Дэд сайд Б.Мөнхтамир: Монгол Улс цөлжилт, газрын доройтлын эсрэг дуу хоолойгоо дэлхий дахинд хүргэлээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Та бүхэн зорилгынхоо ард амжилттай гарч чадав уу?
-Мэдээж хэрэг НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь бидний хувьд маш том зорилго. Манай улс анх 2021 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ өгч байсан юм билээ. Харин 2022 онд албан ёсоор СОР17 бага хурлыг хүлээн авагч улсаар нэрлэгдсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл маш олон хүний хичээл зүтгэлийн үр дүнд бид үүргээ биелүүлж, зөвхөн хурлын зохион байгуулалтын хувьд амжилттай ард нь гарлаа гэж хэлж болох болов уу. Мөн манай улс цөлжилт, газрын доройтлын асуудалд санаа зовниж, үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа дэлхий дахинд харууллаа. Үүнээс гадна агуулгын хувьд үр хүүхдэдээ үлдээх эх болсон байгалиа хамгаалах, цөлжилт, газрын доройтол, гангийн эрсдэлийг бууруулах чиглэлээр дангаараа биш, хамтаараа шийдэх нь чухал. Учир нь байгаль орчин, уур амьсгалын асуудалд хил хязгаар гэж байхгүй. Энэ бол дэлхий нийтийн асуудал. Тийм ч учраас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцод 197 тал нэгдсэн байдаг. Бүгд хамтдаа эх дэлхийнхээ ирээдүйг шийдэхээр үзэл бодлоо илэрхийлж, санал санаачилгаа дэвшүүлдэг. Энэ утгаараа 12 хоног хуралдсан хурал маань ган, цөлжилт, газрын доройтлын эсрэг талуудын байр суурийг нэгтгэж, нэгдсэн портоколын дагуу шийдвэр гаргадаг. Тухайн шийдвэрийг талууд бүгд дагаж мөрдөх үүрэгтэй. Манай улс дараагийн хоёр жилийн хугацаанд КОП-ын даргалагч улсаар ажиллана. Энэ хугацаандаа одоо болж буй хурлаас гарсан шийдвэр, санал санаачилгыг хэрэгжүүлэх тал дээр бусад орнуудыг манлайлж ажиллана. Тэгэхээр зорилгодоо хүрчихлээ гэдгийг одоо хэлэхэд эрт байна.
-190 гаруй орны төлөөлөл оролцож, цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр, ус, хүнсний аюулгүй байдал, санхүүжилт гээд дэлхийн хэмжээний маш олон тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн, шийдвэр гаргасан хурал байлаа. Ялангуяа манай улсад нэн тэргүүнд тулгамдах асуудлууд бүгд хөндөгдөнө лээ?
-Тэгэлгүй яахав. Монгол Улс бол нүүдлийн соёлтой, мал аж ахуй эрхэлдэг цөөхөн үндэстний нэг. Тиймээс цөлжилт, газрын доройтол ган, бэлчээр гэдэг бол бидний хувьд аж амьдралын эх үүсвэрээ шийдэж байгаа чухал асуудал. Хөрсөө хамгаална, нөхөн сэргээнэ гэдэг нь хүнсээ хамгаалж байна, эдийн засгаа хамгаалж байна, эх дэлхийгээ хамгаалж байна гэсэн үг. Хөрс, ус үгүй бол амьдрал үгүй. Өнгөрсөн сард Байгаль орчны тайланд манай улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь газрын доройтолд өртсөнөөс 23 хувь нь нэн доройтолтой гэсэн судалгаа гарсан. Энэ цаг үед олон улсын тавцанд өөрсдөд тулгараад буй асуудлаа таниулах, ойролцоо асуудалтай тэмцэж буй орнуудын сайн туршлагыг судлах, шийдэл санаачилгууддаа хөрөнгө оруулалт татах үүд нээгдэж буй нь том боломж гэж харж байгаа.
-Энэ бүхнээс манай улсад ирж буй боломжууд нь юу байв. Үр дүн эхнээсээ ямар гарч байна вэ. Зарим нэг томоохон санхүүжилтийг хийж чадлаа гэсэн мэдээллийг уншсан. Энэ талаар та дэлгэрүүлж ярихгүй юу?
-СОР17 талуудын бага хурлын хүрээнд Монгол Улсын дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” буюу Steppe action agenda бодит хөрөнгө оруулалттай холбогдож эхэлж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк болон түншүүд СОР17-ын үеэр Цөлжилт, газрын доройтлыг бууруулах санхүүжүүлэх, хөрөнгө оруулах санаачилгыг зарлаж, Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санхүүжилтийг хоёр тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Европын хөрөнгө оруулалтын банк хооронд 200 хүртэлх сая еврогийн санхүүжилтийн “Эрмэлзлийн бичиг” байгууллаа. Ингэснээр техник, мэргэжлийн дэмжлэгт 20 сая еврогийн буцалтгүй тусламж, 100 хүртэл сая евро-г Европын хөрөнгө оруулалтын банкны нэн хөнгөлөлттэй зээлийг гаргаж, бусад эх үүсвэрээс нэмэлт хөрөнгө татахаар ажиллаж байна. Үүнээс гадна Дэлхийн банк групп хоорондын “Тогтвортой эдийн засаг ба газрын эдийн засаг менежмент”-ийн “SMILE” хөтөлбөр хэрэгжүүлэхээр үзэглэсэн. Энэ хүрээнд 100 сая ам.доллларын холимог санхүүжилт бүрдүүлж, газар нутгаа зөв зохистой ашиглах, байгалиа хамгаалах, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг хамтад нь дэмжих ажлууд явагдана. Нийслэл мөн 400 сая долларын санхүүжилт босгосон гэж мэдэгдсэн. Манай улс буурай хөгжилтэй орон байхаа больж, хөгжиж буй орны жагсаалтад орсноос хойш буцалтгүй тусламжаас илүүтэй нэн хөнгөлөлттэй зээл авах болсон. Энэ мэтээр хөрөнгө оруулалтууд төрөлжиж, байгаль орчны асуудалтай ч зөвхөн нийгмийн хариуцлагын хүрээнд тэмцдэг үе ард хоцорч буй. Өөрөөр хэлбэл, байгаль орчны санаачилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр дүн, далайцыг нь тэлж байгаа гэсэн үг. Тиймээс ч Парисын хэлэлцээрээр карбон кредит системийг танилцуулж, ААН-үүдийн тогтвортой хөгжлийн зорилгоор хийж буй ажлыг үнэлэх нэгж, түүнд ноогдох кредитийн систем нэвтэрсэн. Манай улсад ч энэ төрлийн жишээ олон болж байгаа гэх мэтчилэн үр дүнгүүд эхнээсээ гарсаар байна.
-Дэлхийн хүнсний аюулгүй байдлын тухай хуралд оролцогчид мөн ярилцлаа. Манай орны хувьд хүнсний аюулгүй байдлын асуудал мөн л эмзэг хөндөх асуудал байсаар ирсэн. Дийлэнх хувь нь гадаадаас импортоор орж ирдэг. Хил гаалиар орж ирж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, баталгаа, аюулгүй байдалд тавих хяналт ч сул улс орнуудын нэг хэвээрээ байсаар байна. Энэ тал дээр дэлхийн орнуудын төлөөлөл, оролцогчид юу ярив, яаж хэлэлцэв, ямар ямар оновчтой зөв шийдвэрүүд гаргасан бэ?
-СОР17-ын хүрээнд сэдэвчилсэн өдрүүд болж байгаагийн нэг нь “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”. Энэ өдөр “Global Flagship initiative for Food Security- Хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилга” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. 2024 оны Эр-Рияд хотноо болсон СОР16 хурлын үеэр эхлүүлсэн энэхүү санаачилга нь хүнсний аюулгүй байдлыг газрын нөхөн сэргээлт, тогтвортой хөдөө аж ахуй, уур амьсгалын тэсвэржилт болон биологийн олон янз байдлыг хамгаалах зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэж байна. Энэ удаагийн хурлын үеэр энэ санаачилга амлалтаас бодит хэрэгжилтэд шилжих шинэ шатанд гарлаа. Энэ хүрээнд санаачилгын үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх институцийн зохицуулалтыг бэхжүүлж, хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилгын Нарийн бичгийн дарга нарын газрын олон улсын Crop Trust байгууллагын дэргэд байрлуулан ажиллуулж байна.
Одоогоор тус санаачилгад Засгийн газар, олон улсын байгууллага, хөгжлийн банк, хувийн хэвшил, иргэний нийгэм, судалгааны байгууллагуудыг багтаасан 140 гаруй гишүүн нэгдэж, 20 орчим төсөл, санаачилгыг дэмжиж ажиллаж байна. Хэлэлцүүлгийн үеэр газрын доройтол хүнсний аюулгүй байдалд улам хүчтэй нөлөөлж байгааг талууд онцоллоо. Өнөөдөр дэлхий даяар гурван тэрбум гаруй хүн доройтолд орж буй газраас амьжиргаагаа залгуулж байгаа бөгөөд хөрсний үржил шим буурч, усны хомсдол нэмэгдэхийн хэрээр фермер, малчид, орон нутгийн иргэдийн хүнсний баталгаат байдалд учрах эрсдэл нэмэгдэж байгааг ярьж байна. Ийм нөхцөлд хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна түүний үндэс болсон хөрс, газар, усны нөөцийг хамгаалж, нөхөн сэргээх шаардлагатай. Санаачилгын хувьд жижиг фермерүүд зах зээл, мэдлэг, хөрөнгө, технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, газар хөрс, усны тогтвортой менежментэд суурилсан шийдлүүдийг өргөжүүлэхээр зорьж байна. Цаашид санаачилгын хүрээнд 120 сая гаруй фермерийг дэмжиж, 10 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татах зорилт тавьж байгаа. Үүнд Засгийн газрууд үндэсний бодлого, төлөвлөгөөгөө уялдуулах, хөгжлийн санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх шаардлагатай.
-Энэ хурлаас гарч байгаа үр дүнгүүд дунд манай бизнес эрхлэгчдэд ямар ямар боломжууд, ээлтэй шийдвэрүүд, хэр санхүүжилт орж ирж байна вэ?
-Ерөнхийдөө цэнхэр болон ногоон бүсэд үндсэн хурлуудаас гадна маш олон зэрэгцээ арга хэмжээнүүд боллоо. Ногоон бүсэд гэхэд 350, цэнхэр бүсэд 400 орчим зэрэгцээ арга хэмжээ, хурал хэлэлцүүлэг болсон. Эдгээрт бүгдэд нь орж амжихгүй болохоор нийт санхүүжилт болон ямар ААН ямар хамтын ажиллагаа эхлүүлж байгааг нэг бүрчлэн хэлж мэдэхгүй байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын санаачилсан Business for Land санаачилгын хүрээнд олон улсын хувийн хэвшлийн оролцоог цөлжилт болон газрын доройтолтой тэмцэхэд хэрхэн оролцуулах вэ гэдэг агуулгаар хэлэлцүүлгүүд болсон. Эдгээр хэлэлцүүлгүүдэд Монголын Бизнесийн зөвлөл болон томоохон ААН, бизнес эрхлэгчид нэлээдгүй оролцож, өөрсдийн үйл ажиллагаа болон байгальд ээлтэй төсөл хөтөлбөр, ажил, шийдвэр, санал санаачилгуудаа танилцуулсан. Үүний үр дүнд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны болон санхүүжилтийн асуудлууд давхар яригдаж байгаа.
-Хүмүүс хуваагдаад өөр өөр байр суурь илэрхийлээд байгаа учраас таниас асуухгүй өнгөрүүлж боломгүй санагдлаа. COP 17 бага хурал мал, малчныг цөлжилтийн буруутнаар тодруулсан олон улсын хурал боллоо гэж зарим хүмүүс сошиалд бичиж байна. Үндэсний хорооны дэд даргын хувьд энэ тал дээр та юу гэж хэлэх вэ?
-Энэ хэн нэгнийг эсвэл мал амьтныг буруутгасан асуудал биш. Хөрс, хүнс, байгаль орчны асуудал яригдаж байгаа. Үүнийг хэн нэгнийг буруутгасан хэлбэрээр ойлгох нь өрөөсгөл юм. Хөрс үгүй бол хүнс үгүй, хүнс үгүй бол хүн үгүй гэдэг. Тиймээс цөлжилт болон газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны асуудал бус, малчдын амьжиргаа, ус, хүнсний аюулгүй байдал, орон нутгийн хөгжил, цаашлаад эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой юм.
Б.НАНДИНЦЭЦЭГ















.png)




















































Сэтгэгдэл
Коп [202.126.88.217] 2026-08-29 20:27:46
,чепуха