Эрдэмтэд Монгол Улсын таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг хэлэлцэж байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗХЯ боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж эхэллээ. Хэлэлцүүлгийн эхний хэсэг ШУА-ийн тэргүүлэгчдийн байранд боллоо.

Эрдэмтэд хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ШУА-ийн Бага чуулганаар хэлэлцэж, салбар салбарын эрдэмтдийн саналыг ШУА-ийн Их чуулганаар мөн эцэслэн нэгтгээд, ЭЗХЯ-нд хүргүүлэх юм байна.

Энэхүү хэлэлцүүлэг эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, бүсийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр өрнөлөө. Хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗХЯ-ны салбар дундын бодлого, төлөвлөлийн хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх танилцуулж, эрдэмтдийн асуултад хариулсан юм.

Хэлэлцүүлэгт оролцогч эрдэмтдийн төлөөлөл, манай улс эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаас илүү дамжуулах системийн тохируулга хоцрогдсон, шугамын шинэчлэл хийгээгүй, эрчим хүчний компаниудын зорилтот түвшин жилээс жилд буурч, алдагдалтай ажиллаж буй, аваарын байдлыг татаасаар шийдэж ирсэн зэрэг эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдалд эхлээд анхаарал хандуулахыг хүслээ.

Түүнчлэн хөгжлийн төлөвлөлтөд боловсруулах үйлдвэрүүд барина зэргээр төлөвлөснийг нарийн тодорхой тусгаж өгөхийг хүслээ.

ЭЗХЯ-ны салбар дундын бодлого, төлөвлөлийн хэлтсийн дарга Б.Мөнгөнсүхийн танилцуулгаар ойрын жилүүдэд хүнд үйлдвэртэй уялдуулан уул уурхайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мөн хөнгөн үйлдвэрийг дагалдуулж хөгжүүлэх, “Алсын хараа-2050” хөгжлийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны 2028 он хүртэлх хөтөлбөртэй уялдуулан цаашид 149 төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ.

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.ДЭМБЭРЭЛ:

Монгол Улсад 2026-2030 он буюу ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗХЯ боловсруулж олон нийтээр хэлэлцүүлэх чиглэлийн дагуу ШУА бага, их чуулганаараа хэлэлцэж байна.

Академийн зургаан бага чуулга, хоёр төрөлжсөн академи, үүнд хамрагддаг 400 гаруй эрдэмтэн саналаа өгнө. Энэ бол Монгол Улсыг таван жилд хөгжүүлэх Олон талт, салбар дундыг дамнасан асуудлыг хамарсан, нэгтгэсэн цогц хөгжлийн чухал баримт бичиг.

Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг хамгийн түрүүн хүмүүнлэгийн бага чуулганы гишүүд хүний нийгмийн хөгжлийн талаас нь хэлэлцсэн. Өнөөдөр физик, математик, техник технологийн салбарын эрдэмтэн судлаачид эрчим хүч, техник технологийн чиглэлээр хэлэлцэж байна.

Аравдугаар сарын 3-ны өдөр салбарын сайд нар Их чуулганы хуралдаанд оролцож энэ үндсэн чиглэлийг танилцуулж хэлэлцүүлнэ.

Эрдэмтэн судлаачид таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг хэрхэн дүгнэж байна вэ?

Төслийг сайн боловсруулсан гэж дүгнэж байна. Төслийн ерөнхийлөн захирагчдаас санал авч нэгтгээд хуучин арга барилаар биш үр дүнг үнэлэх аргачлалаар боловсруулсан, 2025 оны түвшин ямар байна, таван жилийн дараа ямар түвшинд хүрэх, яаж ямар арга замаар хүрэхийг зааж өгсөн зэрэг онцлогтой байна. Хөгжлийн төслийн үр дүнг үнэлэх аргачлалаар боловсруулсан нь ач холбогдолтой гэж үзэж байна.

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, зөвлөх профессор Д.САНГАА:

-Юуны өмнө улсын хэмжээнд төлөвлөж буй ажил, төсөл, хөтөлбөрүүдийг тодорхой хэмжээгээр өөр хооронд нь уялдуулж хийж байгаа нь сайхан санагдлаа.

Саналаа хэлэхэд манай улсад салбаруудын мөнгө төгрөг санхүүжилт нэмэгджээ. Гэхдээ боловсон хүчин шинжлэх ухааны бодлого хоёрын уялдаа холбоо хөгжлийн үндсэн чиглэлийн төсөлд тааруу тусгаж хэмээн харж байна.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

зочин [66.181.189.202] 2025-10-02 14:12:48

Монголын ШУА МАН-ын хараат уу? оросын ШУА-ын хараат уу? Яг ийм бүтэц Монголд хэрэгтэй юу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.