Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулна
Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх төвд ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцлаа.
Эрүүл мэндийн яам, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн хамт тус төвийн эмчилгээ, үйлчилгээ, орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар тус төвд согтуурах донтой 58, мансуурах донтой 3 хүн албадан эмчилгээ хийлгэж байна. Жилд дунджаар 400-500 хүнийг хүлээн авч эмчилгээнд хамруулдаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5,197 хүн эмчлүүлж, 3,805 хүнийг архины хамаарлаас гаргасан байна.
Гэвч согтуурах болон мансуурах бодисын хамаарал нэмэгдэж, түүнээс шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа өнөөгийн нөхцөлд Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх газрын хүчин чадал, боломжит хүчин чадлаасаа хэдийн давжээ.
Иймээс нэг байгууллага дангаараа энэ асуудлыг шийдвэрлэх бус, төрийн холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хамтын оролцоонд тулгуурласан цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.
Иймд тус төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчийг нийгэмшүүлэх, дахин донтолтоос урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, эрх үүргийг тодорхой болгож, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь чухал болжээ.
Энэ хүрээнд холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр хамтран ажиллах үүрэг, чиглэл өглөө. Үүнд:
- Эрүүл мэндийн яам тус төвд хэвтэн эмчлүүлж буй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмийн хангамжид онцгой анхаарч, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
- Тус төвд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэшил, ур чадварыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах;
- Мансуурах бодисын хамааралтай иргэдийг эмчлэх стандартыг шинэчилж, согтуурах болон мансууруулах бодисын хамааралтай иргэдийн эмчилгээг тусгаарлан зохион байгуулах боломжийг судалж, хэрэгжүүлэх;
- Хууль зүй, дотоод хэргийн яам холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, дүрэм, журмыг шинэчлэн батлах;
- Тус төвийн үйл ажиллагаа болон холбогдох байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, салбар бүрийн оролцоо, уялдаа холбоог хангах;
- Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эмчилгээ хийлгэх хугацаанд болон гарсан иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах чиглэлээр бодит үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх;
- Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн үйл ажиллагааг шинэчилж, төвлөрсөн хөрөнгийг зориулалтын дагуу, бодит хэрэгцээ шаардлагатай арга хэмжээнд үр дүнтэй зарцуулах;
- Архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд бодитой оролцуулах хэрэгтэй байна.
- Цаашид албадан эмчилгээний зардлыг Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангаас гаргадаг тогтолоог халж, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас зардлыг гаргадаг зохицуулалт хийх
- ШШГЕГ Архины албадан эмчилгээнд хамрагдаад алдаагаа ухаарч, хөдөлмөр эрхэлж зөв дадалтай амьдрах хүсэл эрмэлзэлтэй болсон иргэдийг олон сар байлгахгүйгээр нийгэмшүүлэх ажлыг хийдэг болохын тулд холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах асуудлыг судлан дариу шийдвэрлэх хэрэгтэй байна.
Согтуурах болон мансуурах бодисын хамаарал нь зөвхөн тухайн хүний асуудал бус, гэр бүл, нийгэм, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, цаашлаад гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлтэй шууд холбоотой нийгмийн томоохон асуудал юм.
Тиймээс энэ асуудалд төрийн байгууллагууд хойрго хандах бус, урьдчилан сэргийлэхээс эхлээд эмчлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх хүртэлх цогц тогтолцоог бүрдүүлж, салбар хоорондын уялдаа холбоог ханган, бодит үр дүн гаргаж ажиллах шаардлагатай байна.
Хууль зүй, дотоод хэргийн яам энэ чиглэлд манлайлж, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан, бүх талын оролцоог хангаж, бодит өөрчлөлт, үр дүн гаргахад онцгой анхаарч ажиллана.




















































.png)















Сэтгэгдэл