Өсвөрийн Азийн аваргаас жүдочид хоёр хүрэл медаль хүртлээ

Индонезын Жакарта хотод жүдо бөхийн өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Өсвөрийн ангилалд 21 орны 196 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас “Монголын жүдо академи”-ийн дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ, Э.Намуунцэцэг нар удирдлагад 17 тамирчин хүч үзэж байгаа юм.
Тэгвэл өчигдөр болсон хөвгүүдийн 60 кг-д “Гүрү дожо” клубын Ж.Энхтөр, 66 кг-д “Манлай” клубын Э.Наранзун нар хүрэл медаль хүртэж төрийн далбаагаа мандуулав.
60 кг-д Ж.Энхтөр Киргизийн бөхийг ялсан ч шөвгийн наймд Казахстанд ялагдсан билээ. Улмаар дагах барилдаанд Тайванийн Ко По-Эрихийг, хүрлийн төлөө Ираны Ясин Паризкарыг давсан юм.
Харин 66 кг-д барилдсан Э.Наранзун Энэтхэгийг ялж, Казахстанд ялагдсан. Ингээд дагах барилдаанд Индонез, Кувейтийн бөхийг дараалан буулгаж авснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болжээ.
Яг энэ цаг мөчид өсвөрийн ангиллын сүүлийн найман жингийн барилдаан болж байна. Манай жүдочдоос 57 кг-д Т.Отгонням, хөвгүүдийн 81 кг-д Б.Мөнгөндөл, +90 кг-д Г.Мөнгөнбагана, охидын 63 кг-д Э.Анударь нар хагас шигшээд шалгараад байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш, нөгөөдөр залуучуудын ангиллын барилдаанаар үргэлжилнэ.
Сэтгэгдэл