Дулаан хангамжийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргын 80 дугаар захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Дулаан хангамжийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.05.01) Төрийн ордонд зохион байгуулав.
Улсын Их Хурлын гишүүн, уг ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг хэлэлцүүлгийг нээж, үг хэллээ. Тэрбээр "Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрчим хүчний тухай хуулиар цахилгаан, дулаан гэсэн хоёр томоохон салбарын харилцааг зохицуулдаг тул үүнээс улбаатай 800 гаруй журам, дүрэм үйлчилж байна.
Иймд хуулийн төслийг хүний эрх, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх, дулаан, эрчим хүч хүртээмжтэй, тасралтгүй, найдвартай байх, үнэ тарифыг үндэслэлтэй, өртөгт суурилан тогтоох, дулаан хангамжийн тогтолцоонд үйл ажиллагааны давхардалгүй, төрийн оролцоо бага, олон эх үүсвэртэй, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжсэн байх зэрэг нийтлэг зарчмуудыг баримтлан Дулаан хангамжийн хуулийн төслийг 15 бүлэг, 68 зүйл, заалттайгаар боловсруулсан гэв.
Мөн уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгож сайжруулахад хэлэлцүүлэгт оролцож буй та бүхний санал, зөвлөмж нэн чухал байгааг онцлон тэмдэглэв.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ж.Золжаргал, Б.Найдалаа, Д.Энхтуяа зэрэг ажлын хэсгийн гишүүд болон эрчим хүч, дулааны салбарын төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтан, эрдэмтэн судлаачид, аудитор зэрэг нийт 50 гаруй хүн оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд тус ажлын хэсгийн гүйцэтгэх багийн хуулийн зөвлөх Х.Эрдэнэчулуун Дулаан хангамжийн тухай хуулийн төслийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, энэхүү анхдагч хуулийн төсөлд тусгасан дулаан хангамжийн систем, зохион байгуулалт, оролцогч талуудын эрх үүрэг, бүтэц, схемчилсэн хөгжлийн төлөвлөлт, бодлого, зохицуулалтын талаар дурдлаа.
Түүнчлэн дулаан, эрчим хүчний бүтээгдэхүүний чанар, хүртээмж, тэдгээрийн зохицуулалт, хуваарилалт, дамжуулах болон түгээх, хангах сүлжээ хоорондын холболтын харилцаа, сүлжээний үйл ажиллагаа, техникийн нөхцөлийг зохицуулах, холболтын төлбөр, төлбөрийн зарчмын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Хэлэлцүүлэгт оролцогчид уг хуулийн төслийн талаар асуулт асууж, саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, орон нутгийн засаг захиргаа нь дулаан хангамжийн асуудлаа хариуцан шийдвэрлэхээр тусгагдсан.
Энэ нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай зөрчилдөж буй эсэхэд анхаарах, эрчим хүч, дулаан дамжуулах, түгээх чиг үүргийг салгаж, тогтолцооны шинэчлэл хийх, эрчим хүчний оргил үеийн үнэ тарифын зохицуулалтыг бодитой болгох шаардлагатай гэж байлаа.
Мөн эрчим хүч, дулааны дэд бүтцийг орчин цагийн ашигт үйлийн коэффицент өндөр шугам хоолойгоор шинэчлэх, нийтийн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн сүлжээний талаарх ойлголтын зөрүүг эргэн харах, технологийн шинэ шийдлийг нэвтрүүлсэн, дулааны хэмнэлттэй барилгад урамшуулал олгох, энэ чиглэлийн зохицуулалтыг хуулийн төсөлд тодорхой тусгах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл