МАЛЫГ МАЛЧДАД

Aдмин / Нүүр

Өдрийн сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, сэтгүүлч Б.Цэнддоотой mухайн үедээ нийгмийн сэтгэл зүйд гайхалтай нөлөө үзүүлж, шинэ цаг үеийг хүсэн мөрөөдсөн мянга, мянган хүний сэтгэлд гэгээ нэмсэн нэгэн бүтээлийн талаар ярилцлаа.


-Яриагаа социализмын төгсгөлийн жилүүдэд гарсан хамгийн эсэргүү, намын төрийн бодлогын эсрэг өнгө илэрхий санаатай өгүүллээс эхэлье. Мэдээж тэр өгүүллийн зохиогч нь та байсан. Нэгэн үеийн шийтгүүлмээр зүйлс дараа үеийн сайшаалтай юм болдог гэдэг.

-Тэр үед хожмын сайшаал, шагналын тухай бодохтой манатай. Тэгсэн атлаа бичихгүй байж чадахгүй байсан юм аа.

-Яг хорин жилийн тэртээ таны “Малыг малчдад” өгүүллээрээ нэгдлийг тарааж, малыг нь эргүүлэн өгөхийг шаардаж. Өөрчлөн байгуулалт өрнөж байсан ч гэсэн ардчилал руу ороход бас цөөн хоног үлдсэн, пролетарийн диктатур алга болчихоогүй байсан цаг. Миний ойлгосноор бол тэр үеийн МАХН-ын улс төрийн товчоо хэмээх төр засгийн эрхийг үнэмлэхүй барьдаг байгууллагаас нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргаад байсан...Тэгэхээр бичлэгийн чанар чансаанаас илүүтэйгээр асуудлыг сөхөж бичих зориг, зүрхийн тухай асуудал яригдаж таарна.. Уучлаарай, таныг зоригтой л байснаас биш тааруу бичсэн гэх гээгүй юм шүү.

-Яг нарийндаа бол би тийм зориг зүрхтэй нэгэн биш. Харин ч зөөлөн халирхай хүн шиг байгаа юм. Гэхдээ зориг гээч юм олон янз бололтой. Яг л Зориг нэртэй боловч ардчиллыг эсэргүүцдэг хүн байж л байдаг шиг. Чөтгөртэй газраар шөнө ганцаараа явахаас айдаггүйгээс эхлээд Тайсонтой зодолдохоос сийхгүй цөс ихтэй, зүрх зоригтой нөхөд байна. Гэтэл орой зургаан цагаас хойш гадаа гарахаас айдаг мөртлөө өөрөөс нь дэндүү хүчирхэг төр засгийн машинтай үзэж тардаг, учирч болох дарамт, ял шийтгэлээс хулчийдаггүй, шударга үнэн гэж үзсэн зүй­лийнхээ төлөө амь амьдралаа зо­риулахад бэлэн хүн ч таа­ралддаг. Тэгтэл гарт нь зэв­сэг юмуу, эрх мэдэл ороод ирэхийн цагт арслан барс ч “сур харвамаар” сүр ба­рааг олдог нэгэн ч байх. Бас таарсан болгонтойгоо муудалцаж хэрэлдэж явдгаа ихээхэн зориг зүрхтэйд тооц­дог улс тааралддаг. Ингээд бодоход хэн нэгний тухай зо­риг зүрхтэй гэж ярих их амар­гүй болцроод байна л даа.

Харин хүний мэргэжил эзнээ өөрийнхээ ёс зүй, үнэнч шударга зүтгэл рүү хөтөлж явдаг. Сайн муу ямар ч эмч өвчтөнөө үхээд байг гэж бодохгүй, өөрийн гар дээр ирсэн болгоноо эдгээгээд байхсан гэж бодно. Цагдаад сайн муу ажилтан бишгүй байгаа ч ерөнхийдөө л хууль бус үйлдэлтэй тэмцэх хүсэл зориг нь нийтлэг л байгаа. Тэрэн шиг сэтгүүлч хүнд нийтэд хүргэх зайлшгүй шаардлагатай мэдээлэл, бусад зүйл байгаа цагт тэрийгээ гаргахгүй бол санаа амардаггүй нэг зан байдаг. Чи мэднэ дээ, сонины удирдлага ерөнхий бодлогоо л барина уу гэхээс сэтгүүлчдийнхээ яг юу бичихийг бүгдийг нь заах боломж байдаггүй болохыг. “Дорж бол муу хүн, чи нэг сайхан муулаад өг” гэхэд за гээд баахан хараал урсгаад ирдэг, дараахан нь дуудаад “Өнөө Дорж чинь хүний хайлан байсан ажээ. Магтаад ир” гэхээр дорхон нь хэдэн хуудас ерөөл туурвидаг сэтгүүлч байх нь байдаг байх, хүн л юм хойно. Гэхдээ ийм хүмүүс өнөөгийн монголын сэтгүүл зүйн өнгө төрхийг тодорхойлохоо нэгэнт больчихсон.

-Миний асуултын эхлэл рүү яасан удаан дөхөж байна аа.

-Та социализмын хамгийн том ололт, “нэгдэлжих хөдөлгөөн ялснаар социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан” гэж үздэг тэр “аугаа” үйл явдлынхаа ойг социалист төр нь тэмдэглэх гэж байхад шүүмжилж чаддаг яасан баатар зүрхтэй хүн бэ, гэж ойлгогдох асуулт тавьсан аа даа. Уг нь “Тиймээ би ч үнэхээр зоригтой хүн шүү. Муусайн коммунистууд намайг яавал ч яаг, ариун үйлсийн төлөө үхсэн ч яахав гэж бодоод л үзгээ шүүрч байлаа” гэхчилэнгээр бүлтрээд эхэлбэл амархан л байна л даа. Үнэн хэрэгтээ би бичсэн юмнаасаа айж эргэлзэж, тэр ч байтугай гаргахаасаа өмнө их бодсон доо. Мэдээж ХХ зууны хорь, гучаад он шиг алж шулаад хаячихгүй ч гэсэн нам төрийн дайсны пайз зүүгээд Лоохууз гуай энэ тэр шиг хээр хөдөө цөлөх бол бодитой л байсан цаг. Хамгийн гол нь хүүхдүүд нялх нярай байсан, тэднийгээ зовлонд унагах вий гэсэн айдас байлаа. Гэхдээ гаргахгүй, бичихгүй байж чадаагүй. Яагаад гэдгийг тайлбарлахын тулд л эр зориг олон янз байж болох тухай ярив даа. Ингээд харахад над бас нэг шалихгүй жаахан иргэнлэг зориг зүрх байжээ, тэр нь миний төрөлх чанараар, эсвэл миний эзэмшсэн сэтгүүлчийн мэргэжлээр уламжлан төлөвшсөн юм болов уу, гэж.

-Орон даяар магтан сайшааж, 30 жилийнх нь ойг тэмдэглэх гэж байсан үйл явцын буруу нь юундаа байгаа вэ?

-Өнгөрсөн зууны 59 онд малчдын малыг “сайн дурын үндсэн дээр” хүчээр хураан нийгэмчилснээр найман зууны түүхтэй Монгол Улсад хувийн өмчийг устгасан. “Хувийн өмч байхаар хүн баяжаад, баяжихаараа бусдыгаа сорон мөлжөөд эхэлдэг тул нийт ардыг жаргаахын төлөө өмчгүй болгосон нь МАХН-ын их гавьяа” хэмээн сургаж байлаа. Хувийн өмч нэгэнт байж болохгүйгээс хойш хүний ойр зуурын хэрэгцээний шальгүй эд өлгийг “амины өмч” хэмээн өхөөрддөг байж. Гэтэл малчид нь малгүй бол тураад үхнэ биз дээ. Ингээд амь зогоох амины малыг нь богийн толгойд шилжүүлснээр хангайн бүсэд 50, говьд 75 толгой хэмээн тогтоосон. Энэ тооноос илүү гарвал улсдаа “дүүрэн баяртайгаар” хураалгах үүрэгтэй төдийгүй жил бүр малд нь сүү, мах, ноосоор дамжуулан чамгүй татвар ногдуулна. Түүндээ “Сайн дурын үндсэн дээр тушаах ногдол” хэмээх наргианы нэр өгөх ба муу дур гарган тасалдуулбал хатуу шийтгэнэ. Ингээд шальгүй хөлсөөр “нийгмийн” гэсэн тодотголтой эзэнгүй мал малладаг, дээр нь өөрийнхөө малыг өсгөвөл хураагаад авчихдаг учраас мал өсөхөө байчихсан юм. Би энийг л буруушааж мал өсөхгүй байгаагийн буруу нь тэр “ялсан социалист үйлдвэрлэлийн харилцаа” гэдэгт чинь байна аа. Иймд бүх малаа буцаагаад малчдад нь тараагаад өгчих, тэгвэл мал өснө гэж л бичсэн хэрэг. Нэг талаасаа гэмгүй юм шиг боловч нам засгаас социализмын том ялалтын нэг гэж үзээд 30 жилийн ойг нь тэмдэглэх гэж байгаа зүйлийг буруушаасан зүйл л юм даа. Ухаад байвал хувийн өмч нь нийгмийн өмчөөс давуутай юм биш үү гэсэн санаа.

-Тэгээд ийм санаатай зүйлийг амархан хэвлэсэн гэж үү?

-Миний “Малыг малчдад” өгүүлэл “Хөдөлмөр” сонины 1989 оны 9 сарын 15-ны дугаарт гарсан юм. Одоогоос хорин жил хоёр хоногийн өмнө. Ардчилсан холбоо мэндлэхэд бас хэдэн сар дутуу, харин Бат-үүл эд нар бол нууц бүлгэмээ байгуулдгаа байгуулаад, ухуулах хуудсаа наагаад, НАХ Яаманд гардуулдгаа гардуулчихсан байсан цаг. Бичсэн миний бие бөөн эргэлзээтэй, хэрдээ айдастай байсан юм чинь нийтэлсэн сонины хариуцлагатай хүмүүст тун амаргүй байсан байх. Тэр үед С.Жамбалдорж гуай эрхлэгч, Цогсүрэнгийн Ганболд хариуцлагатай нарийн бичгийн дарга нь байжээ. Яг сониноо гардаж хийдэг байсан хүний хувьд Ц.Ганболд чамгүй иргэний зориг гаргасан даа. Үүнийх төлөө тэдэнд талархах учиртай.

-Хасаж барьсан юм байна уу?

-Бараг үгүй дээ. Нэг өгүүл­бэр дарагдсан байсан нь бич­лэгтээ тийм ч нөлөөгүйн дээр тэр үедээ арай ч сэрүүдэхээр юм байсан юм. Нэг ийм утгатай “Дэлхий даяар маш олон суут төрсөн байхад зөвхөн Маркс, Энгельс, Ленин гээд гуравхан хүний сургаалыг дагаж байгаа нь арай цөөдөж байгаа юм биш үү” гэсэн гэнэндүү өгүүлбэр байсан юм.

-Та тэр үед “Үнэн” сонинд сурвалжлагч байсан гэсэн. Яагаад өөр сонинд юм аа гаргасан юм бэ?

-Би тэр өгүүллээ “Үнэн” сониндоо гаргах гэтэл татгалзаад, тэгэхээр нь “ та нар болих л гүй юү” гэж ирээд л , “Хөдөлмөр” сонинд бариад очтол уухайн тас гаргасан юм бол биш ээ. Би их сургууль төгсөөд “Үнэн” сонинд очсон. Намайг Л.Түдэв гуай тэнд авсан юм. Тухайн үедээ “Үнэн” сонин өөрчлөн байгуулалтын талд зогсож, тэр цагтаа зоримогт тооцогдох нийтлэлээрээ гайхуулж, анх удаа улс төрийн товчооны гишүүдээ шүүмжилж байсан нь бас үнэн юм. Би социалист систем нуран унаж, ардчилал зах зээлд шилжинэ гэж тэр үед боддоггүй байсан. Ер нь Баабар нарын хэдэн хүнээс өөр хэн хэн тэгж боддог байсан юм бол доо?

“Социализм байгуулах яв­­цад алдаа гарсан бай­на, тэрийгээ өөрчлөн бай­гуу­лалтаар засаад, улам сайж­раад, зөв социализм байгуулах” юм байна л гэж төсөөлдөг байсан мянга мянган хүний л нэг. Манай орон тусгаар тогтнолоо сэр­гээсэн, тусгаар тогтносон улс байхад зайлшгүй хэ­рэг­тэй суурин иргэншил-хотшил бий болгосон зэрэг нь социализмтай холбоотой гэдгийг монголчууд сэтгэл зүрхээрээ мэдэрдэг байсан болохоор ээл болсон систе­мээ сөнөөх тухай төсөөлөхөд амаргүй ч байсан байж ма­­гад. Хожим мэдэхнээ монголчуудын заяа түшиж, дэлхийн дайн, ялалтын дараах дахин хуваагдал, коммунист хүчирхийлэл зэргийн яавч хүсээд баймгүй үйл явдлын хаялагаар тусгаар тогтнолоо сэргээгээд зөндөөн юм хожоод гарсан байдаг. Өнөө “хортныг номхотгогч бурхад ямар ч дүрээр заларч болно” гэлээ гэдэг шиг.

“Үнэн” сонин ч Михайл Горбачевийн эхлүүлсэн өөрчлөн байгуулалтад л хамаг найдвараа тавьж байсан. Тийм болохоор “ намын ба намынхаа байгуулж буй социализмын үнэт зүйл” рүү халдаж зүрхэлдэггүй, боломж ч байхгүй байж. Энэ нь сонины буруу байгаагүй, угаасаа намын хэвлэл тийм л хувь заяатай, үүнийг би ардчилал зах зээлээс хойш МСДН-ын “ҮГ” сонинд ажиллаж байхдаа харж байсан. Тэгээд “МАХН ба социализмын үнэт зүйл”-ийг хөндсөн бичлэгээ МҮЭ-ийн хэвлэл, илүү либерал бодлоготой “Хөдөлмөр” сонинд өгсөн хэрэг. Ийм л учиртай.

-Баабараас өөр хэн хэн л тэгж бодож байсан бол... гэсэн юм сая та хэлчихвээ?

-1989 онд Тянь Аньминий талбайд гарсан бослогыг цус урсган дарсны дараахан Баабар надад хэлж байсан. “Ардчилал, социалист ардчилал хоёр адилхан юм шиг санагдавч зарчмын хувьд өлгүүр, дүүжлүүр хоёр шиг ондоо гэдэг юм. Горбачевийн болоод Дэн сяопины өгч байгаа зүйл ардчилал биш. Дэглэм дотроо, тодорхой хязгаартай жаахан боломж л өгч байгаа зүйл. Өгсөн хязгаараас нь даваад ирэхээр толгойг нь тайрдаг юм. Ардчилал гэдэг манайхны ойлгож байгаагаас өөр юм. Тэр хүртэл ардчилахыг зөвшөөрнө гэдэг ойлголт байж болдоггүй” гэж байсан. Наяад оны эхнээс үерхсэн найзын хувьд Баабарын яриаг, нийгмээ тогтоцоор нь дамжуулан өөрчлөх тухай санааг арай л дэврүүн мөрөөдөл байхаа л гэж боддог байсан юм аа.

Үнэндээ Завхан аймагт төрж, сумандаа 10 төгсгөөд МУИС –аас диплом авсан залуу хархүү социалист нийгмээ тэр чигээр нь унагаад эх орондоо капитализм байгуулах нь зүйтэй гэдгийг ухаарах амаргүй л дээ. Учир нь тэр системийн бий болгосон боловсролын тогтолцоо шилбүүр барьж төрсөн гарт минь үзэг атгуулсан байлаав шүү дээ. Социализм нурж эхэлсэн тэр өдрүүдэд л бидний оршин амьдарч буй систем үеэ өнгөрөөж байгааг харсан мянга мянган хүний нэг нь би юм. Хамгийн гол нь монголын ардчиллыг угтаж ч дэмжсэн, зэрэгцэж ч тулалцсан хувь заяандаа бахархдаг.

-Малыг малчдад гэдэг санааг хүмүүс яаж хүлээж авсан бол?

-Ерөнхийдөө дорвитой өөрчлөлт нэхэж байсан олон түмэн халуунаар хүлээн авсан. Маш олон хүн тэр үед гуч хүрээгүй байсан намайг их өөрөөр, ахмад буурь сууртай хүнээр төсөөлж байсан гэдэг. Нэгдэлд хөрөнгөө хэд хэд хураалгачихсан , хоршоолох хөдөлгөөнд хонзонтой, нэлээд настай хүн гэж бодох нь элбэг байж. Баабар Хөвсгөлд явж байгаад нэг өвгөнтэй уулзсан чинь “Тэр Цэнддоо гуай айхавтар зөв юм бичжээ. Малыг нийгэмчилсэн нь ямар буруу зүйл болсныг хүүхдүүд та нар сайн мэдэхгүй ээ. Цэнддоо гуай бид нар бол сайн мэднэ” гэж ирээд л ярьсан гэсэн. Зарим нь үүний цаана “намын эсрэг бүлэг байна” гэж оношлосон ч байдаг л юм. Ямарч байсан миний болоод манай монголчуудын аз гийж үүнээс 10 -хан сарын дараа анхны чөлөөт сонгуулиар Ардын их хурлын депутатуудаа сонгож билээ.

Сонирхуулахад 1990 оны эхээр хөдөө аж ахуйн тэргүүний сайчууд ба “Малчдын төлөө хөдөлгөөн”-ийнхнийг зурагтаар яриулж билээ. Нөгөө талын магнайд хөдөлмөрийн баатар Ү.Аварзэд гуайгаар толгойлуулсан “одон тэмдэг бүхий” малчид ярайгаад л. Тэдний үүрэг бол малыг нийгэмчилсэн нь хичнээн зөв болохыг өөрийн жишээн дээр батлах явдал. Аварзэд гуайг ч ярих юм биш. Малчид нь болохоор, нэгдэл тарвал бид турж үхнэ, мал өгсөн ч авахгүй гэлцээд л байж билээ, зайлуул. Цаанаас нь л тэгж заавардсан хэрэг л дээ. Үнэнээ ярьж болдог цаг ирж байгааг мэдсэн бол их ондоо байх байсан биз ээ. Харин би тэднийг мал сүргээ аваад сайн сайхан амьдарч байгаа гэдэгт итгэж байна.

Нөгөө нэвтрүүлэгчийг орсон “сайн малчид ба удирдагч” нар чинь боорлож дайраад ерөөсөө яриулдаггүй, тэгээд хөтлөгч Цагаан гуай (сая гавьяат болдог) зүтгэж байж төгсгөлд нь үг хэлэх боломж олгосон. Бидний үг их товчхон байсан нь “Тэртэй тэргүй нэгдэл тарна даа” Тэр намар нь Хэнтий аймгийн Дархан сумын “Дархан оргил” өөрийгөө тарж байгааг зориглон зарлаж билээ.

-Таныг “малыг малчдад өгсөн гавьяатай хүн” гэж үзэж болох нь ээ?

-Яалаа гэж дээ. Ардчилал л малчдад малыг нь өгсөн шүү дээ. Социализмын үед жил бүр л 9 сая төл бойжуулах, малаа 24 сая толгойд хүргэх зорилт тавьдаг. Бүтдэггүй боловч нэрэлхээд тэрийгээ хэлдэггүй, хойтон нь дахиад л өнөө зорилтоо тавьдаг байсан. Гэтэл мал эзэндээ очингуут л өсөөд юун 24 сая вэ, гучин сая гараад, өнгөрсөн жил дөчин сая хүрлээ. Одоо бараг 50 сая болоо байх аа, малчид хэзээ хэзээнээс малаа “дардаг” гээд бодоход.

Харин энэ эрүүл зүй тогтлыг ялихгүй хугацаагаар боловч угтан харж сэтгүүлчийн ажиглалт, зөн совингоор мэдэрч байсандаа, бас хэрдээ зориглож чадсандаа сэтгэл хангалуун байдаг уу, гэвэл тийм. 1990 онд яруу найрагч Б.Батхүү бид нар тэр үеийн ХААДС-ийн багш нар болох Андрей, Эрдэнэцогт, Алтангэрэл, Нямгэрэл...гээд олон хүний хамт “ Малчдын төлөө хөдөлгөөн” байгуулаад нэгдлийг яаралтай тарааж, малыг хувьчлах, малчдыг фермерийн зохион байгуулалтад оруулахад туслахыг шаардан, дуу хоолойгоо өргөж явсан удаа бас бий.

-Танд коммунизм эргээд сэргэж, өмчийг нийгэмчлэх вий гэж бодогддог уу?

-Коммунизм эргээд сэргэхгүйн хамгийн том баталгаа бол коммунистууд өөрснөө хамгийн түрүүнд хөрөнгөтөн болсон явдал. Зарим тохиолдолд хүнд нь биш өмчид нь найдах хэрэгтэй байдаг юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [64.119.19.155] 2022-10-05 07:43:40

Ийм харалган бичээчид л Монголын хөдөөг хүнтэй, малтай нь сүйтгэж, энэ их замбараагүй нүүдэл суудлыг эхлүүлж, эх орноо эзгүйрүүлсэн юм даа. Бас тэгээд баатар аятай, асуусан хариулсан хоёр тэнэг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.