салбарынхан юу өгнө, нийгмийн харилцаанд тийм л нөлөө үзүүлдэг гэсэн үг. Гэхдээ урлагаар дамжуулж соён гэгээрүүлнэ гэдэг пропаганда хийгээд бараг хоёр жаран дамжиж байгаа байх. Нөлөөлж байсан зүйл байгаа. Гэхдээ 90-ээд оноос эхлээд нийгмийн сэтгэл зүйн хэм хэмжүүр алдагдсан гэж боддог. Тодорхой салбарууд шат шатандаа ажиллаад л байгаа. Гэхдээ хэрхэн яаж гэдгээ хайсаар л явна. Олон зүйлийн нөлөөгөөр уналтад орсон нийгмийн сэтгэл зүйг томоохон дата анализ гаргаж дараагийн шат руу хөтлөх ёстой болов уу гэж энэ салбарт ажиллаж буй хүний хувьд л хэлэх байна. Нийгмийн гэрээ гэдэг зүйл Монгол Улсын хувьд байдаггүй. Бид ямар хариуцлага хүлээх, нийгэм рүү чиглэсэн юу болох болохгүйг иргэн хүн ухамсарладаг байх нь нийгмийн эмх цэгцийг бүрдүүлнэ.

-“Хамаг бүхэн сайхан болно” хэмээх дуу дэлхий дахин цөхрөлийн байдалд тулсан ковидын үед гарсан гэдэг. Энэ дууны талаар ярьж өгөөч?

-Энэ дуугаа яг ковидын үед гаргасан. Хүн төрөлхтнийг эдийн засаг, эрүүл мэндийн томоохон уналтад оруулсан ковид хэмээх цар тахалтай нүүр тулж, даван туулах шалгуур тулж ирсэн он жилүүд байсан.Тухайн үед монголчууддаа сэтгэлийн урам дэм өгөх, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх ямар нэг бүтээл хийх санаагаар уран бүтээлчид бид нэгдээд Г.Жанцансамбуугийн ая, Б.Ичинхорлоогийн шүлэг “Хамаг бүхэн сайхан болно” дуугаа бичүүлж, клипжүүлж байлаа. Өгөх гэсэн санаа нь “Хамаг бүхэн сайхан болно, итгэсээр явахыг амьдрал гэнэ” хэмээх нь юу болж яах нь тодорхойгүй цаг хугацааг хүн гэдэг туулж л давах болно гэсэн утгатай. Одоо бол тэр хүнд цаг үеийг туулаад гарчээ. Хийх ёстойгоо хийсэн гэж боддог.

-Таныг урлагийн замд хөтөлсөн багш нар болон ангийнхныхаа тухай ярьж өгөөч?

-Би Хөгжим бүжгийн дуулаачийн ангийг Монгол Улсын ардын жүжигчин А.Бүтэд багшийн удирдлагад, Соёл Урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангийг гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийн удирдлага дор төгссөн. Манай ангийнхан Монголын нийтийн дууны төрөлд авьяас, уран бүтээлээрээ танигдсан нэлээд хэдэн хүн бий. Дуучин Р.Дэлгэрмаа, Б.Энхмэнд Г.Чинболор, Г.Эрдэнэтунгалаг, Д.Наранхүү гээд олуулаа байгаа. Сүүлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Зангад багштайгаа багш, шавийн барилдлагатай болсон. Багш маань 55 жил дуулсан “Багш та” хэмээх сайхан уран бүтээлээ албан ёсоор дуулж явах хүндэтгэлийг дуулаачийнх нь хувиар надад өгсөн байдаг.

-“Voice” хамтлаг байгаа юу. Ойрын үед уран бүтээлийн төлөвлөгөө бий юу?

-Одоогоор хамтлаг албан ёсоор тараагүй. Тус тусын ажил, амьдралын эрхээр хамтарсан уран бүтээл хийхгүй л яваад байна. Хамтлагийн гишүүн, гавьяат жүжигчин дуучин Д.Отгонжаргал маань хувийн уран бүтээлээ хийгээд маш сайхан амжилттай явна. Нөгөө гишүүн маань гадаадад ажиллаж, амьдарч байна. Манай хамтлаг монгол поп опера жанраар 2007 онд байгуулагдаад, урын сандаа 20 гаруй дуутай. Бид мэргэжлийн дуу, нийтийн дууны төрлийг хослуулан хүмүүст хүргэх гүүр болох зорилготой байсан. Түүнийгээ ч хийсэн. Тухайн үедээ 11 дуутай цомог гаргасан. Магадгүй хувийн уран бүтээлүүдээ хийж яваад эргээд нэг өдөр хамтлагаараа дуулахыг ч үгүйсгэхгүй.

-Сүүлийн үед сайхан хоолойтой бүхэн дуучин гэж нэрлэгдэх болсон.Мэргэжлийн гэдэг ойлголт ялгаатай юу. Та юу гэж боддог вэ?

-Монголчууд нийтээрээ сайхан дуу хууртай түмэн. Харин дуучин гэдэг нь сургууль, соёлын номыг үзээд тодорхой түвшинд хүртэл судалж хөгжүүлсэн уран бүтээлчдийн мэргэжлийн нэр юм. Бас их олон жил суралцаж, тасралтгүй туршлагаар баяжиж чадварждаг. Харин байгалиасаа сайхан хоолойтой хүмүүсийг дууч гэж нэрийддэг юм болов уу. Эртнээс нааш найр наадамд уран сайхан аялгуу дуутай дууч нар маш олон байсан. Нийтийн дунд түгээмэл ойлголтын төөрөгдөл байдаг. Дууны тэмцээнд ороод түрүүлэхэд дуучин болсон гэж нэрлэж болохгүй. Маш сайхан дуулдаг, мэргэжлийн дууч нар олон бий. Гэхдээ дуучин гэж нэрлэхгүй гэж дууч хэлэх нь зөв гэж боддог. Ямар нэг байдлаар сайхан авьяасаа таниулсан дууч хүн, суралцаад мэргэжлийн дуучин болсон байх ч бий. Мэргэжлийн дуучид гэдэг маань нөгөө талаараа маш олон жил хөдөлмөрлөж суралцдаг учраас мэргэжлийн тайз эзэмших соёлоос эхлээд хүндэтгэх шаардлагатай нэршил гэж ойлгох нь чухал.

-Таны дуунуудын ихэнхэд зөөлөн, уянгын аяз анзаарагддаг. Та хамгийн дуртай уран бүтээлээсээ нэрлэвэл?

-Уран бүтээлч хүн бүх бүтээлдээ хайртай байдаг. Тэр дундаа ганц хоёр дуугаа онцлоход, монгол хүн бүрийн сэтгэлд ээж, аав, нутаг гурав эрхэм, уужим орон зайг эзэлдэг гэх утгатай “Сэтгэлийн дуу” хэмээх өөрийн зохиосон шинэхэн бүтээлээ нэрлэх байна. Хүн ер нь ганцаараа бүтээдэг, болгодог гэхээс илүү олныхоо хүчээр бусдын дэмээр сайн сайхан явдаг. Тиймдээ ч нутаг ус, эцэг эх, хажуу дэргэдэх олныхоо хайр хүндлэлээр явдаг шүү гэсэн сэтгэлийн үг минь юм. Мөн “Хамаг бүхэн сайхан болно” гэж дуу маань эргэж хэзээ ч давтагдахгүй, түүхэн онцгой үйл явдлын үед зориулж бүтээсэн болохоор онцлон санаанд бууж байна.

-“Зүрхний уяа” их сайхан дуу. Яагаад энэ дууг дуулах болсон бэ?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Магсаржавын аялгуу, Сэржмядаг гэж хүний шүлэг “Зүрхний уяа” дууг анхлан гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг ах маань дуулсан байдаг. Миний аавыг Хэнтий аймгийн театрт томилогдож очоод байхад Н.Төмөрхуяг ах 10 жилийн хүүхэд байсан юм билээ. Залуу багш аав минь, дуу дуулдаг Төмөрөө ах хуурай ах дүүс болсон гэдэг. Хожим нь бид учирч Н.Төмөрхуяг ах маань “Сүхээ ахын маань хүү юм байна” гээд тун сайхан хүлээж аваад энэхүү дуугаа дуулж яваарай гэж дуулаачийн хувиар дуулах эрхийг өгч байлаа. 2006 онд урын сандаа оруулж дуулаад, 2007 онд клипээ хийж байлаа. Энэ дууг олон дуучин дуулсан байдаг. Тэр дундаа миний дуулсан хувилбарт дуртай гэж хэлж байхыг сонсох таатай сайхан санагддаг даа.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Б.ДАРИЙМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.